| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2022/0117/Э |
| Дугаар | 122/ШЦТ/2022 |
| Огноо | 2022-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 122/ШЦТ/2022
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч А.Баясгалан,
Шүүгдэгч Л.Гантулга,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Харчууд овгийн Төмөрсүхийн Гантулгад холбогдох эрүүгийн 2231000000113 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Хүдэр сум, 1 дүгээр баг Горбушкин 1 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 04 жил 06 сар 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл ухаан бүрэн гэх Харчууд овгийн Төмөрсүхийн Гантулга, /РД:МП91010216/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Гантулга нь ууж согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд байрлах “Саран” нэртэй барааны дэлгүүрт иргэн Ж.Отгонхүүг “манай аавыг архичин гэж хэллээ” гэх шалтгаанаар духан тус газар нь пилтагаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Гантулга мэдүүлэхдээ: “... Би буруугаа хүлээж байна. Отгонхүү ахыг цохисон нь үнэн, эмчилгээний зардал 3.500.000 төгрөгийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Отгонхүү мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн үед Хүдэр сумын төвд байх Саран барааны дэлгүүрийн шалны плита наагаад ажилтай байж байтал гаднаас Ганаа гэдэг залуу согтуу орж ирээд мэндэлсэн , тэгэхээр нь би тэр залуугийн аавыг нь таньдаг болохоор аавынх нь биеийг нь асуучхаад “за миний дүү харьж амар” гэтэл тэр залуу хэсэг дуугүй болсон юм. Тэгээд би плитагаа наагаад доошоо тонгойсон хойгуур “та миний аавыг архичин гэж бодоо юу” гэж хэлээд миний духны зүүн хэсэг рүү нэг юмаар хүчтэй цохисон юм. Тэгээд өндийтөл духнаас цус гараад нөгөө залууг надтай хамт ажил хийж байсан Ууганаа салгаад дэлгүүрээс авч гараад тэр залууг явуулсан юм. Тэр залуу ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй байж байхад аавынх нь биеийг асуусны төлөө чи миний аавыг архичин гэж хэллээ гээд л миний толгой руу плитагаар цохисон байсан юмаа. Тухайн үед духны зүүн хэсэгт яз цохигдсон шархтай үлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Ууганбаяр мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн орой 23:00 цагийн орчим л байх манай Саран нэртэй барааны дэлгүүрийн шаланд Отгонхүү ах бид хоёр плита наагаад байж байтал гаднаас Ганаа гэдэг залуу нэлээн согтуу орж ирсэн. Тухайн үед Отгонхүү ах бид хоёр дэлгүүрийн хаалгыг онгорхой орхичихсон плита нааж байсан болохоор тэр Ганаа шууд орж ирээд Отгонхүү ахтай “сайн уу ахаа” гээд л мэндлээд тэгсэн Отгонхүү ах өөдөөс нь мэндлээд Ганаагаас “за аав чинь юу хийж байна, бие нь сайн уу, архи уухгүй байгаа гэсэн үү” гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгээд л яриа болоод би буруу хараад плитаныхаа шаврыг зуураад байж байтал гэнэт л “яаж байгаа юм бэ, чи толгой хагалчихлаа шүү дээ” гэж Отгонхүү ахыг орилохоор нь хартал Ганаа баруун гартаа плитаны хагархай барьчихсан зогсож байсан ба “чи муу миний аавыг доромжилдог хэн юм бэ” гэж байсан. Харин Отгонхүү ах толгойгоо дараад духных нь зүүн хэсгээс цус гарч байсан юм. Тэгээд би тэр Ганаагийн барьж байсан плитаны хагархайг булааж аваад хагархай плита руу шидээд өөрийг нь түлхээд дэлгүүрээс гаргасан. Тэгээд Ганаа дэлгүүрийн гадаа Отгонхүү ах руу агсарч орилж байгаад яваад өгсөн. Харин Отгонхүү ах толгойныхоо цусыг тогтоож нэг даавуугаар боож аваад ажлаа дуусгана гээд тэнд ажлаа хийж дуусаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Гэрэлчимэг мэдүүлэхдээ: “...Т.Гантулга нь Сүхбаатар суманд надтай хамт барилгын ажил хийж байгаа. Хувийн зан байдлыг хувьдтөлөв даруу, хөдөлмөрч, бусдад тустай. Ямар нэгэн ааш гаргаад байдаггүй. Архи уусан үедээ элдэв зан гаргадаггүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 439 дугаартай дүгнэлтэнд: “...Ж.Отгонхүүгийн биед биед зүүн хөмсөгт шарх, хоёр нүд, зүүн гуянд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 - д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 1 дүгээр тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 26-28 дугаар тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 38 дугаар тал/,
Шүүгдэгчийн Хаан банкны дансны хуулга, /хх-ийн 39-44 дүгээр тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 45 дугаар тал/,
Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 46 дугаар тал/,
Урьд шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 48-61 дүгээр тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Гантулга ууж согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд байрлах “Саран” нэртэй барааны дэлгүүрт иргэн Ж.Отгонхүүг “манай аавыг архичин гэж хэллээ” гэх шалтгаанаар духан тус газар нь пилтагаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл ,гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч Ж.Отгонхүүгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Т.Гантулгыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.Гантулга нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Т.Гантулга ууж согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд байрлах “Саран” нэртэй барааны дэлгүүрт иргэн Ж.Отгонхүүг “манай аавыг архичин гэж хэллээ” гэх шалтгаанаар духан тус газар нь пилтагаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1- дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Л.Гантулгын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Гантулгын зорчих эрхийг 2 сарын хугацаагаар хязгаарлах ялаар шийтгэх, уг ялыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг нь хязгаарлах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Гантулгад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Гантулгын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Т.Гантулга нь хохирогч Ж.Отгонхүүгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримт байхгүй, цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Т.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Харчууд овгийн Төмөрсүхийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төмөрсүхийн Гантулгыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Төмөрсүхийн Гантулгыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах, зорчих эрхийг хязгаарласугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Төмөрсүхийг Гантулгыг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Т.Гантулга нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ