Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2018/00770

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: ****** тоот хаягт байрлах Поликом ХХК-д холбогдох

 

Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан татварын өр 17 147 863,70 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцэрэн, төрийг төлөөлж прокурор Б.Сүрмандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхмаа, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баярт-Од, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцэрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Поликом ХХК нь 2013 онд худалдаа, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж, Татварын албанд бүртгүүлсэн. Ингээд тус компанид 2013, 2015 онд Татварын улсын байцаагчийн актаар 17,147,863.70 төгрөг татварын нөхөн ногдуулсан. Уг өрийг Поликом ХХК нь өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй. Улсын байцаагчийн зүгээс хуулинд заасан урьдчилсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд зааснаар мэдэгдэх хуудас гардуулах,  данс хаах, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Энэ ажиллагааг хийсний дараа Татварын хэлтсийн газраас 2014 он, 2016 онд актыг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэл нь: Уг асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа, мөн 2016 онд уг заалтын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Ингээд улсын байцаагчийн акттай холбоотой асуудал хууль, хяналтын байгууллагаар хэрхэн шийдвэрлэсэн талаар албан бичгийг удаа дараа явуулсны үндсэн дээр 2016.02.24-ний өдрийн 326 тоот Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас тогтоол ирсэн. Уг тогтоолд: 2014 оны 191416 тоот улсын байцаагчийн актаар ногдуулсан Хүслэнт хулан ХХК-ийн хэрэг шийдвэрлэгдэж, хуурамч бичиг баримт үйлдсэн компани. Энэ бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэж буруутгасан байсан. Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн ногдуулсан актад Поликом ХХК-иас хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй учраас хүчин төгөлдөр акт гэж үзэж байна. Тиймээс Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд зааснаар татварын өр гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас татварын өрийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Поликом ХХК-ны ерөнхий захирал Ц.Ламжав, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Татварын улсын байцаагч нь хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хасалт хийж татвар ногдуулахаас зайлсхийсэн гэх үндэслэлээр акт тавьсан байгаа. Гэтэл бодит байдал дээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг татварын байгууллага аж ахуйн нэгжид хяналт тавьж олгодог. Бид нарын зүгээс хуурамч падаан эсэхийг мэдэх боломжгүй. Учир нь: Татварын албанаас уг падааныг өгдөг. Падааны дагуу тухайн байгууллага сарын бүрийн 10-ны өдрийн дотор тайланг илгээдэг. Хэрвээ хуурамч падаан байсан юм бол нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаж байх үед асуудлыг шийдэж өгөх ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл тухайн үед хуурамч эсэх талаар яриагүй байж дараа нь акт тавьсан үйлдэл нь  үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Татварын албанаас авсан падаанаар худалдан авалт хийсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Поликом ХХК-д холбогдуулан татварын улсын байцаагчийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 191416 дугаартай актаар ногдуулсан НӨАТ-ын өр 4 000 000 төгрөг, хүү, торгуулийн өр 2 012 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 190014745 тоот татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан НӨАТ-ын өр 7 409 090,90 төгрөг, хүү, торгуулийн өр 3 726 772,80 төгрөг нийт 17 147 863,70 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Поликом ХХК нь татварын хэлтсийн тараасан хэвлэмэл маягтын дагуу НӨАТ бичигдсэн, үүнийг тайландаа тусгасан, манай компаныг гэм буруутай гэсэн шийдвэр гараагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Дархан-Уул аймгийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 191416 дугаартай актаар Поликом ХХК-ны 2007-2011 оны санхүүгийн баримтанд хяналт шалтгалт хийж...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.2-т заасан үндэслэлээр 2012 онд хяналт шалгалтаар илэрсэн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасаж тооцсон 40 000 000 төгрөгийн зөрчилд 4 000 000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулах, хүү 12 000 000 төгрөг, торгууль 2 000 000 төгрөг нийт 6 012 000 төгрөгийг  2013 оны 9 дүгээр сарын 05-ны дотор төлүүлэхээр акт тогтоожээ.

 

Мөн Татварын улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 190014745 дугаартай Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актаар Поликом ХХК-ийн 2012.01.01-2012.12.31 дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг үндэслэн 7 409 090,9 төгрөгийн нөхөн татвар, 3 704 545,5 төгрөгийн торгууль, 22 227,3 төгрөгийн хүү нийт 11 135 863,70 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоожээ.

 

Дархан –Уул аймгийн Татварын хэлтэс нь Поликом ХХК-д холбогдуулан дээрхи татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан 6 012 000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд хандсан байх бөгөөд Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 85-1648 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар ...2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хүслэнт Хулан ХХК-аас 40 000 000 төгрөгийн барилгын материал худалдан аваад өгсөн НӨАТ-ын падаан хуурамч байсан болон уг асуудал Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн уг нэхэмжлэлтэй холбоотой маргаан эрүүгийн журмаар шийдвэрлэж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. / хх-ийн 14 дэх тал/

 

Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй Поликом ХХК-д холбогдох 2014 оны татварын тайлангаар тавигдсан татварын өр 2 234 687 төгрөг, 2015 оны татварын тайлангаар тавигдсан өр 9 134 571,5 төгрөг, 2015 оны татварын хяналт шалгалтын актаар тавигдсан татвар нөхөн төлөх төлбөр 11 135 863,7 төгрөг гаргуулах шаардлагыг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар ...татварын дараа тайлангаар тайлагнасан татварт 10 468 358,4 төгрөг төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар татварын улсын байцаагчийн 19/0014 745 тоот татварын хяналт шалгалтын актаар тавигдсан 11 135 863,7 төгрөгийн төлбөр гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

           

            Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 326 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор ...яллагдагч Д.Чинбат нь Хүслэнт хулан ХХК-ний 2012 онд 45 795 601 226,30 төгрөгийн бараа борлуулаагүй, орлого олоогүй атлаа 164 аж ахуйн нэгжид 314 удаагийн үйлдлээр хий бичилт хийж, бичиг баримт хуурамчаар үйлдэхэд хамтран оролцсон үндэслэлээр яллагдагчаар татагдсан бөгөөд ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1441 дугаартай тогтоолоор ...Ц.Чинбат, Э.Эрхэмхүү нар нь бүлэглэн Хээр талын салхи ХХК-ыг байгуулан Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг авч нийт 73 компанид 11 944 311 773 төгрөгийн хий бичилт хийж дундаас нь хувь тооцон авч уг компаниудыг 1 194 431 177,35 төгрөгийн албан татвар төлөхөөс санаатай зайлсхийх гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, мөн аж ахуйн нэгжийн татвар ногдуулалт төлөлттэй холбоотой эрх олгосон бичиг баримт болох компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийж бусдад ашиглуулах зорилгоор хувь тохирч худалдсан хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Яллагдагч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч нь Поликом ХХК нь бэлэн мөнгө гаргаж бараа материал худалдан авсан энэ талаар санхүүгийн баримт үйлдэж, тайланд тусгаж хүргүүлсэн гэм буруугүй гэж нотлох баримтаар кассын зарлагын ордерууд, кассын орлогын ордерууд, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, Нэмэгдсэн өртгийн албан татварын сарын тайлан ирүүлжээ.

 

            Хариуцагч Поликом ХХК нь татварын улсын байцаагчийн актаар тавигдсан татварын өр төлбөрийг үндэслэлгүй гэж үзсэн бол Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д зааснаар акттай танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээлттэй боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч Поликом ХХК-аас Дархан-Уул аймгийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 191416 дугаартай актаар ногдуулсан татварын өр, хүү, торгууль 6 012 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 190014745 дугаартай Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актаар ногдуулсан татварын өр, хүү, торгууль 11 135 863,7 төгрөг нийт 17 147 863,7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс, хариуцагч Поликом ХХК нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу Ц.Батцэрэн, Д.Энхмаа нар төлөөлж оролцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5, 55 дугаар зүйлийн 55.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Поликом ХХК-аас 17 147 863,70 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Поликом ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 243689 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн                119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА