| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0019/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/29 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/29
2021/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгч: Г.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт Ггийн Гт холбогдох эрүүгийн 2112000000009 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо баг, ................... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овогт Ггийн Г/РД:АО....................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000000009 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ц.Оийн өгсөн:
“...Би 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед Бгийн ортол Б, Ч.М, Б, Т, Г.Г нар архи ууцгаагаад сууж байсан. Тэгээд Б эгчдээ архи гаргаж өгнө гээд ширээн доороос “Их монгол” нэртэй архи гаргаж ирээд бид хэд хувааж уугаад байж байхад Т миний төрсөн өдөр мобикомоос утсанд бэлэг ирж байна гэхээр нь дүүгийн төрсөн өдөр юм чинь Б хүргэе гээд 10,000 төгрөг өгсөн чинь банканд мөнгө тушаана гээд гараад явсан. Тэгээд байж байтал архиа дуусаад нөгөө хэд маань та нэг шил архи олоод ир гэхээр нь би авч чадвал буцаад ирье чадахгүй бол шууд харилаа шүү гээд Бгийнхаас гараад дэлгүүр орж нэг шил архи аваад буцаад явж байтал Т таараад цуг Бгийнд очсон. Тэгээд Т миний аваачсан архинаас амсаад дүү Б нь их согтчихсон байсан болохоор аваад явсан. Тэгээд Б, Ч.М, Г.Г бид 4 ууж байгаад дуусах дөхөж байхад Г.Г бид 2 нэг өрөөнд нь муудалцаад над руу агсраад байхаар нь урдаас нь маргалдтал намайг зодохоор нь авраарай гэсэн чинь Б ирээд эмэгтэй хүнийг яаж байгаа юм боль гээд Г.Гыг салгасан. Тэгээд би харилаа гэсэн чинь Ч.М гэр чинь хүйтэн байгаа дулаахан манайд хоно гэхээр нь унтаад өгсөн. Өглөө босоход Г.Г яваад өгсөн байсан. Гарнаас татаж унагаагаад биеийн зүүн талаар өшиглөөд дэвслээд байсан. Миний өмсөж явсан куртикний зүүн талын суг урагдсан байсан. Бид 2 архинаас болж л маргалдсан өөр ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Би Г.Гт гомдолтой байна. Г.Гаас болж надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-8 дугаар тал/
*Гэрч Т.Бын өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 14-нд өглөө гэртээ байж байтал манайд Г хөдөөнөөс орж ирлээ гээд манайд халамцуухан орж ирсэн. Тэгээд манай эхнэр Ч.М авдарт байгаа архиа гаргаад өгчих үү гэхээр нь тэг тэг гээд гаргаж өгөөд Г бид 2 уугаад сууж байтал Ц.О гаднаас орж ирээд цуг ууж байтал Т ах Б гэх залуутай манайд ирээд банканд мөнгө тушаах гэсэн чинь тог тасарчихлаа гээд орж ирээд байж байснаа тог ирсэн чинь банк орно гээд гараад явсан. Тэгээд О, Г, М бид хэд архиа ууж дуусгаад байж байтал Ц.О, Г 2 үүдний өрөөнд хэрэлдээд байхаар нь хэсэг чагнаад сууж байтал аллаа авраарай гэж орилохоор нь би очиж эмэгтэй хүн зодож яаж байгаад гээд Гыг салгасан. Тэгээд Гыг унт гээд газар хэвтүүлээд О эгчийг орон дээр унтуулсан. Шөнө унтаж байхад хаалга нүдээд байхаар нь онгойлгосон чинь Гын хөдөө явах унаа ирчихсэн байхаар нь Гыг дуудаж босгоод явуулсан. Тэгээд унтаж байтал үүрээр 04 цагийн үед О эгч босоод утас байхгүй байна, танай Г миний хавиргыг хугалчихлаа гээд гараад явсан. Г, О манай эхнэр хүүхдүүд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-14 дүгээр тал/
*Гэрч Ч.Мын өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 14-нд өглөө манайд Г хөдөөнөөс орж ирлээ орой буцна гээд орж ирсэн. Тэгээд авдарт байсан нэг шил архиа Г, Б хоёрт гаргаж өгөөд байж байтал Ц.О эгч согтуу орж ирээд тэр 3 уугаад сууж байхад Т ах дүү Б гэх залуутай орж ирээд цуг ууцгаагаад байж байснаа Т ах өнөөдөр миний төрсөн өдөр мобикомоос мессежээр бэлэг ирлээ гэсэн чинь Ц.О эгч дүүдээ мөнгө өгнө надад 128000 төгрөг байна 10000 мянгыг нь өгнө гээд өгч байсан. Тэгээд удалгүй Т ахтай хамт О эгч утас авна гээд гарч явснаа удалгүй би ийм утас авлаа гээд тэр 2 цуг эргээд ороод ирсэн. Тэгээд Т ах О эгчийг та согтуу байна Бгийн хүүхдэд утсаа өгчих олон хүн байна юмыг яаж мэдэх вэ гээд манай хүү Төгөлдөрт өгөөд хайрцагт хийлгэсэн. Тэгээд Т ах банканд мөнгө тушаана гээд гарсан. Харин Б, Г, Ц.О, Б бид хэд архиа уунгаа хуучлаад сууж байтал утас өгөөдөх гээд Ц.О хараагаад орилоод байхаар нь утсыг нь аваад өгтөл утсаа аваад гараад явсан. Тэгээд байж байтал Т ах эргэж орж ирээд дүү Баттулгыгаа аваад гараад явсан. Орой 10 цаг өнгөрч байхад Ц.О эгч 0,75-тай архи барьж орж ирээд цуг ууя гэхээр нь Г, Б, бид 4 ууж байгаад би том өрөө рүүгээ ороо засах санаатай ороод байж байтал Ц.О эгч ёо ёо гэх шиг болсон чинь манай нөхөр Б болиоч чи эмэгтэй хүнийг яах гэсэн юм гэрт дугарч байсан. Удалгүй Ц.О эгч том өрөөнд орж ирээд би явлаа гээд уурлаад байхаар нь харанхуй шөнө яахын бэ манайд хоноод яв гээд унтуулсан. Тэгээд 11 цаг өнгөрч байхад Гын хөдөө явах унаа нь ирээд Гыг аваад явсан. Тэгээд шөнийн 04 цаг өнгөрч байхад Ц.О эгч босож ирснээ утас байхгүй байна утсаа авъя гээд нэхээд байхаар нь та аваад гарсан шүү дээ гэхэд дуугүй байж байгаад гараад явсан. Ц.О эгчийг Г зодсон юм шиг байна лээ манай нөхөр салгасан гэсэн би нүдээр хараагүй. Өглөө гарахдаа намайг хэн зодчихлоо, өвдөөд байна гэж байсан. Ил харагдах шарх байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/
*Яллагдагч Г.Гын өгсөн:
“...Би 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Цагаан чулуут гэх газраас замын унаанд суугаад Цэнхэр сумын төв болох Тамир багийн Цахиур хороололд Т.Б гэх айлд ирсэн. Намайг Т.Бынд ороход Т, Б, Ч.М, Б нар архи уугаад сууж байсан. Тэгээд би тэд нартай хамт архи уугаад сууж байтал Ц.О гаднаас орж ирээд бид нартай хамт архи уусан. Тэгээд би хэсэг сууж байгаад унтаад өгсөн. Нэг сэрхэд Ц.О гаднаас нэг шил архи аваад ороод ирсэн. Тэгээд Б, Ч.М, Ц.О бид 4 хувааж ууж байгаад хэсэг хугацааны дараа би Отэй маргалдаад ганц нэг цохичихсон чинь Ц.О орилоод тэгээд намайг Б ирж боль гээд салгасан. Тэгээд би унтаж байгаад хөдөө явах унаа ирэхээр нь гэр рүүгээ явсан. Би тэр хэдтэй 2 шил архи уучихсан байсан. Дараа нь Ц.Оийн оруулж ирсэн нэг шил архийг уугаад нилээн согтчихсон. Би Ц.Оийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан 2020 оны 12 дугаар сарын 21-ны шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 19 дугаартай дүгнэлттэй танилцсан би тэр шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Ц.Оийг гар, хөлөөрөө өшиглөж цохисон. Би хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Миний буруутай үйлдлээс болж Ц.От учирсан бодит хохирлуудыг би төлөх болно. Би Ц.От учирсан хохирлынх нь 200,000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нэг хонь өгөхөөр бид 2 тохиролцож хоорондоо эвлэрсэн тул миний асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-46 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаартай“...Ц.Оийн биед зүүн талын 8-р хавирганы суганы дунд шугамаарх зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 35 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Цахиур хорооллын задгайд иргэн Ц.О нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Г үйлдсэн болох нь хохирогч Ц.Оийн”...Тэгээд Б, Ч.М, Г.Г бид 4 ууж байгаад дуусах дөхөж байхад Г.Г бид 2 нэг өрөөнд нь муудалцаад над руу агсраад байхаар нь урдаас нь маргалдтал намайг зодохоор нь авраарай гэсэн чинь Б ирээд эмэгтэй хүнийг яаж байгаа юм боль гээд Г.Гыг салгасан. Тэгээд би харилаа гэсэн чинь Ч.М гэр чинь хүйтэн байгаа дулаахан манайд хоно гэхээр нь унтаад өгсөн. Өглөө босоход Г.Г яваад өгсөн байсан. Гарнаас татаж унагаагаад биеийн зүүн талаар өшиглөөд дэвслээд байсан. Миний өмсөж явсан куртикний зүүн талын суг урагдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Бын”...Тэгээд О, Г, М бид хэд архиа ууж дуусгаад байж байтал Ц.О, Г 2 үүдний өрөөнд хэрэлдээд байхаар нь хэсэг чагнаад сууж байтал аллаа авраарай гэж орилохоор нь би очиж эмэгтэй хүн зодож яаж байгаад гээд Гыг салгасан. Тэгээд Гыг унт гээд газар хэвтүүлээд О эгчийг орон дээр унтуулсан. Шөнө унтаж байхад хаалга нүдээд байхаар нь онгойлгосон чинь Гын хөдөө явах унаа ирчихсэн байхаар нь Гыг дуудаж босгоод явуулсан. Тэгээд унтаж байтал үүрээр 04 цагийн үед О эгч босоод утас байхгүй байна, танай Г миний хавиргыг хугалчихлаа гээд гараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Мын”...Тэгээд шөнийн 04 цаг өнгөрч байхад Ц.О эгч босож ирснээ утас байхгүй байна утсаа авъя гээд нэхээд байхаар нь та аваад гарсан шүү дээ гэхэд дуугүй байж байгаад гараад явсан. Ц.О эгчийг Г зодсон юм шиг байна лээ манай нөхөр салгасан гэсэн би нүдээр хараагүй. Өглөө гарахдаа намайг хэн зодчихлоо, өвдөөд байна гэж байсан. Ил харагдах шарх байгаагүй...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Г.Гын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 19 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Гын хүний биед зүүн талын 8-р хавирганы суганы дунд шугамаарх зөрөөгүй хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Гын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Г нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Г.Г нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Г.Гын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.О нь шүүгдэгч Г.Гтай хохирол төлбөрийн талаар эвлэрсэн тухай бичгээр хүсэлт ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Г нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ггийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 460/дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000/дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан 460/дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000/дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР