Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 146А

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0150/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Т.Энхжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, Иргэдийн төлөөлөгч Д.Наранцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, Шүүгдэгч Э.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнхэр Эрчулууны Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн 201609000180 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Цэнхэр Эрчулууны Хүрэлбаатар, 1979 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн, Уужим булгийн 2-8 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТБ79083170 регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Хүрэлбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр архидан согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн, Уужим булгийн 2-3 тоотод өөрийн төрсөн ах Э.Баатарын гэрт орж таксины 500 төгрөг өгсөнгүй гэдэг үл ялих зүйлээр шалтаглан бэр эгч Б.Баярмааг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч Э.Хүрэлбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр архидан согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Уужим булгийн 2-3 тоотод өөрийн төрсөн ах Э.Баатарын гэрт орж таксины 500 төгрөг өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан бэр эгч Б.Баярмаад зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан болох нь Шүүгдэгч Э.Хүрэлбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчим гэрээсээ гараад зах дээр очоод машины сэлбэг хайж яваад зүс таних найз Чука, Болдоо хоёртой тааралдаад бид гурав 2 шил 0,75 гр архи уусан. Архи ууж яваад гэртээ ирэхэд 20 цаг болж байсан. Би гэртээ байж байгаад бие засчихаад буцаад явж байгаад хамар хашаанд байх төрсөн ах Баатарын гэрт ороход эхнэр Баярмаа нь охинтойгоо байсан. Тэгээд би юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь би Баярмаа эгчтэй хэрүүл хийгээд байж байсан. Баярмаа эгч намайг өшиглөж байсан ба би гартаа шалны мод барьсан байсан. Тэгээд би шалны модоор цохих гээд далайсан чинь таазанд тулаад шалны мод нь хугарчихсан. Тэгэхээр нь би хугархайгаар нь Баярмаа эгчийн гар руу 2 удаа цохисон. Тэгэхэд Баярмаа эгчийн охин Номин-Эрдэнэ Хүрэлээ ахаа болиоч ээ гэсэн. Тэгээд би гараад Дархан руу орж ирээд Төмөр замын 16 дугаар байрны орцонд орж хоносон. Миний төрсөн ах Баатар хөдөө хамгаалагчийн ажил хийдэг. Баатар ах 2 сар ажил хийж байгаад 1 сар амардаг юм. Ажилд явсан хойгуур нь Баярмаа эгч гадуур яваад архи уугаад гэртээ ирж хонохгүй 2, 3 хоног болоод ирэхдээ миний бие өвдөөд байна гэдэг. Мөн Баярмаа эгч Баатар ахаас өөр эрэгтэй хүнтэй хамт баар саваар яваад байсан. 2016 оны 3 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим Баярмаа эгч Үйлчилгээний төвд хоёр танихгүй залуу, нэг эмэгтэйтэй хамт явж байхыг нь би өөрөө харсан. Тэгээд л би архи уусан байхдаа согтуу ороод хэрүүл маргаан үүсгэж, зодсон байх. Би яагаад ороод хэрүүл маргаан үүсгэснээ санахгүй байгаа. Баярмаа эгчийг шалны модны хугархайгаар цохиж байснаа л санаж байгаа. Би их согтуу байсан болохоор болсон асуудлыг хагас дутуу л санаж байна гэх мэдүүлэг, Хохирогч Б.Баярмаагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 25-ны орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр Баатарын төрсөн дүү Хүрэлбаатар манай гэрт ганцаараа согтуу орж ирээд гар утсаа өгөөч гээд миний утсаар нэг хүн рүү ярьсан. Би хэн рүү утсаар ярьсныг нь мэдээгүй. Тэгээд Хүрэлбаатар утсаар ярьж дуусаад надад таксины мөнгө өг гэсэн. Би өдрийн 8 цаг ажиллаж байхад юун чамд таксины мөнгө өгөх гэж хэлсэн. Тэгсэн чинь Хүрэлбаатар миний охин Номин-Эрдэнэ рүү хөөе Номико муу пизда минь гээд орилсон. Тэгэхээр нь би уурлаад чи дуугүй байгаач миний зүрх өвдөж байна. Чи яахаараа согтуу орж ирэх болгондоо муухай орилж байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь Хүрэлбаатар намайг муу янхан, банзал минь гээд гараа атгаж байгаад миний толгой руу 2 цохиод авсан. Тэгэхээр нь би зайл муу пизда минь гэж хэлээд цаашаа том өрөө рүү яваад орсон чинь миний араас Хүрэлбаатар орж ирээд миний толгой руу 2, 3 удаа цохиод муу янхан, банзал чинь би чамайг одоо алчихья л даа гээд том өрөөнөөс гарч яваад буцаж орж ирэхдээ шалны мод барьж орж ирээд шалны модоор эхлээд миний зүүн гарын булчин хэсэг рүү нэг цохисон. Тэгэхэд шалны мод нь хугараагүй. Тэгсэн чинь дахиад миний зүүн хөлийн гуя руу хоёр цохисон. Тэгэхэд нь шалны мод 3 хэсэг болж хугарсан. Тэгэхэд Хүрэлбаатар шалны модны хугарсан хэсгийг аваад миний чээж, хөл хэсэг рүү одоо чамайг ална гээд чичээд, хатгаад байсан. Тэгсэн чинь миний охин Номин-Эрдэнэ миний ээжийг аллаа шүү дээ гээд орилсон чинь Хүрэлбаатар гараад явчихсан. Би Хүрэлбаатарыг тухайн үед их согтуу байсан гэж бодож байна. Хүрэлбаатар намайг урьд нь цохиж зодож байгаагүй. Харин согтуу орж ирээд надаас мөнгө нэхэхээр нь би өгөөд гаргадаг байсан. Би нөхрөөсөө өөр хүнтэй эр эмийн харьцаа байхгүй. Хүрэлбаатар 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр согтуу орж ирээд би чамайг 2 залуутай явж байхыг чинь харсан шүү муу пизда, янхан чинь гэж хэлчихээд гараад явсан. Тухайн үед би Хүрэлбаатарыг согтуу солиорч байна л гэж бодсон. Миний бие 336.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн төлбөрийг Хүрэлбаатар өгсөн. Бас надаас уучлалт гуйсан болохоор одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Б.Номин-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаднаас манай аавын дүү Хүрэлбаатар ах согтуу орж ирээд манай ээж Баярмаагийн гар утсыг нь аваад нэг хүн рүү залгаад би одоо очлоо гэж хэлээд утсаа салгаад ээжээс таксины 500 төгрөг өг гэж хэлсэн. Тэгэхэд манай ээж надад мөнгө байхгүй гэсэн чинь Хүрэлбаатар ах уурлаад над руу пизда минь гэх мэтээр чанга дуугаар орилоод манай ээжийг муу янхан пизда гэж хэлээд толгой руу нь цохиод авсан. Тэгэхээр нь би айгаад дөхөж очоогүй. Тэгээд манай ээж цаашаа том өрөө рүү яваад ороход Хүрэлбаатар ах араас нь дагаж орсон. Тэгэхээр нь би араас нь дагаж ороод хараад зогсож байсан чинь Хүрэлбаатар ах гаднаас шалны мод авч орж ирээд ээжийг шалны модоор цохисон тэгэхэд шалны мод нь олон хэсэг болоод хугарчихсан чинь хугархайгаар нь Хүрэлбаатар ах манай ээжийг ална гээд хатгаад эхэлсэн. Тэгэхээр нь би та манай ээжийг аллаа шүү дээ гэж хэлээд гараад гүйсэн гэх мэдүүлэг / хх-ийн 19-р хуудас/, Гэрч Б.Дариймаагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим миний том хүүгийн охин буюу миний зээ охин Номин-Эрдэнэ манай гэрт гүйж орж ирээд Хүрэлбаатар ах манай ээжээс 500 төгрөг нэхээд ээж байхгүй гэсэн чинь манай ээжийг зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хурдхан шиг гүйгээд орсон чинь Баярмаа гэрт байсан бөгөөд Баярмаагийн зүүн гар хөхөрч хавдсан байсан. Мөн зүүн хацар нь хавдсан байдалтай байсан. Тэгэхээр нь би юу болсон юм бэ гэж Баярмаагаас асуухад Баярмаа үг дуугарахгүй болохоор нь би гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, Гэрч Э.Баатарын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажилтай байхад манай эхнэр миний утас руу залгаад танай дүү чинь согтуу орж ирээд намайг зодчихоод гараад явлаа гэж хэлсэн. Баярмаа хэлэхдээ Хүрэлбаатар надаас таксины мөнгө нэхээд байхгүй гэсэн чинь намайг зодчихоод гарлаа гэж хэлсэн. Манай эхнэр Баярмаа хэлэхдээ гаднаас шалны мод барьж орж ирээд миний мөр рүү цохиод шалны мод хугарсан чинь гараа атгаж байгаад миний толгой руу хоёр цохисон гэж надад хэлсэн. Би 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймагт ирсэн. Намайг ирэхэд манай эхнэр Баярмаагийн биеийн байдал хэвийн байсан. Тухайн үед эхнэртэйгээ хэвийн л харьцаатай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, Гэрч Б.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 25-ны орой 21 цагийн орчим Баярмаа над руу залгаад Хүрэлээ намайг зодчихлоо. Би угаалгын машинаар хувцас угааж байсан юм, хувцасаа угааж чаддаггүй ээ, та манай гэрт ирээд үлдсэн хувцасыг угаагаад өгөөч гэж дуудсан. Тэгэхээр нь би Баярмаагийн гэрт яваад ортол Баярмаа орон дээрээ хэвтэж байсан бөгөөд Баярмаа надад хэлэхдээ би босож чадахгүй байна, миний хувцасыг солиод өгөөч гэсэн. Тэгэхээр нь хувцасыг нь солих гэхэд өвдөөд байна гэж орилоод хувцасаа солиулаагүй өмсөж байсан хувцастайгаа түргэний машинд суугаад явсан. Тухайн үед Баярмаагийн дух нь хөхөрсөн мөн баруун талын гуя, бүсэлхий хэсгээр улайлт үүссэн байсан. Баярмаа надад хэлэхдээ Хүрэлбаатар согтуу орж ирээд таксины мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь намайг зодчихлоо. Шалны модоор зодсон гэж хэлсэн. Намайг ороход шалны модны хугархай нь гал тогооны өрөөний шалан дээр, нэг хугархай нь том өрөөний шалан дээр байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/, Гэрч Э.Лхагвын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр би салхин цэцэг өвчин тусаад халуураад өвөөгийнхөө гэрт унтаж байхад өвөө намайг сэрээгээд урагшаа Баярмаагийн гэрт ороод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсныг мэдэхгүй Баярмаа эгчийн гэрт ороход Хүрэлбаатар ах согтуу гал тогооны өрөөнд сууж байсан. Тэгэхээр нь би Хүрэлбаатар ахыг авч гараад хашааны гадаа гаргаад хаалгаа түгжээд буцаад өвөөгийн гэрт ороод унтсан. Намайг Хүрэлбаатар ахыг Баярмаа эгчийнхээс аваад гарч явахад Номин уйлчихсан байдалтай надтай зөрөөд гэр рүүгээ орсон. Намайг ороход Баярмаа эгч том өрөөндөө байсан байх. Хүрэлбаатар ах үүдэнд буюу гал тогоонд байхаар нь аваад гарсан. Би Баярмаа эгчийг хараагүй. Баярмаа эгчийн нөхөр Баатар ах миний утас руу залгаад Хүрэлбаатар Баярмаа эгчийг чинь зодсон юм шиг байна ахын дүү эмнэлэгт хүргээд өг гэж хэлсэн. Би тухайн үед халуураад байсан болохоор хажуу айлын хүнээр миний машиныг бариулаад яв гэж хэлсэн. Хажуу айлын хүн миний машиныг орж ирж аваагүй тэгээд би унтаад өгчихсөн. Би ямар шалтгаанаар зодсоныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 394 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Б.Баярмаагийн биед тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн алга, бугалга, өвдөгт цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 26-р хуудас/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 35/3/1346 тоот албан бичиг, хохирогч Б.Баярмаагийн өвчний түүх /хх-ийн 53-62-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Танхайрах гэмт хэрэг нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго зэрэг субъектив талын шинж, мөн үйлдэл, үр дагавар зэрэг объектив талын шинжээр ялгагдана. Танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн байх бөгөөд шүүгдэгч Э.Хүрэлбаатар нь 2016.3.25-ны өдөр зах дээр зүс таних хоёр хүнтэй 2 шил 0,75 гр архи ууж, гэртээ 20 цаг болж байхад ирсэн. Гэртээ байж байгаад бие засчихаад буцаад явж байгаад хамар хашаанд байх төрсөн ах Баатарын гэрт орж бэр эгч Баярмаагийнхаа утсаар ярьж улмаар таксины 500 төгрөг нэхэж хохирогч Б.Баярмааг мөнгө байхгүй гэж хэлсний төлөө зодсон болох нь хохирогч Б.Баярмаа, насанд хүрээгүй гэрч Б.Номин-Эрдэнэ нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн мэдүүлсэн Ахыг ажилд явсан хойгуур нь Баярмаа эгч гадуур яваад архи ууж гэртээ ирж хонохгүй 2, 3 хонодог. Ахаас өөр эрэгтэй хүнтэй хамт баар саваар яваад байсан. Тэгээд л би архи уусан байхдаа согтуу ороод хэрүүл маргаан үүсгэж, зодсон байх гэх мэдүүлгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Хүрэлбаатарын гэмт үйлдэлд зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн шүүх хуралдаанд гаргасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзэв. Хохирогч Б.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Миний бие эмчилгээ хийлгээд сайжирсан. Э.Хүрэлбаатар надад эмчилгээ хийлгэсний төлбөр 336 000 төгрөгийг өгч, надаас уучлалт гуйсан болохоор санал гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлгээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн мөн хавтаст хэргийн 39-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Э.Хүрэлбаатарыг урьд ял шийтгэгдэж байгаагүй байна гэж үзлээ. Шүүгдэгч Э.Хүрэлбаатарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэгт үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 хэсэг болж хугарсан шалны модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 140 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Цэнхэр Эрчулууны Хүрэлбаатарыг таксины 500 төгрөг өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан Б.Баярмааг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Э.Хүрэлбаатарыг 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Э.Хүрэлбаатарт оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Э.Хүрэлбаатарын цагдан хоригдсон 140 /нэг зуун дөч/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 хэсэг болсон шалны хугархай модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Э.Хүрэлбаатар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хүрэлбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Т.БАТЖАРГАЛ

ШҮҮГЧИД                           Т.ЭНХЖАРГАЛ

                                 Г.ГЭРЭЛТ-ОД