Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 116/ШЦТ/2022

 

 

                                    Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,

 Улсын яллагч Т.Нансалмаа,

 Хохирогч М.Хишигт,

 Шүүгдэгчийн  өмгөөлөгч М.Гансүх,

 Шүүгдэгч Т.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Тэмээчин овогт *******Н*******ид холбогдох эрүүгийн 2231000680077 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн *******суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Онцгой байдпын газарт малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, *******сум 5 дугаар баг, 5 дугаар хэсэг 025 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Тэмээчин овогт *******Н*******, /МЮ:*******/;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Цөх 3 дугаар багийн нутаг, улсын тусгай хамгаалалттай газар болох Худгийн гууны эх гэх газраас 1,5 метрийн урттай 31 ширхэг буюу 2.231 метр куб хуурай нарс модыг улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойгоос бэлтгэж 73-79 ОРХ улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 376.269 төгрөгийн хохирол, 752.538 төгрөгийн хор уршиг учруулж хууль бусаар мод бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н******* мэдүүлэхдээ: “... Би мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Шүүхээс төл гэсэн хохирол төлбөрийг төлнө...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Х*******мэдүүлэхдээ: “... Т.Н******* нь  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Худгийн гуу” гэх нэртэй газар буюу тусгай хамгаалттай газраас мод бэлтгэсэн. Хохирлыг бүрэн төлүүлж өгнө үү...” гэж хүсэж байна...” гэжээ.           

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Х*******мэдүүлэхдээ:...Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Худгийн гуу нэртэй газар нь Тусгай хамгаалалтын газар бүс нутагтаа ордог. Тийм учраас манай байгууллагаас хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар өдрийн аль ч цагт явуулдаг. Тусгай хамгаалалтын газар руу орж байгааг илэрхийлсэн самбар замуудад байгаа. Мөн бүсчиллийн буюу аялал жуулчлал болон орохыг хориглосон газар нутаг гэх мэтчилэн тэмдэглэгээ замын хажууд байдаг. Надад санал хүсэлт гаад байх зүйл байхгүй. Хохирлын үнэлгээний нөхөн төлбөрийг Тужуийн нарсны байгалийн цогцогборт газрын хамгаалалтын захиргаа, Төрийн сангийн 100130013005 дугаартай дансанд хийлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б******* мэдүүлэхдээ: ...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ах Н*******ийн хамт модонд Н******* ахын 73-79 ОРХ улсын дугаартай “Бонго-2” тээврийн хэрэгслээр ертөнцийн зүгээр зүүн зүгт 20-25 км яваад модон дунд ороод мод бэлтгэхээр машинаасаа буусан. Н******* ах хуурай босоо мод 3-ыг хятад цагаан өнгийн хөрөөгөөр тайрч унагаагаад 1.5 м урттайгаар тайрч бэлтгэсэн. Би тайрсан моднуудыг Н******* ахтай хамт машин дээр ачаад уяж бэхлээд мод бэлтгэсэн газраас хөдлөөд удаагүй явж байхад Тужийн нарсны хамгаалагч гэж хүмүүс таарсан. Бид хоёр буцаж очоод мод бэлтгэсэн газраа заасан. Мод бэлтгэх эрхийн бичгийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Би мод бэлтгэж байхдаа хууль бус үйлдэл хийж байна гэж бодоогүй, ахыгаа дагаад явж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Н******* мэдүүлэхдээ: “...Би машинаа 2020 оны намар мөнгөний хэрэг гараад Т.Н*******ид 1.800.000 төгрөгөөр худалдсан. Бидний хооронд өр авлага байхгүй. Мөнгө бүрэн төлөгдсөн байгаа..” гэх мэдүүлэг, /хх-ийн 33 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хишигжаргал мэдүүлэхдээ:...Манай гэр галын түлээгүй болчихоод 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр Т.Н*******, дүү Б.Б******* хамт уул руу модонд 12 цагийн орчимд явсан. 17 цагийн орчимд над руу залгаад мод ачаад явж байгаад Тужийн нарсны байцаагч нарт баригдчихлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг, /хх-ийн 36 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Н******* мэдүүлэхдээ: ...Манай ажлын газрын энгийн ажилтан малчинаар Т.Н******* 2019 оны 07 дугаар сард ажилд орсон. Тэр үеэс хойш мэднэ. Ажлын хувьд сайн залуу, албаны малыг хорогдуулж байгаагүй. Мал маллахтай холбоотой ямар нэгэн хэл ам таталж байгаагүй. Эхнэр Х*******нь манай Онцгой байдлын газарт шуурхай удирдлагын дуудлага хүлээн авагч ажил, албан тушаал дээр үүрэг гүйцэтгэдэг. Т.Н******* нь төлөв даруу, өгсөн үүрэг даалгавар сайн биелүүлдэг. Хөдөлмөрч зантай, архи уудаггүй, шударга зантай хүн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38 дугаар тал/,

Шинжээч Ж.Ганцэцэгийн 02 дугаартай дүгнэлтэнд: “...Тухайн мод нь нарс төрлийн, хуурай 1.5 метрийн урттай 31 ширхэг мод байна. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1-р хавсралт: “Нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ, төг”-ийг үндэслэн тогтооход: 2.231м3 х 168.655 төгрөг /1-р муж бүх төрлийн хуурай модны үнэлгээ/=376.269 төгрөг, 376.269 x 1.0 /түлээний хуурай модны итгэлцүүр/=376.269 төгрөг. Тус модны экологи эдийн засгийн үнэлгээ 376.269 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 42-44 дүгээр тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-822/3333 дугаартай:

Төрөл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

Нийт үнэ, төг

Тайлбар

 

1

Бонго маркийн тээврийн хэрэгсэл

ш

1

2.100.000

2.100.000

Тогтоолын дагуу

/хуучин/

2

Бинзен хөрөө

ш

1

50.000

50.000

Хуучин

 

Нийт үнэ, төгрөг

 

2.150.000

 

Үнэлэгдэж буй үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 3 дугаар сарын дундаж байдлаар 2.150.000 /хоёр сая нэг зуун тавин мянга/-н төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, /хх-ийн 49-51 дүгээр тал/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18-04-015/16 дугаартай: “...Иргэн Т.Н*******ийн ойн санд учруулсан хохирлын нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь 2.231м3х1.0=376.269 төгрөг болж байна. Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулан хохирлыг нөхөн  төлүүлэх, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ноогдуулна гэж заасан байдаг тул иргэн Т.Н*******ийн ойн санд учруулсан хохирлын нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь 376.269х3=1.128.807 /нэг сая нэг зуун хорин найман мянга найман зуун долоо/-н төгрөг болж байна...” гэх акт, /хх-ийн 54 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Т.Н*******ийн яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2231000680077 дугаартай тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн төрсөн дүү Б.Б******* хамт 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн 73-79 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод зүүн талын уул руу явсан. Уулан дотор явсан замаар явж байгаад хэсэг газар очиход хуурай босоо мод байхаар нь 3-ыг хөрөөдөж унагааж бэлтгээд машин дээрээ дүүгийн хамт ачаад машинтайгаа хөдлөөд удаагүй байхад Тужийн нарсны хамгаалагч гэх хүмүүс ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 1 дүгээр тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 12-15 дугаар тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 15 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 45-46, 52-53 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 56-57 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:  

Шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт, /хх-ийн 67 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 2022.03.10-ны өдрийн 31/140 дугаартай албан тоот,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 71 дүгээр тал/,

Тээврийн хэрэгсэлийн лавлагаа, /хх-ийн 73 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 74 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум Цөх 3 дугаар багийн нутаг Худгийн гууны эх гэх газраас  1, 5 метр 31 ширхэг буюу 2.231 метр куб хуурай нарс модыг улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойгоос  бэлтгэж, 73-79 ОРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 376.269 төгрөгийн хохирол, 752.538 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирол төлсөн баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.   

Шүүгдэгч Т.Н******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Т.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум Цөх 3 дугаар багийн нутаг  Худгийн гууны гэх газраас  1, 5 метр 31 ширхэг буюу 2.231 метр куб хуурай нарс модыг улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойгоос бэлтгэж 73-79 ОРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид байгаль экологид  376.269 төгрөгийн  хохирол, 752.538  хор уршиг  учруулсан  гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Т.Н*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэн, таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3.4-д  заасны дагуу хэрэгт битүүмжлэгдсэн 73-79 ОРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэл нь өөрийн эзэмшлийнх болох нь нотлогдож байх тул  улсын орлого болох, гэмт хэргийн хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахад татгалзах зүйлгүй гэсэн санал гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: ...Шүүгдэгч Т.Н*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д  зааснаар ял шийтгэл оногдуулахдаа дараах байдлыг харгалзан үзнэ үү. 2022 оны 02 дугаар сарын 10-нд ковидын хөл хорооны үе байсан бөгөөд гэр орон нь түлшгүй болж аргагүй хүнд байдалтай байсан учир мод бэлтгэсэн байдаг ба гэмт хэрэг үйлдэх шалтгаан нь болсон гэдгийг мөн хохирлоо төлж барагдуулсан, хор уршгийг хохирол гэж үзэх үү гэдгийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Т.Н******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бодит хохирлыг төлсөн, амьдарлын хүнд байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т ...Улсын тусгай хамгаалалттай газар нутгын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол нэгээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Т.Н*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зөв гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Н*******ид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан шууд хохирлоо төлсөн байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж, ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Т.Н******* нь 376.269 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн. Хор уршиг  752.538 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэв.

Иймд прокурорын хорих ялыг биечлэн эдлүүлэх саналын дагуу ял шийтгэл  оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Т.Н*******ид  Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 2 жил үүрэг хүлээлгэх нь  зөв гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”  гэж заасан байна.

Шүүгдэгч Т.Н******* нь энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид 376.269 төгрөгийн шууд хохирол учруулсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар ойн санд учруулсан шууд хохирол болох 376.269 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 1.128.807 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан байна.

Шүүгдэгч Т.Н******* нь  нь шууд учирсан хохирол 376.269 төгрөгийн  хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн болох нь баримтаар нотлогдож байна. Харин гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар болох гэмт хэргийн хор уршиг 750.538 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэснийг хохирол төлөхөө илэрхийлсэн гэж шүүх үзсэн.

 Шүүгдэгч Т.Н*******ийн энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан 73-79 ОРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь өмчлөлийнх болох нь гэрч Б.Н*******ийн мэдүүлгээр тогтоогдож байх тул 73-79 ОРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д заасны дагуу 752.538 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан орлогыг улсын орлого болгож шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хар маниултай цахилгаан хөрөө, 1.5 метрийн урттай 31 ширхэг нарсан мод зэргийг   шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Урангоод даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаад шүүгдэгч Т.Н*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тэмээчин овогт *******Н*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3-т зааснаар *******Н*******ид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Н*******ид оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Т.Н*******ийн  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  73-79 ОРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг хурааж, түүний үнээс 752.538  төгрөгийг гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэн, илүү гарсан орлогыг улсын орлогод тус тус оруулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хар маниултай цахилгаан хөрөө, 1.5 метрийн урттай 31 ширхэг нарсан мод зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Урангоод даалгасугай.

7.Хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны  төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.       

 

 

 

                                      ШҮҮГЧ                                 Ч.МӨНГӨНЦЭЦЭГ