| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0004/Э/211/2021/0004/ |
| Дугаар | 2021/ШЦТ/14 |
| Огноо | 2021-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/14
2021/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Л.Д
Өсвөр насны шүүгдэгч: А.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Угалз овогт Агийн Бд холбогдох 2012000000328 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, ...................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Угалз овогт Агийн Б/РД:АЮ....................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өсвөр насны яллагдагч А.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд, насанд хүрээгүй хохирогч Д.Сийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:“...2020 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө хүү хичээлдээ явсан. Тэгээд сургуулийн менежер дуудаж байна хүрээд ир гэж ярихад нь яасан миний хүү гэж асуухад манай дээд ангийн хүүхэд хамар руу цохичихлоо гэхээр нь яваад очтол хамар нь нэлээд хавдсан, менежер, А.Б эмээтэйгээ байсан. Тэгээд 2 хоногийн дараа цагдаагаар шалгуулахаар хандсан...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2012000000328 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Насанд хүрээгүй хохирогч Д.Сийн өгсөн:
“...2020 оны 09 дүгээр сарын 24-ний өглөөний 08 цаг 45 минутаас хичээл завсарлаад ангидаа байж байхад 11 дүгээр ангийн О дуудахаар нь гартал 11 ангийн Б зогсож байсан. Уулзахад намайг дагаад яв гэхээр нь дагаад явахад эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө орсон. Б нь чи манай найз охиныг яасан яасан гэнэ ээ гэж хэлээд нэг удаа зүүн талын хацар руу алгадаад, баруун талын шанаа руу нэг удаа гараа атгаж байгаад шаагаад авахаар нь нүүрээ хамгаалтал хамар руу нэг удаа цохисон. Бид хоёрыг ариун цэврийн өрөө рүү ороход өөрийнх нь ангийн 10-аад хүүхдүүд ариун цэврийн өрөөнд түрүүлээд орчихсон хүлээж байсан. Бас өөр бүлгийн 4-5 хүүхдүүд байж байсан. Урд өдөр нь Бын найз охин нь цэвэр ус аваад зогсож байхаар нь би араас нь гараараа хүрээд мэнд мэдсэн юм, гэтэл маргааш нь Б чи манай найз охиныг яасан гэнээ гэж хэлээд цохисон. Найз охин нь арагшаа хараад зогсож байхад нь бэлхүүс хавьцаа нь гараа хүрсэн, тэрнээс өөр асуудал болоогүй. Тэр охиныг таньдаг, өмнө нь мэнд мэдээд л явдаг байсан. Тэрнээс тэр охиныг оролдсон, өдсөн асуудал байхгүй. Хамар хөндүүр хавдсан, нармай руу хатгаж өвдөнө, хамраараа амьсгаа авч болохгүй байгаа, толгой өвдөнө. Өөр өвдсөн зүйл байхгүй. Шүүх эмчийн дүгнэлт гаргуулна. Баас өөр хүүхэд цохиж, зодоогүй. Гомдолтой, эмчилгээний зардал гаргуулж авна. Цаашид хамар нь мурийгаад гэмтэл үлдчих вий дээ гэж санаа зовж байна. Манай ангийн 4-5 хүүхдийг өмнө жилээс хойш Г нь дээрэлхээд дарамтлаад байдаг байсан юм, би ангийнхаа хүүхдүүдийг өмөөрөөд Галсан- Ёндонбаттай нэг муудалцаж байсан юм, тэр асуудлыг бас Бд хэлсэн байх шиг байна лээ, ариун цэврийн өрөөнд байхад Б нь бас энэ асуудлыг хэлж байгаад зодсон. Өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч Э.Бгийн өгсөн:
“...Тухайн өглөө 09 цаг өнгөрч байхад 1 дүгээр цагийн завсарлагаа болоход манай ангийн А.Б доод ангийн Д.Сийг дуудаад ариун цэврийн өрөө рүү орлоо гэж сонсоод араас нь юу болж байгааг харах гээд орсон чинь А.Б Д.Сид нэг зүйл хэлээд хоёр хацар руу нь баруун зүүн гараараа нэг нэг алгадаад доош тонгойхоор нь нүүр хэсэг рүү нь нэг гараараа нэг удаа цохисон Д.С доош суусан шалан дээр цус дусаж байсан хаанаас нь гарч байгааг хараагүй би ариун цэврийн өрөөнөөс гараад явсан. Намайг харахад цохисон зүйл байхгүй, цохиулаад доош суусан. А.Б Д.Сийг цохих үед манай ангийн Б.Б, Х.Ц нар харсан, бусад хүүхдүүдийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/
*Насанд хүрээгүй гэрч Б.Бын өгсөн:
“...Тухайн өдрийн өглөө 09 цагийн үед хичээлийн 1 дүгээр цаг завсарлаж байсан А.Б Э.Б, Х.Ц бид нар ариун цэврийн өрөөнд бие засах гээд орсон А.Б манай ангийн Ооор доод ангийн Д.Сийг дуудуулсан байсан. Удалгүй Д.С орж ирсэн чинь А.Б Д.Сид хандаж найз охин яагаад тэврээд байна, дүү яагаад зодсон юм гэж хэлээд 2 шанаа руу нэг нэг алгадаад нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Д.Сийн хамраас цус гарахаар нь би гараад явсан. Д.С цусаа угааж байх шиг байсан. А.Бын найз охиныг Д.С тэвэрсэн гээд үл ойлголцол болоод муудалцсан. Манай ангийн Э.Б, Х.Ц нар харсан бусад хүүхдүүдийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч Х.Цын өгсөн:
“...2020 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 09 цагийн үед сургуулийн ариун цэврийн өрөөнд А.Б Д.Сид хандаж найз охин яагаад тэврээд байгаа юм дүү яагаад зодсон юм гэж хэлсэн. Д.С үгүй дээ гэж хэлсэн тэгтэл А.Б Д.Сийн хоёр хацар хэсэг рүү нэг нэг алгадаад нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон Д.Сийн хамраас цус гараад үлдсэн бид нар анги руугаа орсон. А.Бын найз охиныг Д.С тэвэрсэн гээд үйл ойлголцол болоод муудалцсан гэж бодож байна. Манай ангийн Э.Б, Б.Б нар харсан бусад хүүхдүүдийг нь мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар тал/
*Өсвөр насны яллагдагч А.Бын өгсөн:
“...2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Д.С нь хуурай дүү Гыг зодсон байсан, мөн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр сургууль дээр миний найз охин Золжаргал ус авах цэгээс ус авах гээд явж байхад нь араас нь тэвэрсэн байсан. Тэгээд би яагаад ийм үйлдэл гаргасан талаар нь асууна гэж бодож байгаад 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 1 дүгээр цагийн хичээл завсарлаад ангийн хүүхэд Оыг Д.Сийг 00 өрөөнд дуудаад ир гэж хэлээд өөрөө 00 өрөө рүү явсан. Удалгүй Д.С ороод ирсэн. Тухайн үед 00 өрөөнд манай ангийн Э.Б, Х.Ц, Б.Б нар байсан. Би Д.Сид хандаж чи манай найз охиныг яагаад тэврээд байгаа юм гэж хэлээд зүүн баруун гараараа Д.Сийн баруун зүүн хацар хэсэг рүү нь нэг нэг алгадсан, дараа нь хамар хэсэг рүү зүүн гараараа нэг удаа цохисон чинь Д.Сийн хамраас цус гарсан Д.С цусаа угааж тогтоогоод байж байтал хонх дугараад анги анги руугаа хичээлдээ орсон. Сүүлд нь Д.Сийн ах М гэх залуу ирээд надад хандаж манай дүүг яагаад байгаа юм цагдаад хэлэхгүй юм байгаа биздээ гэж хэлээд нэг удаа гэдэс хэсэг рүү нэг удаа цохисон. Д.С намайг цохиж зодсон зүйл байхгүй, найз охиныг чинь тэврээгүй гэж л хэрүүл хийсэн. Э.Б, Х.Ц, Б.Б нар харсан, бид хоёрыг салгасан зүйл байхгүй, би өөрөө больсон. Цагдаагийн байгууллагад шалгуулсан эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй. Би ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн зүйл бодож зодоогүй миний найз охиныг яагаад тэврээд байгаа юм гэж хэлсэн. Д.С би тэврээгүй гэж хэлээд хэрүүл болоод зодсон. Д.Стой ямар нэгэн өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ, тухайн үед эмнэлгийн байгууллагад үзүүлсэн боловч цагдаагийн байгууллагад хандаагүй. Тухайн зодсон өдөр би эмээгийн хамт Д.С ээжтэйгээ хамт хамт эмнэлгээр яваад 50.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-49 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 519 дугаартай“...Д.Сийн биед, 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материалаас үзэхэд, хамрын таславчийн мурийлт, хамар ясны хугарал 2 нүдний дотор талаар бүдэг цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Өмнө нь гэмтэл учирч байсан эсэхийг тогтоох боломжгүй. Д.Сийн биед учирсан гэмтлүүд болсон асуудалтай тохирох шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна...” дүгнэлт /хх-ийн 30 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд, насанд хүрээгүй хохирогч Д.С нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч А.Б үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Д.Сийн”...2020 оны 09 дүгээр сарын 24-ний өглөөний 08 цаг 45 минутаас хичээл завсарлаад ангидаа байж байхад 11 дүгээр ангийн О дуудахаар нь гартал 11 ангийн А.Б зогсож байсан. Уулзахад намайг дагаад яв гэхээр нь дагаад явахад эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө орсон. А.Б нь чи манай найз охиныг яасан яасан гэнэ ээ гэж хэлээд нэг удаа зүүн талын хацар руу алгадаад, баруун талын шанаа руу нэг удаа гараа атгаж байгаад шаагаад авахаар нь нүүрээ хамгаалтал хамар руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Бгийн”...Тухайн өглөө 09 цаг өнгөрч байхад 1 дүгээр цагийн завсарлагаа болоход манай ангийн А.Б доод ангийн Д.Сийг дуудаад ариун цэврийн өрөө рүү орлоо гэж сонсоод араас нь юу болж байгааг харах гээд орсон чинь А.Б Д.Сид нэг зүйл хэлээд хоёр хацар руу нь баруун зүүн гараараа нэг нэг алгадаад доош тонгойхоор нь нүүр хэсэг рүү нь нэг гараараа нэг удаа цохисон Д.С доош суусан шалан дээр цус дусаж байсан хаанаас нь гарч байгааг хараагүй би ариун цэврийн өрөөнөөс гараад явсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Бын”...Удалгүй ДС орж ирсэн чинь А.Б Д.Сид хандаж найз охин яагаад тэврээд байна, дүү яагаад зодсон юм гэж хэлээд 2 шанаа руу нэг нэг алгадаад нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Сийн хамраас цус гарахаар нь би гараад явсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Х.Цын”...Д.С үгүй дээ гэж хэлсэн тэгтэл А.Б Д.Сийн хоёр хацар хэсэг рүү нэг нэг алгадаад нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон Д.Сийн хамраас цус гараад үлдсэн бид нар анги руугаа орсон. А.Бын найз охиныг Д.С тэвэрсэн гээд үйл ойлголцол болоод муудалцсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн өсвөр насны яллагдагч А.Бын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 519 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба өсвөр насны шүүгдэгч А.Бын хүний биед 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материалаас үзэхэд, хамрын таславчийн мурийлт, хамар ясны хугарал хоёр нүдний дотор талаар бүдэг цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.
Архангай аймгийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч А.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч А.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг өсвөр насны шүүгдэгч төлсөн талаар баримтыг ирүүлсэн, цаашид хохирогчид хамрын хагалгаа хийлгэх тул тэр хохирлыг нэхэмжлэх талаар түүний хууль ёсны төлөөлөгч тайлбарласан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Д.Сийн эрүүл мэндэд “...хамрын таславчийн мурийлт, хамар ясны хугарал...” бүхий хөнгөн хохирол учирсан талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан тул цаашид энэ гэмтэлтэй холбоотой зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд заах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч тус хэрэг сургуулийн орчинд үйлдэгдсэн тул тус сургуулийг иргэний хариуцагчаар татах хүсэлтийг гэм буруугийн дүгнэлт тайлбар хэлэхдээ гаргасан бөгөөд тухайн сургуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдав.
Өсвөр насны шүүгдэгч А.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд ял оногдуулахыг тэнсэж, хүмүүмжлийн чанартай албадлагын арга хэмжээ, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болох битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч Л.Дэлгэрсайханаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 6 дахь хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Угалз овогт Агийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Бд ял оногдуулахыг тэнсэж, 1/нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Бд тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
5. Өсвөр насны шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч Л.Дэлгэрсайханаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд өсвөр насны шүүгдэгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР