| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0317/Э/211/2021/0007/ |
| Дугаар | 2021/ШЦТ/13 |
| Огноо | 2021-01-05 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/13
2021/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгч: Л.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонон Бөртө овогт Лын Нд холбогдох 1812001710027 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эмэгтэй, 47 настай, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Архангай аймгийн Ж сумын Зын Т ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ж сумын ........................ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Чонон Бөртө овогт Лын Н/РД:АР............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Л.Нийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2018 оны 01 дүгээр сард өмнө нь ажиллаж байсан Н нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2018 оны 01 дүгээр сард Ж сумын Зын тамгын газар нягтлан бодогч ажилд авна гэсэн зарлал гаргасан. Тус зарлалыг гаргах үед манай тамгын газарт нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт байдаггүй байсан. Тийм учраас анхан шатны бүртгэл хөтлөх, тайлан баланс гаргах чадвартай байх гэсэн шаардлагыг зарлал дээрээ тусгаж, материалыг Зын тамгын газарт ирүүлнэ үү гэсэн утгатай зарлалыг тавьсан. Зарлалын дагуу 6-7 хүний материал ирсэн. Санхүү албаны дарга Н, нягтлан бодогч А нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, шалгалтын материал бэлдэж, шалгаруулах үүрэг даалгавар өгсөн. Энэ шаардлагын дагуу сонгон шалгаруулалт хийсэн байсан. Анхан шатны бүртгэл хөтлөх, тайлан баланс гаргах чадвараас гадна компьютерын ур чадварын шалгалт авсан байсан. Ажлын хэсэг шалгаруулалт явуулсан дүгнэлтээ танилцуулсан. Үүний дагуу материалыг үзэхэд Э.Г нэгдүгээр байранд орсон байсан. Тухайн үед Э.Ггийн материалыг үзэхэд хүний нөөцийн мэргэжилтэй, нягтлан бодох бүртгэлийн сургуульд сурч байсан. Тэгээд За дээр Э.Гг дагуулж орж тодруулж асуухад Э.Г “Би Хаан банкинд теллер хийдэг байсан. Миний өдөр тутмын хийдэг ажил, мөн нягтлан бодох бүртгэлийн ангид эчнээгээр сурч байгаа учраас шалгалт өгсөн” гэж хэлж байсан. Зад танилцуулахад мэргэжилгүй юм байна гэхдээ суралцаж байгаа учраас Архангай аймаг руу ярьж асууя гэсэн. Тэгээд санхүүгийн албанаас шалгалт авч байсан хүмүүсийг Зын өрөөнд дуудаж, Н, Н хоёрт Э.Г нь нягтлан бодох мэргэжилгүй хүн байсан байна гэж хэлсэн. Хамт шалгалт өгсөн хүмүүсийнх нь материалыг болон хийсэн гүйцэтгэлийг нь үз гэж хэлсэн. Тэгээд За аймаг руу ярьчихлаа гэж хэлсэн. Би Зыг аймаг руу яриад зөвшилцсөн юм байна гэж ойлгосон. Миний хувьд 2017 оны 06 сард Жаргалан сумын Зын тамгын газрын даргын албан тушаалыг авсан. Би 1994 оноос 2017 оныг хүртэл 23 жил нягтлан бодох бүртгэлийн ажлыг хийж байна. 2003 оноос 2017 он хүртэл Ж сумын санхүү албанд ажиллаж байсан. Шалгалт авсан материал, шалгаруулалтыг харахад Э.Г нь бусдаасаа илүү байсан. Би хандлага, ажилдаа гаргах сэтгэлтэй хүн бол тухайн ажил үүргийг гүйцэтгээд явчих чадвартай гэж үздэг. Мөн Э.Г миний хийж чаддаг ажил, нягтлан бодох бүртгэлтийн ангид сурч байгаа гэсэн тайлбар, Зын аймаг руу ярьж зөвшилцсөн зэргийг үндэслэж Э.Гг ажилд томилсон. 2019 онд Архангай аймгийн Санхүүгийн аудитын алба 2017-2018 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийхэд Э.Ггийн ажиллаж байсан хугацаанд ямар нэг зөрчил, дутагдал илрээгүй. Тиймээс ямар нэг төрд учирсан хохирол байхгүй гэж үзэж байгаа. Хохирол төлбөрт нэхэмжлээд байгаа 7.600.000 төгрөг нь Э.Ггийн ажлаа хийж байсан ажлын хөлс гэж ойлгож байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд гүйцэтгэх удирдлага нь нягтлан бодогч мэргэжилтэй хүн байхад болно гэсэн заалт байсан. Уг заалтыг Э.Гг ажилд томилохдоо үндэслэсэн...” гэх мэдүүлэг,
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Ж суманд Н гэх нягтлан бодогч ажлаас чөлөөлөгдөөд оронд нь хүн авахаар сумандаа сонгон шалгаруулалт хийсэн байсан. Оронд нь Э.Г гэх хүнийг томилсон. За нь над руу утсаар ярьсан. Сонгон шалгаруулалт явуулаад Э.Г гэх хүнийг авах гэж байна. Гэхдээ Э.Г нь нягтлан бодох мэргэжилгүй, нягтлан бодох бүртгэлийн ангид эчнээгээр сурч байгаа юм байна. Ийм асуудлын талаар яриад тантай зөвшилцөх ёстой юм байна гэж ярьсан. Надтай зөвшилцөх юм бол нягтлан бодогчоор ажиллах гэж байгаа хүнийг тодорхойлох материалуудыг бичгээр ирүүлж, бичгээр хариу авдаг гэж хэлсэн. Сангийн сайдын 294 дүгээр тушаалаар зөвшилцөх гэж байгаа хүнд тодорхой шалгуур байдаг. Их дээд сургуулийг санхүү, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн хүн байх ёстой. Албан ёсоор бичгээр зөвшилцөх юм бол шаардлага хангахгүй байгаа учраас боломжгүй гэсэн хариу өгнө гэж хэлсэн. Тэгээд тайлан гаргах хугацаа болсон учраас түр гэрээт ажилтнаар авч ажиллах талаар хууль эрх зүйн талаас нь судалж үзээрэй гэж хэлсэн...”гэх мэдүүлэг
*Эрүүгийн 1812001710027 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мын өгсөн:
“...Би 1986 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 2 дугаар арван жилийн сургуулийг төгссөн, Улаанбаатар хотод Санхүү эдийн засгийн техникумыг 1988 онд 2 жил суралцан төгссөн, 1995-1999 оны хооронд эчнээгээр Хөдөө аж ахуйн их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 1990 оноос хойш аймагт хүнсний үйлдвэрт нягтлан бодогчоор ажиллаж байсан, 1993 оноос хойш 1995 оны хооронд Архангай аймгийн Санхүү эдийн засаг үйлдвэрлэлийн хэлтэст санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, 1995-2002 аймгийн хянан шалгах хороонд ахлах хянан шалгагч 2002-2004 онд аймгийн тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч, 2004-2009 аймагт хэрэгжсэн төслийн сургалтын төвийн захирал, 2009-2013 оны хооронд аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, 2013-2016 оны хооронд аймгийн Зын харьяа Дотоод аудитын алба санхүүгийн хяналтын шалгалтын албанд ахлах аудитор, албаны даргаар ажиллаж байсан. 2016 оноос хойш аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн даргаар одоог хүртэл ажиллаж байна. Ж сумын Зын тамгын газарт 2018 оны 1 сард санагдаж байна Зын Т Л.Н болон За нь ч над руу ярьж Э.Г гэх хүнийг Ж сумын Зын тамгын газарт Эрүүл мэндийн төв, Соёлын төв, хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор томилж ажиллуулахаар томилохоор боллоо гэж утсаар хэлж байсан. Дараа нь Л.Н над руу залгаад Э.Гг сонгоод гэрээ байгуулж ажиллахаар болж байна энэ талаар зөвшилцөхөөр ярьж байна гэсэн. Тэгэхээр нь би холбогдох хууль журмын дагуу зөвшилцөх ёстой өөрөөр хэлбэл журмын дагуу албан бичгээр зөвшилцөх учраас албан бичгээр ханд гэж хэлсэн. Тэгэхэд Л.Н нь Э.Г бол арай сургуулиа төгсөөгүй байгаа удахгүй төгсөнө, мөн энэ нягтлан бодогчийн албан тушаалын гүйцэтгэх удирдлага нь мэргэжлийн нягтлан бодогч байвал доод тушаалын нягтлан бодогч нь заавал мэргэжил шаардахгүй гэсэн заалт байгаа гэж надад хэлэхээр нь би хуулийг тухайн үед үзээд яг хуулийн мэргэжлийн хүнээс нь сайн асуугаарай гэж хэлсэн. 2018 оны 1 сараас 2019 оны 1 сар хүртэл ажилласан. Энэ хэргийн улмаас хохирол учирсан гэж хуулийн байгууллага тогтоовол хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 81-83 дугаар тал/
*Гэрч Б.Эын өгсөн:
“...Сумын Зын Т Л.Н нь албан тушаалын байдлаа урвуулан хүний нөөцийн мэргэжилтэй Э.Гг ЗДТГ-ын С бодогчоор томилсон. Үүнийг би албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж үзэж байна. Үүний цаана авлига хээл хахууль авсан байж болзошгүй гэж хардаж байна. Энэ байдлаас болоод хэд хэдэн хүний эрх ашиг хөндөгдөж байна. Сонгон шалгаруулалтад нягтлан бодогч мэргэжилтэй Б.Д, Ё.П, Н.Ө нарын хүмүүс оролцсон байхад мэргэжлийн бус Э.Гг шалгаруулсан байдаг. Б.Д нь одоо Ж сумын Хаан банканд эдийн засагчаар Ё.П нь Төрийн банканд тооцооны төвийн ажилтнаар ажиллаж байсан. Н.Ө нь тухайн үед ажилгүй байсан одоо ЗДТГ-ын Төрийн санд эмнэлэг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Л.Нийн хууль бус томилгоогоор ажиллаж байгаа Э.Г нь байгууллагын төсвөөс 7,600,000 төгрөгийн цалин авсан байдаг. Мөн үүн дээр хэдэн удаа томилолтоор ажилласан болон хуулийн дагуу авдаг бусад олговор тус хохирол дээр нэмэгдэнэ гэж үзэж байна. Энэ үйлдлээрээ шийдвэр гаргагч Л.Н Эрүүгийн хуулийн 263, 268 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж үзэж байна. 2017 оны 05 билүү 06 сард сумын Төрийн сангийн дансанд самрын мөнгө гээд хууль бусаар 180 орчим сая төгрөг орж ирсэн байдаг. Учир нь уг самар нь Ж сумын нутаг дэвсгэр дээр огт бэлтгэгдээгүй самар байгаа юм, тухайн жилд Ж суманд огт самар ургаагүй, ийм их хэмжээний самар бэлтгэх нөөц байгаагүй. Гарал үүсэл нь Улаанбаатар хотын “Алианс минерал” ХХК-ийн Сэлэнгэ аймагт бэлтгэсэн байж болзошгүй самар байдаг. Энэ самрын гарал үүсэл тодорхойгүй байхад сумын ИТХ-ын дарга нь хуурамч тогтоол гаргасан байж болзошгүй байдаг. Мөн байгаль орчны хяналтын улсын байцаагч өөрийнхөө чиг үүргийг хуулийн дагуу хэрэгжүүлээгүй, сумын За хяналт тавих чиг үүргийг бүрэн орхигдуулсан байдаг. Үүнтэй холбоотойгоор сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Б сумын ИТХ-аас гарсан он сар өдөр нь ямар ч авцалдаагүй хурлын тэмдэглэл, ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол зэргийг 2018 оны 4, 5 сарын үед харуулж байсан. ИТХ-ын төлөөлөгч нь энэ асуудлыг мэдэхгүй байна гэхээр энэ нь нууц далд, хуйвалдааны байдлаар, авлига ашиг сонирхлын зөрчилдөөний байдлаар явагдсан гэж хардаж байна. Мөн ИТХ-ын төлөөлөгч Ц.Эрдэнэбулаг самрын асуудлыг хууль бус гэж үзэж байгаа гэж надтай адилхан байр суурьтай байгаа. Сум хөгжүүлэх сангийн зээл нь ах дүү хамаатан садан төрөл, намын зээл болж хувирсан гэж би ойлгодог. Сумын За Л.Бы хүргэн Ц.П гэж залуу байдаг. Ц.П нь сум хөгжүүлэх сангаас зээл авсан байдаг. Сумын ИТХ-ын дарга У.Э тодорхой тооны хүмүүсээр зээл авахуулж дундаас нь мөнгө авсан байж болзошгүй байдаг. Зээл авсан хүмүүсийнх нь нэр нь тодорхой бус байна. Сум хөгжүүлэх сангийн зээл нь Зын захирамжаар олгодог, ажлын хэсгийн зөвлөмжийг үндэслэдэг, гэтэл Зын Л.Бы олгосон зээлүүд дотор суманд огт байдаггүй ажил үйлдвэрлэл үйлчилгээ хүртэл нэр заагдаж орсон байж болзошгүй байдаг. Үүний цаана Зын гаргасан захирамжийн ил далд ашиг сонирхлыг хамгаалдаг Л.Нийг байгаа гэж би ойлгож байгаа. Тиймээс Зын 2017 оноос хойш олгосон захирамж шийдвэр, хавсралт жагсаалтууд, зөвлөлийн хурлын санал дүгнэлт, цаашилбал зарим зээл авагчдаас гэрчийн мэдүүлэг авахад буруугүй гэж би боддог, ингэж байж хууль бус үйлдлүүд ил болно гэж ойлгодог. Мөн суманд сум хөгжүүлэх сангаас гадна хөнгөлөлт чөлөөлөлттэйгөөр очсон зээл тусламжийн хөрөнгө зарим иргэний гараар дамжаад сумын удирдлагуудын гар дээр очсон байж магадгүй байдаг. Тухайлбал Баянцагаан багийн иргэн Г.Бийн нэр дээр очсон хөнгөлөлттэй зээл тусламжийн мөнгө нь сумын ИТХ-ын дарга У.Э, За Л.Б нартай хамааралтай болж зарцуулагдсан байж болзошгүй байдаг. 2018 оны 04 дүгээр сард сумын төвөөс 7 км зайтай Баян-Уулын хормой гэх газарт Зын газрын дарга Л.Н ямар ч шийдвэргүйгээр хууль бусаар бэлтгэсэн. Тухайн модыг ямар ч эрхийн бичиг, зөвшөөрөлгүй эрчим хүчний шугамын тулгуур хөл гэсэн зориулалттай бэлтгэсэн байдаг. Гэтэл эрчим хүчний тулгуурыг модоор хийхийг хориглосон салбарын сайдын тушаал өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ үйлдлийг хориглож хяналт тавих ёстой байгаль орчны байцаагч нь хамтран оролцсон байдаг. Тэгээд Зын тамгын газрын ажилтнуудаар хүчээр бэлтгүүлсэн байдаг. Энэ хууль бус үйлдлийн талаар Байгаль орчны яам, Цагдаагийн ерөнхий газарт хурлын төлөөлөгч Ч.Б болон миний бие гомдол гаргасан боловч ямар ч хариу ирээгүй. Тухайн үед нь аймгийн удирдлагууд хаацайлаад дараад өнгөрсөн юм болов уу гэж ойлгодог. Энэ бэлтгэсэн модоо Эрдэнэт хот руу тээвэрлэж байсан гэдэг мэдээлэл байдаг нь их ноцтой санагдаж байсан. Хууль бус үйлдлээ хаацайлахын тулд онцгой байдлын журмаар бэлтгэсэн гэсэн байдлаар өнгөрсөн хойно нь материал бүрдүүлж холбогдох газар руу явуулсан байж болзошгүй байдаг. 2016-2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн халуун ус, ахмадын өргөө зэрэг барилгын ажлуудын тендерүүдийн үнэлгээ нь 2015-2016 онд энэ асуудал яригдаж байх үеийнхээс илэрхий илт давуу нэмэгдсэн байдаг. Энэ асуудал нь үнэлгээний хорооны хурал, сумын иргэдийн хурлын чуулган дээр ч ижил түвшинд явагдаж байсан. Үүнд би 2016-2018 онд суманд гэр бүлийн Засаглал тогтоосон ашиг сонирхлын зөрчил бүхий Зын орлогч Ц.Баясгалан, түүний эхнэр ЗДТГ-ын дарга Л.Н нарыг хууль бус нөлөөлөл орсон байж болзошгүй гэж хардаж байна. Энэ нь иргэдийн дунд ч ид цагаан яригддаг зүйл. Тиймээс тухайн үеийн тендерийн баримт бичгийг хянаж үзээч гэсэн хүсэлттэй байна. Сумын ЕБС-ийн гадна биеийн тамирын талбайн ажил гэж байна. Миний өмнөх гомдол дээр ч дурдагдаж байсан. Намайг За байх үед ИТХ-аар төсөвт өртөг нь 2 дахин бага үнэлгээгээр хийгдсэн байсан. Гэтэл тухайн үеийн хуралдааны шийдвэр, болон миний гаргасан шийдвэрийг хүчингүй болгож хөрөнгийг дахин тодорхойлсон байдаг. Хөрөнгө төсөв нь илэрхий нэмэгдэж 40 гаруй сая төгрөгөөр хийгдсэн. Үнэхээр сайн юм хийгдсэн бол гомдоод байхаар юм алга. Тендерт Би бор ХХК-ийг ёс төдий шалгаруулсан. Үүнд нь сургуулийн захирлаар ажиллаж байсан Ч.Ц илтэд нөлөөлж өөрийн гэр бүлийн хүн болох Л.Дийг гүйцэтгэгчээр тавиулж илт хууль зөрчин ажиллуулсан байдаг. Л.Дийн ажлын хөлснөөс гадна 2,000,000 төгрөг нэмж олгуулсан байж болзошгүй асуудал яригддаг. Энэ бүх асуудлыг шалгуулах хэрэгтэй байна. Мөн түүнээс гадга 2016-2017 онд сургууль камер худалдан авсан юм байна лээ. Энэ нь төсвөөс ямар ч гэрээгүй, гүйцэтгэгч нь ямар ч тодорхойгүй нөхцөл байдлаар, тендер шалгаруулалтгүйгээр байгууллагын төсвөөс эхний удаад 10 орчим сая төгрөг гаргасан байж болзошгүй байдаг. Дахин хэдэн төгрөг гарсан нь тодорхойгүй байгаа. Энэ байдлаас үүдэлтэйгээр сургуулийн захирал Ч.Ц, тухайн үед Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан буюу одоо ЗДТГ-ын дарга Л.Н нар ашиг сонирхлоороо нэгдэж байгууллагыг их хэмжээний хохиролд оруулсан. Энэ мөнгөн дундаас тодорхой хэмжээний мөнгө завшсан, хээл хахууль авсан байж болзошгүй гэж хадаж байгаа. Хэрэв ийм байдал үүсвэл ЭХ-ийн дээр дурдсан 263, 268 дугаар зүйлүүд зөрчигдсөн байж болзошгүй гэж ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 239-241 дүгээр тал/,
*Гэрч Э.Ггийн өгсөн:
“...Би 1989 онд Архангай аймгийн Ж суманд төрсөн 8 нас хүртлээ ээж аавын гэр дээр өссөн. 1996-2008 онд Архангай аймгийн Ж сумын бүрэн дунд сургуулийг, 2008-2012 онд Цэцээ гүн менежментийн дээд сургуулийг захиргаа хүний нөөцийн менежерээр, 2013 оны 06 дугаар сараас 2017 оны 07 дугаар сар хүртэл Архангай аймгийн Ж сумын Хаан банкны салбарт теллерээр, 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл харилцааны менежер эдийн засагчаар, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс Ж сумынхаа ЗДТГазрын Санхүүгийн албанд эрүүл мэндийн төв, соёлын төв, хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс ЗДТГазрын Хөдөө аж ахуйн тасагт хүнс, жижиг дунд үйлдвэр, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. 2018 оны 01 дүгээр сар сумын ЗДТГ-аас нягтлан бодогчийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтад надаас гадна Э Өнөржаргал, Д нарын хүмүүс оролцсон. Тэгээд би сонгон шалгаруулалтаар 1-ээр гарч ирсэн. Ингээд ЗДТГ-ын дарга Л.Н намайг дагуулаад За Л.Б дээр дагуулж ороод “Э.Ггийн хувьд сонгон шалгаруулалтаар 1-ээр гарч ирсэн, гэтэл нягтлан бодогч мэргэжилгүй юм байна, ажлын дадлага туршлага шалгалт өгсөн байдал нь сайн байна, яах вэ” гэж байсан. Би 2017 онд Цэцээ гүн менежментийн дээд сургуульд эчнээгээр нягтлан бодогч мэргэжлээр суралцаж байсан тухайгаа хэлсэн ба 2019 онд нягтлан бодогч мэргэжлээрээ төгсөх юмаа гэдгээ хэлсэн. Тэгэхэд За Л.Б ажлын туршлага, чадвар, чадамж, нөөц бололцоо байгаа юм байна, тиймээс нягтлан бодогчоор ажилд авъя гэсэн. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа шалгалт өгч буй хүмүүсийг 1 өрөөнд зэрэгцээ суулгаад авсан. Шалгалтын хугацаа дуусангуут бүгдийг нь байлгаж байгаад нүдэн дээр нь засаад алдааг нь гаргасан. Тэгээд өөрсдийнх нь материалыг болон бусад хүмүүсийн материалыг бүгдэд нь үзүүлээд юун дээр алдсаныг нь хэлж өгсөн. Тиймээс сонгон шалгаруулалтаар ямар нэгэн маргаан гараагүй Сонгон шалгаруулалтад орсон хүмүүс энэ талаар мэдэж байгаа. Мөн сонгон шалгаруулалттай холбоотой маргаан гараагүй. 2019 оны 02 сард Зын Т Л.Н намайг дуудаад эмнэлэг хариуцсан нягтлан бодогч эмнэлэг дээрээ байрлах болж байгаа юм байна, цалингийн төсөв нь мөн эмнэлэг дээрээ батлагдаж байгаа. Тиймээс чи эмнэлэг дээр очиж байрлана шүү гэж хэлсэн. Тэгээд би олон эмэгтэй хүнтэй газар ажиллах нь гэр бүлийн хооронд бас маргаан гарч магадгүй, тиймээс эндээ байвал яасан юм бэ гэсэн. Тэгсэн чинь Төрийн сан дээр 1 орон тоо гарна, үгүй бол эмнэлэг дээрээ байрлаж ажиллана гэсэн. Гэтэл төрийн сан дээр шууд томилж болохгүй, заавал сонгон шалгаруулалтаар хүн авна гэж байна гэсэн. Гэтэл 2019 оны 02 дугаар сард шинээр Хөдөө аж ахуйн тасаг байгуулагдаад тус тасагт мэргэжилтний орон тоон дээр түр тушаалаар томилогдон ажиллаж байна. Анх томилогдохдоо шимтгэл бодогдоогүй дүнгээр 556,393 төгрөгийг авч байсан. Дараа нь 2018 оны 09 сараас засгийн газрын тогтоолоор цалин нэмэгдэл шимтгэл бодогдоогүй дүнгээр 600,904 төгрөгийг авч байсан. Тэгэхээр нягтлан бодогчоор ажиллах хугацаанд нийт шимтгэл бодогдоогүй дүнгээр 8,736,321 төгрөгийг авсан. Миний хувьд Цэцээ гүн менежментийн дээд сургуулийг 2019 оны 05 дугаар сард нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Нягтлан бодогчийн сонгон шалгаруулалтаар 2-оор гарч ирсэн Өнөржаргал гэдэг хүн нь одоо Нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Нэгдсэн эмнэлгээс сонгон шалгаруулалт зарлахад нь 1-ээр гарч ирсэн юм байна лээ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 242-244 дүгээр тал/
*Гэрч Ж.Мын өгсөн:
“...Сумын Т бол тухай орон нутгийн байгууллагын төсвийн шууд захирагч байгаа юм. Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай “Журам батлах тухай” тушаалаар “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ыг баталж өгсөн байдаг. Уг журмын 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх хэсэгт “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 зүйлийн 3.1.7 дахь заалтын дагуу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэргэжлээр бакалавр б/к у түүнээс дээш зэрэглэлээр төгссөн байх”, 2.1.5 дахь хэсэгт “Шууд захирагч нарь ч ахлах нягтлан бодогч нь нягтлан бодогчоор 2-оос доошгүй ажил ажилласан бие аан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх”, 3.1.10 дахь хэсэгт “Аймаг, Нийслэл сумын төсөв харьяалагдах байгууллагуудын ахлан нягтлан бодогчийг байгууллагын дарга. аймаг нийслэлийн санхүү. төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн томилж чөлөөлөхөөр заасан байна. Мөн төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт “Аймаг. Нийслэл сумын төсөв харьяалагдах байгууллагуудын ахлан нягтлан бодогчийг байгууллагын дарга, аймаг нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн” томилж чөлөөлөхөөр заасан байна. Төсвийн ерөнхий нягтлан бодогчид аймаг, нийслэлийн санхүү төрийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчид, сум дүүргийн санхүүгийн албаны дарга нар орно. Шууд захирагчийн ахлах нягтлан бодогчид бүх төсөвт байгууллагын нягтлан бодогчид орно. Тэгэхээр сумын Зын тамгын газрын нягтлан бодогч бол шууд захирагчийн ахлах нягтлан бодогчид орно. Хуулин дээр яагаад ахлах нягтлан бодогч гэж тодорхойлсон нь том том байгууллагууд 1-ээс дээш нягтлан бодогчтой байдаг, тэгээд тэгж тодорхойлсон байх гэж бодож байна. Суманд бол нэг л нягтлан бодогч байна. Хуулийн дагуу бол сонгон шалгаруулалт явуулах шаардлага баихгүй. Гэхдээ сонгон шалгаруулалт явуулсан нь болохгүй юм биш, муу ч юм биш, харин надтай томилох хүнтэй хуулийн дагуу зөвшилцөх ёстой боловч зөвшилцөөгүй. Зөвшилцөх талаар албан бичиг ирүүлээгүй. Дээр дурдсан сайдын тушаалын дагуу “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 зүйлийн 3.1.7 дахь заалтын дагуу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэргэжлээр ба бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн байх” шаардлагатай, хэрвээ энэ шаардлагыг хангаагүй бол нягтлан бодогчоор томилж болохгүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 245-247 тал/
*Гэрч Э.Эийн өгсөн:
“...Сумын соёлын төвийн урд талын нийтийн зарлалын самбар дээр зар тавигдсан байна гэж дуулаад сумын Зын тамгын газар дээр очоод яг хэнд нь өргөдлөө өгснөө санахгүй байна тамгын дарга дээр ороод нарийн бичиг дээр нь өргөдөл өгсөн санагдаж байна. Тэр сонгон шалгаруулалтад Г, Д, Өнөржаргал гэх мэт хүмүүс оролцсон бөгөөд эхлээд бүгдийг нь компьютер дээр суулгаад нэг байгууллага өгөөд цалинг бодуулсан, тэгээд шаардах бичүүлсэн. Тэгээд орой над руу утсаар тамгын газраас нарийн бичиг нь залгаад сонгон шалгаруулалтад та 4 дүгээр байранд орлоо гэж хэлсэн ба тэгээд л тэнцээгүй юм байна гэж ойлгосон. Сонгон шалгаруулалтыг Ш.Н гэдэг төсвийн нягтлан бодогчоор ажилладаг ах л сонгон шалгаруулалтыг явуулсан, өөр хүн байгаагүй. Ер нь би эргэлзээтэй гэж үздэггүй ээ, тухайн үед компьютер тарааж өгөхдөө шударга бусаар сайн муугаар нь тарааж өгсөн, надад гацдаг компьютер таарсан яг дуусах гэж байхад гацаад устаад би устсан учраас хүснэгт гэх зүйлгүй л шууд бодоод өгчихсөн. Зарим нь шууд томьёогүй бодчихсон байсан. Гэтэл намайг хамгийн сүүлд шахуу оруулсан нь буруу гэж үзэж байна. Гэхдээ яг нарийн зүйлүүдийг бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 2-3 дугаар тал/
*Гэрч С.Агийн өгсөн:
“...Архив бичиг хэрэг дээр өргөдөл ирсний дагуу уг тушаалын дагуу өргөдөл ирүүлсэн иргэдэд сонгон шалгаруулалт явуулсан. Сонгон шалгаруулалт явуулахдаа сонгон шалгаруулалтад оролцсон 5 хүнийг нэг танхимд оруулаад нөүтбүүкэн дээр суулгаж байгаад нягтлан бодогчийн ажилд авах цалин бодох, хууль эрх зүйн асуулт гэх зэрэг зүйлүүдээр 5 хүнээсээ шалгалт аваад шалгалтын дүнгээр Э.Г нь бусдаасаа хамгийн их оноог авсан. Тэгээд бид сонгон шалгаруулалтын материалыг тамгын газрын бичиг хэрэгт өгсөн. Т Э.Гг нягтлан бодогчийн ажилд томилсон. Бид нарт ажлын хэсэг томилсон тушаалыг танилцуулахдаа нягтлан бодогчийн ажилд орохоор материал ирүүлсэн хүмүүст сонгон шалгаруулалт явуул гэсэн тэгээд л бид тэдгээр хүмүүсийг нь танхимд оруулаад шалгалтыг нь аваад Э.Г нь хамгийн их оноог авлаа гээд буцаагаад тамгын газарт материалыг нь хүлээлгэн өгсөн. Бид сонгон шалгаруулалтыг дүгнэсэн зүйл байхгүй. Тэрнээс тэр сонгон шалгаруулалтад оролцож байгаа хүмүүсийг бид нар ямар мэргэжилтэй гэдгийг шалгаж, тэдгээрийн ажилд орохоор ирүүлсэн материалтай нь танилцсан зүйл байхгүй, тамгын газар л материалыг нь хүлээж авч нягталсан. Бид ойлгохдоо сонгон шалгаруулалтад оролцсон хүмүүсийг бүгдийг нь нягтлан бодох бүртгэлээр дээд боловсролтой хүмүүс гэж ойлгосон...”гэх мэдүүлэг/4-р хх-ийн 4-5 дугаар тал/
*Гэрч С.Хгийн өгсөн:
“...Би 1984 онд Архангай аймгийн ...........жилийн сургуулийг төгсөөд ...... оны хооронд Улаанбаатар хотод Монгол Улсын Их сургуулийн ....... мэргэжлээр төгссөн, 1991-1992 оны хооронд Архангай аймгийн ............. бодогч, 1993 оноос хойш одоог хүртэл Архангай аймгийн Зын тамгын газрын ........ бодох бүртгэлийн мэргэжилтэн, төсвийн ерөнхий нягтлан бодогч, ахлах мэргэжилтэн улсын байцаагч албан тушаалд ажиллаж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн нягтлан бодогч гэж их дээд сургууль, коллежийн нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг хэлнэ. Харин мэргэшсэн нягтлан бодогч гэдэг нь мөн хуулийн 3.7 дахь хэсэгт заасан мэргэшсэн нягтлан бодогч гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан санхүүч, эдийн засагчийг гэж заасан байдаг бөгөөд нягтлан бодогч мэргэжилтэй хүн тусгай сургалт хөтөлбөрөөр сургалтад сууж нарийн мэргэшиж шалгалт өгч тэнцэж мэргэшсэн гэх эрх авдаг. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авахдаа өндөр шаардлага буюу 5 төрлийн шалгалт өгдөг, 30 гаруй хуулийн шалгалт буюу төрийн албаны хууль, аудитын тухай хууль, татварын бүх багц хууль, нийгмийн даатгалын тухай багц хууль, хөдөлмөрийн хууль, төсвийн тухай хууль зэрэг олон хуулиудыг судалсан байхыг шаарддаг мөн дээр нь Нягтлан бодох бүртгэлийн өртөг зардал, санхүү менежмент, аудитын зэрэг шалгалтад хамрагддаг. “Санхүү эдийн засагч” мэргэжлээр эдийн засгийн ухааны бакалавр зэрэгтэй мөн “Бизнесийн менежмент” мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн хүнийг мэргэжлийн эсхүл мэргэшсэн нягтлан бодогч гэж үзэхгүй. Гэхдээ орон нутагт нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй хүний нөөц хомс байдаг учраас санхүү эдийн засагч мэргэжилтэй хүнийг төсвийн байгууллагад нягтлан бодогчоор ажиллуулсан асуудал байсан үүнд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байхгүй. Хүний нөөцийн удирдлагын мэргэжилтэй хүнийг сумын Зын тамгын газарт нягтлан бодогчоор ажилд томилж болохгүй бөгөөд нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшсэн, бакалавраас дээш зэрэгтэй хүнийг хэлнэ. Мэргэжлийн нягтлан бодогч болон нягтлан бодогч гэдэг нь нэг л ойлголт юм. Мөн төсвийн тухай хууль болон Сангийн сайдын 294-р тушаалаар батлагдсан журмыг зөрчиж байгаа юм. Сумын Зын тамгын газрын Санхүүгийн албаны эрүүл мэндийн төв, Соёлын төв, хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч болон нягтлан бодогчтой байна гэсэн төсвийн тухай хуулийн 19.3 дахь заалтад хамаарна. Харин ерөнхий нягтлан бодогч биш бөгөөд ерөнхий нягтлан бодогч нь бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчийн нягтлан бодогчийг хэлнэ. Сумын эрүүл мэндийн төв, Соёлын төв, хүүхдийн цэцэрлэг хариуцан тус байгууллагуудын тайлан, зарлагын гүйлгээг гаргах баримтад 2 дугаар гарын үсэг зурж байвал ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч юм. Санхүүгийн баримт дээр 2 дугаар гарын үсэг зурж байгаа бол ерөнхий болон ахлах нягтлан бодогчийн эрх үүргийг бүрэн хүлээнэ гэсэн үг юм. Сангийн яамнаас гаргасан зөвлөмжөөр ТҮ-7 зэрэглэл, шатлал нь ахлах нягтлан бодогчийн ангилалд хамаарна. Төсвийн байгууллагын бүх нягтлан бодогчийг томилж, чөлөөлөх, тавигдах шаардлага шалгуурын асуудлыг “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх үүрэг, ажилд томилох, чөлөөлөх Сангийн сайдын 2012 оны 294-р дүгээр тушаалаар батлагдсан журмыг дагаж мөрдөнө...” гэх мэдүүлэг/5-р хх-ийн 140-141 дүгээр тал/
*Гэрч Ш.Гийн өгсөн:
“...Би 1992 онд Архангай аймгийн ......... төгссөн, ....... оны хооронд Улаанбаатар хотод Улсын багшийн их сургуулийг техник урлалын багш мэргэжлээр төгссөн. 1996-1998 оны хооронд Техникийн их сургуульд магистр хамгаалж ...... оны хооронд тус сургуульд багшаар ажилласан. .... оны хооронд Улсын Их хурлын гишүүн Б.Чадраагийн Архангай аймаг дахь бие төлөөлөгч туслах, ..... оны хооронд Архангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн ............ дэд захирал, .. онд Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, ......... оны хооронд сумын МАН-ын дарга, ......нд Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, 2........оны 9 сарын 15-ны өдрөөс аймгийн Зын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2020 оны 8 сарын 13-ны өдрөөс аймгийн Зын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байна. Мөн Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүнээр 2017 оноос хойш ажиллаж байна. Тухайн байгууллагын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтод заагдсаны дагуу томилох ёстой. Төсвийн байгууллагын нягтлан бодогчийг томилохдоо аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэстэй зөвшилцөн томилох ёстой бөгөөд үүнийг төсвийн тухай хуулиар зохицуулсан байгаа. Тухайн ажилд томилох хүн ажлын байрны тодорхойлолт буюу одоогоор албан тушаалын тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангасан байх бөгөөд тухайн нэр дэвшүүлсэн этгээдийг аймгийн төрийн сангийн хэлтэстэй зөвшилцөх саналаа хүргүүлж томилно. Ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй хүнийг томилж болохгүй. Гүйцэтгэх удирдлага нь сумын Зын Т байна. Санхүүгийн албаны дарга нь нягтлан бодогчдоо мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах ёстой. Сумын Зын тамгын газрын дотоод журам гэж байдаг бөгөөд дүрэм гэж байхгүй. Гүйцэтгэх удирдлага гэж тусад нь тодорхойлж зааж өгсөн заалт байхгүй байх...” гэх мэдүүлэг/5-р хх-ийн 191-192 дугаар тал/
*Яллагдагч Л.Нийн өгсөн:
“...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд Архангай аймгийн Ж сумын Зын тамгын газрын Санхүүгийн албанд нягтлан бодогчийг шалгаруулж авахдаа Санхүүгийн албаны даргаар С.Н 99058690/ ахлуулсан ажлын хэсэг томилж тухайн ажлын хэсгээр нягтлан бодогч болохоор хүсэлт, өргөдөл өгсөн 5 иргэнээс шалгаруулахыг үүрэг болгосон. Тэгээд манай ажлын хэсэг нягтлан бодогч болохоор өргөдөл хүсэлт өгсөн 5 иргэнийг шалгахад Э.Г нь 36 оноотойгоор тэргүүлсэн байсан 2 дугаар байранд Ч.Өн...... 28, Б..... 27, Э.Э 22, Б.Д 18 оноо авч тус тус дүгнэгдсэн байсан. Би өөрөө нягтлан бодогчоор олон жил ажилласан учраас шалгалтын материалуудтай нь нэг бүрчлэн танилцахад нягтлан бодогчийн анхан шатны мэдлэг сорьсон тестүүд байсан. Энэ хүмүүсийн авсан оноог ч гэсэн зөв дүгнэсэн байсан. Хамгийн чадвартай гэж үзсэн Э.Г нь тухайн үед нягтлан бодогчийн дипломоо аваагүй ч нягтлан бодогч мэргэжлээр суралцаж байсан ба өмнө нь Ж сумын Хаан банканд нягтлан бодогчоор ажиллаж байсан гэж Э.Г хэлсэн. Тэр үед нь би Э.Ггаас чи нягтлан бодогчийн мэргэжилгүй байж яаж ингэж шалгалтаа өгсөн юм бэ гэхэд Г нь надад би Хаан банканд ажиллаж байхдаа ийм ажил хийж байсан, би одоо нягтлан бодогчоор суралцаж байгаа гэж хэлж байсан. Тэгээд би эргэлзээд сумын За Л.Бд энэ тухайгаа танилцуулахад Г бас давхар өөрийгөө Хаан банканд ажиллаж байсан одоо би нягтлан бодогчоор суралцаж байгаа гэж танилцуулахад За Л.Б нь ажлын хэсгийн сонгон шалгаруулалтаар энэ хүн чадвартай гээд сонгогдоод гараад ирсэн болохоор томилох нь зөв гэж зөвлөсөн. Тэгээд би энэ хүнийг Архангай аймгийн Ж сумын Зын тамгын газрын Санхүүгийн албанд Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор томилсон. За Л.Б нь энэ томилгоог хийхийг шахаж шаардсан зүйл байхгүй би өөрөө зүгээр зөвшилцсөн. Ажлын хэсгийн ахлагч С.Н, гишүүд А.Н, С.А нар байсан бөгөөд эдгээр хүмүүс Э.Гг Архангай аймгийн Ж сумын Зын тамгын газрын Санхүүгийн албанд Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор томил гэж шахаж шаардсан дарамталсан зүйл байхгүй. Миний хувьд Э.Гг чадвартай гэж үзээд нягтлан бодогчийн ажилд томилсон...” гэх мэдүүлэг/5-р хх-ийн 22-25 дугаар тал/
*Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/5-р хх-ийн 26 дугаар тал/
*Архангай аймгийн Ж сумын Зын тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны Б/04 дугаартай “Э.Гг нягтлан бодогчоор томилох” тухай тушаал/4-р хх-ийн 55 дугаар тал/
*Архангай аймгийн Ж сумын Зын тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны Б/03 дугаартай “Э.Гг ажлаас чөлөөлөх” тухай тушаал/4-р хх-ийн 56 дугаар тал/
*Архангай аймгийн Ж сумын Зын тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 20-ны б/18 дугаартай”Э.Гг ажилд түр томилох” тухай тушаал/4-р хх-ийн 55 дугаар тал/
*Цэцээ гүн менежментийн дээд сургуулийн бакалаврын дипломын хуулбар/4-р хх-ийн 72-76 дугаар тал/
*Хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолтын хуулбар/4-р хх-ийн 78-83 дугаар тал/
*Ж сумын Зын тамгын газрын санхүү албаны нягтлан ажлын байрны тодорхойлолт/4-р хх-ийн 92-93 дугаар тал/
*Архангай аймгийн Ж сумын Зын тамгын газрын нягтлан бодогч шалгаруулсан материал/4-р хх-ийн 98-130 дугаар тал/
*Архангай аймгийн Ж сумын төсөвт байгууллагын 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан/5-р хх-ийн 143-180 дугаар тал/
**Архангай аймгийн Ж сумын Зын тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний а/01 дугаартай “Зын тамгын газрын бүтэц орон тоог батлах тухай тушаал, түүний хавсралт/5-р хх-ийн 87-88 дугаар тал/
*Э.Ггийн авч байсан цалингийн цэс/5-р хх-ийн 100-111 дүгээр тал/зэргийг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Л.Н нь 2018 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Ж сумын Зын Тар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль, журмыг зөрчин нягтлан бодогчийн мэргэжилгүй Э.Гг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар сумын Зын тамгын газрын С бодогчоор томилж, түүнд давуу байдал олгосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Л.Н гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мын“...2016 оноос хойш аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн даргаар одоог хүртэл ажиллаж байна. Ж сумын Зын тамгын газарт 2018 оны 1 сард санагдаж байна Зын Т Л.Н болон За нь ч над руу ярьж Э.Г гэх хүнийг Ж сумын Зын тамгын газарт Эрүүл мэндийн төв, Соёлын төв, хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор томилж ажиллуулахаар томилохоор боллоо гэж утсаар хэлж байсан. Дараа нь Л.Н над руу залгаад Э.Гг сонгоод гэрээ байгуулж ажиллахаар болж байна энэ талаар зөвшилцөхөөр ярьж байна гэсэн. Тэгэхээр нь би холбогдох хууль журмын дагуу зөвшилцөх ёстой өөрөөр хэлбэл журмын дагуу албан бичгээр зөвшилцөх учраас албан бичгээр ханд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эын“...Сумын Зын Т Л.Н нь албан тушаалын байдлаа урвуулан хүний нөөцийн мэргэжилтэй Э.Гг ЗДТГ-ын С бодогчоор томилсон. Үүнийг би албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж үзэж байна. Үүний цаана авлига хээл хахууль авсан байж болзошгүй гэж хардаж байна. Энэ байдлаас болоод хэд хэдэн хүний эрх ашиг хөндөгдөж байна. Сонгон шалгаруулалтад нягтлан бодогч мэргэжилтэй Б.Д, Ё.П, Н.Ө нарын хүмүүс оролцсон байхад мэргэжлийн бус Э.Гг шалгаруулсан байдаг...” гэх мэдүүлэг, гэрч Э.Ггийн“...2018 оны 01 дүгээр сар сумын ЗДТГ-аас нягтлан бодогчийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтад надаас гадна Э Өнөржаргал, Д нарын хүмүүс оролцсон. Тэгээд би сонгон шалгаруулалтаар 1-ээр гарч ирсэн. Ингээд ЗДТГ-ын дарга Л.Н намайг дагуулаад За Л.Б дээр дагуулж ороод “Э.Ггийн хувьд сонгон шалгаруулалтаар 1-ээр гарч ирсэн, гэтэл нягтлан бодогч мэргэжилгүй юм байна, ажлын дадлага туршлага шалгалт өгсөн байдал нь сайн байна, яах вэ” гэж байсан. Би 2017 онд Цэцээ гүн менежментийн дээд сургуульд эчнээгээр нягтлан бодогч мэргэжлээр суралцаж байсан тухайгаа хэлсэн ба 2019 онд нягтлан бодогч мэргэжлээрээ төгсөх юмаа гэдгээ хэлсэн..” гэх мэдүүлэг, гэрч Э.Эийн”...Сумын соёлын төвийн урд талын нийтийн зарлалын самбар дээр зар тавигдсан байна гэж дуулаад сумын Зын тамгын газар дээр очоод яг хэнд нь өргөдлөө өгснөө санахгүй байна тамгын дарга дээр ороод нарийн бичиг дээр нь өргөдөл өгсөн санагдаж байна. Тэр сонгон шалгаруулалтад Г, Д, Өнөржаргал гэх мэт хүмүүс оролцсон бөгөөд эхлээд бүгдийг нь компьютер дээр суулгаад нэг байгууллага өгөөд цалинг бодуулсан, тэгээд шаардах бичүүлсэн. Тэгээд орой над руу утсаар тамгын газраас нарийн бичиг нь залгаад сонгон шалгаруулалтад та 4 дүгээр байранд орлоо гэж хэлсэн ба тэгээд л тэнцээгүй юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг, гэрч С.Хгийн”... Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн нягтлан бодогч гэж их дээд сургууль, коллежийн нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг хэлнэ. Харин мэргэшсэн нягтлан бодогч гэдэг нь мөн хуулийн 3.7 дахь хэсэгт заасан мэргэшсэн нягтлан бодогч гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан санхүүч, эдийн засагчийг гэж заасан байдаг. “Санхүү эдийн засагч” мэргэжлээр эдийн засгийн ухааны бакалавр зэрэгтэй мөн “Бизнесийн менежмент” мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн хүнийг мэргэжлийн эсхүл мэргэшсэн нягтлан бодогч гэж үзэхгүй. Хүний нөөцийн удирдлага мэргэжилтэй хүнийг сумын Зын тамгын газарт нягтлан бодогчоор ажилд томилж болохгүй, бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшсэн бакалавраас дээш зэрэгтэй хүнийг хэлнэ. Мэргэжлийн нягтлан бодогч болон нягтлан бодогч гэдэг нь нэг л ойлголт юм. Мөн төсвийн тухай хууль болон Сангийн сайдын 294-р тушаалаар батлагдсан журмыг зөрчиж байгаа юм. Сумын Зын тамгын газрын Санхүүгийн албаны эрүүл мэндийн төв, Соёлын төв, хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч болон нягтлан бодогчтой байна гэсэн Төсвийн тухай хуулийн 19.3 дугаар заалтад хамаарна. Соёлын төв, хүүхдийн цэцэрлэг хариуцан тус байгууллагуудын зарлагын гүйлгээг гаргах баримтанд 2 дугаар гарын үсэг зурж байвал ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч юм. Санхүүгийн баримтан дээр 2 дугаар гарын үсэг зурж байгаа бол ерөнхий болон ахлах нягтлан бодогчийн эрх үүргийг бүрэн хүлээнэ гэсэн үг юм...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Гийн”...Тухайн байгууллагын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтод заагдсаны дагуу томилох ёстой. Төсвийн байгууллагын нягтлан бодогчийг томилохдоо аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэстэй зөвшилцөн томилох ёстой бөгөөд үүнийг төсвийн тухай хуулиар зохицуулсан байгаа. Тухайн ажилд томилох хүн ажлын байрны тодорхойлолт буюу одоогоор албан тушаалын тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангасан байх бөгөөд тухайн нэр дэвшүүлсэн этгээдийг аймгийн төрийн сангийн хэлтэстэй зөвшилцөх саналаа хүргүүлж томилно. Ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй хүнийг томилж болохгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Нийн Архангай аймгийн Ж сумын Зын Тар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль, журмыг зөрчин нягтлан бодогчийн мэргэжилгүй Э.Гг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар сумын Зын тамгын газрын С бодогчоор томилж, түүнд давуу байдал олгосон үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Э.Гг нь тус сумын Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор ажиллахдаа тус байгууллагуудын Санхүүгийн баримт, мэдээ тайланд 2 дугаар гарын үсэг зурж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд Сангийн сайдын 2012 оны 294 дугаартай тушаалаар баталсан “ Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын” -ын 4.1 заасан төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчийн эрх, үүргийг хэрэгжүүлж байсан гэж үзэхээр байна.
Төсвийн тухай хуулийн 19.6.3 дахь хэсэгт “...аймаг, нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сумын төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө”, гэж,
19.1 дахь хэсэгт “...Бүх шатны төсөв нь тухайн шатны төсвийн ерөнхий нягтлан бодогчтой байна...” гэж
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18.3 дахь хэсэгт заасан “...Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна...”,
Сангийн сайдын 2012 оны 294 дугаартай тушаалаар баталсан “ Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын 2.1-д “... Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид дараах шаардлага, шалгуурыг бүрэн хангасан байвал зохино, 2.1.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 зүйлийн 3.1.7 дахь заалтын дагуу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн байх,
3.1-д “...Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчийг Төсвийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн албан тушаалд томилж, чөлөөлөх асуудлыг эрх бүхий албан тушаалтан дараах байдлаар шийдвэрлэнэ...”, 3.1.10-д “...Аймаг, нийслэл, сумын төсөвт харъяалагдах байгууллагын ахлах нягтлан бодогчийг байгууллагын дарга аймаг, нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн...”, 3.2.1-д “....Санал болгож буй хүний товч анкет /Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан маягтаар/, нийгмийн даатгалын дэвтэр, диплом /мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ/-ын хуулбар...” хүргүүлнэ гэж тус тус заасан байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18.7.-д “...Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллагаас бусад аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байвал энэ хуулийн 18.3 дахь заалт хамаарахгүй гэж хуульчилсан үндэслэлээр маргаж байгаа боловч тус хуулийн 3.1.12.-д гүйцэтгэх удирдлага гэж “...компаниас бусад хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн дүрэмд гүйцэтгэх удирдлага гэж заасан этгээдийг...” ойлгоно гэж, мөн хуулийн 8.4 дүгээр зүйлд “...Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна...” гэжээ.
Иймд шүүгдэгч С.Нийг Архангай аймгийн Ж сумын Зын Тар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дээрх хууль, журмыг зөрчин нягтлан бодогчийн мэргэжилгүй Э.Гг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар сумын Зын тамгын газрын С бодогчоор томилж, түүнд давуу байдал олгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Харин прокуророос Э.Гд олгосон цалинг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирсан байхыг заавал шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд, хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах зарчмыг зөрчиж төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах зэрэг бусад хор уршиг учруулдаг болно.
Шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүний нийтийн албанд томилогдох эрхийг хасч, торгох ял оногдуулан, уг ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Лын Нийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нийг нийтийн албанд томилогдох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6.000/зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000/зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд оногдуулсан 6.000/зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000/зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР