| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0023/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/36 |
| Огноо | 2021-01-29 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/36
2021/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгч: П.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Пийн Тд холбогдох эрүүгийн 2005022730013 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын Асгат баг, ...................... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Пийн Т/РД:АК......................./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2005022730013 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Гийн өгсөн:
“...Би тухайн өдөр буюу 2020 оны 06-р сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын төв рүү сонгуулийн хуралд суухаар хөдөөнөөс орж ирсэн байсан. Энэ үеэр Асгат багийн иргэн П.Т мөн хөдөөнөөс эхнэр Ч.Цгийн хамт орж ирсэн байсан ба сумын төвд дэлгүүрийн гадаа П.Ттэй таарсан энэ үед П.Т надад хандан Ганаа ахаа та пиво уухуу гэхээр нь би хатуу юм нь дээр байх гээд бид нар тэр болгон таараад байдаг биш таарсных гээд 0,5 литрийн 2 шил архи авч П.Т, Ч.Ц бид гурав Хайрхан сумын төвийн урд хэсэгт Хүннүйн голын эрэг дээр очиж архиа хувааж уусан. Тэр үед хаврын ядаргааны үе байсан тул нойртой нойргүй малын араас явж байсан үе тул их амархан согтсон байсан. Тэгээд нэг мэдсэн маргааш өглөө нь миний нүд юм харахгүй болж хавдсан байсан. Тэгээд би Улаанбаатар хотод очиж Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэхэд таны нүдний алим хагарсан байна хагалгаанд орох шаардлагатай гэхээр нь Болормэлмийд хэвтэн хагалгаанд орсон. Дээрх гэмтэл нь надад 2020 оны 06-р сарын 09-нд учирсан өмнө нь надад гэмтлүүд учраагүй байсан. Уг гэмтлүүдийг П.Т надад учруулсан гэж бодож байна. Тэр үед миний ухаан орж гараад байсан ба зарим нэг зүйлийг санахад тухайн үед П.Т намайг миний толгойноос ус руу дүрж гаргаж ирээд байсныг санаж байна. Тэгээд би сэргэж энэ үед миний нүд болон хавирга гэмтсэн гэж бодож байна.Тухайн үед П.Т бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Бид хоёр өмнө нь ч ямар нэгэн байдлаар хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан удаа байхгүй. Тухайн үед хэрхэн юунаас болсныг болон маргалдсан эсэхээ сайн мэдэхгүй байна. Их согтсон байсан нэг мэдэхэд л ийм зүйл болсон байсан. Өмнө нь болон одоо ч П.Т бид нарын хооронд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. П.Т бид хоёр ер нь адилхан согтсон байсан харин Ч.Ц нь бид хоёрыг бодвол арай гайгүй байсан байх. Гэхдээ тухайн үед өөрсдийн үйлдлийг хянах чадвартай байсан гэж би бодож байна. Би Улаанбаатар хотод нүдний хагалгаанд орж болор суулгасан. Миний баруун нүд юм харахгүй байгаа. Түүнээс өөр бусдаар миний биед ямар нэгэн зовуурь байхгүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-41 дүгээр тал/
*Гэрч Ч.Цгийн өгсөн:
“...2020 оны 06-р сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын төв рүү өөрийн нөхөр П.Тийн хамт портер маркийн авто машинтай өглөө 10 цагийн орчимд орсон. Тэгээд сумын төвөөр ажлаа амжуулаад “Мөнхнаран” хүнсний дэлгүүрийн гадаа манай машин зогсож байхаар нь яваад очтол машин дотор Д.Г, миний нөхөр П.Т нар халамцуухан байсан тэгээд би машиндаа сууж явах гэтэл Д.Г миний нөхрийг байж байгаарай гэж хэлээд машинаас бууж дэлгүүр ороод 1 шил архи 1 уут чихэр авч машинд суугаад надад өгсөн. Тэгээд эндээс хөдөлье гэж Д.Г хэлээд бид Хүннүйн голын эрэг дээр очсон. Д.Г надад архи аягалж өгөхөөр нь би архи ууж чаддаггүй тул уухгүй гэтэл бид нар олон таарсан биш энэ хавар таарцгаасангүй гээд шахаад байхаар нь би өөрийн нөхрийг машин жолоодож явсан тул архи уулгахгүй гэж уг архийг Д.Гтой хувааж уугаад согтсон байсан. Түүнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Нэг мэдсэн миний нөхөр миний толгойг усанд дүрж байсныг л санаж байна. Өөр зүйл сайн санахгүй байна. Тухайн үед их согтсон байсан тул маргааш өглөө нь шартаад толгой өвдөөд гэртээ хэвтэж байдал миний нөхөр гаднаас орж ирээд Д.Г ахын нүд нь гэмтсэн юм шиг байна гэж байсан. Тэгээд Д.Г П.Т нар Улаанбаатар хот руу явцгаасан. Манай нөхөр П.Т Д.Г нарын хооронд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй хоорондоо хамаатан хүмүүс тул их ойр байдаг хааяа уулзахаараа л хамт архи ууж нийлж явчих гээд байдаг их л дотно хүмүүс байгаа юм. Тухайн өдөр миний нөхөр П.Т, Д.Г нарын хооронд хэрүүл маргаан болоогүй инээж хөөрөлдөөд л их л эвтэй найртай байсан. Өмнө нь болон тухайн үед Д.Г, П.Т хоёрын хооронд ам зөрж хэрүүл маргаан болсон асуудал байхгүй. Би нэг их архи хэрэглээд байдаггүй тул амархан согтдог. Тухайн үед би согтоод юу болсон талаараа огт мэдэхгүй байна. Харин миний нөхөр П.Т машин барьж явсан болохоор сүүлийн архинаас би уулгаагүй тул өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан гэж бодож байна. Миний нөхөр П.Т, Д.Г нар аль аль нь л бусадтай нийтэч дүн нуруутай төлөв томоотой хүмүүс байгаа юм. Миний нөхөр П.Т бие жаахан тааруу нуруу гэмтэлтэй үүгээрээ группт байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-48 дугаар тал/
*Яллагдагч П.Тийн өгсөн:
“...Тухайн өдөр би өөрийн эхнэрийн хамт хувийн ажлаар Хайрхан сумын төв орсон юм тэгээд сумын төвд дэлгүүрийн гадаа Д.Г ахтай таарсан, бид хоорондоо тааралдаагүй жаахан удсан байсан тул Ганаа ах хөөрч уулзсаных дэлгүүр оръё гэхээр нь би хамт орсон. Тэгээд би Ганаа ахыг пиво уухуу гэтэл хатуу юм нь дээр байх гэхээр нь би ганц шил 0,5 литрийн архи авсан тэгээд бид хоёр уг архийг хувааж ууж дуусаад байж байтал миний эхнэр Ч.Ц ирсэн. Энэ үед Д.Г ах та хоёр байж байгаарай гэж хэлээд дэлгүүр орж буцаж гарч ирэхдээ 1 шил архи, 1 уут чихэр авч ирсэн тэгээд бид нар голын эрэг дээр очиж уг архийг уусан тухайн үед миний эхнэр намайг жолоо барьж явсан болохоор согтчихно гээд надад архи уулгаагүй Д.Г ахтай уг архийг хувааж уусан тэгээд аль аль нь их согтсон байсан. Ингээд машинаа асаагаад явах гэтэл машин асахгүй байсан энэ хооронд Д.Г ах машинаас бууж суухдаа газарт унаж босоод л яваад байсан ба тухайн үед голын эрэг мөргөөд голын хажууд газар унасан. Тэгэхээр нь би Д.Г ахын уусан архийг гаргаж сэргээх гэж хажуу тийш нь татаж голын усанд толгойгоор нь дүртэл Д.Г ах сэргэсэн. Тэгээд нүдээ гараараа дараад байсан ба энэ үед Д.Г ахын баруун нүд хавдсан байсан. Тухайн үед голын ус намхан байсан тул намайг Д.Г ахыг сэргээх гэж толгойгоор нь усанд дүрэхэд Д.Г ахын нүд гэмтсэн байж магадгүй. Түүнээс бидний хооронд ямар нэгэн маргасан асуудал байгаагүй. Би Д.Г ахтай өмнө болон тухайн үед зодолдох нь битгий хэл хэрэлдэж ч байгаагүй. Бид багаасаа хамт өссөн тул төрсөн ах дүү шиг л байдаг хүмүүс. Тухайн үед би Д.Г ахтай Улаанбаатар хот руу явж Д.Г ахыг эмчилгээ хагалгаанд оруулж зардал мөнгийг нь өөрөөсөө гаргасан ба бидний харилцаа одоо урьдын адил хэвийн байгаа тухайн үед бид аль аль нь архи ууж согтсоноос болгоомжгүй үйлдэл гарган нэгэндээ хүнд гэмтэл учруулсан. Энэ үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-72 дугаар тал/
* Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7165 дугаартай“...Д.Г-н биед баруун нүдний алимны нэвт гэмтэл /баруун нүдний алимыг авах мэс заслын дараах байдал буюу баруун нүдний алимгүйдэл/, баруун ухархайн дотор, доод ханын хугарал, баруун зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун талын 7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний алимны нэвт гэмтэл /баруун нүдний алимгүйдэл/ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65% тогтонги алдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна....” гэх дүгнэлт /хх-ийн 7-8 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Т нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Хүнүйн голын эрэг дээр иргэн Д.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.Т үйлдсэн болох нь хохирогч Д.Гийн”...
Тэр үед хаврын ядаргааны үе байсан тул нойртой нойргүй малын араас явж байсан үе тул их амархан согтсон байсан. Тэгээд нэг мэдсэн маргааш өглөө нь миний нүд юм харахгүй болж хавдсан байсан. Тэгээд би Улаанбаатар хотод очиж Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэхэд таны нүдний алим хагарсан байна хагалгаанд орох шаардлагатай гэхээр нь Болормэлмийд хэвтэн хагалгаанд орсон. Тэр үед миний ухаан орж гараад байсан ба зарим нэг зүйлийг санахад тухайн үед П.Т намайг миний толгойноос ус руу дүрж гаргаж ирээд байсныг санаж байна. Тэгээд би сэргэж энэ үед миний нүд болон хавирга гэмтсэн гэж бодож байна. Тухайн үед П.Т бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Их согтсон байсан нэг мэдэхэд л ийм зүйл болсон байсан. Би Улаанбаатар хотод нүдний хагалгаанд орж болор суулгасан. Миний баруун нүд юм харахгүй байгаа. Түүнээс өөр бусдаар миний биед ямар нэгэн зовуурь байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Цгийн”...Тэгээд эндээс хөдөлье гэж Д.Г хэлээд бид Хүннүйн голын эрэг дээр очсон. Д.Г надад архи аягалж өгөхөөр нь би архи ууж чаддаггүй тул уухгүй гэтэл бид нар олон таарсан биш энэ хавар таарцгаасангүй гээд шахаад байхаар нь би өөрийн нөхрийг машин жолоодож явсан тул архи уулгахгүй гэж уг архийг Д.Гтой хувааж уугаад согтсон байсан. Түүнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Нэг мэдсэн миний нөхөр миний толгойг усанд дүрж байсныг л санаж байна. Өөр зүйл сайн санахгүй байна. Тухайн үед их согтсон байсан тул маргааш өглөө нь шартаад толгой өвдөөд гэртээ хэвтэж байдал миний нөхөр гаднаас орж ирээд Д.Г ахын нүд нь гэмтсэн юм шиг байна гэж байсан. Тэгээд Д.Г П.Т нар Улаанбаатар хот руу явцгаасан. Манай нөхөр П.Т Д.Г нарын хооронд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй хоорондоо хамаатан хүмүүс тул их ойр байдаг хааяа уулзахаараа л хамт архи ууж нийлж явчих гээд байдаг их л дотно хүмүүс байгаа юм. Тухайн өдөр миний нөхөр П.Т, Д.Г нарын хооронд хэрүүл маргаан болоогүй инээж хөөрөлдөөд л их л эвтэй найртай байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч П.Тийн мэдүүлэг, хохирогчийн биед хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7165 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч П.Тийн хүний биед биед баруун нүдний алимны нэвт гэмтэл /баруун нүдний алимыг авах мэс заслын дараах байдал буюу баруун нүдний алимгүйдэл/, баруун ухархайн дотор, доод ханын хугарал, баруун зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун талын 7-р хавирганы хугарал бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Тийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Т нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч П.Т нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч П.Тийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Г нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн боловч түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бол шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Т нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Пийн Тийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тийг 3.500/гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000/гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т нь шүүхээс оногдуулсан 3.500/гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000/гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Г нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР