Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам,

улсын яллагч С.Энхмаа,

хохирогч Б.Бадамзаяа,

шүүгдэгч Д.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Дарьсүрэнгийн Баяржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0542 тоот хэргийг 2017 оны 01 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамж 2 тоотод оршин суух,

урьд Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 6 жил 8 cap хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, биечлэн эдлэх ялыг 6 жил 8 сарын хорих ялаар тогтоож, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 6 жил 2 cap 10 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 cap хорих ял шийтгүүлж, 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн УД90062212 дугаартай, Боржигон овогт Дарьсүрэнгийн Баяржаргал нь ялтай байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 9-4 тоотод Б.Бадамзаяаг бусадтай хардсаны улмаас цохиж бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ..

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Баяржаргал нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдан ялтай байхдаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхэд оршин суух Энхмэндийн гэрт Б.Баасансүрэнгийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар хувийн харилцаатай байсан Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 9-4 тоотод оршин суух Б.Бадамзаяаг бусадтай хувийн харилцаа тогтоолоо гэж маргалдан цохиж бие махбодод нь зүүн дал, баруун бугалганд цус хуралт, толгойн хуйх, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баяржаргалын өгсөн: “Би 2016 оны 11 сарын 27-ны орой 21 цагийн үед цалингаа аваад бригадын найзуудтайгаа ганц шил архи уусан. Тэгээд найз Баасансүрэнгийн хамт Бадамзаяагийн гэрт очиход нэг залуу байсан. Бадамзаяа бид 2-ыг хэрэлдэж байх хооронд нөгөө залуу хувцсаа өмсөөд гараад явсан. Мөн Баасансүрэн найзыгаа гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Бид 2 хэрэлдээд би уурандаа зүүн гар луу нь гараараа цохисон. Би сүүлдээ уйлаад модон сандал аваад Бадамзаяа руу шидсэн. Тэгээд найз Баасансүрэн ирээд намайг аваад эгчийн гэрт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бадамзаяагийн өгсөн: “2016 оны 11 сарын 27-ны шөнө намайг нэг залуутай хамт байх хугацаанд Д.Баяржаргал манай гэрт ирж, зодсон. Ер нь Д.Баяржаргал өөрийн хүслээ хангах гэж манайд ирдэг байсан. Түүнд надтай хамтран амьдрах зорилго байгаагүй. Өмнө нь намайг хардаж 2,3 удаа зодож байсан. Би Д.Баяржаргалын хүүхдийг тээж байгааг мэдсээр байж намайг зодсон. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бадамзаяагийн өгсөн: “2016 оны 11 сарын 27-ны шөнө 01 цагийн үед гэртээ найз залуу Мэдэхгүй-Эрдэнэ, охин Гандирмаа, хүү Сүрэнгийн байж байсан чинь хүн хаалга нүдэхээр нь би босоод гэрлээ асаагаад хэн бэ гэхэд Бандиа байна гэхээр нь яах гэж байгаа юм гэсэн чинь Панжиг байна хаалгаа онгойлго гэхээр нь нэлээн удаан онгойлгоогүй байж байхад хаалганы дотор талд хогийн шүүрээр түгжээ хийчихсэн байхад мулт татаад ороод ирсэн юм. Тэгээд Панжиг орж ирээд чи муу яасан даварчихсан пизда вэ гээд үгийн зөрүүгүй дөрвөлжин модон сандлаар толгой хэсэг рүү цохиод Бандиа нь хараад зогсчихсон, Панжиг цаана сандал дээр очиж суугаад чи гэртээ яасан олон эрэгтэй хүн авч ирдэг юм, би танай гэрт ирж болохгүй юу ал минь гэж хэлээд миний зүүн шанаа хэсэг рүү гараараа цохихоор нь би найз залуу Мэдэхгүй-Эрдэнэд ээжийг дуудаад ир гээд гаргасан юм. Тэгээд найз залуугаа гаргаад явуулсны дараа Панжиг намайг чи овоо эрхэлдэг болчихжээ янхан минь гэж хэлээд тэгээд Бандиа гэрээс гарч яваад Панжиг нь ус ууж байсан аягаа шидээд, гутлаа тайлаад зүүн талын гарын булчин хэсэг рүү цохихоор нь чи болиочээ хоёр хүүхэд сэрлээ ш дээ гэхэд чиний хоёр шээс сэрэхээр яадаг юм хоёр шээсийг чинь алчихна шүү гэсэн юм. Тэгэхээр нь би намайг яагаад ингэж дарамтлаад байдаг юм бэ гэсэн чинь чи яасан ханадаггүй муу гичий вэ, би чамайг жаргааж чадахгүй байна уу гэж хэлээд үсдээд, зүүн шанаа хэсэг рүү алагдаад сандлаар толгой руу цохьсон юм. Тэгээд би толгойгоо бариад уйлаад Панжигаа болилдоо толгой өвдөөд байна гэсэн чинь чиний эцэг чинь тархины харвалтаар явсан гэлүү, чамайг эцгийн чинь араас явуулна шүү янхан ал гэх мэтээр хараагаад байсан ба намайг орилоход манай хоёр хүүхэд сэрээд уйлаад хүүхдүүдээ өвөр дээрээ авч суугаад чи муу пизда, яахаараа гэрт ирж хүн дарамталдаг юм ингэж зовоож байхаар хоёр хүүхдийн минь дэргэд алчих за юу лалар минь гэж хэлэхэд гаднаас Болорцэцэг, Бандиа нар орж ирсэн юм. Тэгээд Бандиа хажууд зогсчхоод намайг чи манай Панжигтай явалдахаар яагаад байгаа юм, Панжиг энэ гичий чинь чамаас залхчихсан юм биш үү гэж доромжилсон юм. Тэгсэн чинь Панжиг хогийн хутгуурны ишээр баруун дал руу цохиод би чамайг алсан ч яадаг юм, танай тэр доголон эх чинь намайг улаан махны хэргээр шоронд орсон бузар гэж доромжиллоо та нар яасан өө сэвгүй хулгайч нар вэ чи ялтан биш үү, чи угаасаа янхан биз дээ гэхээр нь хохь чинь чи угаасаа тэгж явж байсан биз дээ гэж хэлээд миний утас дуугараад хартал ээж залгахаар нь авах гэтэл Панжиг утсаа ав гэхдээ намайг энд байна гэж хэлэхгүй шүү гэсэн юм. Тэгэхээр нь би утсаа аваад уйлаад намайг Панжиг зодоод байна гэсэн чинь би цагдаа дуудчихсан байгаа гэж хэлэхээр нь утсаа салгасан чинь чи яасан овоо цагдаа дууддаг юм цагдаагаа дууд би цагдаагаас чинь айхгүй чи надаас мөнгө авна гэж бодож байна уу, чи надаас мөнгө авч чадахгүй гэж хэлээд гарах гэхээр нь би чамаас мөнгө авахгүй явдаг газраар чинь явуулна гэсэн юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12-13 дугаар тал/ ” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Баасансүрэнгийн өгсөн: “11 сарын 26-ны орой 23 цаг өнгөрч байх үед найз Панжиг буюу Баяржаргал, Энхмэнд нарын хамт Энхмэндийн гэрт Нисэхийн хороонд хаягийг нь тодорхой мэдэхгүй байна тэгээд бид гурав 1 шил 0.75 литрийн архийг хувааж уугаад 01 цаг өнгөрч байх үед Баяржаргал бид хоёр такси бариад Бадамзаяагийн гэрт очоод Панжигийг оруулахад Бадамзаяа түүний хоёр хүүхэд, нэг танихгүй залуу байсан ба тэгээд Панжиг тэр чинь юун залуу юм гэсэн чинь чамд ямар хамаатай юм би суух гэж байгаа гээд хэрэлдэж байхаар нь би гараад буцаж таксиндаа суугаад Болорцэцэгийн гэрт очоод 90.000 төгрөг өгчихөөд буцаад Бадамзаяагийн гэрт нь очсон ба гэрт нь ороход тэр хоёр хоорондоо хэрэлдээд хамт байсан залуу нь гарч яваад Баяржаргал уурлаад модон сандал аваад Бадамзаяа руу шидсэн чинь толгой хэсэгт онохоор нь би сандлыг нь авч ширээнийх нь хажууд тавиад, Бадамзаяа зөрүүлж аяга шидээд Панжигийн хөмсгөнд оносон юм. Тэгээд Панжиг гар утсаа шидэхэд Бадамзаяагийн хажуугаар өнгөрсөн ба би бутарсан утсыг нь цуглуулаад дараа нь Панжиг Бадамзаяагийн хацар хэсэгт нь алгадаад цамцаа тайлчихсан цээжээрээ нүцгэн Бадамзаяатай хэрэлдээд л байсан юм. Тэгээд би хажуу талаас нь Бадамзаяад чи Панжигтай явалддаг байж юун залуу гэртээ дагуулаад ирчихсэн юм бэ, манай найз охин юу гэж худлаа яриад байгаа юм гэсэн чинь намайг тоохгүй надтай юм ярихгүй байсан юм. Тэгээд удалгүй манай найз охин Болорцэцэг ирээд бид хоёр Панжигийг аваад Нисэхийн хороонд эгч Гэрэлмаагийн гэрт нь хүргэж өгөөд яваад өгсөн юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 08 шэ/607 дугаар:

  1. Бадамзаяагийн биед зүүн дал, баруун бугалганд цус хуралт, толгойн хуйх, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, /хх-ийн 18 дугаар тал/

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоол /хх-ийн 64-68 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Д.Баяржаргалд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж тогтоолыг баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр түүнийг ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Баяржаргалд ял шийтгэл оногдуулахдаа ялтай байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч Б.Бадамзаяа нь хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Дарьсүрэнгийн Баяржаргалыг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Д.Баяржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ cap баривчлах ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Д.Баяржаргалд оногдуулсан 3 /гурав/ cap баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй
  4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Баяржаргал нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл эрхтэй болохыг дурдсугай.
  6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Баяржаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр авсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.БАВУУ