Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/26

 

 

 

 

                                  2021/ШЦТ/26

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Дгийн Бд холбогдох 2012000000369 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг, .................... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Дгийн Б/РД:АО..................../

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Дгийн Б нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг, Ар булан гэх газраас 1330 ширхэг 3.4844м куб шоометр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 47-70 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 382.447 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2012000000369 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Д.Ггийн өгсөн:

“...Д.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Ар булаг гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэж тээвэрлэн Архангай аймгийн Цэнхэр сумын төв рүү орж ирээд баригдсан байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 382.000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Байгаль орчинд учирсан хохирлыг орон нутгийн дансанд 3 нугалсантай тэнцэх хэмжээгээр тогтоон төлүүлж өгнө үү. Манай орон нутгийн данс 100011500914...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-50 дугаар тал/

 

          *Гэрч Н.Эын өгсөн:

           “...2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Ар булаг гэх газар хадам дүү болох Быд өөрийнхөө хэдэн малыг харах гэж очсон. Тэгээд байж байтал Б би маргааш аймаг орох гэсэн юм хоёулаа урд талын уул руу гараад хэдэн мод бэлдээд ачаадахъя гэсэн. Тэгээд бид 2 урд талынх нь хонгорын ар гэх газар руу гарч мод бэлтгээд бууж ирсэн. Тэгээд маргааш нь буюу 10 дугаар сарын 29-ний өдөр Бы гаднаа түлж байсан модноос нарийн бүдүүн нийлсэн 30-д мод нэмж ачаад Цэнхэр сумын төв рүү хөдөлсөн. Би 2 модоо хужаа цахилгаан хөрөө сүх зэрэг багажаар бэлтгэж хадам дүү Бы Портер маркийн 47-70 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. Б мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Хүнд захисан байсан чинь байгаль хамгаалагч хөдөө ажлаар явчихсан байхгүй байна гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-18 дугаар тал/

 

           *Гэрч Н.Эын дахин өгсөн:

           “...Д.Б нь өмнө нь модны бичиг авах гээд хүнд захисан чинь байгаль орчны байцаагч нь байхгүй байна гэж байсан. Би яг мод бэлтгэх үедээ модны бичиг нь ирсэн ирээгүй гэдгийг өөрөөс нь асуугаагүй. Нөгөө захисан гээд байсан хүн нь модны бичгийг нь аваад ирсэн юм байх л гэж бодсон. Д.Быг цагдаа саатуулаад эрхийн бичиггүй байна гэсэн тэгээд л бичиггүй гэдгийг нь мэдээд цагдаад мэдүүлэг өгөхдөө эрхийн бичиггүй байсан гэж мэдүүлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 54-55 дугаар тал/

 

      *Гэрч Ч.Цын өгсөн:

      “...Д.Б нь эрхийн бичиггүй мод тээвэрлэж яваад саатуулагдсан гэж дуулсан. Д.Бы аавынх сургуулийн хүүхэдтэй нь аймгийн төвд байдаг. Тэгээд аавындаа галын түлээ оруулна гээд 2020 оны 10 дугаар сарын эхээр байх мод бэлтгэх эрхийн бичиг байсан. Малчид жилдээ 5куб/метр мод бэлтгэх өрхийн гоожин авдаг. Тухайн гоожингоор бэлтгэсэн модыг өөр газар руу тээвэрлэхэд дахин эрхийн бичиг авах ёстой байдаг. Д.Б надаас мод тээвэрлэх талаар хэлж эрхийн аваагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 3-5 дугаар тал/

 

            *Яллагдагч Д.Бы өгсөн:

            “...Би 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүргэн ах Н.Эын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Ар булаг гэх газрын Хонгорын ар гэх уулнаас галын түлээний мод бэлтгэж өөрийн 47-70 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж гэрийнхээ гадаа очиж хоноод 2020 оны 10-р сарын 29-ний өглөө гаднаа түлж байсан модноосоо 30-д ширхэгийг нэмж ачин Архангай аймгийн Цэнхэр сумын төв рүү орж ирээд цагдаа зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байна хууль бусаар мод тээвэрлэж байна гээд миний тээврийн хэрэгслийг модтой хамт саатуулсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Намайг мод бэлтгэх эрхийн бичиггүй байсныг Э мэдэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-30 дугаар тал/

            

             *Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 827  дугаартай”...шинэс модны үнэлгээ 350.000 төгрөг, 2013 онд авч байсан хуучин хөрөөний үнэлгээг 30.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 66 дугаар тал/

          

             *Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн”...Д.Бы эзэмшлийн 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол улсад орж ирсэн Хюндай Портер маркийн автомашин нь 2020 оны 12 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 2.000.000/хоёр сая/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 65  дугаар тал/

 

             *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн”...3.4844 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /бүх төрлийн хэрэглээний хуурай мод/ шууд үр ашгийн -48.098₮, шууд бус үр ашгийн-64.662₮, нийт 109.760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод, гуалан 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 382.447₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 20-21 дүгээр тал/

 

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг, Ар булан гэх газраас шүүгдэгч Д.Б  нь 1330 ширхэг 3.4844м куб шоометр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 47-70 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 382.447 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б нь үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Д.Ггийн”...Д.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Ар булаг гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэж тээвэрлэн Архангай аймгийн Цэнхэр сумын төв рүү орж ирээд баригдсан байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 382.000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Байгаль орчинд учирсан хохирлыг орон нутгийн дансанд 3 нугалсантай тэнцэх хэмжээгээр тогтоон төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг, гэрч Н.Эын”...Тэгээд байж байтал Б би маргааш аймаг орох гэсэн юм хоёулаа урд талын уул руу гараад хэдэн мод бэлдээд ачаадахъя гэсэн. Тэгээд бид 2 урд талынх нь хонгорын ар гэх газар руу гарч мод бэлтгээд бууж ирсэн. Тэгээд маргааш нь буюу 10 дугаар сарын 29-ний өдөр Бы гаднаа түлж байсан модноос нарийн бүдүүн нийлсэн 30-д мод нэмж ачаад Цэнхэр сумын төв рүү хөдөлсөн. Би 2 модоо хужаа цахилгаан хөрөө сүх зэрэг багажаар бэлтгэж хадам дүү Бы Портер маркийн 47-70 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. Б мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Цын”... Д.Б нь эрхийн бичиггүй мод тээвэрлэж яваад саатуулагдсан гэж дуулсан. Д.Б надаас мод тээвэрлэх талаар хэлж эрхийн аваагүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 382.447 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Бы зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн  үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бы хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Д.Бы хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 382.447 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд уг хохирол болох 1.147.341 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /382.447*3=1.147.341/ нэг сая нэг зуун дөчин долоон мянга гурван зуун дөчин нэг/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 1.147.341 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Быг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар 47-70 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.Бы эзэмшлийнх болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Баас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 47-70 АРХ улсын дугаартай Портер маркийн 2.000.000/хоёр сая/  төгрөгийн үнэлгээ бүхий машиныг хураан, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.147.341 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 852.659 төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 130 ширхэг 3.4844м3 хуурай шинэс модыг тус тус хураан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэдэнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6,  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Х овогт Дгийн Быг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Бд 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 1.147.341/ нэг сая нэг зуун дөчин долоон мянга гурван зуун дөчин нэг/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Баас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 47-70 АРХ улсын дугаартай Портер маркийн 2.000.000/хоёр сая/  төгрөгийн үнэлгээ бүхий машиныг хураан, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.147.341 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 852.659 төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 130 ширхэг 3.4844м3 хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР