Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 120/ШЦТ/2022

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх  хуралдааныг шүүгч Ч.М*даргалж,

Улсын яллагч                            А.Б*

Нарийн бичгийн дарга              Б.Б*

Шүүгдэгч Д.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бургууд овогт Дугаржавын Дуламсүрэнд холбогдох эрүүгийн 2231000000130 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 19* оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, * настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, * мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, *хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 51 тоотод оршин суудаг, бие эрүүл ухаан санаа бүрэн, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан бүрэн Бургууд овогт Дугаржавын Дуламсүрэн, /РД:М080С92502/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Дуламсүрэн нь “2022 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч дэд ахлагч О.Лхагвадорж, ахлах ахлагч Б.Батбаяр нарыг эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Мэнд-Амарын зөрчлийг илрүүлж, шалгах ажиллагаа явуулахад эсэргүүцэж цагдаа, зохицуулагч дэд ахлагч О.Лхагвадоржийн биед нь халдаж албаны хантааз болон гар станцыг гэмтээж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дуламсүрэн мэдүүлэхдээ: “...Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Лхагвадорж мэдүүлэхдээ: “...Би цагдаагийн ахлах, ахлагч Б.Батбаярын хамт албаны 03-91 УАТ улсын лугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Сэлэнгэ аймгийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 27-96 СЭҮ улсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Мэнд-Амар гэх иргэний зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, тээврийн хэрэгслийг нь пост 31 буюу гурвалжингийн уулзварт байрлах замын цагдаагийн постонд авчирсэн. Мэнд-Амарын согтуурлын зэргийг шалгах зорилгоор Алкотест 7510 багажаар үлээлгэхэд 1.34 хувийн согтолттой гарсан. Гэтэл Мэнд- Амартай хамт явсан түүний эхнэр гэх шар өнгийн үстэй эмэгтэй постны гадаа зүй бус үгээр орилж, хашхирч хаалга өшиглөөд байсан юм. Би хаалгаа онгойлгоход тухайн эмэгтэй орох гэж зүтгэсэн. Би урдаас нь оруулахгүй гэж тухайн эмэгтэйн мөр хэсэгт хальт шахах маягтай хүрэхэд тухайн эмэгтэй өөрөө хойшоо постны гадна ханыг налаад доошоо суусан. Гэтэл тухайн эмэгтэй намайг “чи миний гараас барилаа” гэж орилоод хана налаад суусан. Босож ирээд миний биед халдаж өшиглөж, цохин хаалганы үүдэн дээр хэвтчихсэн. Бас цуг явж байсан бага насны 5-6 настай эмэгтэй хүүхдийнхээ гараас татаж бид нар руу чирч гулдраад постны хаалгаар бараг шидсэн. Тухайн эмэгтэй босож ирээд постон дотор ороод нөхрөө өшиглөж, цохиод байсан тул би тухайн эмэгтэйг дэд ахлагч Ц.Төрболдын хамт гаргасан. Постноос гарсны дараа тухайн эмэгтэй дэд ахлагч Төрболд бид хоёр руу дайрч намайг өшиглөж, цохиж байгаад миний эмзэг эрхтэн төмсөг рүү өшиглөсөн. Миний мөрөн дээр байсан станцыг авч шидсэн. Би дэд ахлагч Төрболдын хамт тухайн эмэгтэйг гавласан. ...Би дэд ахлагч Төрболдын хамт татаж босгох гэхэд миний хантаазыг урж татаад газар унагасан. Гавыг нь тайлсны дараа замын голд очиж хувцасаа тайлж орилоод цээж бүтэн нүцгэлчихсэн. Бид нарын урдаас хэл амаар доромжилж байгаад хувцсаа буцаж өмссөн. Тэгээд машинд суулгаж эрүүлжүүлэх байр руу хөдлөхөд дэд ахлагч Б.Билгүүндалайгийн урдаас нулимсан. Эрүүлжүүлэхийн урд ирж зогсоод машинаас буулгах гэхэд тухайн эмэгтэй арын суудалд сууж байгаад урд жолоо барьж байсан ахлах ахлагч Б.Батбаярын толгой руу өшиглөсөн. ...Камерт орсны дараа тухайн эмэгтэй өөрт байсан эд зүйлсээ хураалгалгүй, урдаас шууд өмдөө тайлаад шээсэн тул бид хаалгыг нь хааж цоожилсон....” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Батбаяр мэдүүлэхдээ:  “...Өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 00 цагийн орчим цагдаа зохицуулагч О.Лхагвадоржийн хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Шүүхийн байрны ард талын зам дээр * улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан Мэнд-Амарыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгагч тандагч багажаар шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж гарч ирсэн тул жолооч Мэнд-Амарыг жолооноос буулгаж тээврийн хэрэгслийн арын суудал дээр суулгаж, би тээврийн хэрэгслийг жолоодоод согтуурлын зэргийг тодорхойлох зорилгоор пост 31 дээр авчирч жолооч Мэнд- Амарыг алкотест 7510 багажаар согтуурлын зэргийг үлээлгэн шалгахад 1.34 хувийн согтолттой гарч ирсэн. Жолооч Мэнд-Амарыг үлээлгэн шалгаж байх үед хамт явж байсан Дуламсүрэн нь пост 31 дээр орилж хашхирч хамт үүрэг гүйцэтгэж байсан О.Лхагвадоржийн хувцаснаас татаж зулгааж, эрх чөлөөнд нь халдсан. Тэгэх үед би Дуламсүрэнг тайвшруулж салгах гэтэл миний нүүрний хамрын доод хэсэг болон зүүн шанаа хэсэгт гараараа маажсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-2 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Төрболд мэдүүлэхдээ:  “...Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний эхнэр нь цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилж, биед нь халдсан. Уг эмэгтэй нь ахлах ахлагч Б.Батбаярын нүүрийг нь маажсан. Тухайн үед би нүүрийг маажиж байхад бичлэг хийгээгүй. Харин дэд ахлагч О.Лхагвадоржийн биеийн салтаа хэсэг рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Мөн биеийн цээжин хэсэг рүү нь гараараа цохисон хантаазыг нь урсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 193 дугаартай шинжээчийн: “...1.О.Лхагвадоржийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 194 дугаартай шинжээчийн: “...1.Б.Батбаярын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 194 дугаартай шинжээчийн: “...1.Б.Батбаярын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-922/3807 дугаартай:

Төрөл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

Нийт үнэ, төг

Тайлбар

1

Хантааз /шар/

ш

1

20.000

20.000

Засварын дундаж ханшаар тооцов.

2

Kenwood загварын гар станц

ш

1

20.000

20.000

 

Дээр дурьдагдсан гар станцны эвдрэлийн нийт бодит үнэ цэнийг 40,000 /дөчин мянга/-н төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, /хх-ийн 58 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 33-35 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 46-47, 53-54, 60-61 дүгээр тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: 

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 62 дугаар тал/,

Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 65 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 66 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Дуламсүрэнгийн дансны хуулга, /хх-ийн 67-74 дүгээр тал/,

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 75 дугаар тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Дуламсүрэн нь “2022 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан үедээ Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч дэд ахлагч О.Лхагвадорж, ахлах ахлагч Б.Батбаяр нарыг эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Мэнд-Амарын зөрчлийг илрүүлж, шалгах ажиллагаа явуулахад эсэргүүцэж цагдаа, зохицуулагч дэд ахлагч О.Лхагвадоржийн биед нь халдаж албаны хантааз болон гар станцыг гэмтээж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байж тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна .  

Шүүгдэгч Д.Дуламсүрэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Сэлэнгэ аймгийн  Прокурорын газрын газраас Д.Дуламсүрэнгийн  үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1дахь хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж ,

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид  хорих ялын дээд  хэмжээг  таван  жил, түүнээс  доош  хугацаагаар оногдуулахаар  тогтоосон , эсхүл хорих  ял оногдуулахаар  заагаагүй  гэмт хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Д.Дуламсүрэнгийн  үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр  1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Дуламсүрэн  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогчид 40 000 төгрөгийн  хохирол төлсөн  зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Д.Дуламсүрэнд  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”  гэж заасан байна.

Шүүгдэгч Д.Дуламсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хантааз ,гар станцийн үнэ  40.000 төгрөгийг  төлж барагдуулсан  байна.

Хохирогч О.Лхагвадорж нь “”гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлсэн  байна. /хавтаст хэргийн 18 дахь тал/

Хохирогч О.Лхагвадорж нь хавтаст хэрэгт гэм хорын хохирлын талаар өөр нотлох баримт ирүүлээгүй тул шүүгдэгч  баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Д.Дуламсүрэн нь “2022 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн,  үедээ Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч дэд ахлагч О.Лхагвадорж, ахлах ахлагч Б.Батбаяр нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэж  цагдаа, зохицуулагч дэд ахлагч О.Лхагвадоржийн биед нь халдаж албаны хантааз болон гар станцыг гэмтээж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь   нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас: ... Шүүгдэгч Д.Дуламсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх санал гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүхэд гаргасан ба уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан  өмгөөлөгчгүйгээр  явуулж  болохгүй  хуулийн заалтанд  хамаарахгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна прокурорын гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна гэсэн саналыг гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Дуламсүрэн нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж ,прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Дуламсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Д.Дуламсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бургууд овогт Дугаржавын Дуламсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дугаржавын Дуламсүрэнд 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Дуламсүрэнг 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4.Энэ хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Дуламсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.   

5.Шүүгдэгч Д.Дуламсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах  , улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дуоьдсугай

          

 

                               ШҮҮГЧ                         Ч.МӨНГӨНЦЭЦЭГ