Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 105

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Х.Жанибек,

шүүгдэгч Б.Баярмагнай, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэрсүүд овогт Батшонхорын Баярмагнайд холбогдох эрүүгийн 201626030983 дугаартай хэргийг 2016 оны 10  дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн 14-257 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар уг ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Бэрсүүд овогт Батшонхорын Баярмагнай /РД:УЗ89071231/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Баярмагнай нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Уяачдын 3-38 тоот хашааны гадаа иргэн Ц.Отгонбаярыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

           Хохирогч Ц.Отгонбаярын “...2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр би 18-19 цагийн орчимд Хан-Уул дүүгийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдардаг ээжийн төрсөн дүү Оролмаагийн хүү болох Уламбаярын бие муу гэхээр нь эргэх санаатай ганцаараа очсон. Уламбаяр гэртээ байсан мөн Сүхээ гээд нэг найз нь ирсэн байсан. Сүхээ бид хоёр Уламбаярын гэрт нэг шил архи уух санаатай задалсан. ...Тэгээд өвчтэй хүний дэргэд архи уугаад яахав гээд гадаа гарч сууж байгаад ууя гээд тал шилтэй архиа аваад Сүхээ, Оюунчимэг эгч бид 3 гарсан. Гараад дугуй засварын газрын тэнд очиж сууж байгаад тал шилтэй архиа уусан. Уламбаяр гэртээ үлдсэн байсан. Тэгээд бид гурав юм яриад сууж байтал замын цаанаас 3 хүүхэн, 2 залуу “хүүхэд унтуулахгүй, нохой хуцуулаад байх юм” гээд орилсон. “Хаана юун нохой хуцаад байгаа юм бэ, нохой байхгүй байна ш дээ” гээд бид нар хоорондоо жаахан маргалдсан. Тухайн үед ямар ч нохой хуцаагүй, ойр орчимд нохой байгаагүй. Тэгээд сууж байтал тэр 5 хүрээд ирсэн. Хоёр залуугийн нэг нь над руу дайраад, нөгөө нь Сүхээ рүү дайраад байсан. Над руу дайрсан залуу нь намайг сууж байхад шууд ирээд миний зүүн талын хөмсөгний дээд талд өшиглөсөн. Тэр үед би хойшоо ойчсон. Босох гэж оролдож байх зуур тэр залуу нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохичихоод яваад өгсөн. Би араас нь барьж авах гэсэн боловч тэр залуу дээгүүрээ хувцасгүй, цээж нүцгэн байсан. Намайг 2016 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үл таних 25-28 орчим насны залуу “хүүхэд унтуулахгүй, нохой хуцуулаад байна” гэх шалтгаанаар ирж зодсон. Тухайн үед миний зүүн хөмсөгний дээд талд язарсан. Баруун нүд нь хажуу хэсэгтээ язарсан. Үүдэн доод 1, дээд 1 шүд булгарч унасан. Хиймэл шүднүүд хугарсан. Хүзүүнд зүүсэн байсан мөнгөн гинж байхгүй болсон. Мөн зүүж байсан хар өнгийн нүдний шил хагарсан байсан. Намайг зодсон гэх хүн 25-28 орчим насны, 170 орчим өндөр нуруутай, махлаг залуу байсан. Богино халимаг үстэй. Царайг нь сайн хараагүй. Дээгүүрээ цээж нүцгэн байсан, нэрийг нь мэдэхгүй. Нөгөө хамт явсан залуу ч мөн дээгүүрээ нүцгэн байсан. Намайг зодсон залууд би хугарсан хиймэл шүдээ харуулсан шүү дээ. Шүдээ хийлгүүлж, хохирлоо барагдуулж авмаар байна. Нүдний шилийг би 13.000 төгрөгөөр Бөмбөгөр худалдааны төвөөс 1 сарын өмнө худалдан авсан. Мөнгөн гинжийг би 1 жилийн өмнө 135.000 төгрөгөөр Мөнгөн завъяагаас худалдан авч байсан. Грамм, соръцыг нь мэдэхгүй байна. Хиймэл шүдээ 2 жилийн өмнө 100.000 төгрөгөөр хийлгэж байсан. Одоо 2 шүдээ хэдэн төгрөгөөр хийлгэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх”ийн 16-17 дугаар хуудас/ Миний 2 шүд байрнаасаа суларч хөдөлсөн, энэ 2 шүдийг эмчлүүлэхэд 200.000 төгрөг нэхэмжилж байна, нийт 378.000 төгрөг нэхэмжилж байна, надад 2 шүд 200.000 төгрөгөөр янзлуулах баримт бол байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/

 

           Гэрч Д.Зоригтсүхийн “...2016 оны 07 дугаар сарын 06-ны орой би найз Уламбаярын гэрт нь очсон, намайг очиход Уламбаяр, Отгонбаяр хоёр 750 граммтай 1 шил архи задлаад ууж байсан. Миний араас Отгонбаярын хадам эгч гээд Оюунчимэг гэх эмэгтэй ирээд Уламбаярыг гэрт нь бид 3 үлдээгээд архиа аваад гэрээс нь гараад гудамжинд суусан, Оюунчимэг гэх эмэгтэй ерөөсөө архи уугаагүй, Ц.Отгонбаяр бид хоёр архиа хувааж уусан. Бид гурав юм яриад сууж байтал замын хойд талаас эмэгтэй хүн “Нохой хуцуулаад хүүхэд унтуулахгүй байна, чимээгүй бай гэж орилсон” Ц.Отгонбаяр энд ямар ч нохой хуцаагүй байна гэж хэлсэн чинь өөдөөс юугаа хуцаад байгаа хөгшин авгай вэ гээд замын хоёр талаас бид нар хэрэлдсэн удалгүй дээгүүрээ нүцгэн залуу гүйж ирээд үг хэлэхийн завдалгүй Ц.Отгонбаярын нүүр лүү өшиглөөд унагаагаад тэр залуу Ц.Отгонбаярыг зодсон, би салгах гэтэл миний нүүр лүү бас цохичихсон, араас нь 3 эмэгтэй, 1 эрэгтэй ирээд бөөн хэрүүл болсон, Ц.Отгонбаярыг дээгүүрээ цээж нүцгэн залуу зодсон, яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна, ямар ч байсан өшиглөж газар унагаагаад нүүр ам руу дахиад өшиглөөд гараараа цохиод байсан. Ц.Отгонбаярын 2 нүд нь хөхрөөд, хөмсөгнийх нь дээр язраад хиймэл шүд нь хугараад өөрийнх нь 2 шүд хөдөлчихсөн байсан. Мөн нүдний шилийг нь хугалчихсан байсан, бас ноцолдох явцдаа мөнгөн гинжээ алга болгочихсон байна гэж өөрөө хэлээд байсан. Тэр залуу ганцаараа зодсон. Хохирогч хар нүдний шилтэй, хүзүүнд нь цагаан өнгийн гинж харагдаж байсан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Хохирогчийг сэжигтэн Б.Баярмагнай зодох шалтгаан байхгүй, бид нар архи уугаад шөнө агсан согтуу тавьж зодоон цохион хийж хүний амгалан тайван байдал алдагдуулаагүй, зүгээр байхад өөрсдөө эхэлж хэрүүл хийгээд хүрч ирээд Ц.Отгонбаярыг зодчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

 

           Гэрч Б.Оюунчимэгийн “..2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үдээс хойш 16 цагийн үед Отгонбаярын эхнэр буюу манай төрсөн дүү над руу утсаар яриад Өлзийт хороололд Отгонбаярын хамаатан байдаг юм. Тэр хүнийх нь бие нь өвдөөд Отгонбаяр очих гэж байгаа юм, Отгонбаяр оччихоод танай гэрт хононо шүү гэсэн. Орой 22 цаг өнгөрч байхад манай хүргэн Отгонбаяр над руу утсаар яриад манай хамаатан Уламбаяр таныг танина гэж байна, хүрээд ир гэсэн. Би тэр айлд нь очиход манай хүргэн, Уламбаяр, Уламбаярын найз Сүхээ гэдэг танихгүй залуу гурвуулаа байсан. Манай хүргэн Сүхээ гэх залуу 2, архи задлаад сууж байсан. Би дөнгөж ороод өвчтэй хүний хажууд архи уугаад яах вэ, гаръя гээд тэр хоёрыг дагуулж гараад гудамжнаас нь нэлээн холдоод бид 3 юм яриад суусан. Тэгтэл замын хойд талын хашаан дотроос эмэгтэй хүн “хөөе та нар хүүхэд унтуулахгүй үхсэндээ хашгиралдаад, нохой хуцуулаад байгаа юм бэ” гэж орилсон би эргээд хартал 2-3 хүн хашаан дотор зогсож байсан Сүхээ, Отгонбаяр хоёрын нэг нь юу гээд худлаа яриад байгаа юм бэ, бид нар зүгээр сууж байна, нохой хуцаагүй байна гэтэл тэр хүмүүс өөдөөс нь хэрэлдээд Сүхээ, Отгонбаяр хоёр ч бас тэр хүмүүстэй хэрэлдээд байсан, өөрсдөө эхэлж намайг гичий гэхээр нь би зөрүүлээд та нар ийм хөгшин гичий харсан юм уу юу гээд солиороод байгаа юм бэ гэж хэлээд дуусаагүй байтал цээж нүцгэн залуу түрүүлж гүйж ирээд Отгонбаярыг сууж байхад нь өшиглөөд газарт унагаасан, араас нь удалгүй 3 хүүхэн, 1 залуу гүйж ирээд бөөн хэрүүл болсон, би тэд нарыг ирэнгүүт шатахуун түгээх станцын тийшээ зугтаагаад өөрийнхөө утаснаас цагдаад дуудлага өгсөн...би буцаад нөгөө хоёр дээрээ очтол Отгонбаярын хиймэл шүд нь уначихсан, нүдний шил хугарчихсан байхаар нь нөгөө залуучууд дээр яагаад ингэснийг нь асууя гээд хашааных нь гадаа бид 3 очоод нөгөө залуучууд гарч ирээд хоорондоо ярилцсан энэ үед зодоон цохион болоогүй. Отгонбаяр, Сүхээ бид гурав тэдгээр залуучуудтай маргалдахаас өмнө Отгонбаярын хүзүүнд мөнгөн гинж нь байсан, нүдний шил нь саравчтай малгай дээр нь тохойтой байсан, нүдний шил нь бол алга болоогүй хугарчихсан байсан...ямар ч шалтгаангүй Отгонбаярыг зодож цохисон. Хохирогч их согтоогүй байсан, халамцуу л байсан. Зодуулсныхаа дараа 2 нүд нь хөхөрчихсөн, хавдчихсан, 2 шүд нь хөдөлчихсөн, 1 шүд нь уначихсан байсан, тэгтээ унасан шүд нь хиймэл байсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/

 

           Гэрч Б.Урантогосийн “...2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай гэрт манай найз охин Шүрэнцэцэг нөхөр хүүхэдтэйгээ хамт хонох гээд ирсэн юм. Бид нар орой 01 цагийн үед унтах гээд байж байтал гадаа согтуу хүмүүс чанга орилж яриад нохой хуцуулаад байсан манай найз охины хүүхэд 10 сартай байсан учир нохой хуцах чимээнд огт унтахгүй уйлаад байсан, би ганцаараа эхэлж гараад чимээгүй байгаачээ энд жаахан хүүхэд унтах гээд байна эсвэл цаашаагаа явчих гэтэл эхлээд 1 эмэгтэй нь гичий минь, янхан чинь чи юу гээд байгаан гээд орилоод байсан...би та юу гээд байгаа юм бэ та хүүхэдтэй янхан харсан юм уу нэж хэлээд гэртээ орох гэж байтал манай нөхөр яг өөдөөс гарч ирээд юу гээд байгаа юм бэ наад хүмүүс чинь гээд надаас асуусан энэ үед сахалтай арай хөгшин ах нь дахиад бид нарыг хараагаад та нар амжихгүй шүү гээд байсан, манай нөхөр яахаараа чамайг янхан гэдэг юм гэж уурлаад нөгөө хүмүүс рүү явсан,  Шүрэнцэцэг бид хоёр нөхрийг нь дагуулаад араас нь очтол манай нөхөр одоо хохирогч гээд байгаа хөгшин ахтай газарт ноцолдоод зууралдаад байж байсан...манай нөхөр архи уугаагүй эрүүл байсан...Би хохирогч гээд байгаа хүнийг манай нөхөр зодож байхыг хараагүй, бид нарыг гарч ирэхэд хоёулаа газарт зууралдаад хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/

 

           Гэрч Б.Шүрэнцэцэгийн “... 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр би нөхөр хүүхдийн хамт Баярмагнайгийн гэрт нь хонох гээд очсон, шөнө 01 цагийн үед гадаа нохой хуцаад урд талд согтуу хүмүүс шуугилдаад байсан манай найз Урантогос гараад жаахан хүүхэд байна унтуулахгүй байна шуугихаа болиочээ гэсэн би араас нь гарсан замын урд талд хашааны буланд 2 эрэгтэй, 1 эмэгтэй 3 хүн архи ууж байсан, тэгтэл 1 эмэгтэй нь яасан манай хоёр залуу та хоёрт таалагдаад байна уу 2 янхан минь гэсэн чинь Урантогос та юу гээд байгаан хүүхэдтэй янхан харсан юм уу та гэж хэлээд бид хоёр буцаад орсон Баярмагнай яахаараа янхан гэдгийн гээд ганцаараа гарсан манай нөхөр Урантогос бид 3 араас нь гартал Баярмагнай хөгшин ахтай нь хамт ноцолдоод газарт хэвтэж байсан... Урантогос манай нөхөр Эрдэнэжаргал бид 3 цохиж зодохыг нь хараагүй, бид гурвыг ирэхэд хохирогч гээд байгаа ахтай Баярмагнай зууралдаад газарт хэвтэж байсан бид 3 газраас татаж босгоод болиулсан. Баярмагнайгаас өөрөөс нь асуухад нүүр лүү нь гараараа цохьсон гэсэн. Яг хэдэн удаа гэдгээ хэлээгүй. Эхнэрээ өмөөрөөд зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,   

 

           Гэрч Э.Эрдэнэжаргалын “...Бид нар гэр бүлээрээ юм ярьж сууж байгаад 00 цагийн үед унтаж амрах гээд хэвтэцгээсэн. Гадаа нохой хуцаад байсан болохоор Баямагнайгийн эхнэр Урантогос бие засангаа харчихаад ирье гээд гарсан. Тэгтэл гадаа хүнтэй хэрэлдээд байсан. Араас нь манай эхнэр Урантогосын араас гараад удалгүй Баярмагнай бас гараад зөрөөд Урантогос манай эхнэр хоёр гэрт орж ирэхээр нь би юу болоод байгаа юм гэж асуухад гадаа архи ууж байгаа хүмүүст хүүхэд унтах гээд байна, нохой хуцуулаад байна, та нар гэж хэлэхэд янхан, гичий гээд байсан гэсэн. Баярмагнай тэр хүмүүс рүү явчихсан, бид 3 араас нь очтол Баярмагнай нэг хөгшин ахтай нь заамдалцаад газарт хэвтэж байсан, хажууд нь нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн байсан. Урантогос, Шүрэнцэцэг бид 3 салгаад болиулсан. Удалгүй нөгөө 3 хүн араас ирээд хашааны гадаа бид нарыг дуудаад бид нар гараад очтол Баярмагнайтай ноцолдоод газарт байсан хөгшин ах нь Баярмагнайд хандаж “чи миний хиймэл шүдийг хугалаад өөрийн шүдийг цохиод хөдөлгөчихсөн байна” гэж хэлж байсан. Энэ үед цагдаа ирээд Баярмагнайг нөгөө хүмүүстэй аваад явсан. Баярмагнайг хохирогч гээд байгаа хүнийг зодож цохихыг би хараагүй, Урантогос, Шүрэнцэцэг бид гуравыг гэрээс гараад очиход Баярмагнай хохирогч гээд байгаа ахтай хамт газарт уначихсан хоорондоо ноцолдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

          

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №9802 актад

  1. Ц.Отгонбаярын биед дээд 2 шүдний булгаралт, уруулд цус хуралт, зүүн хөмсөг баруун нүдний дээд зовхи, хамрын зүүн угалзанд зулгаралт тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.
  3. 2 шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 5% -р алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Бусад зулгаралт гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэмтлүүд байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/

2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хохирогч Ц.Отгонбаярын эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 62 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Шүүгдэгч Б.Баярмагнай мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ:

“2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шөнийн 01 цагийн үед манай хашааны урд талд согтуу хүмүүс чанга орилж яриад унтуулахгүй байсан. Манай эхнэр бие засах гэж гарахдаа тэр хүмүүсийг жаахан чимээгүй болчих энд нялх хүүхэд байна гэж хэлсэн чинь манай эхнэрийг янхан минь, гичий минь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн, би гэр дотроосоо сонссон...би ганцаараа гэрээсээ гараад манай эхнэрийг гичий гэж хэлсэн ахыг юу гээд байгаа юм бэ чи гээд нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон чинь тэр ах намайг зуураад авсан чинь бид хоёр хоёулаа газарт уначихсан, манай эхнэр, эхнэрийн найз Шүрэнцэцэг, түүний нөхөр Жак 3 намайг боль гээд дээш нь татаж босгоод байж байтал удалгүй цагдаа ирээд Шувууны цагдаагийн хэсэгт ирээд бид нарыг хоорондоо тохиролц гээд бид нарыг буцаагаад Өлзийт хороололд гэрийн хажууд хүргэж өгсөн...Би хохирогч гээд байгаа Отгонбаяр гэх ахын нүүр лүү нь гараараа хоёр удаа цохисон, ямар нэг гэмтэл учруулснаа би мэдэхгүй байна, тухайн үедээ хиймэл шүд хугарсан гэж хэлж байсан. Манай эхнэрийг янхан гичий гэж доромжилсон...Би ганцаараа хохирогчийг зодсон...би өөр хэн нэгнийг зодож цохиогүй...Харанхуй шөнө гудамжинд архи уугаад орилоод байхад нь чимээгүй болчих гэж хэлсний төлөө манай эхнэрийг янхан гичий гэж доромжилсноос болж би тэр ахыг 2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Б.Баярмагнай мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Бид нар дөрвүүлээ байсан, манай эхнэр Урантогос, эхнэрийн найз Шүрэнцэцэг, түүний нөхөр Эрдэнэжаргал байсан... Бид нар тэр хүмүүстэй маргалдаад би хохирогчийг зодсоны дараа бид нар гэр лүүгээ орчихсон юм тэгээд гэрт байж байхад араас нөгөө 3 хүн ирээд бид нар гараад хашааны гадаа уулзаж байхад цагдаа нар ирсэн...2 хоногийн дараа хохирогч гээд байгаа ах манайд ирээд чи ахынхаа хиймэл шүдийг хугалаад миний өөрийн шүдийг хөдөлгөөнтэй болгочихсон байна, одоо яах вэ гэхээр нь би та одоо тэгээд яах гээд байгаан гэтэл олигтой юм ярихгүй байснаа ах нь нэг бол явдаг газраараа явдаг юм билүү гэхээр нь би тэг тэг гээд хэлчихсэн чинь манайхаас яваад өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Баярмагнай: “ Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/,

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр хуудас/,

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

-Хан-Уул дүүргийн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 119 дугаартай Б.Баярмагнайд холбогдох хэргийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-76 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Баярмагнайд холбогдох хэргийн АСАП сангийн бүртгэл /хх-ийн 08-12 дугаар хуудас/,

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Баярмагнай нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Уяачдын 3-38 тоот хашааны гадаа иргэн Ц.Отгонбаярыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ц.Отгонбаярын: “...Тэгээд бид гурав юм яриад сууж байтал замын цаанаас 3 хүүхэн, 2 залуу “хүүхэд унтуулахгүй, нохой хуцуулаад байх юм” гээд орилсон. “Хаана юун нохой хуцаад байгаа юм бэ, нохой байхгүй байна ш дээ” гээд бид нар хоорондоо жаахан маргалдсан. Тухайн үед ямар ч нохой хуцаагүй, ойр орчимд нохой байгаагүй. Тэгээд сууж байтал тэр 5 хүрээд ирсэн. Хоёр залуугийн нэг нь над руу дайраад, нөгөө нь Сүхээ рүү дайраад байсан. Над руу дайрсан залуу нь намайг сууж байхад шууд ирээд миний зүүн талын хөмсөгний дээд талд өшиглөсөн. Тэр үед би хойшоо ойчсон. Босох гэж оролдож байх зуур тэр залуу нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохичихоод яваад өгсөн. Би араас нь барьж авах гэсэн боловч тэр залуу дээгүүрээ хувцасгүй, цээж нүцгэн байсан. Намайг 2016 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үл таних 25-28 орчим насны залуу “хүүхэд унтуулахгүй, нохой хуцуулаад байна” гэх шалтгаанаар ирж зодсон.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/, гэрч Д.Зоригтсүхийн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, гэрч Б.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, гэрч Б.Урантогосийн мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/, гэрч Б.Шүрэнцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,   гэрч Э.Эрдэнэжаргалын мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №9802 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Баярмагнайн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Баярмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдад хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

 

Шүүгдэгч Б.Баярмагнайгаас хохирогч Ц.Отгонбаяр нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 378.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. /хх-ийн 18 дугаар хуудас/, Хэрэгт авагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримтаар 178.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Б.Баярмагнайгаас хохирогч Ц.Отгонбаярт төлж барагдуулсан байна. Иймд Б.Баярмагнайг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Баярмагнай нь  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасанд хамрагдан  ялаас өршөөн хэлтрүүлсэн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Баярмагнайд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Баярмагнай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон