| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2022/0118/Э |
| Дугаар | 123/ШЦТ/2022 |
| Огноо | 2022-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхбат |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 123/ШЦТ/2022
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
Улсын яллагч А.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг
Шүүгдэгч Б.Сүхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Борягийн Сүхбатад холбогдох эрүүгийн 2231001890139 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 4-р хэсэг 65 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан бүрэн гэх Боржигон овгийн Борягийн Сүхбат, МЭ80120213;/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Сүхбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Өнхрүүш” хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Д.Майдартай зөрөхдөө мөрлөсөн гэх шалтгааны улмаас маргаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сүхбат мэдүүлэхдээ: “... 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ гарч Өнхрүүш дэлгүүр орчихоод явж байтал Майдар миний хажуугаар гарч явахдаа намайг мөрлөсөн. Би чи яаж байгаа юм аятайхан яваач гэж хэлээд бид хоёр маргасан. Энэ үед би Майдарын нүүр хавьд нэг цохисон, миний буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Майдар мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр гэртээ машин янзалж байгаад оройхон 21 цагийн орчим гэрийнхээ ойролцоох “Өнхрүүш” дэлгүүрт очиж ундаа авчихаад гараад явж байтал нэг залуу надтай мөрлөөд тэгснээ уурлаад намайг барьж аваад миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохичихсон юм. Тэгээд хүүш болиоч ээ гэхэд тоохгүй цохиод байсан. ...би Сүхбатад цохиулсныхаа дараа Өнхрүүш дэлгүүр орж цусаа арчсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Оюун мэдүүлэхдээ: “...Хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Манай дэлгүүрт Майдар орж ирээд архи аваад гарсан. Тэгсэн удалгүй гаднаас Майдар орж ирээд Сүхээ намайг зодчихлоо гэж хэлсэн. Тухайн үөд хөмсөг хэсгээс нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-2 дугаар хуудас/,,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 200 дугаартай шинжээчийн: “...1. Д.Майдарын биед зүүн хөмсгөнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн аль аль үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай, /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 25-26 дугаар тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 42 дугаар тал/,
Сүхбаатар сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 44 дүгээр тал/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, /хх-ийн 47 дугаар тал/,
Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 48-49 дүгээр тал/,
Зээлийн лавлагаа, /хх-ийн 51 дүгээр тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 52 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Сүхбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Өнхрүүш” хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Д.Майдартай зөрөхдөө мөрлөсөн гэх шалтгааны улмаас маргаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байж тул шүүгдэгч Б.Сүхбатыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна .
Шүүгдэгч Б.Сүхбат нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын газраас Б.Сүхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч Б.Сүхбатын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Сүхбат нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Майдараас нэхэмжилсэн хохирол, төллбөргүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Сүхбатад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан байна.
Хохирогч Д.Майдараас: ...Б.Сүхбат надаас биечлэн ирж уучлалт гуйсан, надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-н 15-р хуудас / зэргийг харгалзан шүүгдэгч Б.Сүхбат нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас: ... Шүүгдэгч Б.Сүхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан байна.
Шүүгдэгч Б.Сүхбатад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Сүхбат нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох,прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Сүхбатад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, шийтгэх ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт дагалдан ирсэн бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдаад шүүгдэгч Б.Сүхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Борягийн Сүхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Борягийн Сүхбатыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Сүхбатын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Сүхбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Энэ хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, шүүгдэгч Б.Сүхбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сүхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо,шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ