Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 694

 

 

 

 

 

 

 

  

Г.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Ундраххэрлэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгондорж, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,  

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,  

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 697 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Отгондорж, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Г.Бт холбогдох эрүүгийн 1803010530080 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 34 дүгээр гудамжны 563а тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Г.Б нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 17 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын зам дахь Фундек худалдааны төвийн зүүн талын замд Тоёота Приус маркийн 15-10 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дах заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуух үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж тус тус заасныг зөрчсөнөөс Ц.Очирпүрэвийн  жолоодон явсан Тоёота Приус маркийн 50-71 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багажинд мод хийж байсан явган зорчигч О.Хишигбаатарыг хавсарч мөргөн, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолж, Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Б бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Г.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В, С, Д ангиллын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Бүртгэл мэдээллийн төвд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгондорж, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “дүгнэлт   нь   шүүх   хуралдаанаар   хэлэлцсэн   нотлох   баримтаар нотлогдохгүй байвал" хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж хуульчилсан. Анхан шатны шүүхийн тогтоолд “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгондорж нь оршуулгын болон бусад зардалд 16.470.000 төгрөг нэхэмжилснээс оршуулгын зардалд 11.470.000 төгрөг төлсөн байна. Харин талийгаачийн малчны зээлд гэж авсан 5 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж тодорхойлоод шүүгдэгч Г.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгондорж нь малчны зээлд гэж авсан гэх 5 сая төгрөгийг Г.Баас нэхэмжлээгүй, харин энэ гэмт хэргийн улмаас О.Хишигбаатарын амь нас хохирсонтой холбоотой оршуулгын болон буяны ажлын зардалд зарцуулсан 16.569.962 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар оршуулгын зардал болон гэм хор учруулсан зардлыг гэм буруутай этгээдээр гаргуулахаар хуульчилсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амь нас, хор уршиг нь амь нас хохироосноос үүсэн гарсан оршуулгын болон буяны ажлын бусад зардал юм. Эдгээр зардлыг бүхэлд нь шүүгдэгч Г.Баас гаргуулах нь хуульд нийцэх байтал тэгэлгүйгээр шийдвэрлэсэн нь буруу болох нь доорх нотлох баримтаар тодорхойлогдоно. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хавтас хэргийн 30-99 дүгээр хуудсанд авагдсан баримтууд нь 1 дүгээрт оршуулгын, 2 дугаарт буяны ажлын 21 хоногийн, 3 дугаарт буяны ажлын 49 хоногуудад зарцуулсан зардлын баримт, тооцоонууд бөгөөд эдгээрт 5.000.000 төгрөгийн малчны зээл гэх нэхэмжлэл ороогүй юм. Нэг үгээр бол хавтас хэрэгт авагдсан нэхэмжилбэл зохих зардлыг үндэслэлгүйгээр хассанд гомдолтой байна. Иймд хэргийн бодит байдалтай нийцээгүй тогтоол гаргасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирол, хор уршгийн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг зөвтгөн, Г.Баас 5.099.962 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгондорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй. Гомдлоо дэмжиж байна. ...” гэв.

 

Прокурор Э.Ундраххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолын зургаад заасан хохирол төлбөргүй гэдгийг 5.000.000 төгрөгийн төлөх төлбөртэй гэж шийтгэх тогтоолт өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Г.Б нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 17 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын зам дахь Фундек худалдааны төвийн зүүн талын замд Тоёота Приус маркийн 15-10 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дах заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуух үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж тус тус заасныг зөрчсөнөөс Ц.Очирпүрэвийн  жолоодон явсан Тоёота Приус маркийн 50-71 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багажинд мод хийж байсан явган зорчигч О.Хишигбаатарыг хавсарч мөргөн, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Оюунбаатарын “...2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 12.30 цагийн үед Шархаданд гэртээ байхад манай эгч, дүү хоёр дүүг осолд орчихлоо гэж хэлсний дагуу осол болсон газар иртэл манай дүү машинд мөргүүлээд нас барчихсан байсан юм. ...” /хх 20-23/,    

 

иргэний нэхэмжлэгч Ц.Очирпүрэвийн “...2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 12.10 цагийн үед би Тоёота-Приус маркийн 50-71 УНК улсын дугаартай автомашинаа бариад 1000 оюутны байрнаас Монелийн эцэст байх гэрлүүгээ явж байсан. Тэгээд явж байх замдаа Монелийн зам дахь Фунтик худалдааны төвийн яг зүүн талын түлээ нүүрс зардаг цэгээс түлээ авах гэж замын баруун гар тал руу шахаж зогссон. ...энэ үед нөгөө залуу миний машины багажинд модоо хийж байтал машины ард маш хүчтэй тас гэсэн дуу чимээ гарч миний машины араас нэг машин мөргөж зогссон. Тэгэнгүүт би машинаасаа гараад хартал миний машины араас цагаан өнгийн Тоёота-Приус маркийн машин мөргөсөн байдалтай хашаа мөргөсөн зогсож байсан. Харин миний машинд түлээ хийж байсан залуу арын машины доор нь хэвтэж байсан. ...” /хх 117-121/,

 

гэрч О.Сүхбаатарын “...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12.05 цагийн үед би талийгаач дүүгийнхээ хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг Монелийн замд байх Фунтик худалдааны төвийн зүүн талын түлээ нүүрс зардаг цэгт савлагчаар ажиллаж байсан юм. Тэр үед цагаан өнгийн Тоёота-Приус маркийн машин ирж зогсохоор нь манай талийгаач дүү надад энэ машин түлээ нүүрс авах гэж байх шиг байна гээд нөгөө машин руу очсон. Нэг хартал нөгөө машины хойд талын багажны таг онгорхой манай дүү нэг шуудай түлээ тэвэрчихсэн нөгөө машин руу явж байгаа харагдсан. Тэгтэл гэнэт замын урд талаас цагаан өнгийн Тоёота-Приус маркийн машин хурдтай гарч ирээд зогсож байсан машины араас мөргөсөн. Тэгэнгүүт нь би, дүү маань энд байсан яасан юм бол гэж бодоод тэр машин дээр очтол машины баруун урд дугуйны ардхан талд манай дүүгийн толгой цухуйж харагдсан. Энэ үед машины жолооч машинаасаа гарч ирэхээр нь би жолоочид манай дүү чиний машин доор байна, чи наад машинаа холдуулаач гэж хэлсэн. ...” /хх 133-134/,

 

гэрч Ө.Батзулын “...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12.05 цагийн үед би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелийн зам дахь Фунтик худалдааны төвийн зүүн талын түлээ нүүрс зардаг цэг дээр буюу хашаан дотор шуудайтай нүүрсний ам оёод зогсож байтал гэнэт миний ард түс тас хийсэн чимээ гарахаар нь эргээд хартал хашааны үүдэнд цагаан өнгийн Тоёота-Приус маркийн машин урд талаараа манай хашааг мөргөсөн байдалтай зогсож байхаар нь  би тэр машин дээр очтол надтай хамт ажиллаж байсан О.Хишигбаатар машин доор нь хэвтэж байгаа харагдсан. Энэ үед машины жолооч залуу машинаасаа гарч ирсэн хажууд нь манай ажилтан болох О.Сүхбаатар уйлаад хашгираад зогсож байсан. ...”  /хх 139/,

 

  Г.Бын яллагдагчаар өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12.17 цагийн үед би Тоёота Приус маркийн  15-10 УНА улсын дугаартай автомашинаа бариад ...Баянзүрх дүүргийн нутаг Монелд байх гэртээ харих гээд явж байсан. Тэгээд Монелийн эцэс ордог замаар буюу Фунтик худалдааны төвийн зүүн талын замаар урдаасаа хойшоо чигтэй замынхаа баруун гар талыг бариад 30-40 км цагийн хурдтай явж байтал машины урд салон дээр байсан гар утас маань машин донслох үед доошоо шалан дээр уначихаар нь гар утсаа авах гээд доошоо тонгойгоод буцаад урагшаа хартал гэнэт миний урд машин, хүн 2 харагдах шиг болоод тэр машины араас мөргөж зогссон. Би машинаасаа буугаад хартал миний машин доор нэг эрэгтэй хүн хэвтэж байхаар нь тэнд байсан нэг залуутай хамт хүнээ машин доороос татаж гаргасан. ...Ах нь болох залуу түргэн яагаад ирэхгүй байна аа, яах уу гээд орилоод байсан. Тэгээд нилээн удаж байгаад түргэн ирсэн чинь залууг өнгөрсөн байна гэсэн. ...” /хх-142/ гэх мэдүүлгүүд,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 5-11/,

 

Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “1.Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байх тул үүсгэгдсэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Талийгаач нь дээрх гавал тархи, хүзүүний нугаламын хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 5. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15.50 цагийн цогцосны анхны үзлэгээр нас бараад 3-5 цаг болсон гэж тэмдэглэгдсэн байна. 6.Талийгаач АВ /IV/ бүлгийн цустай байна. 7.Талийгаачийн цус, ходоодны шингэн, шээсэнд спиртийн агууламж илрээгүй. ...” /хх 155-159/ гэх 140 дугаартай,

 

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн: “          1. Тоёота Приус маркийн 15-10 УНА улсын дугаартай автомашины жолооч Г.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” /хх 205-206/ гэх 73 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж ялын төрөл, хэмжээг хуульчилж өгсөн бөгөөд анхан шатны шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч Г.Бын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирчээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгондорж, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нар хамтран “...Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хохирол, хор уршгийн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг зөвтгөн, Г.Баас 5.099.962 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтыг судлан үзэхэд оршуулгын зардалд нийт 14.752.619 төгрөгийн баримт байх бөгөөд энэ үнийн дүнд амь хохирогчийн авч байсан зээлийн баримтыг оруулан тооцоогүй байна.

Шүүгдэгч  Г.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Анхбаярын баримтаар нэхэмжилсэн хохирлоос 11.470.000 хохирлыг барагдуулсан байна.

 

Иймээс мөрдөн шалгах, прокурор, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх шатанд төлөгдсөн 11.470.000 төгрөгийг хасч, үлдэх 3.282.619 төгрөгийг шүүгдэгч Г.Баас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгондоржид олгох нь зүйтэй. 

Мөн анхан шатны  шүүх “...талийгаачийн малчны зээлд гэж авсан байсан 5 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна. ...эрүүгийн хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэхгүй болно” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгондорж, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нар хамтран гаргасан давж заалдах гомдлыг  хүлээн авч, шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 697 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Баас 3.182.619 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгондоржид олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Г.Б бусдад төлөх төлбөргүй...” гэснийг хүчингүй болгож, бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээсүгэй. 

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                                 

                       ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ӨСӨХБАЯР

 

                       ШҮҮГЧИД                                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                         

                                                                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ