Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 135/шш2018/00252

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 135/ШШ2018/00252

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/00037/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ******* /утас *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК / *******, утас *******/-д холбогдох

11,395,535.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... ******* ХХК нь татварын бүртгэлийн 1901140108001 тоот татвар төлөгчийн дугаар авч 2819945 регистрийн дугаартайгаар 2014 онд төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан.

Тус компани нь 2014 оноос үүссэн Суутган-1 татварын 3,361,295.70 төгрөг, ҮХЭХАТ-н 6,892,164.90төгрөг, 2016 оноос үүссэн НӨАТ-н 91,009.90 төгрөг, ААНОАТ-ын 79,731.20 төгрөг, 2017 онд үүссэн Газрын төлбөрийн 971,334 төгрөгийн өртэй байна.

Дээрх өрийг барагдуулахын тулд ТЕХ-ийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэх хуудас гардуулах, дансыг нь хаах зэрэг шат дараалсан арга хэмжээ авч ажиллахдаа мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар татвар төлөгчийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэж тэдэнд итгэл үзүүлэн ажилласан байтал өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байгаа тул ТЕХ-ийн 70 дугаар зүйлд зааснаар тус компаниас тайлангаар ногдуулсан 11,395,535.70 төгрөгийн татварын өрийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 11,395,535.70 төгрөгийн татварын өр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т Татварын алба, татварын улсын байцаагч нь энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх боломжгүй болсон актын биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг хууль тогтоомжийн дагуу шүүхэд гаргана, 70 дугаар зүйлийн 70.1-д Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-нд холбогдуулан шаардлага гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* нь Татварын Ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. 72.3Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. 100 дугаар зүйлийн 100.3Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан байна.

Хариуцагч ******* ХХК-ий захирал ******* 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэхийг тайлбарлаж өгсөн боловч тэрээр тайлбараа хуульд заасан болон шүүхээс тогтоосон хугацаанд ирүүлээгүй болно.

Шүүхээс хариуцагч ******* ХХК-ий захирал ******* ******* дугаарт 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хариу тайлбар ирүүлэх хугацаа дууссан, тайлбараа ирүүлэхийг шүүгчийн туслах Г.Ган-Эрдэнэ *******дугаарын утаснаас мэдэгдсэн боловч хариуцагч тал тайлбараа ирүүлээгүй, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 цаг 10 минутанд хариуцагчийн ******* дугаарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг үндэслэн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар шүүгчээс тогтоосон хугацаанд хариуцагч *******ХХК-ий захирал ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хариуцагч *******ХХК-аас 11,395,535.70 төгрөгийн татварын өрийг гаргуулж нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн *******т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Татварын Ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******ХХК-аас татварын өр 11,395,535.70 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн *******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 197,279 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА