Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00420

 

 

Л.Цэдэвийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Г.Банзрагч, Г.Цагаанцоож, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/02201 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2028 дугаар магадлалтай,

Л.Цэдэвийн хүсэлттэй,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид нөхөн олговор гаргуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-оргилын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-оргил, прокурор Ш.Одонсүрэн нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хүсэлт гаргагч Л.Цэдэвийн төрсөн эцэг болох Ш.Лувсансүрэнг 1938 онд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан баривчилж, улмаар Онцгой бүрэн эрхт комиссын 1938.09.19-ний өдрийн 32 дугаар тогтоолоор, Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр, 10 жилийн хорих ялаар шийтгэсэн. Дараа нь Л.Цэдэвийн төрсөн эцэг Ш.Лувсансүрэнд холбогдох хэргийг хянаад, Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1940.07.30-ны өдрийн 8 дугаар хурлын тогтоолоор, 72.3-ыг баримтлан улс төрийн хэрэгт холбогдолгүй болохыг нь тогтоож, түүнийг цагаатган сулласан. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 хэсэгт заасан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг гаргуулан Л.Цэдэвт олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор Х.Еркебулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Л.Цэдэвийн төрсөн эцэг Ш.Лувсансүрэн нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан. Л.Цэдэв нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13.2.2 дахь хэсэгт заасны дагуу 40,000,000 төгрөгийн нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнд нөхөн олговрыг олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.05-ны өдрийн 181/ШШ2019/02201 дүгээр шийдвэрээр: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч Л.Цэдэвийн гаргасан 40,000,000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.04-ний өдрийн 2028 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.05-ны өдрийн 181/ШШ2019/02201 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Л.Цэдэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн гэр, орон сууцыг хурааж байсан, түүний улмаас эд хөрөнгийн эрх нь зөрчигдсөн хэлмэгдэгч /түүний эхнэр, нөхөр, хүүхэд/ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговрыг олгох тухай хууль-ийн 13.2.2 дугаар зүйлд заасан 40 сая төгрөгийн нөхөх олговрыг авах, нэхэмжлэх эрхтэй хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй байна хэмээн үзэж буйд гомдолтой байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль-ийн 13.2.2 дугаар зүйлд заасан 40 сая төгрөгийн нөхөх олговрыг мөн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгохоор хуульд маш тодорхой заасан. Нэхэмжлэгч Л.Цэдэвийн төрсөн эцэг Ш.Лувсансүрэн нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, 1938.09.19-ний өдөр 10 жилийн хорих ял шийтгэгдсэн хоригдож, 1940.07.30-ны өдөр Тусгай комиссын шийдвэрээр суллагдаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд үүнийг ч анхан болон давж заалдах шатны шүүхүүд шийдвэр, магадлалдаа тогтоосон байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль-ийн 13.2.2 дугаар зүйлд заасан 40 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоходоо мөн хуулийн 23.11 дүгээр зүйлд заасан ...хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж, одоо хүртэл орон сууцгүй байгаа бол... гэх урьдчилсан нөхцөлийг хэрэглэх, шалгуур нөхцөл болгох талаар заагаагүй, хууль тогтоогч тэгж хуульчлаагүй, эрх бүхий этгээд тэгж тайлбарлаагүй байхад тус хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан орон сууцыг олгохдоо дараалал харгалзахгүй олгож байх талаар заасан хамааралгүй нөхцөлийг хэрэглэж байгаа явдал нь үндэслэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн явдал болж байна. Түүнээс гадна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль-ийн 23.1 дүгээр зүйлд заасан ...хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж, одоо хүртэл орон сууцгүй байгаа бол... гэх нөхцөл нь орон сууц олгох эсэхийг шийдэхтэй холбоотой бус, харин орон сууцыг олгохдоо дараалал харгалзахгүй олгож байхтай холбоотой урьдчилсан нөхцөл гэж үзэж байна. Хэлмэгдэгчийн гэр орон сууцыг хурааж байсан бол Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль-ийн 13.2.2 дугаар зүйлд заасан 40 сая төгрөгийн нөхөх олговрыг олгохгүй байх талаар тус хууль болон холбогдох ямар ч хуульд заагаагүй байна. Тийм байхад болон давж заалдах шатны шүүх нь тус хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан дээрх дурдсан нөхцөлийг мөн хуулийн 13.2.2 дугаар зүйлд заасан 40 сая төгрөгийн нөхөх олговрыг олгох нөхцөл болгон хэрэглэж байгаа нь ...шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... явдал гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.Цэдэв Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 хэсэгт заасны дагуу нөхөх олговорт 40,000,000 төгрөг олгохыг хүсжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар.

а). Нэхэмжлэгч Л. Цэдэв нь 1936.05.01-нд төрсөн өдгөө 85 настай байх ба тэрээр Шаравын Лувсансүрэнгийн төрсөн охин нь мөн болох нь 1947 оны хүн амын тооллогын бүртгэлд Шаравын Лувсансүрэн эрэгтэй 48 настай, охин Лувсансүрэнгийн Цэдэв 10 настай гэж бүртгэгдсэнээр болон Архивын Ерөнхий газрын лавлагаа Л. Цэдэвийн ХД36050162 тоот регистрийн дугаар бүхий иргэний иргэний үнэмлэхийн эцэг/ эх/-ийн нэр гэсэнд Лувсансүрэн гэж бичигдсэн бичилт, дүү нар гэх Л.Дамдинсүрэн, Л.Хандсүрэн нар болон бусад гэрчийн тайлбар, мэдүүлгээр тогтоогджээ.

б).Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л. Цэдэв ах дүү 4 гэж тайлбарлан одоо Л. Цэдэв, Л.Дамдинсүрэн, Л.Хандсүрэн нар энх тунх амьдарч байгаа, эцэг Шаравын Лувсансүрэнгийн хэлмэгдсэний нөхөх олговрыг Л.Цэдэв төлөөлөн нэхэмжлэхээр хэлэлцэн тохирсон гэж тайлбарлан хэргийн 12 дугаар талд авагдсан Хэлцэл гэх баримтыг гаргажээ.

Нэхэмжлэгч нарын дээрх тохиролцоо нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасан Нөхөх олговрыг энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст тэгш хувааж олгох боловч тэдний бичгээр гаргасан хүсэлтийн дагуу аль нэгэнд нь олгож болно гэснийг зөрчихгүй гэж үзэв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн (цаашид хуулийн гэх) хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан ... эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд гэсэн нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасан нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээдтэй нэгэн адил эрх бүхий хүмүүс байна.

Нэхэмжлэгч Л.Цэдэв нь хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд мөн бөгөөд бусад эрх бүхий этгээдийн зөвшөөрснөөр тэднийг төлөөлөх боломжтой гэж үзлээ.

2. Хэлмэгдэгч Ш.Лувсансүрэнгийн талаар

Шаравын Лувсансүрэн нь Булган аймгийн Халиун сумын 5 дугаар багийн харьяат, ард, нас 39 /1938 оны байдлаар/. Ам бүл 4: дүү Пүрэв, хүүхэд Сүүдэр, Намжилжав, Бадамдармаа нар. Хөрөнгө: үхэр 11, адуу 3, хонь, ямаа 6, тэмээ 3, байшин 2, эсгий гэр 1, 19 наснаас хүрээнд гавж, равж мяндагтай аймгийн бичээч ба шашны захиргаанд тэргүүлэгч явсан. Түвд ном ба Монгол бичиг мэднэ. Мал аж ахуйгаар амьдардаг. Цэрэгт яваагүй. Ял шийтгэлгүй. Баригдахын өмнө улсын худалдаанд нягтлан бодох байсан Ш.Лувсансүрэнг 1938 онд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан баривчилж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 32 дугаар тогтоолоор, Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр, 10 жилийн хорих ялаар шийтгэжээ.

Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1940 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаар хурлын тогтоолоор улс төрийн хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, цагаатган сулласан нь хэрэгт авагдсан Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018.08.28-ны өдрийн 05/5780 тоот лавлагаагаар тогтоогджээ.

Хоёр шатны шүүх Ш.Лувсансүрэн нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2- т заасан улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж хилс хэрэгт холбогдон хорих ял эдэлж нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол хүлээсэн хэлмэгдэгч этгээд гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.

3. Хууль хэрэглээний талаар.

а). Хууль тогтоогч 2018.01.12-ны өдрийн хуулиар хуулийн дээрх зохицуулалтыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд 13.2-гэсэн заалтаар шинээр нэмж оруулсан байна.

Энэ заалтад Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг дор дурдсанаар олгоно гэж тодорхойлон 13.2.1-д Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр, /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөгийн, 13.2.2-т хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид өөрт нь, нас барсан бол 13.2.1-д нэрлэн заагдсан эрх бүхий хүмүүст 40 сая төгрөгийн нөхөх олговор тус тус олгохоор зохицуулжээ.

б). Хоёр шатны шүүх Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан Энэ хуулийн 23.1-д ..орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно гэснийг мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан ... хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоог хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин сугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэсэнтэй адилтган тайлбарласан нь алдаатай болжээ.

Учир нь хоёр шатны шүүх Л.Цэдэвийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...Ш.Лувсансүрэнгийн хэрэгт гэр, орон байр, эд хөрөнгийг хураасан баримтгүй,шийтгэсэн тогтоолд энэ талаар тусгагдаагүй... гэсэн үндэслэлийг заажээ. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлоогүй гэж үзжээ.

в). 2018.01.12-ны өдрийн хуулиар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай (1998 оны) Хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан нөхөх олговрыг нэг удаа олгоно гэснийг хүчингүй болгожээ.

Хуулийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилгыг: ...хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгаж, нэр төрийг сэргээх, тэдэнд нөхөр олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагавар арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлжээ.

Хуулийн 13, 23 дугаар зүйлийг хуулийн бүтцийн хувьд авч үзэхэд Хуулийн 13 дугаар зүйл нь хуулийн нөхөх олговор олгох бүлэгт хамаарч байгаа бол 23 дугаар зүйл нь хуулийн хэлмэгдүүлэлтийн үр дагавар арилгах гэсэн бүлэгт байгаа бөгөөд эдгээр заалтын зорилго, зохицуулалт нь өөр, өөр гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг дор дурдсанаар олгоно гэснийг хилс хэргийн улмаас хэлмэгдэгч орон байраа алдаж эд хөрөнгийн хохирол учирсны үр дагавар гэсэн утгаар биш харин хэлмэгдэгчид төрөөс энэ хэмжээний нөхөх олговор хоёр дахь удаагаа олгохоор зохицуулсан гэж ойлгоно.

г). Хуулийн13 дугаар зүйлийн 13.2, 23.1 зүйлд заасныг шүүхийн практикт хэрэгжүүлж буй талаар 2020 онд Улсын дээд шүүхээс зарим судалгааг хийж, улмаар тухайн хуулийг гаргах болсон хууль тогтоогчийн бодлого, хуулийн үзэл баримтлал, нөхөх олговор нэг удаа олгох тухай хуулийн заалт хүчингүй болсон зэргийг судлан үзэж нөхөх олговрыг хоёр дахь удаагаа олгох-ыг хориглоогүй гэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн нь тус шүүхээр шийдвэрлэгдсэн 2020.06.11-ны өдрийн /00289, 00292/ тоот тогтоолд тусгагдсан, маргаантай асуудлаар шүүхийн практик тогтсон болохыг тэмдэглэж байна.

д). Нэхэмжлэгч Л. Цэдэв нь хэлмэгдэгч Шаравын Лувсансүрэнгийн төрсөн охин мөн болох тогтоогдсон, хуулийн 13.2.2-т заасны дагуу 40 сая төгрөгийн нөхөх олговор авах эрх бүхий этгээд байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2028 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/02201 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан улсын төсвөөс 40,000,000 төгрөг гаргуулж Л. Цэдэвт олгосугай гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар Л. Цэдэв нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                             Х.СОНИНБАЯР

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ