Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0280

 

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0280

Улаанбаатар хот

 

 “СМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ;

 

Нэхэмжлэгч: “СМ” ХХК

Хариуцагч: ТЕГ-ын ТТТГ-ын татварын улсын байцаагч М.О, Ц.М нар;

Нэхэмжлэлийн шаардлага: “ТЕГ-ын ТТТГ-ын  татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн НА-21220000*** тоот нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0894 дүгээр шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч М.О, Ц.М,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин

Хэргийн индекс: 128/2023/0619/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “СМ” ХХК нь ТЕГ-ын ТТТГ-ын  татварын улсын байцаагч М.О, Ц.М нар холбогдуулан “ТЕГ-ын ТТТГ-ын  татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн НА-21220000*** тоот нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0894 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.6, 7.3, 9 дүгээр зүйлийн 9.2, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 /2006 оны, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өөрчлөн найруулсан хэсэг/, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийг тус тус баримтлан “ТЕГ-ын ТТТГ-ын  татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн НА-21220000*** тоот нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай “СМ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С давж заалдах гомдолдоо:

3.1. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй гол үндэслэл нь Том татвар төлөгчийн газар нь нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа он цаг хугацааг тооцон үзээгүй буюу хуулийг буцаан хэрэглэж буй мэтээр тооцсон явдал юм. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 10, 15, 16, 17 дугаар зүйл хэсэгт Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг дурдаад Цэцийн тухай хуулийн 8.2 болон Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтуудын дагуу уг нэмэлт өөрчлөлт нь хүчин төгөлдөр үйлчилж түүний дагуу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 2019 оны 03-р сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлт нь хүчин төгөлдөр болохыг дурдсан. Хэдий тухайн он цаг хугацаанд уг өөрчлөлт нь хүчин төгөлдөр байгаа ч нөхөн ногдуулалтын акт тогтоосон 2022 оны 12-р сард уг хуулийг хэрэглэж байгаа нь хүчин төгөлдөр бусад тогтоосон актыг буцаан хэрэглэж байгаа илт хууль бус үйлдэл буюу 2022 онд акт гаргах үед хүчингүй болчихсон хуулийг үндэслэсэн гэж нэхэмжлэгч үзэж байгаа юм.

3.2. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр ашигт малтмалыг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд АМНАТ төлөхөөр зохицуулсан боловч энэ хуулийн нэмэлт өөрчлөлт нь маргаан бүхий байдалтай явсаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүчингүй болсон. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус заалтад дахин нэмэлт өөрчлөлт орж ашигт малтмалыг экспортлогч этгээд АМНАТ төлөхөөр зохицуулагдсан. Нэхэмжлэгч “СМ” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хуулийн дагуу АМНАТ төлөгч болж байгаа бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны АМНАТ-ыг мөн төлөх зохицуулалтыг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулж өгсөн тул нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт орсон 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүчингүй болсон гэж үзэж, энэ хугацааны АМНАТ нөхөн ногдуулалт, торгууль алдангийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй уль бус захиргааны акт болно” гэж хуульчилсан бөгөөд Том татварын газраас 2022 онд нөхөн ногдуулалтын акт гаргах үед 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд татвар ногдуулах эрх зүйн үндэслэл байхгүй байхад дээрх хугацаанд татвар, алданги торгууль ногдуулсан нь илт хууль бус гэж үзэж байна. Хариуцагчаас хуулийг буцаан хэрэглэх буюу хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэж татвар, торгууль, алданги ногдуулах хуулийн үндэслэлээ тайлбарлаагүй, нотлоогүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын хооронд татварын харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагатай нийцсэн байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

  1. Талуудын маргааны зүйл нь хууль хэрэглээний талаар буюу Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хуулиар өөрчилж, хүчингүй болсонтой холбогдуулан түүнийг хэрхэн мөрдөж, хэрэглэх эсэх талаар байна.

 

Нэг. Маргааны үйл баримтын талаар;

 

3. ТЕГ-ын ТТТГ-ын  Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М , М.О нар нь “СМ” ХХК-ийн /ГХО/ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтөд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийжээ.

 

4. Улмаар хяналт шалгалтаар илэрсэн нийт 197,679,549,894.23 төгрөгийн зөрчилд 9,966,956,632.75 төгрөгийн нөхөн татвар, 3,624,193,242.89 төгрөгийн торгууль, 2,026,362,907.51 алданги, нийт 15,617,512,783.15 төгрөгийн төлбөрийг татвар төлөгч “СМ” ХХК-аар төлүүлэхээр тогтоож, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн НА-21220000*** тоот нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байна.

 

5. Нэхэмжлэгчээс маргаан бүхий акт болох нөхөн ногдуулалтын актаар тогтоосон дээрх зөрчлүүдээс хугацаа болон ашигт малтмалын төрлөөс хамааралтайгаар 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд төмрийн хүдрийн борлуулсан, экспортолсон дүнд тогтоосон нөхөн төлбөрийг эс зөвшөөрч маргасан байна.

 

6. Ингэхдээ үндэслэлээ “... 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хуульд орсон өөрчлөлтийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болохоор зохицуулагдсан ч 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр уг заалт хүчингүй болсноор төлбөр төлөгч биш болсон байхад ... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар орсон нэмэлт өөрчлөлтийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр акт тогтоохдоо баримталж тус компанийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч хэмээн үзэж төлбөр нөхөн ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47.1.4 гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.7 бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж илт хууль бус, нөхөн ногдуулалтын актын тухайн хэсэг илт хууль бус тул акт бүхэлдээ илт хууль бус болно хэмээн” тодорхойлсон.

 

Хоёр. Хууль хэрэглээний талаар;

 

7. Монгол Улсын Их хурлаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” гэж өөрчилжээ.

 

8. Дээрх хуулийн зүйл, хэсэг, заалтыг хянан үзээд “Үндсэн хуульд нийцээгүй” хэмээн дүгнэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдааны 03 дугаар дүгнэлтээр 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс түдгэлзүүлсэн бол Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Их суудлын хуралдаанаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

9. Ийнхүү маргаантай асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль /1992 оны/-ийн 8 дугаар зүйлийн 2-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургаадугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана”, 5-т “Хууль,... нь Үндсэн хуульд нийцээгүй гэх Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, эсхүл маргаантай асуудлыг дахин хянан үзэж Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, ... бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно.”, 6-д “Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж заасан чиг үүрэг, эрх хэмжээний дагуу хянан үзэж, эцсийн шийдвэр гарсан өдөр маргаан бүхий хуулийн зүйл, хэсэг, заалт буюу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн хэмээн тогтоож, хүчингүй болгосон тул үйлчлэл дуусгавар болно.

 

10. Энэхүү Улсын Их Хурлаас баталсан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөн найруулсан зүйл, хэсэг, заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны эцсийн шийдвэр гарсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

 

11. Нэхэмжлэгч “СМ” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд нь гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж экспортолсон барааны мэдээлэл /хх-28-61 тал/, Татварын албанд өгсөн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ярилцлагын тэмдэглэл /хх-194 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар 2018 онд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байх хугацаандаа олборлосон жоншоо 2018, 2019 онд экспортолсон, мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт “М” ХХК-аас худалдан авсан төмрийн хүдрийн баяжмалыг БНХАУ-руу экспортолсон болох нь тогтоогджээ.

 

12. Үүнээс үзэхэд, маргаж буй хугацаа буюу 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу “ашигт малтмал худалдахаар ачуулсан хуулийн этгээд” нь “СМ” ХХК байх тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

13. Иймд татварын улсын байцаагч нараас нэхэмжлэгч “СМ” ХХК-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан акт тогтоохдоо 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт өөрчлөлт болох Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан тус компанийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж үзэж, төлбөр хариуцуулсан нь хуульд нийцсэн, шүүхийн дүгнэлтээр тодруулсан “...2018 он, 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд төмрийн хүдрийн гаалийн мэдээгээр борлуулалтад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд төмрийн хүдрийн экспортын дүнгээр 48,833,163,956.48 төгрөгийн борлуулалтад 3,204,037,644.39 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан ...” гэх нэхэмжлэгч энэ дүнгээр маргасан хэсэг нь “илт хууль бус захиргааны акт” гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

14. Тодруулбал, дээрх акт нь нэхэмжлэгчийн тодорхойлсноор захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, гүйцэтгэх этгээд тодорхой бус, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.6, 47.1.7-д заасан захиргааны акт илт хууль бус болох үндэслэл, тохиолдол илэрсэнгүй.

 

15. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...Том татварын газраас 2022 онд нөхөн ногдуулалтын акт гаргах үед 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд татвар ногдуулах эрх зүйн үндэслэл байхгүй байхад дээрх хугацаанд татвар, алданги, торгууль ногдуулсан нь илт хууль бус үйлдэл” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

16. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч “СМ” ХХК-ийн хүсэлтээр 3 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх хаягаар болон [email protected] цахим шуудангийн хаяг руу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2/0900 дугаартай албан бичгийг тус тус хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хариуцагч нар болон тэдгээрийн төлөөлөгч нарын хүсэлтийг харгалзан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-т “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх ... бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.”, 91.6-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх хэргийг энэ хуулийн 91.5-д заасны дагуу шийдвэрлэж болно.” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0894 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                      Т.ЭНХМАА