Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/05

 

 

 

 

                                  2021/ШЦТ/05

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М

Шүүгдэгч: А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Аын Бт холбогдох 2012000000358 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг, .............. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Аын Б/РД:АГ............./

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Аын Б нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн нутаг Цуурай гэх газраас 61 ширхэг 3.5224м3 шоометр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 13-90 АРА улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 433.365 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2012000000358 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Ц.Сгийн өгсөн:

“...Яллагдагч А.Б нь 2020 оны 10 дугаар сарын 23-ний өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багийн Хужир гэх газраас зөвшөөрөлгүйгээр 3.9483 м3 хэмжээтэй мод бэлтгэж 13-90 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 433,365,6 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэрэгт өөрийн сумын төрийн сангийн 100010155001 дугаарын дансанд экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэхэмжлэхээр оролцож байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тооцогддоггүй. Манай суманд улсын тусгай хамгаалалттай газарт Хөх нуур багийн хойд, урд голын эх гэх газар ордог. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/

 

          *Гэрч Д.Дгийн өгсөн:

           “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр Б байгаль хамгаалагч Гаас мод бэлтгэх эрхийн бичиг аваад уг өдөртөө Архангай аймгийн Их Тамир сумын Хөх нуур Хужир гэх газарт байх ойгоос мод бэлтгэж дуусаад 22 цагийн үед бэлтгэсэн модоо ачиж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү оруулан ирж төрлийнхөө хашаанд буулгасан. Энэ үед би өөрийн нөхөртэйгөө хамт яваагүй. Манай нөхөр дээрх модыг ганцаараа бэлтгэж ганцаараа ачсан гэсэн. Нэг өдөр эрхийн бичиг авсан болохоороо уг эрхийн бичгээрээ 2 удаа мод тээвэрлэсэн гэсэн. Би эмнэлэгт байсан учир сайн мэдэхгүй байна. Манай нөхрийн машин байгаа юм. Уг машиныг 2020 оны 09 дүгээр сард худалдан авсан. Хүний унаж байсан машиныг 5,000,000 төгрөгөөр худалдан авсан. Манай нөрөх даруу төлөв зантай, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, нутгийн хүмүүст нэр хүнд сайтай. Надад болон 2 хүүхдэдээ анхаарал халамж тавьдаг. Манайх бог бод нийлсэн 200 гаран толгой малтай, манай гэрийн амьжиргааны эх үүсвэр бол мал аж ахуй цагаан идээ байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/

 

           *Гэрч Б.Шын өгсөн:

           “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цагаан давааны постонд 24 цагийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тухайн өдөр 13-90 маркийн цэнхэр өнгийн супер портер маркийн автомашин постон дээр модтой орж ирээд би гоожинг нь шалгаад гоожин чинь ингээд дуусч байгаа юм байна гэж хэлээд аймаг руу нэвтрүүлсэн. 10 дугаар сарын 23-ны шөнийн 03 цаг өнгөрч байхад мод ачсан супер цэнхэр өнгийн авто машин пост руу орж ирсэн. Тэгээд би шалгасан. Тухайн авто машиныг шалгахад мод ачсан байсан. Ачиж явсан мод нь зөвшөөрөлгүй, гоожингийн хугацаа нь дууссан байсан. 13-90 АРА гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Надад юм яриагүй зогсоод байсан. Тэгээд журмын хашаанд аваачиж саатуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн  71-73 дугаар тал/

 

            *Яллагдагч А.Бын өгсөн:

            “...Би 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авч Ихтамир сумын Хөх нуур багийн Цуурай гэх газраас униаг мод бэлтгэж 13-90 ара улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж Ихтамир сумын төв рүү орж ирээд цагдаад бичиг баримтаа шалгуулаад Архангай аймгийн төвд 20 цагийн орчим орж ирээд ээжийн ах болох Очирынд модоо буулгасан. Буцаад өмнө нь мод бэлтгэсэн Ихтамир сумын Хөх нуур багийн Цуурай гэх газраа очиж мод тайрч бэлтгэн 13-90 ара улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ тээвэрлэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү шөнийн 04 цагийн үед цагаан давааны постоор орж ирэхэд цагдаа намайг зогсоож шалгаад та энэ мод бэлтгэх эрхийн бичгээр өдөр Ихтамир сумаас мод тээвэрлэн орж ирсэн биздээ нэг мод тээвэрлэх эрхийн бичгээр хоёр удаа явж болохгүй гээд миний тээврийн хэрэгслийг саатуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-46 дугаар тал/

 

             *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бямбасүрэнгийн”...2.4199 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж / бүх төрлийн хэрэглээний хуурай мод/ шууд үр ашгийн -48.098₮, шууд бус үр ашгийн-64.662₮, нийт 109.760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ/хуурай/ 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 265.607₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 32-33 дугаар тал/

 

            *Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 230 дугаартай”... 3.9483 м3 шоометр түлшний модны үнэ 280.000 төгрөг, Портер маркийн автомашины үнэ 4.300.000 төгрөг, хуучин цахилгаан хөрөөний үнэ 70.000 төгрөг, түлээний сүхний үнэ 35.000 төгрөг нийт үнэлгээ 4.855.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 29 дүгээр тал/   

 

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн нутаг Цуурай гэх газраас шүүгдэгч А.Б нь 61 ширхэг 3.5224м3 шоометр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 13-90 АРА улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 433.365 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.Б нь үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Сгийн”...Яллагдагч А.Б нь 2020 оны 10 дугаар сарын 23-ний өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багийн Хужир гэх газраас зөвшөөрөлгүйгээр 3.9483 м3 хэмжээтэй мод бэлтгэж 13-90 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 433,365,6 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Дгийн”...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр Б байгаль хамгаалагч Гаас мод бэлтгэх эрхийн бичиг аваад уг өдөртөө Архангай аймгийн Их Тамир сумын Хөх нуур Хужир гэх газарт байх ойгоос мод бэлтгэж дуусаад 22 цагийн үед бэлтгэсэн модоо ачиж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү оруулан ирж төрлийнхөө хашаанд буулгасан. Энэ үед би өөрийн нөхөртэйгөө хамт яваагүй. Манай нөхөр дээрх модыг ганцаараа бэлтгэж ганцаараа ачсан гэсэн. Нэг өдөр эрхийн бичиг авсан болохоороо уг эрхийн бичгээрээ 2 удаа мод тээвэрлэсэн гэсэн. Би эмнэлэгт байсан учир сайн мэдэхгүй байна. Манай нөхрийн машин байгаа юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Шын”...10 дугаар сарын 23-ны шөнийн 03 цаг өнгөрч байхад мод ачсан супер цэнхэр өнгийн авто машин пост руу орж ирсэн. Тэгээд би шалгасан. Тухайн авто машиныг шалгахад мод ачсан байсан. Ачиж явсан мод нь зөвшөөрөлгүй, гоожингийн хугацаа нь дууссан байсан. 13-90 АРА гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 265.607 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бямбасүрэнгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч А.Бын зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн  үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Бын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч А.Бын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 433.365 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд уг хохирол болох 1.300.095 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /433.365*3=1.300.095 нэг сая гурван зуун мянга ерэн тав/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 1.300.095 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.Быг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр заасан тул шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 13-90 АРА  улсын дугаартай Портер маркийн 4.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий машиныг хураан, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.300.095 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2.999.905 төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө нэг ширхэг, сүх нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 61 ширхэг 3.2224м3 хуурай шинэс модыг тус тус хураан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6,  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Б овогт Аын Быг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч А.Бт 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баас 1.300.095/нэг сая гурван зуун мянга ерэн тав/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 83 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Баас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 13-90 АРА улсын дугаартай Портер маркийн 4.300.000/дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий машиныг хураан, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.300.095/нэг сая гурван зуун мянга ерэн тав/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2.999.905/хоёр сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуун тав/ төгрөг болон мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө нэг ширхэг, сүх нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 61 ширхэг 3.5224м3 хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР