Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2018/00694

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД:*******, утас:                               *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** тоотод оршин суух  ******* овгийн ******* ******* /РД: *******,   Утас: ******/-д холбогдох

 

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Т.*******  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           “...Би Казакстанаас 2003 онд ирсэн. Ирсэн жилээс хойш 2004 онд Хабитатад орон байртай болж хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр 2006 оны 11 сарын 07-нд албан ёсны гэр бүлээ батлуулсан. Хамт амьдарснаас хойш 2008.09.19-нд охин , 2011.09.09-нд хүүтэй болсон. ...Мөнхийн хэрүүл, заримдаа зодуулахдаа хэвтэрт ортол зоддог, бие маань сорвигүй байна гэсэн ойлголт байхгүй зовоодог. Цагдаа нарыг байнга дууддаг. 04 сарын 03-нд толгойг минь хагалж, 04 сарын 04-нд нүүр лүү маань цохиж ийм байдалтай байна. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжид авна. 3 хүүхэддээ тэтгэмж тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.”

 

Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би анх 2003 оны 9 сард хэлээ зүгшрүүлэх гээд Монголд ирээд ажил хийж байгаад буцаад Казакстан явах гэтэл С.*******тай таараад танилцаж үерхэж эхэлсэн. С.******* нь тэр хугацаанд архи их ууж надад гарч хүрч байсан. Би тэр үед нь уучлаад өнгөрсөн. Тэгээд би дараа жил нь Дарханд дээд сургуульд сурсан. Сурч байх хугацаандаа  жирэмсэн болж хүүхдээ төрүүлсэн. Тэгээд С.******* бид 2 Хабитатад байр авч амьдарч эхэлсэн. Хамт амьдарч байх хугацаанд байнга архи уудаг, гэртээ ирдэггүй, шөнийн 02:00 цагийн үед орж ирчихээд байнгын хэрүүл хийж агсам тавьдаг байсан. Гэр орны ажил болон наад захын зүйлд тусалж дэмждэггүй, байнга л архи ууж удаа дараа миний эрх чөлөөнд халдаж байсан. Би удаа дараа цагдаад ханддаг байсан боловч С.******* маргааш нь юу ч болоогүй юм шиг уучлалт гуйгаад тэгээд би гомдолгүй гээд өргөдлөө авчихдаг байсан. Би дахин жирэмсэн болсон. Манайхан намайг хүүхдээ авахуул нөхөр чинь чамд хань болохгүй гэдэг байсан боловч би С.Аймутратад итгээд 2 дахь хүүхдээ төрүүлсэн. Гэтэл архи уусан хэвээрээ л байсан. Байгууллагаас нь байр өгөөд байранд амьдарсан. Тэр байр нь ажилчдын байр болохоор ажилчид нь их байдаг нийлээд бүр их архи уудаг болсон. Цалингаа өгөхдөө дандаа дутуу авчирч өгдөг. Нэг удаа агсам тавиад байхаар нь цагдаа дуудаад явуулж байсан. Гэтэл С.******* нь миний байрыг авах гээд намайг цагдаад өгч байна гэж хүмүүст ярьж байсан. Тийм муухай байж болохгүй. Би аргаа ядаад л цагдаад өгч байгаа. Өнөөдрийг хүртэл байнга архи уусаар л байгаа. Би 2006 оноос хойш цагдаад өргөдөл өгч байгаа. Том охиныгоо 2 сартай байхад шүүхэд хандаж байсан. Цаашид хамт амьдарвал нэг л өдөр намайг архинд худалдана эсвэл ална. Байнгын л зодууртай байсан. 2 хүүхдээ ч тайван байлгамаар байна. 2 хүүхэд яаж өсөж байгаа талаар С.******* мэдэхгүй, хамаатан садан гээд бүх хүн болгонтой л хардана. Байнга элдвээр доромжилно. Өргөдөл өгсний дараа сайхан ааштай байж байгаад өргөдлөө авахаар буцаад л урьдын адил болчихно. Эвлэрүүлэн зуучлагч Наранцэцэг С.*******ыг байнга дууддаг байсан. Дуудах болгонд нь архи уугаад л гэртээ байж байсан. Сарын 1 хоног эрүүл байвал их юм. Намайг олон жил тэжээлээ, мөнгөө авъя гэдэг. Би ажил хийж үзсэн боловч С.******* нь хүүхдүүдээ анхаардаггүй архиа уугаад явчихдаг учир 4-р ангийн хүүхэд маань гуйгаад 2 хүүхэд чинь өлсөөд байна та битгий ажил хий л дээ байхаар нь би ажлаасаа гарсан. С.******* нь нэг өдөр согтуу орж ирээд би чиний дээрээс шээнэ гээд байхаар нь би арай ч шээчихгүй байлгүй гээд хөнжилөө нөмрөөд хэвтэж байтал дээрээс шээсэн. Намайг цагдаад өргөдөл өгчихөөд буцаагаад авчихдаг гээд тоохоо больсон. Би хүүхдүүдээ өнөөдрийг хүртэл өөрөө өсгөж ирсэн. С.******* хүүхдүүдээ тоодоггүй, охин маань аавыгаа үзэн ядаад би эмээгийнх рүү явъя гэдэг. Хүү маань байнга надаас салдаггүй, ямар хэцүү зүйл болно тэр болгонд нөхөр миний хажууд хэзээ ч байдаггүй, нөхөр гэж байгаа мөртлөө аав, нөхөр гэх үүргээ биелүүлж чаддаггүй. Би чамайг олон жил тэжээсэн чи ажил хийдэггүй, би чамайг тэжээсэн мөнгөө авъя гэдэг. Эхний өдөр толгойгоо хагалуулсан. Надад гэмтэл учруулсан гээд цагдаагийн байгууллагад  шалгагдаж байгаа.” гэжээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Бидэнд өөр хоорондоо таарч тохирохгүй байх шалтаг шалтгаан байхгүй. Нэгэнт бий болгосон энэ амьдрал, гэр бүлээ бусниулах санаа байхгүй. Хэн аль нь өөрт байгаа дутагдлаа арилгаад хэн хэнийгээ хүндлээд явахад цаашид болохгүй зүйл байхгүй. Иймд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, эвлэрүүлэн зуучлах туслалцаа авах саналтай байна.” гэжээ.

 

Хариуцагч С.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Би архи уудаг нь үнэн. Гэхдээ би хүүхдүүддээ хайртай, хүүүхдүүдийн хүмүүжлийн ажлыг би эхнэртээ даатгачихдаг. Манай эхнэр тэр талдаа дайчин болохоор би оролцоод байдаггүй, би Т.*******ыг Монголд амьдрах түр үнэмлэх авах гэж төлбөрийг нь төлсөн. Хэн аль нь архиа багасгаад хоёулаа уухгүй болчихвол амьдрал болчихно. Манай эхнэр уухаараа ухаанаа алдчихдаг. Цаашид амьдраад байх боломжтой болох байх.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.*******  нь хариуцагч хариуцагч С.*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч С.******* нар нь 2003 оноос хамтран амьдарч 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн хамтран амьдарч байсан  гэр бүл байна.

 Тэдний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр охин , 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүү төрсөн энэ талаар маргаангүй байна.

Гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд бие биенийгээ үл хүндэтгэн, үүссэн маргааныг хүчирхийллийн хэлбэрээр шийдвэрлэж байснаас Т.*******ы биед хөнгөн хэлбэрийн гэмтэл нэг бус удаа учруулж байсан, одоо зөрчилийн улмаас шалгагдаж байгаа  талаар тайлбарлаж байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар гэрлэлтийг цуцлав.

Тэдний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн  охин , 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү ыг асран хамгаалах, сурч боловсрох, эрүүл чийрэг өсгөн бойжуулахад эх Т.*******ы оролцоо их байсныг хариуцагч С.******* үгүйсгээгүй, энэ эрх, үүргийг хэрэгжүүлэх явцад хөдөлмөрлөн гэр бүлд шаардлагатай эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх боломж бага байсан нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс чөлөөлөгдөх, хөдөлмөрлөн гэр бүлээ тэжээн тэтгэж байсан нь хариуцагч С.*******ын хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх давуу талыг олгохгүй болно.

Иймд 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин , 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү нарыг эх Т.*******ы асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байна.

Шүүх хүүхдүүдийг эх Т.*******ы асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхдүүд эх  Т.*******ы  оршин суугаа газрын харьяаллаар төрийн  болон суурь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг С.*******, эх Т.******* нар нь гэрлэлтээ цуцлуулан, тусдаа амьдарснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн  охин , 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү нарт эцэг  С.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй.       

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул  зохигч тус бүрээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 23,616 төгрөгийг нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэл гаргахдаа төлөх байтал 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн банк төрийн сангийн орлогод 70,200 төгрөг төлсөн тул зөрүү 46,584 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож, 23 616 төгрөгийг хариуцагч С.*******аас гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, мөн нэхэмжлэгч Т.******* гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн ХААН банк төрийн сангийн орлогод 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийн, Төрийн банк төрийн сангийн орлогод 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  С.*******аас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож шийдвэрлэв.

                                         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ******* овгийн ******* ******* /РД: *******/, ******* овгийн ******* ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин , 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү нарыг эх Т.*******ы асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар зааснаар 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин , 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү нарт эцэг С.*******аас тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг сар болгон гаргуулан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.*******д төрийн сангийн орлогоос 46,584 төгрөг, хариуцагч С.*******аас 140,400 төгрөг гаргуулан олгож, хариуцагч С.*******аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж 23,616 гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, зохигчид гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

8. Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЮУНДАРЬ