Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/06

 

 

 

 

                               2021/ШЦТ/06

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

                       Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

                       Улсын яллагч: С.Батсүх

                       Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

                       Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал

                       Шүүгдэгч: Р.Г

                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Залаат овогт Ргийн Год холбогдох 1812000010238 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, эрэгтэй, 53 настай, дээд боловсролтой, дулааны тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, Хангай хүнс ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг, ..................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 1-р шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар, мөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/355 дугаартай шийтгэх тогтоол тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Залаат овогт Ргийн Г/РД:ТД................./

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           

Шүүгдэгч Р.Г нь 2016 оны 04 дүгээр сарын 28-наас 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр иргэн Т.Зтэй зээлийн гэрээ байгуулан нүүрсний уурхайд хөрөнгө оруулалт хийж байгаа хэмээн төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 20.000.000/хорин сая/ төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Эрүүгийн 1812000010238 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Т.Згийн өгсөн:

“...Би Р.Г ахыг өмнө нь таньдаг байсан, “Хангайн хүнс” ХХК нь анх нээгдэхэд би нягтлангаар ажилд орж, удаагүй гарсан, тэр үед Р.Г ах “Хангайн хүнс”-ийн захирал байсан. Гэхдээ Ганаа гээд эхнэр нь албан ёсны захирал нь байгаа юм. Р.Г нь энэ компанийн нярав, мал махыг хариуцдаг байсан. Гэтэл 2016 оны 04 дүгээр сард Р.Г ах надтай ирж уулзаад нүүрсний уурхайн түрээсийн 2 гэрээ үзүүлээд, нүүрс олборлож эхэлж байгаа, хужаа нартай хамтарч ажиллаж байгаа, нүүрсээ олборлож эхэлж байгаа, надад мөнгө хэрэгтэй байна, хөрөнгө оруулалт гээд их хэмжээний мөнгө хэрэг болоод байна, мөнгө байвал ахдаа өгөөд бай, ах нь чамд нэг нугалж өгнө, ямар ч асуудалгүй, 2016 оны 11 сарын 15-наас нүүрс худалдаанд гарна, цаад хугацаа 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүх мөнгийг чинь гаргаж өгнө  гэж хэлээд надаас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 7.500.000 /долоон сая таван зуун мянга/, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 6.000.000 /зургаан сая/ төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг тус тус зээлийн гэрээ байгуулж авсан. Анх надаас мөнгө авахдаа нотариатаар орж гэрээ батлуулъя, мөнгийг чинь нэг нугалж өгнө гэсэн, тэгээд нотариатаар орох гэхэд нугалж мөнгийг нь өгнө гэсэн гэрээ байхгүй, та нар хоорондоо зээлийн гэрээ байгуулж болно, хүүгээ тохирч өндөр тогтоогоод гэж байсан. Тэгээд гэрээ байгуулахдаа 15 хувийн хүүтэй гэрээ байгуулж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хамгийн сүүлд 6.500.000 төгрөг авахдаа 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүгдийг нь өгнө, нийт авсан 20 сая төгрөгийг 40 сая болгож өгнө гэж авсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болоод мөнгө төлөх хугацаа дуусахад хөрөнгө оруулалтын зээл 2 тэрбум төгрөг хөөцөлдөж байгаа, цагаан сарын дараа бүтнэ, бүтэхээр нь бүх мөнгийг чинь өгнө гэсэн боловч одоог болтол өгөөгүй, утсаар яриад мөнгөө нэхэхээр өгнө дөө, ах нь сүү шиг сэтгэлтэй хүн, цагдаа шүүхээр явбал хүү ч үгүй хоцорно, ахтайгаа тохирч мөнгөө нугалаад авсан нь дээр гэж хэлж байсан. 2017 оны зунаас Р.Г ах ах нь Баянхонгор аймгийн Бөмбөгөрийн алтны уурхайг нүүрсний уурхайтай хавсарч байгаа, 2017 оны 09 сарын 01-ний өдөр гэхэд мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан боловч огт өгөөгүй байна. Хамгийн сүүлд нэг сарын өмнө 2017 оны 11 дүгээр сард уулзаад та надад нэг ч төгрөг өгөөгүй, намайг хуураад байна, дээрээс нь та бас Дарханд хүнд их өртэй юм биш үү гэж хэлсэн чинь Р.Г ах “манай найз Ганбаатар гэдэг хүнтэй 60 сая төгрөгийн хэрэгтэй байгаа, энэ асуудлыг шийдэх гээд прокурорт нь 1.000.000 төгрөг өгсөн, нүүрсний асуудлаас болсон, чи намайг цагдаад өгөөд нэмэргүй, би Архангайн цагдаад зөндөө танилтай, 2018 оны 04 сар хүртэл өргөдлийг чинь дарж чадна, ахтайгаа аятайхан байвал 40 сая төгрөгөө авна шүү” гэх мэтийн зүйл ярьж байсан. Мөн 2017 оны 10 дугаар сард Баянхонгор аймагт ирээд Приус машин ирээд аваад явах уу, ганцаараа ирээд аваад яваарай гэж байсан. Би сүүлийн үед ярьж уурладаг байсан. Нотариатаар батлуулаагүй мөнгө авах бүртээ байгуулсан гэрээ байгаа, мөн надаас 20 сая төгрөг авсан гэх өөрийнх нь гараар бичсэн баримт /гар бичмэл/ байгаа. С.Б эгч мэдэж байгаа, Ариунзаяа гэж манай ахын хүүхэд мэдэж байгаа, өөр мэдэх хүн байхгүй. Надад хэлэхдээ нүүрсний уурхайдаа зарцуулж байгаа гэж хэлж байсан, харин яг нүүрсний уурхайд зарцуулсан эсэхийг мэдэхгүй, ах нь томрох нь тодорхой, баяжих нь баараггүй гээд л байдаг байсан. Надад Шарын голын уурхайд ажиллах гэрээ гэж үзүүлж байсан, надад нэг нь байгаа, нэгийг нь хайгаад олохгүй байгаа. 2016 оны 04 сарын 28-ны өдрийн 7,5 сая төгрөг бол миний барааны эргэлтийн гар дээр бэлэн байсан мөнгө, харин 2016 оны 05 сарын 11-ний өдөр дүү Т.Бын цалингийн зээл гарч тэр мөнгийг нь өгсөн, 2016 оны 12 сард Төрийн банкнаас 40.000.000 төгрөгийн бизнесийн зээл авч байсан, тэр мөнгөнөөс үлдсэн байсан 10.000.000 орчим төгрөгөөс 6.5 сая төгрөгийг нь өгсөн. 2017 оны 10 дугаар сард  утсаа авахгүй болохоор нь цагдаад өгнө гэх мэтийн мессеж бичиж, эхнэр рүү нь хэд хэдэн удаа залгасан чинь над руу залгаад байсан. Өөр зайлсхийсэн асуудал байхгүй, гэхдээ дандаа худал ярьж байгаа, бас нэг машин өгнө гэж ярьж байсан. Амьдралын боломжтой байх гэж бодож байна, эхнэр нь “Хангайн хүнс” ХХК-ны захирал, амьдарч байгаа байшин, унаж яваа машиныг нь харахад гайгүй л юм шиг харагддаг. Би Р.Гоос хохирлоо нэхэмжилж байна, нарийвчилсан тооцоо гаргаагүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-13 дугаар тал/,

 

*Хохирогч Т.Згийн дахин өгсөн:

“...Приус-20 маркийн авто машин 10,000,000 төгрөгөнд бодож өгөхөөр ярьж байсан, би аймагт ирсэн гэхээр нь уулзсан чинь гэрчилгээ үзүүлж байсан, Р.Гын өөрийнх нь нэр дээр байгаагүй, өөр хүний нэр дээр байсан, харин тэрнээс 20-д хоногийн өмнө аймагт ирэхдээ нэг мөнгөлөг саарал өнгийн приус-20 унаж явсан, тэр машинаа өгье гэж байсан. Хэн гэдэг хүний нэр дээр байсан гэдгийг нь санахгүй байна, Аагий гэж дууддаг хүний нэр дээр байсан машин байх, хамт алтны уурхайд ажиллаж байсан хүний машин юм шиг байна лээ. Намайг Баянхонгор аймгийн алтны уурхайд ирээд ав гэхээр нь тэгье яваад очъё гэсэн чинь ганцаараа ирээрэй гэх шиг юм яриад байсан, сүүлдээ авах гэхээр худлаа яриад өгөхгүй байх шиг байсан. Тэгээд аваагүй. Надад ямар ч мөнгө өгөөгүй, 1,400,000 төгрөг өгсөн гэдэг нь худлаа. Хохирлоо барагдуулж авмаар байна, гомдолтой байна...’’гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/,

 

*Гэрч Т.Бын өгсөн:

“...Цалингийн зээл 2015 онд байх хугацааг нь сайн санахгүй байна, манай эгч Т.З надаар зээл авахуулсан, юунд хэрэглэх гэж байгааг мэдэхгүй, мөнгөний хэрэг гараад зээл авуулсан, Т.З эгч төлөлтийг нь хийдэг болохоор би хугацааг нь мэдэхгүй байна, Т.З эгчид хамгийн сүүлд 6 сая гаран төгрөг авч өгсөн, хуулгаараа хэдэн төгрөг хэзээ авсан нь мэдэгдэх байх, би тэр үед нь шууд Т.З эгчийн дансанд шилжүүлж өгсөн, эгч өөрөө надтай хамтран зээл авагчаар орсон байгаа. Ямар зориулалтаар авсан нь гэрээнд байгаа байх, харин тухайн үед Т.З эгч мөнгөний хэрэгтэй гээд л зээл авахуулж байсан. Бусдад гэрээгээр мөнгө зээлдэг, бас зах дээр лангуу ажиллуулдаг болохоор тэрэндээ л хэрэглэсэн байх гэж бодож байна. Хэзээ зээл авсан талаар санахгүй байна, хуулгыг нь авч өгч хавсаргуулъя, хуулга дээр бүгд байгаа...’’гэх мэдүүлэг/хх­­­-­ийн 17-19 дүгээр тал/,

 

*Гэрч С.Бгийн өгсөн:

“...Т.Згээс Р.Г нь мөнгө авсан гэсэн, би тэр талаар сайн мэдэхгүй, хэзээ хэдэн төгрөг авч өгөлцсөнийг огт мэдэхгүй, миний дэргэд гэрээ байгуулж, мөнгө төгрөг өгч авалцаж байхыг хараагүй. Р.Г өөрөө Т.Зтэй уулзах гээд л ирэхээрээ дандаа дуудаж гадаа уулздаг байсан, мөн өмнө авсан мөнгөн дээрээ нэмж мөнгө авах гэж байгаа шинжтэй нэг хэсэг дандаа залгаад л байдаг байсан. Тэгээд төсөл, зээл бүтэхгүй байна, бүтвэл мөнгийг нь бүгдийг нь өгнө гээд л байгаа бололтой яриад байдаг байсан. Т.З утсаар ярихдаа өмнөхөө өгөөгүй байж, дахин авах гэлээ гээд л байдаг байсан, миний дэргэд утсаар ярьж байгааг нь сонсоод тэгж ойлгосон. Үнэн хэрэгтээ хэдэн төгрөг авсан, хэдэн төгрөг Т.Зд Р.Г нь өгөх ёстой талаар мэдэхгүй, Р.Г ямар зориулалтаар мөнгө төгрөг зээлсэн талаар огт мэдэхгүй. Ганц нэг танил хүмүүстэй мөнгө төгрөг өгч байсан, гэхдээ би хэдэн төгрөг яах гэж өгч байгаа талаар нь нарийн сайн мэдэхгүй...’’гэх мэдүүлэг/хх­-ий­­­­­н 23-24 дүгээр тал/,

 

*Гэрч Ч.Зын өгсөн:

“...Р.Г бид хоёр нийлээд Ж.Ж гэх хүнтэй хамтарч ажиллах гэрээ байгуулах гэж байгаад больсон. Би хөрөнгө оруулах Хятад улсын иргэдийг таньдаг байсан болохоор тухайн Хятад улсын иргэдийг төлөөлж гэрээ хийх гэж байгаад хөрөнгө оруулалт ороогүй учраас больсон. Гэрээ албан ёсоор байгуулаагүй зүгээр төсөл хэлбэрээр гэрээ хийж тухайн гэрээн дээр нэг талаас Ж.Ж нөгөө талаас Р.Г, Н.Б бид нар зурсан байдаг. Тухайн гэрээ бол албан ёсоор баталгаажсан гэрээ биш, төсөл хэлбэрээр л байгуулсан гэрээ байгаа. Одоогоор ямар нэгэн маргаан үүсээгүй байна. Уг гэрээний дагуу ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Р.Гоос ганц ч төгрөг тухайн уурхайд гараагүй. Би хөрөнгө оруулалтыг Хятад улсын иргэдээр хийлгэх гэж байсан. Уурхай бол ямар ч үйл ажиллагаа явуулаагүй эхлүүлэх гээд л бэлтгэл ажил нь эхлэх гэж байгаад больсон. Үйл ажиллагаа эхлэх гээд миний зүгээс төлж байсан ганц нэг баримт байгаа байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/

*Зээлийн гэрээнүүд /хх-ийн 5-7 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 164-165 дугаар тал/

* Хохирол төлсөн баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ирүүлсэн албан бичиг зэргийг шинжлэн судалсан болно.

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Р.Г нь 2016 оны 04 дүгээр сарын 28-наас 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр иргэн Т.Зтэй зээлийн гэрээ байгуулан нүүрсний уурхайд хөрөнгө оруулалт хийж байгаа хэмээн төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 20.000.000/хорин сая/ төгрөгийг залилсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

 

Дээрх  гэмт хэргийг шүүгдэгч Р.Г үйлдсэн болох нь хохирогч Т.Згийн”...Гэтэл 2016 оны 04 дүгээр сард Р.Г ах надтай ирж уулзаад нүүрсний уурхайн түрээсийн 2 гэрээ үзүүлээд, нүүрс олборлож эхэлж байгаа, хужаа нартай хамтарч ажиллаж байгаа, нүүрсээ олборлож эхэлж байгаа, надад мөнгө хэрэгтэй байна, хөрөнгө оруулалт гээд их хэмжээний мөнгө хэрэг болоод байна, мөнгө байвал ахдаа өгөөд бай, ах нь чамд нэг нугалж өгнө, ямар ч асуудалгүй, 2016 оны 11 сарын 15-наас нүүрс худалдаанд гарна, цаад хугацаа 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүх мөнгийг чинь гаргаж өгнө  гэж хэлээд надаас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 7.500.000 /долоон сая таван зуун мянга/, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 6.000.000 /зургаан сая/ төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг тус тус зээлийн гэрээ байгуулж авсан. Анх надаас мөнгө авахдаа нотариатаар орж гэрээ батлуулъя, мөнгийг чинь нэг нугалж өгнө гэсэн, тэгээд нотариатаар орох гэхэд нугалж мөнгийг нь өгнө гэсэн гэрээ байхгүй, та нар хоорондоо зээлийн гэрээ байгуулж болно, хүүгээ тохирч өндөр тогтоогоод гэж байсан. Тэгээд гэрээ байгуулахдаа 15 хувийн хүүтэй гэрээ байгуулж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хамгийн сүүлд 6.500.000 төгрөг авахдаа 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүгдийг нь өгнө, нийт авсан 20 сая төгрөгийг 40 сая болгож өгнө гэж авсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болоод мөнгө төлөх хугацаа дуусахад хөрөнгө оруулалтын зээл 2 тэрбум төгрөг хөөцөлдөж байгаа, цагаан сарын дараа бүтнэ, бүтэхээр нь бүх мөнгийг чинь өгнө гэсэн боловч одоог болтол өгөөгүй, утсаар яриад мөнгөө нэхэхээр өгнө дөө, ах нь сүү шиг сэтгэлтэй хүн, цагдаа шүүхээр явбал хүү ч үгүй хоцорно, ахтайгаа тохирч мөнгөө нугалаад авсан нь дээр гэж хэлж байсан. 2017 оны зунаас Р.Г ах ах нь Баянхонгор аймгийн Бөмбөгөрийн алтны уурхайг нүүрсний уурхайтай хавсарч байгаа, 2017 оны 09 сарын 01-ний өдөр гэхэд мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан боловч огт өгөөгүй байна. Хамгийн сүүлд нэг сарын өмнө 2017 оны 11 дүгээр сард уулзаад та надад нэг ч төгрөг өгөөгүй, намайг хуураад байна, дээрээс нь та бас Дарханд хүнд их өртэй юм биш үү гэж хэлсэн чинь Р.Г ах “манай найз Ганбаатар гэдэг хүнтэй 60 сая төгрөгийн хэрэгтэй байгаа, энэ асуудлыг шийдэх гээд прокурорт нь 1.000.000 төгрөг өгсөн, нүүрсний асуудлаас болсон, чи намайг цагдаад өгөөд нэмэргүй, би Архангайн цагдаад зөндөө танилтай, 2018 оны 04 сар хүртэл өргөдлийг чинь дарж чадна, ахтайгаа аятайхан байвал 40 сая төгрөгөө авна шүү” гэх мэтийн зүйл ярьж байсан. Мөн 2017 оны 10 дугаар сард Баянхонгор аймагт ирээд Приус машин ирээд аваад явах уу, ганцаараа ирээд аваад яваарай гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Бын”... Цалингийн зээл 2015 онд байх хугацааг нь сайн санахгүй байна, манай эгч Т.З надаар зээл авахуулсан, юунд хэрэглэх гэж байгааг мэдэхгүй, мөнгөний хэрэг гараад зээл авуулсан, Т.З эгч төлөлтийг нь хийдэг болохоор би хугацааг нь мэдэхгүй байна, Т.З эгчид хамгийн сүүлд 6 сая гаран төгрөг авч өгсөн, хуулгаараа хэдэн төгрөг хэзээ авсан нь мэдэгдэх байх, би тэр үед нь шууд Т.З эгчийн дансанд шилжүүлж өгсөн, эгч өөрөө надтай хамтран зээл авагчаар орсон байгаа. Ямар зориулалтаар авсан нь гэрээнд байгаа байх, харин тухайн үед Т.З эгч мөнгөний хэрэгтэй гээд л зээл авахуулж байсан...”гэх мэдүүлэг, гэрч С.Бгийн”... Р.Г өөрөө Т.Зтэй уулзах гээд л ирэхээрээ дандаа дуудаж гадаа уулздаг байсан, мөн өмнө авсан мөнгөн дээрээ нэмж мөнгө авах гэж байгаа шинжтэй нэг хэсэг дандаа залгаад л байдаг байсан. Тэгээд төсөл, зээл бүтэхгүй байна, бүтвэл мөнгийг нь бүгдийг нь өгнө гээд л байгаа бололтой яриад байдаг байсан. Т.З утсаар ярихдаа өмнөхөө өгөөгүй байж, дахин авах гэлээ гээд л байдаг байсан, миний дэргэд утсаар ярьж байгааг нь сонсоод тэгж ойлгосон...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Зын”... Р.Г бид хоёр нийлээд Ж.Ж гэх хүнтэй хамтарч ажиллах гэрээ байгуулах гэж байгаад больсон. Би хөрөнгө оруулах Хятад улсын иргэдийг таньдаг байсан болохоор тухайн Хятад улсын иргэдийг төлөөлж гэрээ хийх гэж байгаад хөрөнгө оруулалт ороогүй учраас больсон. Гэрээ албан ёсоор байгуулаагүй зүгээр төсөл хэлбэрээр гэрээ хийж тухайн гэрээн дээр нэг талаас Ж.Ж нөгөө талаас Р.Г, Н.Б бид нар зурсан байдаг. Тухайн гэрээ бол албан ёсоор баталгаажсан гэрээ биш, төсөл хэлбэрээр л байгуулсан гэрээ байгаа. Одоогоор ямар нэгэн маргаан үүсээгүй байна. Уг гэрээний дагуу ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Р.Гоос ганц ч төгрөг тухайн уурхайд гараагүй. Би хөрөнгө оруулалтыг Хятад улсын иргэдээр хийлгэх гэж байсан. Уурхай бол ямар ч үйл ажиллагаа явуулаагүй эхлүүлэх гээд л бэлтгэл ажил нь эхлэх гэж байгаад больсон...” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд  шүүгдэгч Р.Гын бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Год холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Р.Гыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоол тогтоолоор шүүгдэгч Р.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай тогтоолоор тус анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Р.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

 

              Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах талаар зохицуулсан бөгөөд ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээ гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан тул шүүгдэгч Р.Год Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 131 дугаартай тогтоолоор оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 7.145.0000 төгрөгийг торгох ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 1 жил 3 сар 21 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь  зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

              Шүүгдэгч Р.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт  хэргийг хоёр удаа үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, хохирол төлбөрийг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож,  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдан, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэргийн шинжийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

               

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн  4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Залаат овогт Ргийн Гыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гыг  6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Год энэ тогтоолоор оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялд, 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 131 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 7.145.000/долоон сая нэг зуун дөчин таван мянга/ төгрөг буюу 1/нэг/ жил 3/гурав/ сар 21/хорин нэг/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1/нэг/ жил 9/ес/ сар 21/хорин нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Год оногдуулсан 1/нэг/ жил 9/ес/ сар 21/хорин нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Р.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР