Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/41

 

 

 

 

 

 

                                   2021/ШЦТ/41

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Бичинхүү  

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Бын Бд холбогдох эрүүгийн 2112000000026 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, ............................. тоотод суух хаягтай, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 62.1-д зааснаар хорих ял биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Архангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Бын Б/РД:АГ............................/

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Бор толгой хорооллын 60-04 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Ч.Чтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар эрүүн тус газарт нь заазуураар зүсэж хөнгөн гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2112000000026 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ч.Чийн өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгой хорооллын 60-04 тоотод гэртээ байж байгаад өөрийн нөхөр Б.Бтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн. Тухайн үед манай найз У ирчихсэн байсан, мөн манай нөхөр байсан. Тэгээд бид нар 1 шил архи хувааж уусан. Тэгээд өөрийн нөхөртэйгөө маргалдаж улмаар манай нөхөр Б.Б нь миний эрүүн тус газар заазуураар зүссэн. Тэр үед манай найз Б.У бие засах гээд гэрээс гарсан байсан болохоор бид хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Би гэрт орж Б.Уийг гэрт орж ирэхээр нь манай нөхөр Б.Б миний эрүүн тус газар заазуураар зүсчихлээ гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан болохоор гэр бүлийн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан байх. Бид хоёр анх удаагаа хэрэлдэж маргалдсан. Түүнээс манай нөхөр намайг зодож цохидог асуудал огт байхгүй. Б.Б бид хоёр байсан. Харин Б.У гэрээс гараад явсан байсан. Албан ёсны гэр бүл болоогүй байгаа. Бид хоёр 2018 онд танилцаад тэрнээс хойш хамтран амьдарч байгаа. Надад гомдол санал байхгүй. Манай нөхөр надаас уучлалт гуйж буруугаа хүлээн зөвшөөрсөн мөн дахин ийм зүйл хийхгүй гэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/

 

*Гэрч Б.Уийн өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр над руу Ч.Ч гар утсаар 12 цагийн орчим залгаад манайд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би за гээд Ч.Чийн гэр буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгой хорооллын 60-04 тоотод байдаг гэрт нь очсон. Тэгээд намайг очиход Ч.Ч өөрийн нөхөр Б.Бы хамт гэртээ байж байсан. Намайг гэрт нь ороход Б.Б Ч.Ч хоёр 0.75 литрийн 1 шил архи урдаа тавьсан сууж байсан. Тэгээд тухайн архийг бид гурав хувааж ууж байгаад би 15 цагийн орчим гэрээс нь бие засах гээд гарсан. Бие засчихаад гэрт нь орсон чинь Б.Б, Ч.Ч хоёр хэрэлдсэн байж байсан. Тэгсэн Ч.Ч намайг Б.Б заазуураар эрүүн тус газар зүсчихлээ гээд эрүү хэсгээс нь цус гарсан байж байсан. Тэгээд удаагүй байж байтал гаднаас 2 цагдаа орж ирсэн. Тухайн цагдаа Б.Б бид хоёрыг цагдаагийн газар авчирсан. Тэгээд Ч.Ч гэртээ ганцаараа үлдсэн. Би юунаас болж хэрэлдэж маргалдсан талаар мэдэхгүй байна. Намайг бие засчихаад гэрт нь орсон хэрэлдсэн байж байсан. Намайг гаднаас орж ирэхэд Ч.Ч Б.Б намайг заазуураар эрүүн тус газар зүсчихлээ гээд эрүүнээс нь цус гарчихсан байсан. Архи ууж байхад хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-31 дүгээр тал/

 

*Гэрч О.Бийн өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн ахлагч С.Энхбатын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгой хорооллын 60-04 тоотоос дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиж гэрт нь ороход Ч.Ч гэх хүн манай нөхөр Б.Б нь намайг эрүүн тус газар заазуураар зүсчихлээ гэсэн. Тэгсэн Ч.Чийн нөхөр нь орон дээрээ унтаж байсан. Мөн Ч.Чийн найз гээд эмэгтэй орон дээр сууж байсан. Ч.Чийн эрүүн тус газраас нь цус гоожиж  өөрөө уйлчихсан сууж байсан. Тэгэхээр нь Б.Б болон Ч.Чийн найз нарыг аваад цагдаагийн газарт ирсэн. Ч.Чийг 103 дуудаж эмнэлгээс түргэний эмч ирж аваад явсан. Ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй байхад Б.Б намайг заазуураар эрүүн доор зүсчихлээ гэж Ч.Ч надад хэлсэн. Б.Б, Ч.Чийн найз гээд нэг эмэгтэй нар байсан. Өөр хүн байгаагүй. Их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Заазуураар зүссэн гэж хэлсэн. Тухайн үед нөгөө заазуурыг нь олоогүй. Харин сүүлд хэргийн газрын үзлэг хийх гээд мөрдөгчийн хамт очиход ширээ, угаалгын машин хоёрын завсраас олсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-34 дүгээр тал/

 

           *Яллагдагч Б.Бы өгсөн:

“...Би архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ч.Чтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас эрүүн тус газар нь заазуураар зүссэн байна лээ. Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Ч.Ч, түүний найз Б.У нар байсан. Харин яг тухайн үед бол Б.У бие засах гээд гэрээс гараад явсан байсан. Хэрэлдэж маргалдах болон намайг Ч.Чийг заазуураар зүсэж байхыг хараагүй. Харин сая ийм асуудал болсон. Би өмнө хамтран амьдрагч Ч.Чийг зодож цохиж байсан удаа байхгүй. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд төлж мөн дахин дахин уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 57-58 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 67 дугаартай“...Ч.Чийн биед эрүүн доор зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, 1 удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Бор толгой хорооллын 60-04 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ч.Ч нь бусдад хутгалуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Чт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ч.Чийн”...Тухайн үед манай найз У ирчихсэн байсан, мөн манай нөхөр байсан. Тэгээд бид нар 1 шил архи хувааж уусан. Тэгээд өөрийн нөхөртэйгөө маргалдаж улмаар манай нөхөр Б.Б нь миний эрүүн тус газар заазуураар зүссэн. Тэр үед манай найз Б.У бие засах гээд гэрээс гарсан байсан болохоор бид хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Би гэрт орж Б.Уийг гэрт орж ирэхээр нь манай нөхөр Б.Б миний эрүүн тус газар заазуураар зүсчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Уийн”...Намайг гэрт нь ороход Б.Б Ч.Ч хоёр 0.75 литрийн 1 шил архи урдаа тавьсан сууж байсан. Тэгээд тухайн архийг бид гурав хувааж ууж байгаад би 15 цагийн орчим гэрээс нь бие засах гээд гарсан. Бие засчихаад гэрт нь орсон чинь Б.Б, Ч.Ч хоёр хэрэлдсэн байж байсан. Тэгсэн Ч.Ч намайг Б.Б заазуураар эрүүн тус газар зүсчихлээ гээд эрүү хэсгээс нь цус гарсан байж байсан. Тэгээд удаагүй байж байтал гаднаас 2 цагдаа орж ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Бийн”...Дуудлагын дагуу очиж гэрт нь ороход Ч.Ч гэх хүн манай нөхөр Б.Б нь намайг эрүүн тус газар заазуураар зүсчихлээ гэсэн. Тэгсэн Ч.Чийн нөхөр нь орон дээрээ унтаж байсан. Мөн Ч.Чийн найз гээд эмэгтэй орон дээр сууж байсан. Ч.Чийн эрүүн тус газраас нь цус гоожиж  өөрөө уйлчихсан сууж байсан...”гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Бы мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 67 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Бы гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Чийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед эрүүн доор зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 

             Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Чийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, бөгөөд шүүгдэгч Б.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

   Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бы гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Ч.Чийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ч.Ч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Бын Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 600/зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Бд оногдуулсан 600/зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай.

 

           5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР