Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/14

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар /ҮД: 1672/,

хохирогч Д.Гүндболд,

шүүгдэгч С.Хүслэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Хорчин овогт Самданпүрэвийн Хүслэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0237 дугаар, 108/2016/0049/Э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, блюдезорчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Ойн бирж” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 16 дугаар гудамжны 24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УЮ90030818 дугаартай, Хорчин овогт Самданпүрэвийн Хүслэн нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2016 оны 05 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн бирж” шатахуун түгээх станц дээр шатахуун түгээгчээр ажиллаж байхдаа ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэн, шатахуун авахаар ирсэн үйлчлүүлэгч Д.Гүндболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас болж хоорондоо маргалдсанаас түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, бие махбодод нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Хүслэн нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн бирж” шатахуун түгээх станц дээр 2016 оны 05 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө ээлжиндээ гаран шатахуун түгээгчээр ажиллаж байхдаа ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь бензин авахаар ирсэн үйлчлүүлэгч Д.Гүндболдын машинд бензин шахаж өгөхөд Д.Гүндболд “хариултаа авъя” гэхэд “надад бэлэн мөнгө алга, түгээгүүрийн цонхон дээрээс очоод өгье” гэж хэлэхэд Д.Гүндболд нь “та нар ямар их зантай болсон пиздаанууд вэ” гэж хэлснээс болж маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж бие махбодод нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Хүслэнгийн: "... 2016 оны 05 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө ажил дээрээ байхад 12 цагийн үед манай найз ирж уулзаад явсан. Би 01 цагийн үед тооллого хийж байхад хар хөх өнгийн Делика маркийн автомашин маш хурдтай колонк руу ирсэн. Ээлжийн ахлах “наад хүмүүс чинь согтуу байна, битгий гар” гэхээр нь би төв байрнаас гарч тухайн автомашинд бензин хийж өгсөн. Бензиний хариулт 500 төгрөгийг өгөх гэж буцаж явахад араас “хариултаа авъя” гээд машинаа асаагаад ирсэн. Би “бэлэн мөнгөгүй байна, машинаараа дайрлаа” гэж хэлэхэд хохирогч намайг хэл амаар доромжлоод “дайрсан ч яадаг юм” гэж хэлсэн. Миний дургүй хүрч хохирогчийг нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаж байхад ээлжийн ахлах эмэгтэй цагдаа дуудсан. Цагдааг ирэхэд хохирогчийн ах зэрэг ирсэн. Д.Гүндболд намайг дуудаж гаргаж ирээд “намайг цохисны чинь хариу” гэж хэлээд миний зүүн шанаанд цохисон. Би Д.Гүндболдыг барьж авахад ах нь баруун шанаа руу өлгөж цохисон. Тэгээд цагдаагийн байгууллага намайг авч явсан ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Гүндболдын: "... 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орой “Ойн бирж” шатахуун түгээх станцаас түлш авах гэж очиход “тооллоготой байна” гэж хэлсэн. Бензин авах гэж 30 минут хүлээсэн. Бензинээ хийлгээд “500 төгрөгийн хариултаа авъя” гэхэд “цонхноос очиж ав пизда минь” гэж хэлсэн. Би машинаа холдуулж тавиад яваад очиход өөдөөс С.Хүслэн шууд цохисон. Цуг ажилладаг хүн нь цагдаа дуудсан. Би ахыгаа дуудсан. Тэгээд цагдаа болон манай ах зэрэг ирсэн. С.Хүслэн намайг цагдаа нарын хажууд “чамайг зодчихоод дараа нь мөнгийг чинь өгье” гэж хэлээд цохисон. Манай ах С.Хүслэнг цохиогүй. Тэгээд цагдаа ирж согтуурлын зэрэг хэмждэг багажаар бид хоёрыг үлээлгэсэн. Тэгэхэд С.Хүслэнг согтуу гээд цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Тухайн үед миний эрүү ангайж болохгүй байсан. Маргааш нь эмнэлэгт очиж зураг авхуулахад эрүү цуурсан байсан ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Гүндболдын өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 00 цагийн үед байх Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байх “Ойн бирж” шатахуун түгээх станцаас түлш авахаар очиход хүн гарч ирэхгүй болохоор нь хамт явсан дүү Идэрээг “түлш өгөх юм уу” гээд асуучих гэхэд Идэрээ бууж яваад буцаад ирэхдээ “орлогоо авч байна, хүлээж бай” гэхээр нь 30 орчим минут хүлээгээд дахиад Идэрээг явуултал зүс мэдэх Хүслэн гэх залуу гарч ирэхээр нь “10 литр түлш авъя” гээд 15000 төгрөг өгөөд 10 литр түлш 14.500 төгрөг болох ба надад 500 төгрөг хариулж өгөх байсан. Тэгээд түлшээ хийж дуусаад нөгөө залуу шууд явах гэхээр нь “хариултаа авъя” гэхэд “цонхон дээр очоод ав” гэхээр нь “авч ирж өгөхөө больсон юм уу” гэхэд “цонхон дээр ирээд ав пизда минь” гэхээр нь машинаасаа буугаад очтол миний зүүн эрүү рүү нэг удаа гараараа цохихоор нь би заамдаж аваад нөгөө залуу бас намайг заамдаад “тавь” гэхэд “тавихгүй чи муу бацаан хэзээ ийм болсон юм, би та нарыг удмаар чинь алдаг байсан" гээд орилоод заамдаад тавихгүй маргалдаад байж байхдаа ах Гүндсамбууг Идэрээгээр дуудуулаад, цуг байсан эмэгтэй цагдаа дуудаад байж байтал манай ах Гүндсамбуу, цагдаа нар бараг цуг ирсэн. Тэгээд дуудлагаар ирсэн цагдаа “юу болсон юм” гэхэд Хүслэн “наад залуу чинь өөрөө эхэлсэн” гээд миний зүүн эрүү рүү дахиад нэг удаа цохихоор нь би зөрүүлээд дух руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд цагдаа нар Хүслэнг согтуу эсэхийг нь шалгахаар драйгер багажаар үлээлгэхэд архи уусан нь гараад аваад явсан. Намайг бас үлээлгэсэн ба би огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ... Миний зүүн эрүү хугарсан. ... Би хариулт мөнгөө авахаар Хүслэнгийн араас буугаад очиход миний зүүн эрүү рүү гараараа нэг удаа цохисон ба тэрний дараа юм ярихаар миний эрүү өвдөөд амаа ангайж болохгүй өвдөөд байсан. Тэгэхэд эрүү хугарсан, өөр учирсан гэмтэл байхгүй. Би эрүүгээ Улаанбаатар хот Сонгдо эмнэлэгт хадуулаад 4 хоногийн дараа очиж үзүүлэхэд “унжсан байна” гээд дахиад чиг тавиулсан. Надад эмнэлэгт үзүүлсэн баримтууд нь байгаа. ... Ямар нэг өр авлага, өс хонзонгийн асуудал огт байхгүй ...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Гүндсамбуугийн өгсөн: "... 2016 оны 05 дугаар сарын 16-ны шөнө 00 цаг өнгөрч байхад ажил дээрээсээ гарах гээд байж байтал дүү Идэрээ над руу залгаад “Ойн бирж колонк дээр Болдоо ах хүнд зодуулчихлаа” гэхээр нь хамт ажилладаг залуутай очиход ... яг араас нь цагдаа нар ирээд “юу болсон юм” гэхээр нь болсон асуудлыг хэлж байтал Хүслэн гэх залуу нь дахиад Гүндболдын нүүр лүү цохихоор нь би салгах гээд нөгөө Хүслэн гэх залууг түлхэхэд цагдаа нар ирээд дундуур ороод салгаад нөгөө залууг гавлаад машиндаа суулгасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Жаргалын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: "... 2016 оны 05 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн үед хамт гарч байсан С.Хүслэнгийн хамт тооцоогоо хийгээд сууж байтал колонкийн түгээгүүрийн хэсэг рүү нэг хар машин маш хурдтай орж ирээд зогсохоор нь би С.Хүслэнг “битгий гар, согтуу юм шиг байна” гэж хэлээд түгээгүүрийн байран дотроо сууж байтал нэг залуу гүйж ирээд “бензингүй болчихлоо” гэхэд Хүслэн “тооцоо хийж байна, түр хүлээж байгаарай” гэж хэлээд бид хоёр тооцоогоо хийж дуусахад нөгөө машин зогсож байсан. 10 минут орчим болсон байх тэгээд Хүслэн “бензингүй болчихсон юм байлгүй, гараад хийгээд өгчихье” гээд гарсан ба удалгүй цонхоор харахад наашаа ирж яваа харагдсан. Тэгтэл нөгөө машин араас нь давхиж ирээд цонхны хажууд зогсоод жолооч нь бууж ирээд Хүслэнтэй маргалдаж байгаад барилцаад авахаар нь би гараад салгах гэтэл нөгөө хоёр бие биенийгээ заамдаж авчхаад тавихгүй байхаар нь нөгөө жолоочтой хамт явсан нэг залууг “наад хоёроо салгаач” гэхэд зүгээр зогсоод байсан ба би “ямар учиртай чи салахгүй байгаа юм бэ” гэж хэлээд цагдаа дуудчихаад тэр хоёрын голоор ороод салгаад байж байтал бас нэг машин ирээд дотроос нь хоёр залуу бууж иртэл нөгөө Хүслэнтэй барилцаж аваад байдаг залуу Хүслэнгийн хажуунаас нэг удаа цохиод, дахиад барилцаад автал жолоочийн ах нь гэх залуу ирээд Хүслэнг бас цохих шиг болсон, хаашаа нь яаж цохисныг бол мэдэхгүй байна, сайн харж чадаагүй, тэгтэл цагдаа нар ирээд салгаад аваад явсан. Би Хүслэнг пиво уусан гэдгийг сүүлд мэдсэн. Тухайн үед цагдаа нар ирээд “архи уусан байна” гэхээр нь мэдсэн. Сүүлд сонсоход Хүслэнгийн найз ирчихсэн гадаа тамхи татаад суугаад байсан, тэгэхдээ пиво уусан юм байна лээ. Нөгөө хүмүүс бол эрүүл байсан. Гэхдээ согтуу юм шиг л ааш гаргаж байсан, орилж чарлаад элдэв хараалын үгээр доромжлоод байсан. Хүслэнг жолоочийг цохиж зодохыг би хараагүй, ямар ч байсан цонхны урд барилцаад авахаар нь гүйж гараад салгах гэхэд салахгүй байсан. Дараа нь жолоочийн ах нь гэх залуу ирэхэд жолооч залуу Хүслэнг нэг удаа цохисон ба жолоочийн ах нь гэх залуу бас цохих шиг болсон. ... Цонхны доор ирээд барилцаад авахдаа нөгөө жолооч залуу “та нарын ажил юм байгаа биз дээ” гээд л маргалдаад байсан. Сүүлд сонсоход хариулт мөнгөнөөс болж хэл амаар доромжлоод ажлаа хийсэнгүй гэснээс болсон гэсэн ...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/,

 

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “... Би тухайн үед энэ хүмүүс НӨТ юм уу, хариулт авах гэж байна гэж ойлгосон. Тэгтэл машинаас хоёр залуу бууж ирсэн бөгөөд жолооч залуу нь Хүслэнтэй барьцалдаж аваад маргалдаад эхэлсэн. Жолоочтой хамт явсан залуу нь тэр хоёрыг салгахгүй хараад зогсоод байсан. Жолооч Хүслэн 2 барьцалдаж байгаа шонгийн араар ороход Хүслэн газар унасан. Би тэгэхээр нь жолоочтой хамт явсан залууд “чи одоо ажлын байран дээр хүн алууллаа шүү дээ, чи салгаач” гэхэд салгахгүй байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм. Жолооч нь “бензин дуусчхаад байхад гарч ирэхгүй удлаа гэж маргалдаад байсан. Жолоочийн хажууд сууж явсан хүн ирж “бензин авъя” гэж хэлсэн. Хэлснээс хойш 3-4 минутын дараа гарсан ...” гэх мэдүүлэг/хх-ийн 130-131 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхсайханы өгсөн: "... би өөрийн нөхөр Хүслэнтэй 2009 онд танилцаад 2012 онд гэр бүл болсон ба 2013 онд бид хоёр охинтой болсон. Миний нөхөр даруу төлөв зантай, элдэв муу зуршилгүй, архи дарс уугаад байдаггүй. Надад болон охиндоо маш их хайртай, мөн халамжтай айл гэрийн сайн ноён нуруу болсон эр хүн. Хүслэн хүний үгэнд сайн ордог, өөрөөсөө настай ахмад хүнийг их хүндэлдэг, ах дүү нартаа нэр хүндтэй, найз нөхөд олон, тэднийхээ дунд нэр хүндтэй. ... Бага насаа цэцэрлэгээр хүмүүжсэн ба 2000 онд Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид элсэн орж суралцаад 9-р ангиа төгсөөд Налайх дүүрэг дэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн блюдезорын ангид сурч мэргэжил эзэмшиж төгсөөд 2013 оны өвлөөс эхлээд

 

хувиараа барилгын ажил хийж байгаад 2015 оны 10-р сард Налайх дүүрэг дэх “Ойн бирж”-ийн шатахуун түгээх станцад түгээгчийн ажил хийх болсон. Миний нөхөр хар бор ажил голдоггүй, үр хүүхэд эхнэрийнхээ төлөө тэмцэж амьдралаа авч яваа хүн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч С.Мишээлийн өгсөн: “... миний ах Хүслэн хүний үгнээс гардаггүй, ахмад настай хүний хэлсэн үгнээс гардаггүй, ер нь бол их дуулгавартай хүн. Элдэв муу ааш авир байхгүй, хүнтэй маргаж муудалцаад байдаггүй, байнга л инээгээд явж байдаг их баясгалантай хүн. Миний ах хүнд их тусархуу, хар бол ажил голдоггүй, дүү нар бидэндээ их хайртай, манай ах дүү хамаатан садангууд бүгд их хүндэлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №255 тоот дүгнэлтэд:

  1. Д.Гүндболдын биед эрүү ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 21 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч С.Хүслэнгийн өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би ажил дээрээ 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд шөнийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны шөнийн 02 цагийн үед байх яг цаг хараагүй болохоор мэдэхгүй байна хамт гарч байсан Жаргал эгч бид 2-ыг орлогоо тоолж байхад гадаа түгээлтийн хэсэг рүү хар өнгийн делика маркийн автомашин маш хурдтай орж ирээд түгээгүүрийн хажууд огцом тоормос гишгээд зогсоход Жаргал эгч “ямар аймаар явдаг юм бэ, битгий гар согтуу байж магадгүй” гэхээр нь гаралгүй мөнгөө тоолоод сууж байтал тухайн автомашинаас нэг залуу бууж ирээд “ах аа бензин өгөхгүй юм уу” гэхээр нь “манай журманд тооллого хийж байхад бензин өгдөггүй юм” гэж хэлэхэд “яг бензингүй болчихлоо” гэхээр нь би “болдоггүй юм аа” гэхэд дахиад хэлсэн. Тэгээд мөнгөө тоолж дуусахад нөгөө машин зогсож л байхаар нь Жаргал эгчид “наад машин чинь бензингүй болчихсон юм шиг байна, гараад өгөөд ороод ирье” гэж хэлээд гартал жолооч сүүлд нэрийг нь мэдсэн Гүндболд нь “ажлаа хий л дээ пизда минь” гэхээр нь би “хажуудах хүүд чинь хэлээ биз дээ” гэхэд нөгөө хүү толгой дохисон. Тэгээд 10 литр түлш хийнэ гээд 15.000 төгрөг өгсөн ба түлшийг нь шахаж байхад “лалар минь хурдан хөдлө л дөө, өчнөөн удчихаад” гэхээр нь би чимээгүй л байсан ба 10 литр түлш 14.500 төгрөг болоод би хариулт 500 төгрөг өгөх гэхэд надад мөнгө байгаагүй учир түгээгүүрийн байрнаас авч өгөхөөр алхахад араас “хариултаа авъя” гэхээр нь “надад бэлэн мөнгө алга, түгээгүүрийн цонхон дээрээс ирээд авчих” гэхэд “та нар ямар их зантай болсон лаларууд бэ” гэж хэлээд машинаа асаагаад араас маш хурдтай ирээд огцом тоормос гишгээд зогсохоор нь ‘‘дайрлаа шүү дээ чи одоо” гэхэд

“дайрсан ч яадаг юм” гэхээр нь миний уур хүрээд “чи муу ер нь аль түрүүнээс хойш юу гээд байгаа юм” гээд зүүн хацар луу нь нэг удаа гараараа цохиход нөгөө залуу “чи намайг цохисон шүү” гэхээр нь “цохихоор яадаг юм” гэхэд “би харин чамайг түрүүлээд цохих байсан юм, даанч камер хараад байна” гээд намайг заамдаж бариад авахаар нь би зөрүүлээд заамдаж бариад автал хамт байсан Жаргал эгч гүйж гарч ирээд хамт явсан залууг нь “салгаач ээ” гэхэд нөгөө залуу нь утсаар яриад хүн дуудаад байсан. Тэгээд Жаргал эгч “наадахаа тавь” гэхээр нь би тавиад түгээгүүрийн байранд ороод байж байтал Гүндболдын ах нь гэх залуу ирээд “гараад ир” гэхээр нь гараад очтол Гүндболд миний зүүн шанаа руу “май энэ чиний цохисны чинь хариу” гээд цохихоор нь би Гүндболдыг бариад автал хажуунаас ах нь гэх залуу миний баруун эрүүн доороос цохисон ба удалгүй цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. ... Би тухайн өдөр ажил дээрээ байхад манай найз Энхбаяр Багахангайгаас ирээд надад нэг шилтэй 0.5 литрийн Нийслэл пиво авч өгөхөөр нь тэрийг нь уучихсан байсан өөр архи дарс уусан зүйл байхгүй, би согтоогүй зүгээр байсан. ... Миний зүүн шанаа бага зэрэг хавдсан, баруун эрүү хөндүүртэй болсон байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-31 дүгээр тал/,

 

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: "... хэрэг болдог өдөр шилжих шөнийн 01 цагийн үед бензин түгээгээд байж байтал манай Энхбаяртай тааралдсан юм. Энхбаяр Налайхад айлд ирчхээд явж байна гэж ярьсан. Бид 2 ойр зуурын юм ярьж суусан. Энхбаяр намайг “пиво уух уу” гэхээр нь “би ажилтай учир пиво уухгүй ээ” гэхэд “май уучих аа уучих, шөнө орой болсон юм чинь яав л гэж” гэж хэлээд надад 0.5 литрийн Нийслэл пиво өгөхөөр нь авсан. Тэгээд пивоноос нь 2 балгасан. Жагаа эгч “тооцоогоо хийе” гэж байсан учир би үргэлжлүүлж уугаагүй юм. Тэгээд Энхбаяраас авсан пиво элсний хайрцгийн тэнд тавьсан юм. Ороод тооцоогоо нийлж байтал бензин авъя гэж хүмүүс ирсэн. Хариулт мөнгөнөөс болж маргалдсан юм. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй, бензины үлдэгдэл 500 төгрөг өгөх байсан. Би “хариулт мөнгийг нь цонхон дээрээс очоод өгье” гэхэд “та нар яасан их зантай болсон пиздаанууд вэ” гэхээр нь “надад мөнгө байхгүй, чи яагаад учир ойлгохгүй байгаа юм бэ" гэж хэлсэн. Анх бензин өгөх гээд очиход л жолооч нь “яасан удаан гарч ирдэг юм бэ” гээд л намайг загнаад байсан. Би тэгэхээр нь “хажууд байгаа хүнд чинь тооцоо хийж байна гэж хэлээ биз дээ” гэж хэлэхэд дэргэд байгаа хүн нь толгой дохиж байсан. Тэгсэн чинь жолооч нь амандаа үглээд л байсан. Би “мөнгө байхгүй, цонхон дээрээс аваад өгье” гэж хэлээд тэйк рүү явсан юм. Тэгтэл хохирогч араас их хурдтай ирж надад тулж зогссон. Тэгээд машинаасаа бууж ирэхээр нь “чи одоо намайг дайрлаа шүү дээ, аль түрүүнээс авахуулаад л намайг хэл амаар доромжлоод байх юм” гэж хэлэхэд хохирогч “чамайг дайрсан ч яадаг юм” гэхэд нь миний уур маш их хүрээд эргэж хараад нэг удаа баруун шанаа орчим нь гараараа цохьсон юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 дугаар тал/,

С.Хүслэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар тал/,

Налайх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын “С.Хүслэн нь тус хорооны Өвөршанд 16-р гудамжны 24 тоотод ам бүл 3 оршин суудаг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 33, 35 дугаар тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр тал/,

С.Хүслэнгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 36-38, 40 дүгээр тал/,

Хохирлын баримтууд /хх-ийн 45-55, 102-104 дүгээр тал/,

“Ойн бирж” ХХК-ийн захирлын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/185 дугаар “С.Хүслэнг ажлаас халах тухай” тушаал /хх-ийн 40, 63 дугаар тал/,

Хохирогч Д.Гүндболдод хохиролд 250.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 88 дугаар тал/,

Д.Гүндболдын амбулаториор мчлүүлэгсдийн карт /хх-ийн 105-112 дугаар тал/,

“Алтан аравт” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаар тодорхойлолт /хх-ийн 100 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна,

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас С.Хүслэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Хүслэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Гүндболд нь эмчилгээний зардалд нотлох баримтын шаардлага хангасан 538.095 төгрөгийн баримт гаргаж өгснөөс шүүгдэгчийн баримтаар төлсөн 250.000 төгрөгийг хасч, үлдэх 288.095 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хүслэнгээс гаргуулан хохирогч Д.Гүндболдод олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус ДУРДаж,

хохирогч Д.Гүндболдоос гарган өгсөн эд мөрийн баримт болох эрүүний рентген зураг 4 ширхэг, эрүүний зураг авхуулсан зурагтай компакт диск 1 ширхгийг хохирогч буцаан авахыг хүссэн, мөн улсын яллагч буцаан өгөх санал гаргасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Хүслэнд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хорчин овогт Самданпүрэвийн Хүслэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Самданпүрэвийн Хүслэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг С.Хүслэнд мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Гүндболдоос гарган өгсөн эрүүний рентген зураг 4 ширхэг, эрүүний зураг авхуулсан зурагтай компакт диск 1 ширхгийг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хүслэнгээс 288.095 /хоёр зуун наян найман мянга ерэн таван/ төгрөг гаргуулан хохирогч Д.Гүндболдод олгосугай.
  6. Шүүгдэгч С.Хүслэн нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
     
  8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.Хүслэнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ЛУВСАНДОРЖ