| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0080/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/76 |
| Огноо | 2021-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнзаяа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ц.Сайнзаяа
Шүүгдэгч: З.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О овогт Зн Хад холбогдох эрүүгийн 2112000000086 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, эрэгтэй, 59 настай, бүрэн дунд боловсролтой, дулааны засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн .......... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, О овогт Зн Х/РД:АИ................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000000086 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч О.Цын өгсөн:
“...2021 оны 03 дугаар сарын 18-ний өглөө би өөрийн эхнэр Г.Д болон хүүхдүүдтэйгээ хамт Төвшрүүлэх сумын төвд байрлах өөрийн гэртээ байсан. Эхнэр Г.Д бид хоёр гэр бүлийн асуудлаас болоод бага зэрэг хэрүүл марган хийсэн гэтэл манай эхнэр Г.Д өөрийн эгч Г.Г руу утсаар яриад намайг ирээд авчих гэж байсан, удалгүй гаднаас манай гэрт эхнэрийн төрсөн эгч Г.Ггийн нөхөр З.Х нь манай охин Б.Утай орж ирсэн. Эхлээд Б.У манай гэрт орж ирээд та хоёр яагаад маргалдаад байгаа юм бэ гэсэн З.Х араас нь орж ирээд чи яагаад ингэдэг юм бэ гээд намайг үг хэлэхийн завдалгүй өөрийн гараараа миний нүд рүү цохисон би нүд рүүгээ цохиулаад гэрт байдаг ширээн дээр доошоо хараад гараа тулаад хэвтэж байсан хамраас цус гоожоод дээшээ өндийж болохгүй байхад З.Х намайг дахин шилэн хүзүү рүү цохиж авсан. Намайг З.Х нүүр, ар шилэн хүзүү рүү яг хэдэн удаа цохисон талаар би сайн мэдэхгүй байна ямар ч нэлээн олон удаа цохисон. Би З.Хыг намайг цохиж зодохоор нь хариу цохиж зодоогүй зүгээр сууж байсан намайг цохиж зодоод удалгүй хоёр хүүхэд аваад манай эхнэр Г.Дг аваад явсан. Би тэд нарын араас гэрээсээ гараад Төвшрүүлэх сумын Эрүүл мэндийн төвд үзүүлээд дараа нь цагдаагийн байгууллагад хандсан З.Хыг би цохиж зодоогүй. Одоо миний шилэн хүзүү, толгойны дагз хэсэг хөшиг хөндүүрлэж өвдөх зовуурьтай байна З.Хад зодуулаад хоёр гурван хоног нүд хавдартай, шанаа хавдартай байсан учраас ажилдаа яваагүй эмчийн магадалгаа авсан байсан. З.Х бид хоёр нэг айлын хүргэн болсон би З.Хын эхнэр Г.Ггийн төрсөн дүү Г.Дтай гэр бүл болсон өөр байдлаар холбоо байхгүй. Би хэрэг явдал гаргаж, архи дарс уугаагүй харин өмнөх өдөр нь буюу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр архи уусан байсан З.Хад зодуулах үедээ эрүүл байсан З.Х мөн адил тухайн эрүүл байсан. Манай эхнэр Г.Д намайг хэрэг гарахын өмнөх өдөр архи уусан гээд З.Хад хэлсэн гэтэл З.Х чи яахаараа дандаа архи дарс уудаг юм бэ гээд намайг цохиж зодсон өөр байдлаар хэрэлдэж маргалдаагүй. Би З.Хыг цохиж зодоогүй тухайн үед З.Х намайг цохиж зодож байхад манай охин Б.У, манай эхнэр Г.Д, манай хоёр 8, 5 настай хүүхдүүд байсан өөр хүн байгаагүй. Миний биед дээрх гэмтлүүдийг З.Х намайг гараараа цохиж зодож учруулсан би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй З.Х надаас уучлалт гуйсан би хүлээж аваад З.Хыг уурандаа цагдаагийн байгууллагад өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 4-5 дугаар тал/
*Хохирогч О.Цын дахин өгсөн:
“...Намайг цохиж зодсон З.Хтай уулзаж учраа олсон. З.Х өөрийн гэм бурууг ухамсарлаж надад учруулсан хохирол гомдлоо барагдуулсан. Би З.Хаас өөр зүйл нэхэмжлээгүй бид хоёр нэг айлын хүргэн хүмүүс учраас нэгнийгээ таньж мэднэ надад өөр гомдол санал байхгүй. Тухайн үед З.Х ах намайг цохиж зодохоор нь гомдоод цагдаагийн байгууллагад хандсан. Би хэргийн шүүх хуралдаанд оролцохгүй хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 43 дугаар тал/
*Гэрч Г.Ггийн өгсөн:
“...Тухайн өдөр буюу 3 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр З.Х, манай хүү Ж бид гурав сумын төвд байрлах гэртээ байж байсан. Өглөөний 10:00 минут өнгөрч байхад миний дүү Г.Д над руу утсаар яриад О.Ц агсам тавиад намайг цохиж зодоод байна намайг ирээд аваач гэхээр нь би өөрийн нөхөр З.Хыг О.Цын гэрт очоод Г.Дг аваад ир гээд явуулсан. О.Цын гэр манай гэрээс 2-3 км орчим зайтай арын хороололд зайдаг. Манай нөхөр З.Х Г.Дгийн охин Б.Уын хамт гараад явсан Г.Дгийн Б.У нь тухайн үед манай гэрт хамт байсан. Тэр хоёр гэрээс гараад 10 орчим минутын дараа Б.У, З.Х, Г.Д нар ирсбэн. З.Х гэртээ ирээд надад ярихдаа энэ Г.Д, О.Ц хоёр хоорондоо хэрэлдээд нэгнийгээ хэлэх хэлэхгүйгээр доромжиллоо би гэрээс нь Г.Дг аваад гарах гэсэн чинь О.Ц надад хандаж “Энэ чиний төрсөн дүү юм уу, чи намайг яах юм ?” гээд байхаар нь З.Х О.Цт хандаж “Би ах хүний хувьд чамайг битгий архи уу, архиа боль гэж өчнөөн хэлдэг та хоёрын гэр бүлийн хэрүүлд бол би оролцохгүй чи харин наад архиа багасга” гэж хэлсэн гэсэн гэтэл О.Ц чамд хамаагүй гэх мэтээр өөдөөс нь маргалдаад байхаар нь З.Х “О.Цыг гараараа хоёр цохичихлоо нэг нь шанаанд нь туссан байх нэг нь хальт хамрыг нь шүргээд хамраас нь цус гарчихсан” гэж надад ярьсан. З.Х О.Цыг цохиод дараа нь гэрт нь ороод цус энэ тэрийг нь цэвэрлэж өгөөд цус, нусыг нь авч өгсөн гэсэн тэгж байхад нь О.Ц би гомдолтой цагдаад өргөдөл гаргана гэж хэлж байсан гэсэн үүнийг манай нөхөр З.Х надад гэртээ ирээд ярьсан. Гэрээсээ гарахдаа хэвийн байдалтай гарсан, манай хүн уг нь уурлаж бухимдаад байдаггүй юм тухайн үед л тэвчээгүй юм шиг байсан. Өмнө нь хэрэг төвөгт орооцолдож байгаагүй даруухан хүн байгаа. З.Х одоо 60 нас хүрч байна О.Ц өөрөө ахмад хүнийг өдөөн турхирч байгаад цохиулсан байх гэж би бодож байна. О.Ц архи уугаад байснаас болсон байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар тал/
*Гэрч Б.Уын өгсөн:
“...Би 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр З.Х ахын гэрт очоод тэндээ хоносон байсан. Маргааш нь буюу 03 дугаар сарын 18-ны өглөө 10:00 цагийн орчимд Г.Г эгчийн утас руу манай ээж Г.Д залгаад Хашаа ахыг дуудаж байна гэхээр нь би Хашаа ахын хамт О.Ц болон ээж Г.Д нар дээр гэрт нь очсон. З.Х ах бид хоёрыг очиход О.Ц ах хувцасаа өмссөн байсан гэрээсээ гарах гэж байгаа юм шиг зогсож байсан. Манай ээж Г.Д болон О.Ц нар хоорондоо хэрэлдэж маргалдсан намайг элдвээр хэлж хэл амаар доромжилсон намайг хоёр удаа гараараа цохисон гэж З.Х ахад ээж хэлсэн. Гэтэл З.Х ах О.Ц ахад хандаж “Чи яагаад эмэгтэй хүн цохиж зодож байгаа юм бэ“ гэхэд О.Ц “Чамд хамаагүй чи яахаараа хүний амьдралд оролцдог юм” гэх мэтээр маргалдаж эхэлсэн тэгээд удалгүй З.Х ах уурлаад О.Цыг очоод гараараа хоёр удаа цохисон өөр зүйл болоогүй. О.Ц ах хоёр гараараа нүүрээ хаагаад байсан тэгж байхад нь З.Х ах гараараа 2 удаа цохиод байсан би яг аль гараараа цохиж байсан эсэхийг анзаараагүй. Намайг З.Х ахтай хамт гэрт нь ороход манай ээж Г.Д толгойгоо барьсан байсан О.Ц цохисон учраас өвдөөд толгойгоо барьж байна гэж би бодсон. Тухайн үед О.Ц ах З.Хыг цохиж зодоогүй өөрөө З.Х ахад цохиулаад дараа нь “Би чамайг цохивол цохино шүү дээ чамайг одоо би цагдаад өгнө эцсээ хүртэл явна” гэх мэтээр хэлж байсан түүнээс О.Ц өөрөө З.Хыг цохиж зодоогүй. 2018 оны 05 дугаар сарын үед намайг 12 дугаар ангид сурч байхад О.Ц ээжийг цохиж зодоод манай ээж гэрээсээ зугтаад өөрийн ээж Марусъяагийн гэрт хувцас хунар, эд зүйлээ аваад очиж амьдарч байсан би тэрийг санаж байна. Манай ээж Г.Д болон О.Ц ах нар нь 2012 оноос хойш одоог хүртэл хамтран амьдарч байгаа юм тухайн хугацаанд миний санаж байгаагаар О.Ц ах архи дарс уугаад гэртээ ирэх үедээ хэрүүл маргаан хийж ээж Г.Дд агсам согтуу тавьж байсан тохиолдол зөндөө байсан тухайн үед нь манай ээж цагдаад хэлж байгаагүй иймэрхүү зүйлс одоог хүртэл үргэлжилсээр байгаа юм байна би сүүлийн 2, 3 жил Улаанбаатар хотод суралцаж, амьдарч байгаа учраас нарийн сайн мэдэхгүй байна. Тухайн үед манай ээж Г.Д байсан, манай хоёр дүү байсан манай хоёр дүү одоо нэг нь 8 настай, нэг нь 5 настай хүүхдүүд байгаа юм өөр хүмүүс байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/
*Гэрч Г.Дгийн өгсөн:
“...Би тухайн өдөр гэртээ байсан манай нөхөр О.Ц бараг 3, 4 хоног архи уугаад дахин 03 дугаар сарын 17-ны орой согтуу архи уугаад орж ирээд унтсан. Маргааш нь буюу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өглөө босоод хэрүүл хийгээд чи архи дарс уусан гэж надтай ярилцахгүй байна, ярваганаж ааш гаргалаа гээд надаас хэрүүл өдөөд байсан ер нь О.Ц архи дарс уухаараа миний өмнөх амьдралыг яриад байдаг, би түүнээс нь залхаад намайг ирээд ав гээд өөрийн эгч Г.Г руу утсаар ярьсан. Удалгүй Г.Г эгчийн нөхөр З.Х намайг авахаар манай охин Б.Утай хамт ирсэн Б.У тухайн үед З.Х ахын гэрт нь байсан. З.Х ах ирээд намайг аваад явах гэж байтал О.Ц З.Х ахыг “Чи хүний амьдралд орлоо чамд ер нь ямар хамаатай юм бэ энэ ямар чиний төрсөн дүү чинь юм уу ?” гэх мэтээр хэрүүл өдөөд байсан. Гэтэл З.Х ах тухайн үгнүүдийг сонсоод тэвчээр алдсан юм шиг байсан очоод О.Цыг гараараа хоёр удаа нүүр хэсэг газарт нь цохиод авсан. З.Х ах О.Цыг хоёр удаа цохисон эхлээд толгой хэсэгт нь цохисон дараа нь хамрыг нь хальт цохисон байх хамраас нь цус гараад байсан баруун гараараа цохиж байсан. О.Ц З.Х ахыг цохиж зодоогүй өөрөө З.Х ахад цохиулаад дараа нь “Би чамайг цохивол цохино шүү дээ, би цагдаад өгнө” гэж байсан гэх мэтээр хэлж байсан түүнээс О.Ц өөрөө З.Хыг цохиж зодоогүй. Манай охин Б.У мөн нэг нь 8 настай, нөгөө нь 5 настай манай 2 хүүхэд байсан байгаа юм өөр хүмүүс байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-25 дугаар тал/
*Яллагдагч З.Хын өгсөн:
“...Би бүрэн дунд боловсролтой, Төвшрүүлэх сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар анги төгссөн, Төвшрүүлэх сумын төвд өөрийн эхнэр Г.Ггийн хамт сумын төвд хувиараа зурагчин хийж ажиллаж амьдарч байна. Мөн би өөрийн баруун нүдний харааг бүрэн алдсан тул одоо эмнэлгийн тэтгэмжид байдаг харин манай эхнэр Г.Г одоо тэтгэвэрт байдаг. Манай 3 хүүхэд нас биед хүрээд гэр бүл зохиогоод тусдаа амьдарч байгаа. 2016 онд Төвшрүүлэх сумаас Оны шилдэг хөдөлмөрч шагнал авч байсан. 1980 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны харъяа 0119 дүгээр ангид хугацаат цэргийн албыг 3 жилийн хугацаатай хаасан. Би одоо сагсан бөмбөг хааяа тоглож байна спортоор хичээллэдэггүй. Улсаас эрүүл мэндийн магадлагаагаар тэтгэмж авч байна мөн Төвшрүүлэх сумын төвд хувиараа зурагчин хийдэг өөр ямар нэгэн орлогын эх үүсвэр байхгүй байна. Тухайн өдөр би Төвшрүүлэх сумын төвд байрлах өөрийн гэртээ эхнэр Г.Г, мөн манай эхнэрийн дүүгийн хүүхэд Б.Утай хамт байж байсан. Өглөөний 10:00 цагийн үед эхнэрийн утас руу О.Цын эхнэр Г.Д нь залгаад “Гэрээс ирээд намайг аваарай О.Ц архи уугаад хэцүү юм” гэж хэлсэн тэгэхээр нь би тэдний хүүхэд Б.Уын хамт О.Цын гэрт очсон. Бид хоёрыг очиход О.Ц хувцасаа өмсөөд гэрээсээ гарах гэж байгаа юм шиг байдалтай байсан Г.Д мөн адил хувцас, хунараа өмсөж байсан. Би тэдний гэрт ороод О.Цт хандаж “Чи яагаад ингэж их архи, дарс уугаад байгаа юм бэ ?, битгий ингэж архи дарс уу, одоо боль” гэж хэлэхэд О.Ц хариуд нь надад “Чамд хамаагүй чи хүний амьдралд битгий хошуу дүр” гэх мэтээр хэрэлдэж эхэлсэн. Би хэсэг О.Цтай маргалдаж байгаад Г.Дг дагуулаад гэрээс нь гарах гэтэл О.Ц дахин надад “Наад Г.Д чинь ямар чиний төрсөн дүү юм уу ?, чамд ямар хамаатай юм бэ, чамайг харна аа” гэх мэтээр хэлээд байхаар нь гэнэт миний дургүй хүрээд уурандаа “О.Цт хандаж би чамайг төрсөн дүү шигээ санадаг аа би чамайг цохилоо гээд чи надад гомдоод байх зүйл байхгүй шүү” гэж хэлээд О.Цын толгой, шанаа хэсэг газруудад 2, 3 удаа цохиод авсан юм тэгээд гэрээс нь гараад явсан өөр ямар нэгэн байдлаар О.Ц бид хоёр цохиж, зодолдсон зүйл болоогүй. Би өөрийн эхнэр Г.Гтай нэг гэр бүл болсны дараа О.Ц 2012 оны үед манай эхнэрийн төрсөн дүү Г.Дтай нэг гэр бүл болсон юм ингэж би О.Цыг таньдаг болсон өөр ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. О.Цын тухайн гэмтлийг өөрийн гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж учруулсан, намайг цохих үед О.Ц гайгүй байх шиг байсан хамраас нь цус гарахаар нь би уг нь цус энэ тэрийг нь цэвэрлэж өгсөн тэгээд гэрээс нь гараад явсан. Би О.Цтай учраа олж түүнтэй эвлэрсэн мөн түүнд учирсан хохирол, гомдлыг бүрэн барагдуулсан. Бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би О.Цыг гараараа 2-3 удаа цохисон О.Ц намайг цохиогүй мөн тухайн үед байсан хүмүүс болон бид хоёрын дунд өөр байдлаар маргалдсан, хэрэлдсэн, зодолдсон зүйл болоогүй. Би О.Цын баз ах нь учраас архи дарс битгий уу, архинаас амьдралгүй болно гэж үг хэлснээс болж бид хоёр хоорондоо хэрэлдсэн улмаар би түүнийг цохиж зодсон. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна өөрийн гэм бурууг ойлгож байна, хохирогч О.Цтай уулзаж ярилцан түүнд учирсан хохирол гомдлыг мөн барагдуулсан байгаа. Би О.Цаас уучлалт гуйж хоорондоо ойлголцсон, одоо өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-40 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаартай“...О.Цын биед баруун нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал, хамрын баруун талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн * ХӨНГӨН* зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. О.Цын биед хуучин гэмтэл байхгүй байна...” дүгнэлт /хх-ийн 10-11 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Урантолгой багийн нутаг, Мех хорооллын 5-01 тоотод О.Ц нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч З.Х үйлдсэн болох нь хохирогч О.Цын”...З.Х араас нь орж ирээд чи яагаад ингэдэг юм бэ гээд намайг үг хэлэхийн завдалгүй өөрийн гараараа миний нүд рүү цохисон би нүд рүүгээ цохиулаад гэрт байдаг ширээн дээр доошоо хараад гараа тулаад хэвтэж байсан хамраас цус гоожоод дээшээ өндийж болохгүй байхад З.Х намайг дахин шилэн хүзүү рүү цохиж авсан. Намайг З.Х нүүр, ар шилэн хүзүү рүү яг хэдэн удаа цохисон талаар би сайн мэдэхгүй байна ямар ч нэлээн олон удаа цохисон. Би З.Хыг намайг цохиж зодохоор нь хариу цохиж зодоогүй зүгээр сууж байсан намайг цохиж зодоод удалгүй хоёр хүүхэд аваад манай эхнэр Г.Дг аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Ггийн”...З.Х гэртээ ирээд надад ярихдаа энэ Г.Д, О.Ц хоёр хоорондоо хэрэлдээд нэгнийгээ хэлэх хэлэхгүйгээр доромжиллоо би гэрээс нь Г.Дг аваад гарах гэсэн чинь О.Ц надад хандаж “Энэ чиний төрсөн дүү юм уу, чи намайг яах юм ?” гээд байхаар нь З.Х О.Цт хандаж “Би ах хүний хувьд чамайг битгий архи уу, архиа боль гэж өчнөөн хэлдэг та хоёрын гэр бүлийн хэрүүлд бол би оролцохгүй чи харин наад архиа багасга” гэж хэлсэн гэсэн гэтэл О.Ц чамд хамаагүй гэх мэтээр өөдөөс нь маргалдаад байхаар нь З.Х “О.Цыг гараараа хоёр цохичихлоо нэг нь шанаанд нь туссан байх нэг нь хальт хамрыг нь шүргээд хамраас нь цус гарчихсан” гэж надад ярьсан. З.Х О.Цыг цохиод дараа нь гэрт нь ороод цус энэ тэрийг нь цэвэрлэж өгөөд цус, нусыг нь авч өгсөн гэсэн тэгж байхад нь О.Ц би гомдолтой цагдаад өргөдөл гаргана гэж хэлж байсан гэсэн үүнийг манай нөхөр З.Х надад гэртээ ирээд ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Уын”...Гэтэл З.Х ах О.Ц ахад хандаж “Чи яагаад эмэгтэй хүн цохиж зодож байгаа юм бэ“ гэхэд О.Ц “Чамд хамаагүй чи яахаараа хүний амьдралд оролцдог юм” гэх мэтээр маргалдаж эхэлсэн тэгээд удалгүй З.Х ах уурлаад О.Цыг очоод гараараа хоёр удаа цохисон өөр зүйл болоогүй. О.Ц ах хоёр гараараа нүүрээ хаагаад байсан тэгж байхад нь З.Х ах гараараа 2 удаа цохиод байсан би яг аль гараараа цохиж байсан эсэхийг анзаараагүй. Намайг З.Х ахтай хамт гэрт нь ороход манай ээж Г.Д толгойгоо барьсан байсан О.Ц цохисон учраас өвдөөд толгойгоо барьж байна гэж би бодсон. Тухайн үед О.Ц ах З.Хыг цохиж зодоогүй өөрөө З.Х ахад цохиулаад дараа нь “Би чамайг цохивол цохино шүү дээ чамайг одоо би цагдаад өгнө эцсээ хүртэл явна” гэх мэтээр хэлж байсан түүнээс О.Ц өөрөө З.Хыг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг, гэрч Г.Дгийн”...Удалгүй Г.Г эгчийн нөхөр З.Х намайг авахаар манай охин Б.Утай хамт ирсэн Б.У тухайн үед З.Х ахын гэрт нь байсан. З.Х ах ирээд намайг аваад явах гэж байтал О.Ц З.Х ахыг “Чи хүний амьдралд орлоо чамд ер нь ямар хамаатай юм бэ энэ ямар чиний төрсөн дүү чинь юм уу ?” гэх мэтээр хэрүүл өдөөд байсан. Гэтэл З.Х ах тухайн үгнүүдийг сонсоод тэвчээр алдсан юм шиг байсан очоод О.Цыг гараараа хоёр удаа нүүр хэсэг газарт нь цохиод авсан. З.Х ах О.Цыг хоёр удаа цохисон эхлээд толгой хэсэгт нь цохисон дараа нь хамрыг нь хальт цохисон байх хамраас нь цус гараад байсан баруун гараараа цохиж байсан. О.Ц З.Х ахыг цохиж зодоогүй өөрөө З.Х ахад цохиулаад дараа нь “Би чамайг цохивол цохино шүү дээ, би цагдаад өгнө” гэж байсан гэх мэтээр хэлж байсан түүнээс О.Ц өөрөө З.Хыг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч З.Хын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 122 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч З.Хын хүний биед баруун нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал, хамрын баруун талд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч З.Хын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч О.Ц нь шүүгдэгч З.Хтай хохирол төлбөрийн талаар эвлэрсэн, гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн байна.
Шүүгдэгч З.Х нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч З.Х нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч З.Хын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Хад эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Зн Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Хыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч З.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч З.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР