Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/25

 

 

 

 

 

                                   2021/ШЦТ/25

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ц.Сайнзаяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, Г.ЭнхБ

Шүүгдэгч: Т.Э, П.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тын Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Пагмын Ж нарт холбогдох 2012000000321 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан баг, .......................... гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Тын Э/РД:АП.........................../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 1, ганцаараа Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан баг, ....................... гэх газар оршин суух хаягтай, О овогт Пагмын Ж/РД:АП......................../

 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

            Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цохиот гэх газарт малын бэлчээрээс болж маргалдан, иргэн П.Ж руу чулуу шидэж, улмаар эрүүл мэндэд нь цээжний баруун талд 11, 12 дугаар хавирганы суганы арын шугамаарх бага зэрэг зөрүүтэй гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч П.Ж нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цохиот гэх газарт малын бэлчээрээс болж маргалдан, иргэн Т.Эыг уургаар цохиж, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

             *Шүүгдэгч П.Жы шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Т.Э намайг дандаа тэнэг дэбил гэж дуудаж, намайг зоддог. Одоо гараад яахыг нь мэдэхгүй байна. Би тухайн үед Т.Эын  толгой руу цохиогүй, намайг байнга зоддог...” гэх мэдүүлэг,

 

              *Хохирогч Т.Эын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

 

            *Эрүүгийн 2012000000321 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч П.Жы өгсөн:

“...2020 оны 09 дүгээр сарын 03-ны орой 18 цагаас хойш шиг санаж байна. Тугалаа уячхаад байж байтал Л.Баа гэдэг хүний үхэр манай өвөлжөөний хашаа руу орох гээд явж байхаар нь би үхрийг нь туугаад холдуулаад явж байтал Л.Баагийн малчин Баавгай /Э/ морьтой ирэхээр нь чи үхрээ жаахан холхон туучих гэсэн чинь намайг дибилээ мэдрэлээ гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би үхэр туухдаа барьж явсан шилбүүрээр Баавгайгийн нуруу руу нь ороолгосон. Тэгсэн чинь бууж ирээд горхины захаас чулуу аваад над руу шидэхээр нь би морьтой зугтаасан чинь миний баруун бөөр хавьцаа шидсэн чулуу нь оносон. Урд өмнө намайг дандаа хэл амаар доромжлоод мангар дибилээ гээд чулуу модоор цохих гээд байдаг. Би хэрэлдэж маргалдаад байдаггүй. Манай өвөлжөө Л.Баагийн өвөлжөөтэй хамрын наана цаана байдаг юм үхэр мал бэлчээхгүй байнга хөөж туугаад байдаг. Э гэдэг хүн Л.Баагийн малыг малладаг малчин байгаа юм. Рентген зураг авахуулах гэсэн аппарат нь эвдэрсэн гээд аваагүй гэрэлд харуулсан чинь 11, 12 дугаар хавирга хугарсан, бага зэргийн шингэнтэй байна гэж картан дээр бичсэн байна лээ одоо бөөр нуруугаар татаж өвдөөд байгаа. Би Баавгайтай хэрэлдэж маргалдаагүй үхэр нь манайд ойртоод ирэхээр холдуулаад тууж байтал Э морьтой ирэхээр нь би чи үхрээ жаахан зайтай туухад яадаг юм бэ гэсэн чинь мангараа дибилээ гэхээр нь би уур хүрээд барьж явсан

шилбүүрээрээ нуруун дундуур нь ороолгосон тэгсэн мориноосоо бууж ирээд горхины захаас чулуу аваад над руу шидэхээр нь би зугтаасан чинь миний баруун бөөрний орчимд нөгөө чулуу нь оносон. Би мориноосоо буугаад намайг оносон чулууг нь аваад Л.Баагийн гэрт очоод Баавгай намайг энэ чулуугаар цохисон гэсэн чинь Л.Баа над руу хагалсан мод шидэхээр нь би яваад өгсөн. Намайг урд өмнө 2-3 удаа цохиж зодож байсан тэр үед нь би цагдаад болон гэрийнхэндээ хэлээгүй сая зодохоор нь гэрийнхэндээ хэлсэн. Уг нь гайгүй гэхдээ миний бөөр нуруугаар байнга өвдөөд байгаа юм сууж босох гэхээр хэцүү татчих гээд өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-14 дүгээр тал/

 

           *Хохирогч Т.Эын өгсөн:

           “...2020 оны 09-р сарын 03-ны орой 18 цагийн үед тугалаа хашаад үхрээ гэрийнхээ урд руу туусан чинь П.Ж над руу ирээд чи үхрээ цааш нь өөр газар руу туу гэхээр нь би өөр газар руу цааш нь туусан. Тэгсэн П.Ж өөр юм яриагүй яваад өгсөн. Тэгсэн орой 20 цагийн үед байх П.Жы үхэр гэрээсээ 1 км орчим зайтай газар бэлчиж байсан манай бух П.Жы үхэр рүү гүйгээд үхэрт нь нийлэхээр нь би наанаас нь явж очихдоо П.Жы гэрийн урдуур гараад үхэр рүү нь яваад бухаа туугаад явж байтал П.Ж гэрийнхээ гаднаас уургаа аваад мориндоо мордоод миний араас хүрч ирээд юу ч ярилгүй миний толгой руу уургаараа 3 удаа цохичхоод эргээд зутгахаар нь би араас нь явж байгаад мориноосоо буугаад газраас чулуу аваад шидсэн чинь нурууны баруун талд нь оносон П.Ж тэндээсээ гэр рүүгээ явсан. Би бухаа тууж үхэртээ нийлүүлээд хонь руугаа яваад өгсөн. Миний толгой, нуруу хэсэг рүү барьж явсан уургаараа 3 удаа цохисон би араас нь явж байгаад мориноосоо буугаад газраас чулуу аваад шидсэн чинь П.Жы нуруу хэсэгт нь оносон. Хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Үхэрээ цааш нь туу гэхээр нь би цааш нь өөр газар луу туусан тэгсэн манай бух П.Жы үхэр рүү очоод нийлэхээр нь би араас нь бухаа авах гээд явж байхад П.Ж гэрээсээ гараад мориндоо мордож байсан. Тэгээд миний араас ирсэн.  Мал идээ бэлчээрээс болж 2-3 хэрэлдэж маргалдаж байсан. Өөр маргалдаж байгаагүй. Би П.Ж гэдэг хүнтэй зодолдож байгаагүй. Намайг зүгээр бухаа туугаад явж байхад араас ирээд толгой, нуруу руу уургаараа 3 удаа цохихоор нь уур хүрээд чулуу аваад шидчихсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-20 дугаар тал/

 

           *Гэрч П.Бы өгсөн:

           “...2020 оны 09 сарын 03-ны орой 19 цагийн үед санагдаж байна, би хаваржаа руугаа явж мод татаад гэртээ ирсэн. Тэгсэн манай гэрийн урд талын өлөнд манай ах П.Ж морьтой, Т.Э бас морьтой явсан. Тэгсэн хоёулаа маргалдаад байгаа бололтой чанга чанга яриад байсан. Миний сонссоноор Т.Э манай ах П.Жыг мангараа, дибилээ гээд байсан. Манай ах группт байдаг. Тэгсэн манай ах уур нь хүрсэн юм байлгүй барьж явсан шилбүүрээрээ Т.Эын нуруу руу нь ороолгохоор нь би ахыгаа боль нааш ир гэж дуудсан. Тэгсэн манай ах гэр рүүгээ морьтой явж байсан чинь Т.Э араас нь морьтой ирж байснаа горхиноос чулуу аваад манай ахын араас шидсэн. Тэгсэн шидсэн чулуу нь манай ахын нуруу руу оносон. Манай ах Баавгай намайг чулуугаар цохичихлоо гээд ирсэн. Би Баавгай/Э/-г яаж байгаа юм боль гэсэн миний урдаас хэрэлдээд байсан. Ер нь Э манай ахыг зодоод байдаг. Миний мэдэж байгаагаар 2-3 удаа зодсон. Э нь Баа гэдэг айлын малыг малладаг. Үхэр малын бэлчээрээс болж хэрэлдсэн гэсэн. Үхрээ манай өвөлжөө рүү ороод байхаар нь манай ах үхрийг нь туусан чинь ирээд яагаад үхэр туугаад байгаа юм гэхээр нь танай үхэр өвөлжөө рүү ороод байна гэсэн чинь мангараа дибилээ гэхээр нь шилбүүрээр ороолгосон гэсэн өөр хэрэлдсэн зүйл байхгүй гэсэн. Чулуу шидээд нуруу руу нь оносон гэсэн гэрэлд харуулсан чинь 11, 12-р хавирга хугарсан, картан дээр нь бичсэн байна гэсэн. Өөрөө болохоор баруун бөөр рүү өвдөөд байна, татчих гээд байна сууж босоход хэцүү байна гэж байсан. Миний атгасан гараас том чулуугаар цохисон байна лээ. Манай ах сүүлд нь энэ чулуугаар намайг цохисон гээд аваад ирсэн байсан. Надтай 1 удаа хэрэлдэж байсан, манай ахтай таарахаар мангар дибилээр нь дуудаад зодох гээд байдаг гэсэн. Ер нь Т.Э болон Баа нар бэлчээр булаацалдаад муу гуйлгачингууд зайлцгаа гээд хөөгөөд байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-25 дугаар тал/

 

*Яллагдагч Т.Эын өгсөн:

“...Би уулзаад уучлалт гуйсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 62-64 дүгээр тал/

 

*Яллагдагч П.Жы өгсөн:

“...Би 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай өвөлжөөн дээр Баагийн үхэр ирсэн байхаар нь би очоод үхрийг нь тууж байсан чинь Баавгай /Э/ ирэхээр нь үхрээ миний дүү хол туучих гэсэн чинь намайг Баавгай /Э/ дибилээ мангараа мэдрэлээ гэж дуудаад байсан тэгснээ чамд ямар хамаатай юм бэ танай өвөлжөөг идэхэд яадаг юм бэ гээд мориноосоо буугаад газраас чулуу аваад над руу шидсэн чулуу нь миний нурууны баруун тал руу оносон тэгэхээр нь миний уур хүрээд барьж явсан шилбүүрээрээ нуруу руу хөндлөн 1 удаа ороолгосон. Би нэг удаа шилбүүрээр ороолгосон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Манай өвөлжөөний өвсний хашаа руу Баагийн үхрүүд орохоор нь хөөж гаргаад байж байтал Баавгай /Э/ морьтой давхиж ирэхээр нь би миний дүү танай үхэр өвсний хашаа руу ороод байна хол туучих гэсэн чинь намайг дибилээ, мангараа мэдрэлээ гээд байсан би эргээд морьтой явж байтал миний араас чулуу шидсэн, шидсэн чулуу нь миний нурууны баруун хэсэг рүү цохисон тэгэхээр нь би барьж явсан шилбүүрээрээ нуруу руу нь 1 удаа хөндлөн ороолгосон. Надтай тааралдах болгондоо намайг хэл амаар доромжилж, мэдрэлээ дибилээ гэж дууддаг чамайг алчихсан байхад хүүрэн дээр чинь ирэх хүн байгаа юм уу гэж хараагаад доромжлоод байдаг. Сая чулуу шидэж хавирга хугалахаас өмнө мотоцикльтой ирчихээд над руу чулуу шидээд байсан. Өр авлага, өс хонзонгийн ямар нэг асуудал байхгүй. Малын бэлчээр болон өвөлжөөний асуудлаас болоод хэрүүл маргаан гараад байдаг юм. Тэр үед нь би мэддэггүй байсан юм намайг дээрэлхээд янз бүр болохоор нь би заримдаа Хандаа эгчид хэлдэг заримдаа хэлдэггүй байсан. Тэгээд сая чулуугаар цохиулаад яаж тэсэх вэ гэж бодоод цагдаад гомдол гаргасан. Би маш их гомдолтой байна намайг дээрэлхээд байдагт нь би гомдоод байдаг юм. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-71 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 476 дугаартай“...П.Жы биед цээжний баруун талд 11,12-р хавирганы суганы арын шугамаарх бага зэрэг зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 34 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 507 дугаартай“...Т.Эын биед, 2-р шатлалын эмнэлгийн амбулаториор эмчлүүлэгчдийн картны мэс заслын эмчийн үзлэгийн бичлэгээс үзэхэд тархи доргилт гэмтэл учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1- д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Учирсан тархи доргилт гэмтлийг хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэнийг тогтоох боломжгүй. 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан рентген харалтын бичлэгээс харахад гавал ясанд гэмтлийн ба бүтцийн өөрчлөлт байхгүй, нүдний эмчийн үзлэгт ямар нэгэн өөрчлөлт тусгагдаагүй байна...” дүгнэлт /хх-ийн 44 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83, 89 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цохиот гэх газарт иргэн П.Ж нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Т.Э нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цохиот гэх газарт малын бэлчээрээс болж шүүгдэгч Т.Э, П.Ж нар нь маргалдан, шүүгдэгч П.Ж нь Т.Эыг уургаар цохин эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Т.Э нь  П.Ж руу чулуу шидэж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.Жы”...Тугалаа уячхаад байж байтал Л.Баа гэдэг хүний үхэр манай өвөлжөөний хашаа руу орох гээд явж байхаар нь би үхрийг нь туугаад холдуулаад явж байтал Л.Баагийн малчин Баавгай /Э/ морьтой ирэхээр нь чи үхрээ жаахан холхон туучих гэсэн чинь намайг дибилээ мэдрэлээ гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би үхэр туухдаа барьж явсан шилбүүрээр Баавгайгийн нуруу руу нь ороолгосон. Тэгсэн чинь бууж ирээд горхины захаас чулуу аваад над руу шидэхээр нь би морьтой зугтаасан чинь миний баруун бөөр хавьцаа шидсэн чулуу нь оносон. Урд өмнө намайг дандаа хэл амаар доромжлоод мангар дибилээ гээд чулуу модоор цохих гээд байдаг...” гэх мэдүүлэг, хохирогч Т.Эын”...2020 оны 09-р сарын 03-ны орой 18 цагийн үед тугалаа хашаад үхрээ гэрийнхээ урд руу туусан чинь П.Ж над руу ирээд чи үхрээ цааш нь өөр газар руу туу гэхээр нь би өөр газар руу цааш нь туусан. Тэгсэн П.Ж өөр юм яриагүй яваад өгсөн. Тэгсэн орой 20 цагийн үед байх П.Жы үхэр гэрээсээ 1 км орчим зайтай газар бэлчиж байсан манай бух П.Жы үхэр рүү гүйгээд үхэрт нь нийлэхээр нь би наанаас нь явж очихдоо П.Жы гэрийн урдуур гараад үхэр рүү нь яваад бухаа туугаад явж байтал П.Ж гэрийнхээ гаднаас уургаа аваад мориндоо мордоод миний араас хүрч ирээд юу ч ярилгүй миний толгой руу уургаараа 3 удаа цохичхоод эргээд зутгахаар нь би араас нь явж байгаад мориноосоо буугаад газраас чулуу аваад шидсэн чинь нурууны баруун талд нь оносон П.Ж тэндээсээ гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Бы”...Тэгсэн манай гэрийн урд талын өлөнд манай ах П.Ж морьтой, Т.Э бас морьтой явсан. Тэгсэн хоёулаа маргалдаад байгаа бололтой чанга чанга яриад байсан. Миний сонссоноор Т.Э манай ах П.Жыг мангараа, дибилээ гээд байсан. Манай ах группт байдаг. Тэгсэн манай ах уур нь хүрсэн юм байлгүй барьж явсан шилбүүрээрээ Т.Эын нуруу руу нь ороолгохоор нь би ахыгаа боль нааш ир гэж дуудсан. Тэгсэн манай ах гэр рүүгээ морьтой явж байсан чинь Т.Э араас нь морьтой ирж байснаа горхиноос чулуу аваад манай ахын араас шидсэн. Тэгсэн шидсэн чулуу нь манай ахын нуруу руу оносон. Манай ах Баавгай намайг чулуугаар цохичихлоо гээд ирсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Т.Э, П.Ж нарын мэдүүлэг, П.Жы биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 478 дугаартай дүгнэлт, Т.Эын биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 507 дугаартай дүгнэлт, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Т.Эын хүний биед цээжний баруун талд 11,12-р хавирганы суганы арын шугамаарх бага зэрэг зөрүүтэй хугарал бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч П.Жы хүний биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Эын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Жы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч П.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Ж нь би Т.Эын толгойн тус газар цохиогүй, шилбүүрээр нуруун тус газар нь цохисон гэж маргаж байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй, түүний үйлдлийн улмаас хохирогч Т.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Т.Эын хохирогчоор өгсөн мэдүүлэг, П.Ж, Т.Э хоёр нь тухайн цаг хугацаанд маргалдан, бие биенийхээ биед халдсан болохыг мэдүүлсэн гэрч П.Бы мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна гэж үзэв.

Хохирогч П.Жы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирол төлбөртэй холбогдуулан эмчилгээ хийлгэсэн гэх 372450 төгрөгийг баримт ирүүлсэн тул уг хохирлыг шүүгдэгч Т.Эаас гаргуулан хохирогчид П.Жд олгох нь зүйтэй байна. Харин хохирогч Т.Э нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч П.Жыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч  Т.Э, П.Ж нарт эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгч Т.Э нь 4/дөрөв/ хоног цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож оногдуулсан ялаас хасч,  хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн алаг өнгийн чулуу 1/нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Б овогт Тын Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О овогт Пагмын Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Ж нь 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, П.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эын цагдан хоригдсон 4/дөрөв/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /600.000-60.000=540.000/ тооцож торгох ялаас хассугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эаас 372.450/гурван зуун далан хоёр мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан баг, ..........................гэх газар оршин суух хаягтай, хохирогч О овогт Пагмын Ж/РД:АП................./-д олгосугай.

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн алаг өнгийн чулуу 1/нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

           8. Шүүгдэгч Т.Э нь 4/дөрөв/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч П.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

           9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР