Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2018/00646

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 8 дугаар баг, Буур хээр 2 хэсэг гудамж, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******, утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 1 байр,  тоотод оршин суух ******* овгийн /РД:, утас: /-д холбогдох

 

“6,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Иргэн А.******* нь 2017 оны 08 сарын 17-ны өдөр иргэн Н.тэй автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Hyundai Porter 2  маркийн автомашин худалдан авч өөрийн эзэмшилдээ шилжүүлсэн боловч уг автомашин нь Улаанбаатар хотоос ******* явах замдаа мотор нь эвдэрч замдаа засвар үйлчилгээ хийгдэх боломжгүй болсон. Энэ байдлыг тус машинд зорчиж явсан зорчигч А.Долгорсүрэн, уг машиныг ******* аймаг хүргэсэн М.Гантулга нар нотолж байгаа. Худалдагч Н. нь худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, эд хөрөнгийн доголдол бүхийн машиныг худалдан авагчид шилжүүлсэн учраас худалдан авагч 2017 оны 08 сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээ цуцлахыг шаардан уг гэрээнээс татгалзаж байна. Худалдан авагч А.******* нь 2017 оны 08 сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж байгаа учраас худалдагч Н.ээс 6,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нэхэмжлэгч: 2017 оны 8 дугаар сард манай гэр бүлийн хүн нурууны хагалгаанд орох гээд Улаанбаатар хотод явж байсан. Манайх гэр хороололд байдаг учир түлээ түлшээ зөөхөд машин хэрэгтэй гээд тухайн портер машиныг зарна гэсэн байсан зарыг интернетээс үзээд Н.тэй утсаар холбогдож Цайз захын тэнд уулзахаар болоод үзэж хараад авахаар болтол  итгэмжлэлийн хугацаа дууссан байна гээд итгэмжлэлээ сунгуулахаар Төв аймагруу жижиг тэрэг хөлслөөд явсан. Эргээд иртэл ажлын цаг дууссан байсан учир Автотээврийн газар хаагаад явсан байсан. Маргааш нь Н.ийн нөхөр нь ирээд  тухайн машиныг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Машинаа аваад ******* аймаг руу явахаар замдаа гараад 100 гаруй километр газар хар замаар явж байтал машин гэнэт унтраад  асахгүй байсан. Тэгээд Н. рүү утсаар яриад машин унтарчихлаа ямар нэгэн асуудал байсан уу? Нөхрөө яриулаад өгөөч гэтэл яриулаагүй. Тэгээд ******* аймгаас машин дуудаад машинаа чирүүлсэн. Гайгүй бол засуулаад авчихъя гэтэл засуулах боломжгүй, засаж чадах хүн байхгүй, портерын мотор авч тавих гэхээр 2 сая төгрөгийн үнэтэй байсан учир Н. рүү яриад учир байдлаа хэлээд машин засуулахад туслалцаа үзүүлэх үү гэхэд туслахгүй гэсэн. Иймд тухайн машин нь засвар авах боломжгүй учир 6.500.000 төгрөгийг Н.ээс гаргуулах хүсэлттэй байна. Би өөрөө машин сайн мэдэхгүй учир сайн шалгаж аваагүй. Өнгө үзэмж нь гайгүй учир итгээд авсан. Мөнгөө өгөхдөө асуудал байвал хэлээрэй гэтэл ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Энэ портерыг анхнаасаа хэрэглэж байсан гэсэн боловч нэхэмжлэлд 2 сарын өмнө худалдаж авсан гэдгээ хэлсэн байдаг. Төв аймаг руу жижиг тэргээр явсан. Үнэхээр өөрийн машин нь зүгээр байсан бол өөрийн машинаар явах байсан байх гэтэл өөр машин хөлсөлж явсан гэдгээс харахад тухайн машин нь эвдрэлтэй байсан гэдэг нь тодорхой байгаа.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тухайн өдөр машиныг 2-3 хүн очиж үзэж шалгаж авсан ч гэсэн доголдлыг мэдэх боломжгүй байсан. Учир нь машин сайн мэдэхгүй учир асааж үзээд л гаднах өнгө үзэмжийг нь хараад л авсан байдаг. Гэтэл хотоос 100 км гаруй явсны дараа моторын гэрэл нь асаад унтарсан гэдэг. Энэ талаар гэрч нар мэдүүлсэн байдаг. Хариуцагч итгэмжлэлээ сунгуулахдаа яагаад өөрийн машинаараа яваагүй вэ гэдэг нь асуудалтай. Үнэхээр доголдолгүй байсан бол Төв аймаг руу унаад явах байсан. Доголдолтой гэдгийг өөрсдөө мэдэж байсан. Эд хөрөнгийн доголдолтой гэдгийг мэдсээр байж зарсан. Машин унтарсны дараа Н. рүү залгаад ийм доголдолтой байна гэж хэлэхээр хариу хэлдэггүй, аргаа ядаад шүүхэд хандсан. Эд хөрөнгийн доголдолтой бараа хүлээлгэн өгсөн учир Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-д зааснаар шаардах эрхээ эдлээд гэрээгээ цуцлаад мөнгөө эргүүлэн авах эрхтэй. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-д зааснаар тухайн доголдлын талаар хариуцагчид сануулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Н. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Манай нөхөр Б.Баттулга бид хоёр Hyundai porter2 маркийн автомашинаа зарахаар Үнэгүй.мн сайт дээр зар тавьсны дагуу 2017 оны 08 дугаар сарын 16-ны орой А.******* нь утсаар манай нөхөртэй холбогдож, машин үзэхээр болж маргааш өглөө нь буюу 2017 оны 08 дугаар сарын 17-ны өглөө нь Цайз захын хажуугийн Шунхлай шатахуун түгээх газар гурван эрэгтэй хүн ирж манай машиныг асааж, жолоодон явж, мотор эд ангийг нэг бүрчлэн шалгаж үзээд авахаар болсон. Ингээд нотариатын газар очсон боловч уг машины өмнөх эзнээс миний хийлгэж авсан итгэмжлэлийн хугацаа дууссан байсан тул Төв аймгийн Зуунмод сум руу өөрийн Hyundai Porter2 машинаараа явж итгэмжлэлийн хугацааг нь сунгаж ирж иргэн А.*******тай “Худалдах, худалдан авах гэрээ” хийж, нотариатаар батлуулж, уг машины 2015, 2016, 2017 оны торгууль болох 180,000 төгрөгийг төлж, торгуулийн ямар нэгэн тооцоогүй машиныг өгч явуулсан. Тухайн үед Н. миний бие нь хуримын ажилтай байсан тул маргааш өглөө нь манай нөхөр Б.Баттулга нь Баянзүрх дүүргийн Авто тээврийн үндэсний төв рүү машин худалдаж авсан хүмүүстэй хамт очиж, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг шилжүүлж өгсөн болно. Уг Hyundai Porter2 маркийн автомашиныг 2017 оны 6 дугаар сард авсан ба буцааж зарах хүртлээ нөхөр бид 2 Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас Дархан-Уул аймаг руу өөрсдийн хонь малыг тээвэрлэж хэд хэдэн удаа явсан ба Улаанбаатар хот руу шилжин суурьшихаар болсон тул ачааны машинаа худалдаалахаар болсон. Бид нарын эзэмшилд байх үед болон худалдах үед Hyundai Porter2 маркийн автомашинд эвдрэл гэмтэл байгаагүй ба нэхэмжлэгч нь манай машиныг маш сайн шалгаж үзэж авсныхаа дараа ийнхүү нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зүгээр явж байсан машин яахаараа энэ хүмүүсийн гар дээр очоод эвдэрсэн гэж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь машиныг унаж явах үед машин хар утаас хаяж, хүч алдаж гэнэт зогссон гэж анх гаргасан нэхэмжлэлдээ бичсэн байсан ба өөрийнх нь ашиглалтын буруугаас машин эвдэрсэн байж болох юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хариуцагчийн тайлбарыг дэмжиж орж байгаа. Итгэмжлэлийг сунгасанд маргаан байхгүй, хариуцагч нар өөрсдийн машинаар явж итгэмжлэл сунгасан гэдэг. А.******* өөрөөсөө гадна өөр 2 хүнтэй хамт ирж машиныг үзсэн. Үзэж авахад ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан учир авсан байж таараа. Нэхэмжлэгч талыг ашиглалтын буюу тээвэрлэлтийн хувьд буруу ашигласан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал яг юунаас болж эвдэрсэн талаар өөрөө нотлоогүй. Машин яагаад эвдэрчихсэн гэдэг талаарх ямар ч баримт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Н. энэ машинг авсан гэдэг нь тогтоогдохгүй гэж байна. Гэтэл нэхэмжлэгч тал Н. гэдэг хүн тухайн машины өмчлөгч гээд нэхэмжлэл гаргаж байгаа. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар харилцаа үүссэнд маргаан байхгүй, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд худалдан авагч талаас доголдолтой холбоотой эрхийг зааж өгсөн гэтэл Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 1.1-д зааснаар үнэхээр доголдолтой байсан бол тэрийг мэдэх байсан. Машин юунаас болж унтарсан гэдгийг нотлооогүй. Тухайн машиныг анх хүлээлгэж өгөхөд Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгч талд эрсдэл нь шилжсэн байгаа. Гэрч Долгорсүрэн нь машиныг гэнэт хүч алдсан гэсэн байдаг. Хүч алдсан гэдэг үгээр ашиглалтын буюу тээвэрлэлтээс болсон гэдгийг тогтоох боломжгүй. Эрх бүхий байгууллагын дүгнэлт байхгүй. Хариуцагч нь доголдолтой машин зарсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5144 тоот  Автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч Н.ээс 6,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...Худалдагч Н. нь худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, эд хөрөнгийн доголдол бүхий машиныг худалдан авагчид шилжүүлсэн... гэж тодорхойлж байгаа бөгөөд хариуцагч ...манай эзэмшилд байх үед болон худалдах үед Hyundai Porter2 маркийн автомашинд эвдрэл гэмтэл байгаагүй ба нэхэмжлэгч нь машиныг маш сайн шалгаж үзэж авсан... гэж маргаж байгаа болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр хуульчилсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 5144 тоот  “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулан Hyundai Porter2 85-12 ТӨВ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг Н. нь А.*******д худалдсан үйл явдал тогтоогдож байна.

Гэрээний 5-д ...Худалдагч автомашиныг худалдан авагчид шилжүүлэн өгөхдөө хүлээлгэн өгөх акт үйлдэнэ. Тус актад худалдан авагч талын хүсэлтээр автомашины бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг зохих шинжилгээний байгууллагаар шинжлүүлсэн баримтыг хавсаргаж болно... гэснээр худалдагч Н. худалдан авагч А.*******д Hyundai Porter2 85-12 ТӨВ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэхдээ шинж байдал, чанарын талаар дурьдсан хүлээлгэн өгөх акт үйлдээгүй энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч Н.ийн ...манай эзэмшилд байх үед болон худалдах үед Hyundai Porter2 маркийн автомашинд эвдрэл гэмтэл байгаагүй ба нэхэмжлэгч нь машиныг маш сайн шалгаж үзэж авсан.. гэсэн татгалзал үндэслэлгүй байна.

Талуудын байгуулсан 5144 тоот  “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний зүйл болсон Hyundai Porter2 85-12 ТӨВ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийн илрэх доголдол, гэмтлийг худалдан авагч А.******* худалдан авах үедээ шууд тогтоох этгээд биш тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, мөн хуулийн 255.1.3. тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 243.2-т  худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй байна.

Иймд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ худалдагч тал болох хариуцагч Н. зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй тул нэхэмжлэгч А.******* Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, хариуцагч Н. гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар  хариуцагч Н.ээс 6,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт дугаар зүйлийн .1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100 190 000 958 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.ээс 118,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.

 

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ