Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0206/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, Шүүгдэгч А.Алданыш, А.Нуржол, Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Намсрай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Молх Авилгалымын Алданыш, Молх Алданышийн Нуржол нарт холбогдох эрүүгийн 201609000399 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Молх Авилгалымын Алданыш, 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Тайгын 2-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. ТЯ64010111 регистрийн дугаартай. Монгол Улсын иргэн, Молх Алданышийн Нуржол, 1996 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, Монголын Үндэсний их сургуулийн 4-р дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 ахын хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Тайгын 2-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. ТЯ96073112 регистрийн дугаартай. Шүүгдэгч А.Алданыш, А.Нуржол нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдожээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч А.Алданыш нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн нутаг дэвсгэрт Цагаан худгийн хажууд З.Мэкийтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар төрсөн хүү А.Нуржолтой бүлэглэн зодож, З.Мэкийгийн бие махбодид 1 шүд болон хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь Шүүгдэгч А.Алданышийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие хувиараа Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт байрлах Цагаан худгын хажууд гагнуур, дугуй засварын үйл ажиллагаа явуулдаг. Би Ардчилсан намын гишүүн бөгөөд УИХ-ын гишүүн Бурмаагийн сурталчилгаанд явах мандат авсан. Манай ажлын урд талд манай намын сурталчилгааны гэр байдаг бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр намынхаа гэрийн гадаа байж байсан чинь гэр ачсан ачааны машин ирсэн. Машин дотроос өмнө нь надтай хамт ажиллаж байсан Ариунаа гэж эмэгтэй гарч ирсэн. Би дотроо бодохдоо УИХ-д бие даан нэр дэвшигч Наранбаатарын бэр эгч байна Наранбаатарын сурталчилгааны гэрийг барих нь гэж бодсон. Тэгээд Ариунаа надтай уулзаад мэнд мэдээд Аагий ахаа манайх гэрээ хаана баривал болох уу гэж асуусан. Тэгэхээр нь би хүний хөл ихтэй зогсоолын хажууд барьчихгүй юу гэж хэлсэн. Тэгсэн чинь машин дээрээс гэр буулгаж байсан Мэкий гэгч залуу хүрч ирээд надад хандаж -чи олон нийтийн гэрийг шороон дотор бариулах гэлээ гээд архи уусан байдалтай хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж -чи бид хоёрт хамаагүй Ариунааг асуухаар нь би түүнд хэлсэн гэж хэлээд халаасандаа гараа хийгээд зогсож байхад манай нутгийн Батжаргал гэж хүн үхрээ бэлчээрт гаргаад явж байгаад надтай таараад юм яриад зогсож байтал Мэкий ирээд баруун гараараа миний зүүн шанаа хэсэг рүү зүүн гараараа цохиод би газарт унасан. Тэгээд би босож ирээд шарандаа Мэкийг нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгсэн чинь Мекийгийн амнаас цус гараад тогтохгүй байсан. Мэкий бид хоёрыг Батжаргал салгачихаад үхрээ туугаад явчихсан. Тэгээд байж байсан чинь Мэкий чамайг ална гээд эргээд над руу дайраад байхаар нь дахиж түлхэж унгаасан. Тэгсэн цаанаас манай хүү Нуржол ирээд Мэкийг түлхээд газар унагаачихаад машиндаа суугаад явах гэсэн чинь Мэкий машины араас барих гээд байхаар нь хаазлаад урагшаа хөдөлсөн чинь газар унах шиг болсон тэгээд би гэр рүүгээ явсан. Тухайн үед Мэкийтэй тохиролцоод биед учирсан гэмтлийг эмчлэх зорилгоор мурийсан хамрыг тэгшлүүлж, хугарсан шүдийг нь хийлгүүлж 1 400 000 төгрөг зарцуулсан. Гэтэл Мэкий надаас үндэслэлгүй 5 сая төгрөг нэхэж өгөхгүй бол шүүхэд өгч дахин 10 сая төгрөг авна гэж дарамталсан гэх мэдүүлэг, Шүүгдэгч А.Нуржолын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим би аавынхаа ажил дээр дугуй засаад байж байхад гадаа хүмүүс зодолдоод байгаа юм шиг чимээ сонсогдсон. Тэгээд гараад харсан чинь манай аав хүнд зодуулаад газар хэвтчихсэн байсан. Тэгэхээр нь би гүйж очоод аавыгаа салгах гэсэн чинь тухайн хүн намайг гараараа миний нүүр хэсэг рүү цохисон тэгэхээр нь миний уур хүрээд нүүр хэсэг рүү нь зөрүүлээд гараараа 1 удаа цохиход тухайн хүн газар уначихсан. Тэгээд би аавыгаа аваад явсан гэх мэдүүлэг, Хохирогч З.Мэкийгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед Санжит багийн нутаг дэвсгэр Цагаан худгийн хажууд Наранбаатарын сурталчилгааны гэрийн хана дугуйлаад байж байхад Алданыш өөрийнхөө засварын газраас гарч ирээд надтай уулзаад гэр барьж байгаа газарт гэр бариулахгүй гэсэн. Тэгэхээр нь би яагаад барьж болдоггүй юм бэ танай хашаанд барьж байгаа юм уу гэж хэлээд Алданышийг зогсож байхаар нь хажуугаар нь гарахдаа чамд ямар хамаатай юм бэ гээд мөрлөсөн чинь Алданыш миний нүүр рүү баруун гараараа цохиход миний амнаас маш их хэмжээний цус гараад шүд маань уначих шиг болсон. Тэр үед би хэсэг ухаан алдаад сэргээд босох гэж байсан чинь цаанаас Алданышийн хүү Нуржол гэх залуу ирээд миний нүүр хэсэг рүү өшиглөөд цаашаа яваад машиндаа суугаад явчихсан. Алданыш миний эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн, шүд хийлгэсэн, тархины ктг зэрэг төлбөрүүдийг бүгдийг төлсөн гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 38-39-р хуудас/, Гэрч Х.Маржангүлийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 9 цагаас орой 21 цаг хүртэл Цагаан худгийн хажуугийн ардчилсан намын ухуулгын гэрт ардчилсан намын ухуулагч Нургүлийн хамтаар жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн орой 19 цагийн орчимд Уурхайн автобус явах үеэр УИХ-д бие даан нэр дэвшигч Л.Наранбаатарын сурталчилгааны ухуулгын гэрийг барих гээд Ариунаа гээд эмэгтэй 4 залуугийн хамт манай ухуулгын гэрийн хажууд ирээд гэрээ барьж чадахгүй ханаа босгоод зогсож байсан. Тэгээд би сурталчилгааны гэрт бүртгэлээ хийж байгаад гэр халуун байхаар нь гэрийн гадаа гарсан чинь Мэкий гээд ах Наранбаатарын сурталчилгааны гэрийн хажууд ирчихсэн нэг ханыг нь барьчихсан зогсож байсан. Манай намын хүмүүс сурталчилгааны материал өгөх гээд ирэхээр нь эргээд гэртээ орж материалаа хүлээж авчихаад гэрийн гадаа гарч ирсэн чинь Наранбаатарын гэрийг барих гэж байсан Мэкий гээд ах газар уначихсан байдалтай хажууд нь Алданышийн хүүхэд нь өшиглөхөөр нь Нургүль бид 2 болиоч гэж хэлчихээд зодоон, нүдээн хараад яахав гээд гэрлүүгээ орчихсон гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/, Гэрч П.Нургүлийн мөрдөн байцаалтад өгсөн: ...сурталчилгааны гэрт байхад манай гэрийн хажууд Мэкий согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай чанга чанга дуугараад байх шиг байсан. Тэгээд би 00 руу явж байхад Мэкий, Алданыш 2 хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би 00 орчихоод 5 минутын дараа эргээд ирсэн чинь Мэкийгийн нүүр нь цус болсон байдалтай Алданыш өөрийнхөө машины хажууд зогсож байсан. Тэгээд би сурталчилгааны гэр рүү орсон гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/, Гэрч А.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд байсан санагдаж байна. Би тухайн өдөр гэрээсээ үхрээ саачхаад бэлчээрт гаргах гээд туугаад явж байхад Алданыш сонгуулийн байрны орчим зогсож байсан. Тэгээд би түүнтэй юм яриад зогсож байсан чинь зүс таних Мэкий гэх хүн Алданыш дээр ирээд түүнийг цохиод авах шиг болсон. Би тухайн үед тэр хоёрыг юунаас болж маргалдаад Мэкий Алданышийг цохих болсоныг мэдэхгүй. Тэгээд би Мэкий, Алданыш хоёрыг салгачхаад үхрээ цааш туугаад явсан. Өөр юу болсон талаар мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/, Гэрч Н.Ариунжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байсан санагдаж байна тухайн өдөр би дүү нарын хамт Шарын гол сумын Цагаан худаг автобусны буудлын дунд гэр барих гэж байхад надтай хамт өмнө нь Шарын гол сумын уурхайд ажиллаж байсан Алданыш гэх ах хүрч ирээд –миний дүү өндөр хүчдэлийн доор гэр барьж болохгүй маргааш гэрэл борлуулалтаас хүмүүс ирээд гэрээ буулга гэж хэлнэ, гэрийнхээ байрыг солиод өөр газарт гэрээ барь гэж хэлсэн. Тэр үед Алданыш бид хоёрын хажууд Мэкий гэж Шарын гол суманд амьдардаг ах байсан. Тэгээд Мэкий Алданышт хандаж -чи нутгийн хүүхдийн сонгуулийн сурталчилгааны гэрийг бариулахгүй байна гээд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би Алданыш ахын үгэнд ороод барих гэж байсан гэрийнхээ туурга, тооно зэргийг зөөгөөд Алданыш, Мэкий нараас холдоод явчихсан болохоор Алданыш, Мэкий хоёрыг хоорондоо зодолдсон эсэх талаар огт хараагүй гэх мэдүүлэг /хх-ий 42-р хуудас/, Шинээч эмч Э.Отончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №770 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.З.Мэкийгийн биед 1 шүд болон хамар ясны хугаралтай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр буюу 5%-иар тогтонги алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно /хх-ийн 17-р хуудас/ гэжээ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул А.Алданыш, А.Нуржол нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгч гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нарын санаа зорилго нэгдээгүй өөрөөр хэлбэл урьдаас үгсэн тохиролцоогүй учраас шүүгдэгч А.Нуржолыг энэ хэрэгт оролцоогүй гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал тавьсаныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Шүүгдэгч А.Нуржол нь дугуй засварын газар ажиллаж байхдаа сурталчилгааны гэрийн гадаа хүн зодолдох чимээ сонсоод улмаар гарч харахад түүний эцэг А.Алданыш хүнд зодуулчихсан хэвтэж байхыг хараад очиж хохирогчийн бие эрх чөлөөнд халдсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч А.Нуржол нь хохирогч Мэкийгийн биед гэмтэл учирхаар халдаагүй гэсэн нь шүүгдэгч А.Алданышийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "зогсож байтал Мэкий ирээд баруун гараараа миний зүүн шанаа хэсэг рүү зүүн гараараа цохиод би газарт унасан. Тэгээд би босож ирээд шарандаа Мэкийг нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгсэн чинь Мэкийгийн амнаас цус гараад тогтохгүй байсан. Мэкий чамайг ална гээд эргээд над руу дайраад байхаар нь дахиж түлхэж унгаасан" гэх /хамраас нь цус гарсан гэж мэдүүлээгүйгээс гадна 1 удаагийн үйлдлээр хохирогчийг цохисон/, гэрч Х.Маржангүлийн мөрдөн байцаалтад өгсөн "Мэкий гээд ах газар уначихсан байдалтай хажууд нь А.Алданышийн хүүхэд өшиглөхөөр нь Нургүль бид 2 болиоч гэж хэлчихээд гэрлүүгээ орчихсон" гэх, шинжээч эмч Э.Отончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн "хохирогч Мэкийгийн биед үүссэн 1 шүд болон хамар ясны хугарал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй харин хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой" гэх, хохирогч Мэкийгийн мөрдөн байцаалтад өгсөн "Алданыш миний нүүр хэсэг рүү баруун гараараа цохиход миний амнаас маш их хэмжээний цус гараад шүд хугараад уначих шиг болсон дараа нь Нуржол ирээд гараараа юмуу хөлөөрөө нүүр хэсэг рүү цохиход хамар маань хугарчих шиг болсон" гэх мэдүүлгээр няцаагдаж байна гэж үзлээ. Тиймээс шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч нарын хоорондох субьектив /сэтгэл зүйн/ холбоо нь гэмт хэрэг үйлдэгдэх явцад бий болж санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч З.Мэкийгийн "мөрдөн байцаалтад өгсөн миний зүгээс ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй" гэснээр шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн шүүгдэгч А.Алданыш нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч тус бүрт дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэдний хувийн байдлыг харгалзан албадан ажил хийлгэх ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Молх Авилгалымын Алданыш, Молх Алданышийн Нуржол нарыг бусдыг бүлэглэн зодож бие махбодид нь 1 шүд болон хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч А.Алданышийг 251 цаг албадан ажил хийлгэх ялаар, А.Нуржолыг 251 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар М.Алданыш, А.Нуржол нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийг ажлын нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Алданыш, А.Нуржол нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ