| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0036/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/42 |
| Огноо | 2021-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнзаяа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/42
2021/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ц.Сайнзаяа
Шүүгдэгч: Э.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Эгийн От холбогдох эрүүгийн 2112000000029 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Архангай аймгийн Тариат сумын Хорго баг, ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Т овогт Эгийн О/РД:АЗ................./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000000029 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Нийн өгсөн:
“...Манайх Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Сансар хороололд байдаг. Би эмээтэйгээ байдаг, би Э.От хандан манайд ус авчаарай гэж хэлсэн Э.О чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би сүртэй юм бэ гэж хэлчхээд дэлгүүрт зогсож байсан чинь Э.О нь араас нударсан би яасан гэсэн чинь намайг гөлөг минь чи ямар их зантай болчихсон юм гэж хэлэхээр нь хариуд нь би унаагүй юм унасан биш ганц сав ус тавьчихгүй сүртэй юм гэж хэлсэн. Э.О нь гараад явсан би орой 17 цагийн үед усандаа явах гэж байхад орж ирж хэрүүл хийгээд байсан тэгээд манай эмээ Э.Оийг чи гар гэртээ ор гэж хэлсэн. Э.О нь гарах гэж байхдаа чам шиг юмыг ална шүү гээд намайг хацар дээр алгадсан, дараа нь үснээс дарсан би зөрүүлж үснээс нь дарсан Э.О нь миний нүүрэн дээр маажсан дараа нь хүзүү хэсэгт маажсан тэгж байсан чинь Э.Оийн аав орж ирсэн. Би Э.Оийн үсийг тавьсан Э.О нь миний нүүрэнд дахин маажсан тэгээд салсан аавд нь хандан би цагдаа дуудна гэсэн чинь тэг тэг гээд охиноо өмөөрөөд байсан. Би яагаад миний эцэг эхийг доромжилж байгаа юм гэсэн чинь аав нь үнэн биз дээ гээд байсан. Аавынхаа хажууд намайг бөбөөчин гээд байсан. Тухайн үед манай эмээ Э.О байсан. Дараа нь Э.Оийн аав Э нь орж ирсэн өөр хүн байгаагүй. Уг хэрүүл маргаан зодоон нь манай эмээгийн гэрт Хорго багийн Сансар хороолол 9-6 тоотод болсон. Би Э.От хандан манайд ус аваад өгөөрэй гэж хэлсэн чинь чадахгүй гэж хэлсэн тэгээд маргалдаад Э.О нь ирээд миний зүүн хацар руу алгадаад авсан тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд бос ч ирээд чи давраад байгаарай гэсэн миний хацар, хүзүүг маажсан. Би Э.Оийн үснээс нь татсан өөр цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар тал/
*Гэрч Г.Эгийн өгсөн:
“...Би гадаа юм хийж байсан чинь манай 1 дүгээр ангийн хүүхэд Г нь гүйж ирээд 2 аниа барилцаад авлаа гэхээр нь би ээжийнд орсон чинь Э.О, Б.Нэ нар нь бие биеийнхээ үснээс татсан зогсож байсан. Тэгэхээр нь би сал гэсэн чинь тэр 2 салсан Б.Нэ нь Э.От хандан чи намайг зодлоо миний нүүрийг хараач чамайг цагдаад өгнө гэж байсан. Би өөрсдөө мэд гэж хэлсэн Б.Нэ нь муу гуйлгачин та нар хэзээ юмтай явсан юм пизда, шээс, гөлөг, гэх мэт хэл амаар баахан доромжилж байсан Б.Нэ нь хувцсаа аваад гараад явсан байсан. Манайх Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Сансар хороолол 9-6 тоот хаягт ээжийн хамт байдаг айл намайг ээжийнд орох үед тэр хоёр бие биеийнхээ үсдээд дарсан байсан би та 2 боль сал гээд салгасан. Өөр зодоон цохион болоогүй баахан хэрүүл маргаан хийсэн. Намайг орох үед ээжийнд ээж Б.Нэ Э.О нар нь байсан өөр хүн байхгүй байсан. Б.Нийн хацар, хүзүү нь улайсан маажуулсан байсан Э.Оийн баруун чихний урд нь нэг удаа маажуулсан байсан. Өөр биед нь ил харагдах шарх сорив сайхгүй байсан Э.О нь сүүлд ярихдаа зодоон болох үед намайг Б.Нэ нь гэдэс цээж хэсэгт өвдөглөсөн гэж ярьж байсан би хараагүй. 2 биеийнхээ үгээ даахгүй хэрүүл маргаан хийсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-37 дугаар тал/
*Гэрч Ц.Оийн өгсөн:
“...Би гэртээ сууж байхад Э.О, Б.Нэ нар нь орж ирсэн байсан. Би чих хатуу учир юу ярьж байгааг нь сонсоогүй. Нэг харсан чинь тэр 2 барилцаад авсан байсан. Би больцгоогоорой юу болж байна хүүхдүүдээ гэж хэлсэн, сонссон юм уу үгүй юм уу би мэдэхгүй. Удалгүй манай хүргэн Г.Э орж ирж салгаж байсан. Уг асуудал манай гэрт болсон. Манай хаяг Сансар хорооллын 09-06 тоот. Өмнө нь хэрэлдэж маргалдаж, ийм асуудал болж байгаагүй. Тэр хоёр бие биенийхээ үснээс зулгаалцаж байхад нь хүргэн Г.Э орж ирж салгасан. Б.Нийн нүүр хацар нь маажуулсан байсан. Э.Оийн хуйх нь пөмбийсөн байсан. Өөр харагдах шарх гэмтэл байхгүй байсан. Би дүлий учир юу ярьж байгааг нь сонсож чаддаггүй/хх-ийн 38-42 дугаар тал/
*Яллагдагч Э.Оийн өгсөн:
“...Манайх Тариат сумын Хорго багийн Сансар хороололд Б.Нэтэй хамт нэг хашаанд байдаг. 1-р сарын 25-нд 15 цагийн үед Б.Нэ намайг усны сав тавьчхаарай гэж хэлсэн тэгэхээр нь би чадахгүй гэж хэлсэн. Б.Нэ нь намайг хүнээс илүү юм унасан шиг сүртэй пизда вэ гэж хэлсэн тэгээч би дэлгүүрт орсон чинь Б.Нэ нь зогсож байсан надад хандан хүнээс илүү юм унасан юм шиг сүртэй пизда вэ гэж дахин хэлсэн тэр үед би юм дугараагүй гарсан гэртээ ирсэн тэр үед Б.Нэ эмээгийндээ ирсэн байхаар нь орж чи хэл амаа бодмоор юм гэж хэлсэн чинь Б.Нэ тэгэхгүй яах юм хүнээс илүү юм унасан юм шиг ядуу юм байж олигтойхон хүнтэй суусан юм шиг гээд байсан. Би Б.Нэд хандан ариа ч дээ би алгадаад хаячихна шүү гээд Б.Нэтэй маргалдсан би биед нь халдаж гэмтэл учруулсан. Хүлээн зөвшөөрч байна надад санал хүсэлт байхгүй. Б.Нэ бид 2 учраа олсон бид нар эвлэрсэн би хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 55-56 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаартай“...Б.Нийн биед зүүн чамархай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүний урд доод хэсэгт олон тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Хуйхны гэмтэл нь үсийг зулгааж татах үед, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн шүргэх нидрэгдэх, хумсаар маажих үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Зүүн чамархай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгарсан шарх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Хүзүүний урд доод хэсэгт олон тооны зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 14 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг, Сансар хорооллын 9-6 тоот хашаанд байрлах монгол гэрт иргэн Б.Нэ нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.О үйлдсэн болох нь хохирогч Б.Нийн”... Э.О нь гарах гэж байхдаа чам шиг юмыг ална шүү гээд намайг хацар дээр алгадсан, дараа нь үснээс дарсан би зөрүүлж үснээс нь дарсан Э.О нь миний нүүрэн дээр маажсан дараа нь хүзүү хэсэгт маажсан тэгж байсан чинь Э.Оийн аав орж ирсэн. Би Э.Оийн үсийг тавьсан Э.О нь миний нүүрэнд дахин маажсан тэгээд салсан аавд нь хандан би цагдаа дуудна гэсэн чинь тэг тэг гээд охиноо өмөөрөөд байсан. Би яагаад миний эцэг эхийг доромжилж байгаа юм гэсэн чинь аав нь үнэн биз дээ гээд байсан. Аавынхаа хажууд намайг бөбөөчин гээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Эгийн”... Би гадаа юм хийж байсан чинь манай 1 дүгээр ангийн хүүхэд Г нь гүйж ирээд 2 аниа барилцаад авлаа гэхээр нь би ээжийнд орсон чинь Э.О, Б.Нэ нар нь бие биеийнхээ үснээс татсан зогсож байсан. Тэгэхээр нь би сал гэсэн чинь тэр 2 салсан Б.Нэ нь Э.От хандан чи намайг зодлоо миний нүүрийг хараач чамайг цагдаад өгнө гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Оийн”...Би гэртээ сууж байхад Э.О, Б.Нэ нар нь орж ирсэн байсан. Би чих хатуу учир юу ярьж байгааг нь сонсоогүй. Нэг харсан чинь тэр 2 барилцаад авсан байсан. Би больцгоогоорой юу болж байна хүүхдүүдээ гэж хэлсэн, сонссон юм уу үгүй юм уу би мэдэхгүй. Удалгүй манай хүргэн Г.Э орж ирж салгаж байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Э.Оийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 68 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Э.Оийн хүний биед зүүн чамархай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүний урд доод хэсэгт олон тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Оийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.О нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Э.О нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Э.Оийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Нэ нь шүүгдэгч Э.Отэй хохирол төлбөрийн талаар эвлэрсэн тухай бичгээр хүсэлт ирүүлсэн байна.
Шүүгдэгч Э.О нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Эгийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР