Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 136/ШЦТ/2022

 


 


                                  Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, 
 Нарийн бичгийн дарга             Ө.Энх-Амар,
 Улсын яллагч                           Т.Нансалмаа,
 Шүүгдэгчийн өмгөөлөгч           Д.Уранчимэг, 
 Хохирогч                                   Д.Янжинлхам
 Шүүгдэгч Б.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Өөлд овогт Батхүүгийн А*******т холбогдох эрүүгийн 2232000140085 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум 3 дугаар баг, Б******* 1 дүгээр гудамж, 21 тоотод оршин суух хаягтай хэдий ч одоогоор Сэлэнгэ аймгийн ******* сум 3 дугаар баг 2-28 тоотод оршин суудаг гэх,
Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгг зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 27- ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл ухаан бүрэн ,Өөлд овогтой Батхүүгийн А*******, /РД:*******,
Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч Б.А******* нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Халуун рашаан” гэх газар Зил-131 маркийн 11-29 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.1 “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ Ачааны авто машины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2 “Ачааны автомашины тэвшинд ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг тэвшний хашпаганы дээд ирмэгээс нам зассан суудалд суулгаж тээвэрлэхийг зөвшөөрнө. Ингэхдээ жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, уг хүмүүст буух, суух, зорчих журмыг зааварчилж, хөдөлгөөний уед тэвшин дээр зогсож явахыг хориглох тухай анхааруулбал зохино”, 23.9 “Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно” б/ тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулагдаагүй хэсэгт /энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаар бусад тохиолдолд гэсэн/ заалтуудыг зөрчиж хүн тээвэрлэж хөдөлгөөнд  оролцож яваад ато тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний   улмаас уг тээврийн хэрэгслийн тэвшний ачаан дээр сууж явсан зорчигч Д.Янжинлхамын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А******* мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сард өдрийг санахгүй байна  буух өдрийн урьд өдөр нь  манай эхнэр, хохирогч Янжинлхам хоёр муудалцсан юмаа, маргааш нь  явах үеэр  Янжинлхам намайг аваад яваарай гэсэн. Би тухайн үед зөвшөөрөөгүй, ингээд ачаагаа бэлдээд доороос зарим хүнээ аваад явж байтал Янжинлхам нөхөртэйгөө миний машинд нууцаар суусан байсан. Би хээр буулгалтай биш гээд аваад явсан юм. Шавар шавхай ихтэй, бартаатай зам  дээр хүмүүсээ буулгаж гарч байсан. Энэ үед Янжинлхам буухгүй байсан. Ингээд нааш  явж байтал  машин хазайж хойд талаараа замын хажуугийн ховил руу эвгүй орсон. Би хүмүүсээ буулгаж гайгүй юу гэж асуухад Янжинлхам хөл эвгүй болчихлоо гээд байсан ба бид сандарч би сансарын холбоогоор онгоц дуудсан боловч олдоогүй. *******аас эмнэлэг, цагдаа дуудсан. Ийм хэрэг болсонд харамсаж байна. Би эмчилгээний зардалд ээж рүү нь 1.000.000 төгрөг, мөн эмчилгээний зардал, самрын мөнгө  гэж 14.000.000 төгрөгийг эгч рүү нь шилжүүлсэн болно...” гэжээ. 
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Янжинлхам мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 17-нд самарт яваад 2021 оны 12-р сард буцах болсон. Самрын цалин хөлснөөс болж буцахын урьд өдөр А*******ын эхнэр бид хоёр маргасан  нь үнэн. Маргааш нь би А*******ыг явах үед машинд зөвшөөрөл авч суусан. А******* нь намайг суухыг мэдсэн. Мэдээгүй гэж худал ярьж байна. Би анх самарт явахдаа А*******тай явсан учир ирэхдээ мэдээж цуг ирэх ёстой шүү дээ. Мөн А******* нь осол гарсан үед онгоц дуудсан мэт ярьж байна. Онгоц дуудаагүй,  худлаа ярьж байна. Намайг өвдсөнөөс хойш А*******  асууж, туслаж дэмжээгүйд гомдолтой байгаа. Намайг хотод эмчилгээнд байхад 1.000.000 төгрөг ээжийн дансанд хийсэн. Үүнийг би хүлээж авсан. Харин 14.000.000 төгрөг самрын мөнгө болон эмчилгээний мөнгө гэж  шилжүүлсэн гэж мөн л худал ярьж гүтгэж байна. Бид  А*******тай самрын ямар ч тооцоогүй. Надад  эмчилгээнд 14.000.000 төгрөг өгөөгүй. Шүүхэд ирүүлсэн баримтыг нь харахад Болормаа гэж хүн шилжүүлсэн байна. Энэ талаар би мэдэхгүй. Дахин хэлэхэд би энэ мөнгийг аваагүй. Харин ээжид шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг авсан нь үнэн болно. Одоо би  эмчилгээний зардал  15.976.689 төгрөг, ажилгүй байсан хугацааны орлого 14.000.000 төгрөг бүгд 29.976.689 төгрөгийг Б.А*******аас нэхэмжилж байна, гомдолтой...” гэжээ.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Б*******мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өглөө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр “Халуун рашаан”-аас хөдлөөд удаагүй 8 орчим км явж байгаад манай 11-29 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоочийн эсрэг тал буюу баруун талаараа хажуулдаж унасан. Унах үед тээврийн хэрэгслийн ачаан дээр 10 гаруй хүн сууж явсан. Тээврийн хэрэгсэл маш зөөлөн унасан, унах үед ачаа бараа бэхэлсэн олс, татлага тасраагүй. Тээврийн хэрэгслийг унах гээд хазайх үед хүмүүс мэдрээд үсэрч бууж харагдсан. Би ард хэсэгт сууж явсан болохоор машин хажуулдаад газарт унах үед нь үсрээд буусан. Тэгсэн нэг эмэгтэй “Ёо ёо” гээд орилоод байх шиг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40, 58 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Б******* мэдүүлэхдээ: “...Ууланд самар түүж байгаад 2021 оны 12 дугаар сарын 04, 05-ны үед самар түүж байсан газраасаа буцахаар явсан ба А*******ын машинд 2 орчим тонн самар ачиж ачаан дээр 15-16 хүн сууж явсан. Замын нөхцөл хүнд бартаа саад ихтэй тул замдаа хоёр хоноод хоёр дахь хоногийн үд өнгөрч байхад буюу 14-15 цагийн үед “Халуун рашаан” гэх газар өнгөрөөд явж байхад машин баруун тал руугаа хажуу талаараа унасан. Миний хувьд тухайн үед тэвшний ар хэсэгт баруун тал руу хараад суусан байсан ба машин унах үед нь би хөл дээрээ буусан. Тэвшин дээр суусан бусад хүмүүсийг харахад зүгээр байх шиг байсан. Тэдгээр хүмүүсийн нэг нь “Бид нар зүгээр ээ машины кабинд байгаа хүмүүсийг очиж хар” гэхээр нь би кабин руу явж очоод хаалгыг нь онгойлгоход жолооч өөрөө гараад ирсэн. Зорчигчийн суудал дээр жолоочийн эхнэр нь болон бас нэг эмэгтэй байсан ба тухайн хоёр эмэгтэйг кабинаас гарахад туслаад тэвшин дээр сууж явсан хүмүүс рүү очиход нэг эмэгтэй “Миний хөл их эвгүй болоод байна” гээд ёолоод байсан. Тухайн эмэгтэйгийн биеийн ил харагдах хэсэгт бол шалбарсан, зулгарсан, цус гарсан зүйл байгаагүй. Тухайн эмэгтэйгийн унасан газарт нь замын ховил буюу хөлдсөн бондгор шороо байсан ба уг шороон дээр тухайн эмэгтэйг уначихсан юм болов уу гэж бодсон. Тэгээд жолооч эхнэртэйгээ хамт алсын сүлжээ барьдаг утсаар цагдаа болон ямнэлэг дуудсан. Тэгээд бэртсэн эмэгтэйд модоор дамнуурга хийж хэвтүүлээд хөлөнд нь чиг барьж боосон. Ингээд машины ачааг буулгаад байж йяйхад араас самарнаас бууж ирж байсан 3ил-131 маркийн машин ирж унасан мяшиныг татаж босгож өгсөн. Тэгээд зарим ачааг нь ачаад бусад ачаа болон зарим хүмүүсийг үлдээгээд бэртсэн эмэгтэйг машины тэвшин дээр өргөж гаргаад...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49 дүгээр тал/, 
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.Д******* мэдүүлэхдээ: “...Би 11-29 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зүс таних Б.А******* гэх хүнд 2016 онд 10.000.000 төгрөгөөр зарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар тал/,
“АСБЦД” ХХК-ийн шинжээч Р.Энхбаярын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 001/10 дугаартай: “...11-29 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.А******* РД:******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.1,23.2,23.9 б заалтуудыг зөрчсөн баина.
-11-29 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Батхүү овогтои А******* /РД:******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөнии дүрмиин 23.1 Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны авто машины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийн зөөвөрлөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2 Ачааны автомашины тэвшинд ачааг дагалдах буюу хүлээж авахаар буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг тэвшний хашлаганы дээд ирмэгээс нам зассан суудалд суулгаж тээвэрлэхийг зөвшөөрнө. Ингэхдээ жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадпан, уг хүмүүст буух, суух, зорчих журмыг зааварчилж, хэдөлгөөний үед тэвшин дээр зогсож явахыг хориглох тухай анхааруулбал зохино”, 23.9 “Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно” б/ тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулагдаагүй хэсэгт /энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаар бусад тохиолдолд гэсэн/ заалтуудыг тус тус зөрчсөн байна.
11-29 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Батхүү овогтой А******* /РД:******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.1, 23.2, 23.9 б заалт, тээврийн хэрэгслийн зорчигч Даян овогтой Янжинлхам /РД:МИ86100729/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2 б заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл үүссэн байна” гэсэн дүгнэлт, /хх-ийн 64-65-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 38 дугаартай шинжээчийн: “...Д.Янжинлхамын биед бүсэлхийн L1 дүгээр нугалмын их биед дарагдаж шахагдсан, их биеийн урд хэсгээр сэлтэрсэн, 2 талын хажуугийн сэртэн зөрүүтэй хөндлөн хугарал, сээрний Th12 болон бүсэлхийн L2 дугаар нугалмын зүүн талын хажуугийн сэртэн зөрүүтэй хөндлөн хугарал, бүсэлхийн L1 дүгээр нугалмын дарагдаж шахагдсан хугарал, нугасны сувагруу 0,7-0,9 см хүртэл түрсэн, нугасны сувгийн АР хэмжээ дээд хэсгээрээ 0,4 см хүртэл нарийссан гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Нугасны сувгийн шахагдалт гэмтэл нь нугасанд гэмтэл учруулсан эсэхийг тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь цаашид хөлний хөдөлгөөн сэргэх ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдах эсэхийг тодорхойлно...” гэх дүгнэлт, /хх-ийн 73-74 дүгээр тал/,
Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол, /хх-ийн 1 дүгээр тал/, 
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэп, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 11-16 дугаар тал/, 
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 17 дугаар тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 69-70, 80-81 дүгээр тал/, 
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 86-89 дүгээр тал/, 
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: 
Жолоочийн лавлагаа, /хх-ийн 112 дугаар тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 113 дугаар тал/,
Шүүгдэгчийн урьд шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 116-122 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ. 
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.А******* нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Халуун рашаан” гэх газар Зил-131 маркийн 11-29 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа  Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгслийн тэвшний ачаан дээр сууж явсан зорчигч Д.Янжинлхамын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрэл зургын үзүүлбэр, /хх-н 13-15-р хуудас/ хохирогч Д.Янжинлхамын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд /хх-н 73-74-р хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан  баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.
 Иймд шүүгдэгч Б.А*******ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв. 
Шүүгдэгч Б.А******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно. 
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А******* нь хохирогч Д.Янжинлхамын эрүүл мэндэд учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Янжинлхам нь эмчилгээ зардалд 15.976.689  төгрөг, ажилгүй байсан хугацааны орлого 14.000.000 төгрөг бүгд 29.976.689 төгрөгийг  нэхэмжилсэн болно.
Үүнийг шүүх хянаж үзээд эмчилгээний зардлаас хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан 14.662.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба үүнээс хохирогчийн хүлээн авсан гэх 1.000.000 төгрөгийг хасаж бүгд 13.662.000 төгрөгийг шүүгдэгч Д.А*******аас гаргуулж, хохирогч Д.Янжинлхамд олгож, ажилгүй байсан хугацааны орлого 14.000.000 төгрөг нэхэмжилснийг хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Б.А******* нь 14 000 000 төгрөг самарт явсан хөлс, мөн эмчилгээний мөнгө шилжүүлсэн гэж банкны хуулгыг шүүхэд баримт болгон ирүүлсэн боловч уг баримт нь Д.Болормаа гэж хүний данснаас мөнгө гарсан баримт байх бөгөөд хэн гэж хүн рүү шилжүүлсэн нь тодорхойгүй, банкны хуулгын агуулга утга дээр бичигдсэн зүйлгүй ба шүүгдэгч Б.А******* нь өөрөө энэ талаар шүүхэд нотлож тайлбар, мэдүүлэг гаргаагүй, хохирогч Д.Янжинлхамаас ...миний дансанд  ийм мөнгө орж ирээгүй, би энэ мөнгийг аваагүй гэж мэдүүлж байх тул 14.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж шүүх үзэх боломжгүй байна.
Хохирогч Д.Янжинлхам нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно. 
Шүүгдэгч Б.А******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөх хугацааг авч 2022 оны 07 дугаар сарын 03-нд хохирогч Д.Янжинлхамд 13.662.000  төгрөгийг бэлэнээр болон баримтаар  төлсөн  нотлох баримтыг шүүхэд  ирүүлжээ.
Иймд шүүгдэгч Б.А*******ыг бусад төлөх  төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Б.А******* нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Халуун рашаан” гэх газар Зил-131 маркийн 11-29 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгслийн тэвшний ачаан дээр сууж явсан зорчигч Д.Янжинлхамын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, 
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт ...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Т.А*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч  байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй  гэж үзэв. 
Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн  улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол  таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх , эрх хязгаарлах албадлын арга хэмжээ  хэрэглэхээр ...хуульчилжээ.
Шүүгдэгч Б.А******* болон түүний өмгөөлөгчөөс хүсэлт гарган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөх хугацааг авч хохирогч Д.Янжинлхамд  нэхэмжилсэн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг журамлан  Б.А*******ыг  тухайн гэмт хэргийн  улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж мөн хугацаагаар   үүрэг хүлээлгэх ял шийтгэл оногдуулах нь  зөв гэж үзэв.
Шүүгдэгч Б.А*******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан   хөнгөрүүлэх  болон  Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  
Шүүгдэгч Б.А*******т тэнссэн хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн  ******* сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  даалгах нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас 11-29 СЭА улсын дугаартай “Зил 131” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгсэлийг эзэмшигчид нь буцаан олгож,
Шүүгдэгч Б.А******* нь  цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Б.А*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон   
                    ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Өөлд овогт Батхүүгийн А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэхь   хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. 3-д зааснаар Батхүүгийн А*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар  Б.А*******ыг  оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Т.А*******тын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн ******* сумын  шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5.Шүүгдэгч Б.А******* нь хохирогч Д.Янжинлхамын эмчилгээний зардалд 13.662.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдсугай. 
6.Хохирогч Д.Янжинлхам ажилгүй байсан хугацааны орлого 14.000.000   төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтын шаардлагыг хангаж, мөн энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт “Зил 131” маркийн  11-29 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгсэлийг гэрчилгээний хамт эзэмшигчид нь буцаан олгосугай.
8.Шүүгдэгч Т.А******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 
9.Шүүгдэгч Б.А*******ын жолооны үнэмлэх хураагдаж ирээгүй болохыг дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дуоьдсугай.


                             ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ