Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 135/ШШ2018/00784

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ****** тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** дугаар нээлттэй хорих ангид хоригдож байгаа ******* овгийн ******* ******* холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Миний бие 1997 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр В.*******ой танилцан улмаар 1998 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ******* тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1998 оны 05 дугаар сарын 21-ний өдөр охин , 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүү нар төрсөн. Хамт амьдрах хугацаандаа тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа олдсон ажил хийж амьдарч байсан. Амьдрах хугацаандаа танил найз нөхөдтэйгээ архи ууж агсам согтуу тавьж ааш авир нь өөрчдөгдөн 13 жил болсон. Сүүлдээ бүр охиныг минь намайг байхгүй хойгуур согтуу ирж байнга зоддог байсныг охин маань одоог хүртэл ярьдаг. Ээждээ хэлвэл чамайг ална шүү гэж айлгадаг байсан байна лээ. 2010 оны сүүлчээр гэр орноосоо зугтаад бид 3-г орхиод явсан. Бидний харьцаа улам холдож 2 хүүхдээ ч анхаардаггүй байсан. 2011 оны намар хамт архи ууж байсан хүнийхээ амь насыг хохироосон хэрэг үйлдээд 15 жил ял аваад явсан. Бид 3 айдасгүй амьдрахыг хүсч байгаа учраас гэр бүлээ албан ёсоор хуулийн дагуу цуцлуулах хүсэлтэй байна. Бидэнд дундын өмч байхгүй. Хүүхдүүддээ тэтгэлэг авах шаардлагагүй гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тай 2011 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаад хэрэгт холбогдсон нь үнэн болно. Тусдаа амьдрах шалтгаан нь одоо амьдарч байгаа нөхөртэйгээ холбоотой болсны улмаас болсон. Охин бид хоёрын хооронд ямар нэгэн үл ойлголцол байгаагүй. Охин ыг зоддог байсан гэх нь ор үндэсгүй худал болно. Ял эдэлж байх хугацаанд охин , хүү хоёрыг маань хүний зэрэгтэй авч яваад нь миний зүгээс баярлаж явдаг. Уул нэхэмжлэлийн шалтгаануудтай санал нийлэхгүй байгаа боловч олон жил тусдаа амьдарч бас ******* нь одоо амьдарч буй нөхөр, бас хүүхэдтэй болж хойшид миний бие хамт амьдрах боломжгүй болсон. Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулахаа бүрэн дүүрэн дэмжиж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч В.******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа болно.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 1997 онд танилцаж, улмаар 1998 оны 07 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 1998 оны 05 дугаар сарын 21-ний өдөр охин , 2003 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүү ыг  төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 4-6 дахь тал/

Зохигчид нь зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2011 оноос тусдаа амьдарч байгаад хариуцагч ******* нь 2012 оноос хойш ял эдэлж байгаа, нэхэмжлэгч ******* нь тусдаа гэр бүлийн харилцаатай болж хүүхэдтэй болсон, хариуцагч ******* нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул эвлэрүүлэн зуучлах арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар талуудын гэрлэлтийн цуцлах нь зүйтэй.

 

Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, том охин насанд хүрсэн байх тул 2003 оны 05 дугаар сарын 21-нд төрсөн хүү ыг эх Б.******* асрамжинд үлдээх нь зүйтэй.

 

Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овгийн ******* Ганзориг, ******* овгийн ******* Давхарбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү ыг эх Б.******* асрамжинд үлдээсүгэй.

 

3. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх *******т нарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Саранчимэгт даалгасугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА