| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0011/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/20 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/20
2021/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Дийн Эт холбогдох эрүүгийн 2112000000003 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ................... тоотод оршин суух хаягтай, урьд тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Хонхор овогт Дийн Э/РД:АД.........................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Дийн Э нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгой хорооллын 7-5 тоотод 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий нөхөр Б.Цг сүхээр толгой, гар хэсэгт нь цохиж, зулайн зүүн урд хэсэгт язарсан шарх, зүүн бугалганы гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000000003 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Цгийн өгсөн:
“...Би 2020 оны 12 дугаар сарын 13-ний өглөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бор толгой хорооллын 7-5 тоотод байх гэртээ өдөр 12 цагийн орчим босоод урд орой нь хоол хийсэн тогоогоо цэвэрлэх гээд гал түлсэн байсан бөгөөд түүн дээр тавих гэтэл манай эхнэр Д.Э нь зуух хаагаад зогсоод холдохгүй байсан. Тэгэхээр нь би холдож байгаа гэсэн чинь холдохгүй зогсоод байсан. Тэгсэн чинь миний өөдөөс чи уурлаад байгаа юм уу гэсэн хариуд нь би уурлаагүй угаасаа уурлах зүйл болоогүй гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг чи надтай яаж харьцаад байгаа юм гэсэн, тэгснээ чи угаасаа манай гэрээс зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гарах гээд хөргөгчин дээр байсан усны карт аваад гэрээс гарч машины дотор талын голын хайрцагт хийсэн. Тэгсэн чинь манай эхнэр Д.Э нь чи машинаас юу аваад байгаа юм гэж надаас асуусан би хариуд нь усны карт машины голын хайрцагт хийсэн. Тэгснээ машин дотроос машины бичиг баримт, машины түлхүүр аваад машинаас буусан. Тэгээд манай эхнэр гэр рүү орсон бөгөөд би араас нь машины илүү түлхүүр авах гээд гэр рүү орсон. Гэрт орсон чинь манай эхнэр төмөр шанага аваад миний толгой хэсэг рүү 2, 3 удаа цохисон. Би ямар нэгэн хариу үйлдэл хийлгүй гэрээс гарах гэсэн чинь миний хойноос чи тэр чигээрээ зайлаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэж хэлчхээд битгий миний хойноос түлээ нүүрс болон хоол унд, усгүй болчихлоо гэж дуудаад байгаараа гэж хэлчхээд гэрээс гарсан юм. Машины хажууд зогсож байхад манай эхнэр гэрээс сүх бариад гарч ирж байгаа харагдсан. Тэгснээ сүхээ барьж ирээд миний хөл болон гар луу 3,4 удаа цохисон Тэхлээр нь би дуугүй зогсож байхад сүхээ далайж миний толгой руу нэг удаа цохисон Тэр үед миний ухаан балартаж би газар хэсэг суусан. Тэгсэн чинь манай том хүүхэд болох 10 настай Тэмүүжин гарч ирээд ээжээ та болиоч гэж хэлсэн чинь манай эхнэр намайн наадах чинь баашилж байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн миний толгой цус их хэмжээгээр гарсан тэр даруй би машинаа асааж эмнэлэгт очиж үзүүлж оёо тавиулж рентгенд харуулж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тогоо гал дээр тавьж угаах гэсэн чинь гал хааж зогсоод хөдлөхгүй байсан. Тэрнээс улбаалж хэрүүл болсон. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Төмөр шанагаар толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Мөн сүхээр гар, хөл рүү 3-4 удаа цохиж толгойн зүүн урд хэсэг рүү сүхээр 1 удаа цохисон өөр цохиж нүдсэн асуудал байхгүй. Би ерөөсөө гар хүрээгүй. Тухайн сүх одоо манай гэрт байгаа галын түлээ хагалдаг төмөр иштэй 50 см урттай сүх байгаа. Би гомдолтой байна. Намайг ямар нэгэн шалтгаангүйгээр сүхээр миний толгой хэсэгт цохисон, үүний эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-13 дугаар тал/
*Яллагдагч Д.Эийн өгсөн:
“...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-39 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаартай“...Б.Цгийн биед зулайн зүүн урд хэсэгт язарсан шарх, зүүн бугалганы гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр 2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгой хорооллын 7-5 тоотод 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Ц нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Б.Цд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Цгийн”...Тэгсэн чинь миний өөдөөс чи уурлаад байгаа юм уу гэсэн хариуд нь би уурлаагүй угаасаа уурлах зүйл болоогүй гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг чи надтай яаж харьцаад байгаа юм гэсэн, тэгснээ чи угаасаа манай гэрээс зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гарах гээд хөргөгчин дээр байсан усны карт аваад гэрээс гарч машины дотор талын голын хайрцагт хийсэн. Тэгсэн чинь манай эхнэр Д.Э нь чи машинаас юу аваад байгаа юм гэж надаас асуусан би хариуд нь усны карт машины голын хайрцагт хийсэн. Тэгснээ машин дотроос машины бичиг баримт, машины түлхүүр аваад машинаас буусан. Тэгээд манай эхнэр гэр рүү орсон бөгөөд би араас нь машины илүү түлхүүр авах гээд гэр рүү орсон. Гэрт орсон чинь манай эхнэр төмөр шанага аваад миний толгой хэсэг рүү 2, 3 удаа цохисон. Би ямар нэгэн хариу үйлдэл хийлгүй гэрээс гарах гэсэн чинь миний хойноос чи тэр чигээрээ зайлаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэж хэлчхээд битгий миний хойноос түлээ нүүрс болон хоол унд, усгүй болчихлоо гэж дуудаад байгаараа гэж хэлчхээд гэрээс гарсан юм. Машины хажууд зогсож байхад манай эхнэр гэрээс сүх бариад гарч ирж байгаа харагдсан. Тэгснээ сүхээ барьж ирээд миний хөл болон гар луу 3,4 удаа цохисон Тэхлээр нь би дуугүй зогсож байхад сүхээ далайж миний толгой руу нэг удаа цохисон Тэр үед миний ухаан балартаж би газар хэсэг суусан. Тэгсэн чинь манай том хүүхэд болох 10 настай Тэмүүжин гарч ирээд ээжээ та болиоч гэж хэлсэн чинь манай эхнэр намайг наадах чинь баашилж байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн миний толгой цус их хэмжээгээр гарсан тэр даруй би машинаа асааж эмнэлэгт очиж үзүүлж оёо тавиулж рентгенд харуулж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...”гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Эийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 06 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Эийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Б.Цгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед зулайн зүүн урд хэсэгт язарсан шарх, зүүн бугалганы гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Д.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Б.Цг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, бөгөөд шүүгдэгч Д.Эийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу нөхөр Б.Цгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Эийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Д.Э нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Ц нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Д.Эийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Э нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүх 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хонхор овогт Дийн Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүх 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР