Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2573

 

П.Ж.Ж.

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02602 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Мексик улсын иргэн П.Ж.Ж., хариуцагч “ХЭ” ХХК-д холбогдуулан гаргасан цалин хөлс, онгоцны тийзийн зардалд нийт 22 083 ам.доллар буюу 53 051 095 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Д.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь “ХЭ” ХХК-д нисгэгчээр 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр компанийн зүгээс санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай саналыг тавьж, улмаар нэхэмжлэгч Ж.Ж.П-д 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх цалин болон онгоцны тийзийн зардалд нийт 22 083 ам.долларыг 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө графикийн дагуу төлж барагдуулахаар гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл “ХЭ” ХХК нэхэмжлэгчид дээрх мөнгийг өгөөгүй. Би түүний өмнөөс дээрх мөнгийг нэхэмжилж өөрийн биеэр тус компанийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзсан боловч хариуцагчаас төлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд гэрээнд заасан 22 083 ам.доллар буюу 53 051 095 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “ХЭ” ХХК-ийн төлөөлөгч П.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн манай компанид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр түүний Монгол Улсад оршин суух хугацаа дууссан. 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж хөөн хэлэлцэх тусгай хугацааг заасан. Нэхэмжлэгч нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох тухай хэлцэлд гарын үсэг зурж, баталгаажуулснаас хойш хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаанд өөрийн цалин хөлсийн тухай шаардлага гаргаж байгаагүй, 3 жилийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар “ХЭ” ХХК-д холбогдуулан гаргасан цалин, онгоцны тийзийн зардал нийт 22 083 ам.доллар буюу 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1 ам.долларыг Монгол банкны ханшаар 2402.35 төгрөгөөр хөрвүүлснээр 53 051 095 төгрөг гаргуулахыг хүссэн П.Ж.Ж. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423 205 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Ж.Ж.П нь “ХЭ” ХХК-д нисгэгчээр 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр компанийн зүгээс санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох санал гаргаж, түүнд 7, 8 дугаар сарууд болон 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалин, эх оронд нь буцах онгоцны тийзийн зардалд нийт 22 083 ам.долларыг 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар хариуцагч компанийн захирал Б.Б, санхүүгийн хэлтсийн дарга Т.Н, Ж.Ж.П нар гарын үсэг зурж, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Т-14/19 тоот албан бичгээр харилцан тохиролцжээ” гэж гэрээний агуулгыг зөв тодорхойлсон.

Ийнхүү гэрээний агуулгыг албан бичгээр харилцан тохиролцсон талуудын хооронд байгуулсан гэрээ гэж томьёолсон боловч “... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргахаар заасан ба бусад хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн ганцаарчилсан маргааны талаарх гомдлоо дээр дурдсанаар 3 сарын дотор харьяаллын дагуу маргаан таслах комисс, эсхүл шүүхэд гаргах учиртай” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааны талаар маргаан үүсгээгүй бөгөөд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсны дараах үйл баримт буюу 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Т-14/19-0 тоот албан бичгээр харилцан тохиролцож, байгуулсан хэлцлийн талаар маргаан үүсгэсэн тул шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбогдох шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасныг баримтлах ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

            Нэхэмжлэгч Мексик Улсын иргэн Ж.Ж.П шүүхэд хандан, “ХЭ” ХХК-иас цалин хөлс болон замын зардалд 22 083 ам.доллар буюу 53 051 095 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

            Зохигчдын хооронд 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсч, улмаар хариуцагчийн зүгээс 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрээ цуцлах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн авч, мөн сарын 25-ны өдөр талууд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, гэрээ цуцлах болон өр төлбөрийг төлөх нөхцлийн талаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хэлцэл хийсэн байна. Энэхүү үйл баримтын талаар талууд маргаангүй, харин хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан цалин хөлсийг шаардах эрхийн хугацаа дууссан гэж маргасан байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Ж.П, хариуцагч “ХЭ” ХХК нар 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хийсэн хэлцэлд хариуцагч тал нэхэмжлэгчид ажилласан хугацааны цалин буюу 2014 оны 7, 8 сарын цалин 16 000 ам.доллар дээр нэмж 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх цалинд 2 933 ам.доллар болон Мексик Улс руу явах онгоцны зардалд 3 150 ам.доллар, нийт 22 083 ам.долларыг 2014 оны 8 дугаар сарын 22-ноос өмнө төлөхөөр харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтаар нотлогдсон гэж үзнэ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж байгаа зохигчийн тайлбар нь өөрөө нотлох баримт болдог.

            Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлэх ёстой бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр тохиролцсон төлбөр төлөхийг шаардах эрхтэй. Энэ үүргийг шаардах эрхийн хугацаа нь хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацаанд хамаарах тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Хариуцагч “ХЭ” ХХК, нэхэмжлэгчид 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төлбөр төлөх үүрэг хүлээсэн бөгөөд үүнээс хойш 3 жилийн дотор буюу 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй болно.

Анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрээг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүйн улмаас талуудын хооронд үүссэн үүргийн харилцааг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02602 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “ХЭ” ХХК-иас 53 051 095 /тавин гурван сая тавин нэгэн мянга ерэн таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ж.П-д олгосугай” гэж, 2 дахь заалтыг “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “ХЭ” ХХК-иас 423 205 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ж.П-д буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                          Д.БАЙГАЛМАА

                                               Ч.ЦЭНД