| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0115/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/152 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч хяналтын прокурор О.Баярсайхан,
хохирогчийн өмгөөлөгч Б.Даваадорж,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр,
хохирогч *******,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурцын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн Бямбасүрэнд холбогдох эрүүгийн ******* хэргийг *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Төв аймагт төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, аав, ээж, 2 дүүгийн хамтаар ******* Эмийн Ургамалын од оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, *******ийн Бямбасүрэн.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 18-10 тоот хашаанд байрлах иргэн М.Ганбаярын сууцанд иргэн *******г түлхэж унагаан, хүзүүний 4-5 дугаар нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал, тархи доргилт, хүзүү, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун тавхайд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “-нд шилжих шөнө Ариунзаяа бид хоёрын дунд маргаан болсон. Тэдний байгууллага шинэ жилээ тэмдэглээд согтуу гэрт ирсэн. Эд нар ирэхдээ тал шил архитай ирсэн. Тэгээд тэрийг уугаад сууж байтал Ариунзаяа намайг пиво аваад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь шөнө болсон болохоор авах боломжгүй байна гэтэл. “Чиний баян цатгалан чинь хаана байна” гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би арагш ор руу түлхээд унагаасан. Ариунзаяагийн биед хөнгөн гэмтэл гарсан байна гэж надад үзүүлсэн. Би өмнө эргэлзээтэй байна гээд давтан шинжээч томилуулахыг хүссэн. Давтан шинжилгээний хариу хүндэвтэр гэж гарч ирсэн. Би шүүхийн эмнэлгийн дүгнэлт солигдоод байгаад эргэлзэж байна. Би Ариунзаяаг түлхэж унагаахын хувьд унагаасан. Тэгэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлт солигдож байгаа эргэлзэж байна” гэв.
Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр өдөр Бямбасүрэн рүү галын дэгээ барьж дайрсан зүйл байхгүй. Би Бямбасүрэнг эхнэрээ зодоод байхаар нь өмөөрч байсан. Өмнө нэг удаа би зодож байхыг нь харсан. Сүүлдээ тэр өдөр би эхнэрээ зодоод байхыг нь харж чадаагүй. Би боль гэж хойш нь түлхсэн түүнээс дайрч давшилсан зүйл байхгүй. Намайг түлхэхэд би зассан орон дээр унаагүй. Миний хөл зассан орон дээр унасан. Би дагзаараа шал руу савсан. Би маш их гомдолтой байгаа. Миний бие маш их муудаж байгаа. Би хөдөлмөрийн чадвараа алдсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн "...Би 2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 00 цаг өнгөрч байхад найз хүүхэн Ганбаярын гэр болох Налайх дүүргийн 7 дугаар хороо од гэрт нь орсон юм. Манай найз хүүхэн Ганбаяр орондоо орчихсон унтаж байсан ба харин Ариунзаяа гэх зүс таних хамт ажилладаг хүүхэн нэг залуутай архи уугаад сууж байсан. Тэгээд намайг "пиво авч өг" гэхээр нь "мөнгө байхгүй" гэхэд намайг хэл амаар доромжилж байгаад галын хайч аваад дайрах үед нь би Ариунзаяаг түлхэх үед шалан дээр зассан байсан хөнжил дээр хойшоо саваад унаж босож ирээд утсаараа ээж гэх хүнтэй яриад "намайг хүн зодсон" гэж хэлээд байхаар нь би гараад явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн орчим манай ажлын газрын хүмүүс хаалтын ажиллагаа хийх гэж Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голдон мүүн баарны караокед ороод дуу дуулж байгаад эрэгтэй хүмүүс нь архи, эмэгтэй хүмүүс нь пиво ууж байгаад 23 цагийн орчим гараад хамт ажилладаг Лхагваагийг машинд суугаад Ганбаяр эгчийн гэрт хүргүүлсэн болно. Тэгээд гэрт ороод Ганбаяр эгч согтуу байсан учир зүүн талын орон дээр гараад унтсан. Би газар ор засаад хэвтэх гэж байсан чинь Бямбасүрэн ах орж ирээд "та нар хаана хэнтэй архи уусан" гэх мэтийн зүйл асууж байгаад хамт гэрт орж ирсэн ажлын газрын ах болох Мангаатай хардаад байхаар нь "та хүн амрах гэж байхад битгий дэмий зүйл ярь” гэж хэлээд гэрлээ унтраагаад бид нар унтсан юм. Гэтэл шөнө Ганбаяр эгч сэрээд уйлаад босч ирээд "Бямбаа намайг чимхэж зодоод байна гэрээс зайлуул" гэж хэлсэн учир би босож Бямбасүрэн ах дээр очоод "болиоч" гэж хэлсэн чинь босож ирэх гэхээр нь цээжинд нь гараараа түлхэж хойш нь суулгасан чинь намайг "гичий, янхан" гэх мэтээр доромжилж байсан. Гэтэл Ганбаяр эгч дундуур орж ирээд "миний дүүг битгий доромжлоод бай" гэхэд Бямбасүрэн Ганбаярын толгой руу гараараа түлхэх шиг болсон. Энэ үед Ганбаяр эгч орилоод байсан чинь Бямбасүрэн ах ирээд миний зүүн хөлийг хажуу талаас нь хавсарсан. Энэ үед би толгойн ар хэсгээр шалан дээр саваад унасан. " гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 дугаар хуудас/
Гэрч Ү.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай эгч Ганбаяр ажлын газрын хүмүүс Гоолд мүүн гэх бааранд дуу дуулж архи ууж байгаад шөнө баар хаагаад Ариунзаяа хамт гэрт ирээд эгч Ганбаяр унтаж байх үед манай эгчийн салсан нөхөр Бямбасүрэн шөнө орж ирээд нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд ууж байсан архи нь дуусаад Ариунзаяа "нэг пиво авч өг" гэж хэлсэн чинь Бямбасүрэн "надад мөнгө байхгүй" гэхэд Ариунзаяа "баян хүн гээд байдаг ганц пиво аваад өгч чадахгүй" гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд Бямбасүрэн ахыг орон дээр суугаад эхнэр Ганбаяртайгаа маргалдаад сууж байх үед нь Ариунзаяа очоод нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж цус гаргасан. Тэгээд Бямбасүрэн ахыг үсдэж аваад зүүн шанаанд нь алгадсан юм. Энэ үед Бямбасүрэн ах босож ирээд Ариунзаяаг цээж рүү нь гараараа түлхэж, газар зассан орон дээр унагааж байгаа харагдсан. Гэтэл Ариунзаяа утсаар яриад "намайг энд хүн зодоод байна" гэж хэлсэн учир Бямбасүрэн ах гараад явсан. Удалгүй Ариунзаяагийн ээж, ах гэх залуугийн хамтаар ирээд цагдаад дуудлага өгч байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/
Гэрч М.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажлын газрын хүмүүстэйгээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голд мүүн гэх бааранд дуу дуулж архи ууж нэлээн согтоод гэртээ шөнө ирээд унтаж байх үед манай нөхөр Бямбасүрэн гэрт ирсэн. Ариунзаяатай маргалдаад байхаар нь Бямбасүрэнг гэрээс хөөж байх үед Ариунзаяа босож ирээд Бямбасүрэнтэй маргалдах үед Бямбасүрэн Ариунзаяаг түлхэж байгаа харагдсан энэ үед Бямбасүрэн гэрээс гараад явсан харин Ариунзаяа ээжийгээ дуудаад цагдаад дуудлага өгсөн болно." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...-нд шилжих шөнө буюу 02 цагийн үед байх манай ээж Одгэрэл "дүү чинь хүнд зодуулсан гэж байна явъя" гэж хэлсэн. Тэгээд би ээжтэй хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын дунд хавиар орсон байх тоотыг сайн мэдэхгүй байна хашаан дотор нь яваад ороход ямар ч байсан 2 гэр байсан. Тэгээд уг хашаагаар ороод хамгийн баруун захын гэрт яваад ороход гэрт нь 2 эмэгтэй 2 залуу байсан байх манай дүү ******* толгойгоо барьчихсан "намайг хүн зодчихлоо" гээд уйлаад байж байсан. Тэгээд би "зодсон хүн нь хаана байна" гэж асуухад тавчиктай гараад зугтаасан гэж байсан. Тухайн үед цагдаад дуудлага өгсөн байсан болохоор удалгүй 2 цагдаа ирээд юу болсон талаар асуухад манай дүү хүнд зодуулсан байна гэж хэлсэн чинь нөгөө 2 цагдаа зодсон хүн нь хаана байна гэж асуухад гараад зугтаасан гэж хэлсэн чинь цагдаа тухайн Бямбасүрэн гэх залууг гадуур хайгаад олдохгүй болохоор бид нар цагдаа дээр очин бүртгүүлчихээд тэгээд Э.Ариунзаяаг аваад эмнэлэг явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/
Гэрч Ж.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...-нд шилжих шөнө 01 цагийн үед байх манай охин ******* над руу утсаар залгаад "ээжээ намайг хүн зодчихлоо" гэж хэлэхээр нь би өөрийн хүү болох Золбаярыг утсаар дуудаад шөнө Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын хаягийг нь сайн мэдэхгүй байна Ганбаяр гэх айлд яваад очиход манай охин ******* толгойгоо бариад доошоо суучихсан байдалтай толгой өвдөөд байна гээд байсан. Тэгээд би яасан юу болсон гэж асуухад Ганбаяр гэх хүн “намайг Бямбасүрэн зодохоор нь ******* өмөөрсөн чинь Бямбасүрэн Ариунзаяаг хавсарч унагаагаад толгойн орой хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон" гэж хэлсэн. Тэгээд би *******г аваад эмнэлэг рүү явсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 32 дугаар хуудас/
Гэрч Т.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай "Гомба хайрхан" мал нядлагааны газар ажилладаг хэсэг хүмүүс Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голд мүүн гэх нэртэй бааранд ороод архи пиво уугаад дуулж байгаад баарнаас орой хэдэн цагийн үед гарсныг сайн мэдэхгүй байна тэгээд би Ганбаяр, Ариунзаяа нарын хамт Ганбаярын гэрт очиж унтаж амрах санаатай явсан. Тухайн үед Ганбаярын гэрт очиход түүний салсан хуучин нөхөр ******* гэрт нь ирчихсэн байсан. би нэлээн их архи уусан байсан болохоор Ганбаярын гэрийнх нь баруун талын орон дээр гараад унтчихсан. Тэгээд хэсэг унтаж байгаад сэрсэн чинь ******* уйлчихсан Ганбаярын гэрийнх нь зүүн талын орон дээр суучихсан *******д хандаад "чи намайг зоддог хэн бэ" гээд уйлаад байж байсан. Тэгээд би "яасан юу болсон бэ" гэж асуусан чинь ******* нь "энэ Бямбасүрэн намайг зодчихлоо" гээд байсан. Тэгээд би Ганбаярынхаас гараад шөнө гэр рүүгээ явсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 33 дугаар хуудас/
Шинжээч Ш.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...*******гийн биед үүссэн хүзүүний 4-5-р нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал, тархи доргилт, хүзүү хуйханд зөөлөн эдийн няцрал нь газар унаснаас болж үүсэх боломжтой. *******гийн биед үүссэн дээрх гэмтэл нь хойшоо унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой." гэх мэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/
Шинжээч М.Ариунтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 279 дугаартай дүгнэлтийн 1-р дүгнэлтэнд хариулт хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ дугаар 08шэ/60 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй гэж хариулсан учир нь: комисс шинжээч биед 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хүзүүний имра зургийг уншуулж, хүзүүний 4,5 дугаар нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал гэмтлийг оношлосон. Төгсбуянгийн дүгнэлт гарах үед энэ гэмтлийг оношлоогүй байсан байна." гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 279 дүгээр: 1. Хүний биед хийсэн шүүх шинжилгээний №08 шэ/60 тоот дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. 2. *******гийн биед хүзүүний 4-5-р нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал, тархи доргилт, хүзүү хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун тавхайд зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлиин хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэсэн дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/
Хүзүүний тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/ MRI оношлогоо /хх-ийн 56 дугаар хуудас/
Яаралтай тусламж үйлчилгээний 5850 дугаар хуудас /хх-ийн 57-58 дугаар хуудас/
Өвчний 4662 дугаар түүх /хх-ийн 59-91 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 18-10 тоот хашаанд байрлах иргэн М.Ганбаярын гэрт иргэн *******тай маргалдан улмаар түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүзүүний 4-5 дугаар нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал, тархи доргилт, хүзүү, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун тавхайд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэгэхээр нь би арагш ор руу түлхээд унагасан.” гэх мэдүүлэг, Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Намайг түлхэхэд би зассан орон дээр унаагүй. Миний хөл зассан орон дээр унасан. Би дагзаараа шал руу савсан.” гэх мэдүүлэг, Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн "... би Ариунзаяаг түлхэх үед шалан дээр зассан байсан хөнжил дээр хойшоо саваад унаж босож ирээд утсаараа ээж гэх хүнтэй яриад "намайг хүн зодсон" гэж хэлээд байхаар нь би гараад явсан." гэх мэдүүлэг, Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Бямбасүрэн ах ирээд миний зүүн хөлийг хажуу талаас нь хавсарсан. Энэ үед би толгойн ар хэсгээр шалан дээр саваад унасан. Гэтэл миний толгой эргэж нүд харанхуйлж байсан чинь Бямбасүрэн урд талын орон дээр сууж байгаад "чи битгий худал жүжиглээд бай" гэж хэлээд толгойн орой хэсэгт гараараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохиж байсан юм.” гэх мэдүүлэг, Гэрч Ү.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Бямбасүрэн ах босож ирээд Ариунзаяаг цээж рүү нь гараараа түлхэж, газар зассан орон дээр унагааж байгаа харагдсан. Гэтэл Ариунзаяа утсаар яриад "намайг энд хүн зодоод байна" гэж хэлсэн учир Бямбасүрэн ах гараад явсан." гэх мэдүүлэг, Гэрч М.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Ариунзаяа босож ирээд Бямбасүрэнтэй маргалдах үед Бямбасүрэн Ариунзаяаг түлхэж байгаа харагдсан." гэх мэдүүлэг, Гэрч Ж.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Ганбаяр гэх хүн “намайг Бямбасүрэн зодохоор нь ******* өмөөрсөн чинь Бямбасүрэн Ариунзаяаг хавсарч унагаагаад толгойн орой хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон" гэж хэлсэн. Тэгээд би *******г аваад эмнэлэг рүү явсан." гэх мэдүүлэг, Гэрч Т.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... ******* нь "энэ Бямбасүрэн намайг зодчихлоо" гээд байсан." гэх мэдүүлэг, Шинжээч Ш.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...*******гийн биед үүссэн хүзүүний 4-5-р нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал, тархи доргилт, хүзүү хуйханд зөөлөн эдийн няцрал нь газар унаснаас болж үүсэх боломжтой. *******гийн биед үүссэн дээрх гэмтэл нь хойшоо унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой." гэх мэдүүлэг, Шинжээч М.Ариунтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 279 дугаартай дүгнэлтийн 1-р дүгнэлтэнд хариулт хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ дугаар 08шэ/60 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй гэж хариулсан учир нь: комисс шинжээч биед 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хүзүүний имра зургийг уншуулж, хүзүүний 4,5 дугаар нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал гэмтлийг оношлосон. Төгсбуянгийн дүгнэлт гарах үед энэ гэмтлийг оношлоогүй байсан байна." гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 279 дүгээр дүгнэлт, Хүзүүний тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт, MRI оношлогоо Яаралтай тусламж үйлчилгээний 5850 дугаар хуудас, Өвчний 4662 дугаар түүх зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч Боржигон овогт Даш-Яйчилийн Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруу дээр маргахгүйгээр торгох ял оногдуулах тухай, хохирогчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн, хохирол төлбөр төлөөгүй байдлыг харгалзан хорих ял оногдуулах тухай өмгөөллийн дүгнэлт тус тус гаргажээ.
Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлага оногдуулах тухай дүгнэлтүүдийг хянан үзээд шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн “ гэж заасныг үндэслэн ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 9 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй байна. Хохирогч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгчээс 9 500 000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгт авагдсан баримт болон хохирогчийн мэдүүлгийг үндэслэн дараах байдлаар хохирлыг шийдвэрлэлээ.
Үүнд хохирогч *******гийн эмчилгээ хийсэнтэй холбоотой зардал 1 238 309 төгрөг, унааны зардал 388 450 төгрөг, асран сувилахтай холбоотой зардал 91 860 төгрөг нийт 1 718 620 төгрөгийн зардал нь хэрэгт авагдсан бичгэн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.
Харин хохирогчийн цаашид эмчлүүлэхтэй холбоотой 5 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу зайлшгүй зардалтай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шийтгэх тогтоох гарах үед хохирлыг урьдчилан шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хохирогч нь уг нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйгээр үлдээлээ.
Мөн хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн эрх ашгаа хамгаалуулан хууль эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс болох 2 500 000 төгрөгийн шаардлага нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зардалд тооцогдохгүй тул баримтгүй, зардал тодорхойгүй нэхэмжилсэн 281 380 төгрөгийн шаардлагын хамт бүгд 2 781 380 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид ногдох хөрөнгөнөөс битүүмжилсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулсан байдлыг харгалзан түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгиин хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Даш-Яйчилийн Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 9 хоногийг оногдуулсан торгох ялаас 135 нэгж буюу 135.000 төгрөгийг хасч эдлэх ялыг 865.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан 865 нэгжтэй тэнцэх буюу 865.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолоор тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. %1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. %1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар *******гээс 1.718.620 төгрөгийг гаргуулан хохирогч *******д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 781 380 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай .
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан гаргасан 5 000 000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД