| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0173/Э/211/2020/0045 |
| Дугаар | 2021/ШЦТ/53 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.О хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгч П.Аын өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: П.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Пийн Ат холбогдох эрүүгийн 2012............ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт ..... аймгийн .... сумын ........ багийн, ....... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай магадлалаар, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж өөрчилсөн, М овогт Пийн А /РД:********/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.А нь 2017 оны 11 дүгээр сард ..... аймгийн ...... сумын ...... баг, ......... гэх газраас хохирогч Ч.Бийн хурдан удмын 1 тооны морийг хулгайлж, 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 20120021***** дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Ч.Бийн өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын эхээр 10-ны үед сургуулийн хүүхдийн амралтын үеэр ....... аймгийн ........ сумын ....... багийн нутаг ........ гэх газарт бэлчээрт байсан адуунаас хонгор зүсмийн нас нийлж явсан морио хулгайд алдсан. Хайж яваад Өлзийт сумын Бодонт багийн эхэнд Рашаант гэх газарт өвөлжиж байсан айлын гадаа адуу нядалсан байсан. Би нядалсан адууных нь дөрвөн хөлийг олж үзэхэд манай хонгор зүсмийн морь мөн байсан. Тэр айлаас адууг хэн авчирч нядалсан талаар асуухад А авчирч өгсөн гэж ярьсан. Атай уулзаад асуухад би авсан, хохирлыг чинь төлнө гээд хохирол барагдуулсан. Цагдаад бол хэлээгүй. Нутгийн хүмүүс төвөг гээд өнгөрсөн. Зүүн талаас ирсэн Хайрхан суманд овооны баяраар аман хүзүүнд 1 удаа хурдалсан. Эрдэнэмандал 2 суманд хүслийн овооны баяраар гуравт хурдалсан. Батцэнгэлийн сургуулийн 90 жилийн ойд айргийн тавд хурдалсан. Уг морь хурдалж эхлээд удаагүй битүү морь байхад нь уяад уясан жилээ ингэж хурдалсан. Байхгүй, хохиролдоо мал авсан. Хар чихтэй хонгор зүстэй, хурдан шинжтэй, зөв талынхаа гуянд сартай Х үсгэн тамгатай, биеэр том, уртлаг биетэй, сайхан морь байсан. 5 сая төгрөгөөр үнэлнэ. Би хонгор морио Бгаар уяулж байсан. Зарим өргөмжлөл нь Бгийн нэр дээр зарим өргөмжлөл нь миний нэр дээр байгаа. Миний морь битүү морь байж байгаад уралдсан. Уясан жил нь 2017 оны зун байсан. Хайрханы баяр наадмаар их насны морьдын уралдаанд зурчихаад хурдалсан. Тэгээд жижиг наадамд айрагдсан. Батцэнгэлийн сургуулийн ойд Бгийн нэр дээр хуралдсан. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 05-08 хуу/,
Хохирогч Ч.Бийн дахин өгсөн: “...Батцэнгэлийн сургуулийн 90 жилийн ойн баяр наадамд айргийн тавд хурдлахад өргөмжлөл дээр хээр гээд зүсийг нь буруу бичсэн байсан. Уг нь хонгор зүсмийн гэж бичих ёстой байсан юм. Өөр нэмж ярих зүйлгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 09 хуу/, Гэрч Б.Аийн өгсөн: “...Би олон жил Хайрхан суманд морь уяаж байна. Ч.Бийн хонгор зүсмийн морь хурдан морь байсан. Хайрхан сумын баяр наадамд нэг удаа айрагдаж байсныг санаж байна. Сүүлийн хоёр жил уягдаагүй, хүмүүс ярихдаа хулгайд алдчихсан гэж ярьдаг. Уг хонгор морь ер нь гайгүй хурдалж байгаа харагддаг. Би өөрөө Бөөс өөр багт байдаг болохоор сайн нарийн зүйл мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,
Гэрч О.Оын өгсөн:”... Сайн танина. З.Д гэх хүн бол миний хүргэн ах байгаа юм. Би өөрийн хүргэн ах З.Д гэх хүн морь уямаар байна гээд дурлаад байхаар нь өөрийн хүрэн зээрд морийг бэлгэнд өгсөн юм. Уг хүрэн зээрд морь нь 2013 онд шүдлэн насандаа айргийн гуравт давхисан. 2014онд хязаалан насандаа айргийн пөрөвт давхисан, 2015 онд соёолон насандаа Батцэнгэл сумын Улаан-Чулуу багийн өдөрлөг наадамд тус тус хурдалж байсан. Сумын наадамд 10 багцаагаар давхидаг байсан. Би фэйсбүүкээс хүрэн морины зургийг харж таниад Д ахад хэлсэн юм. Тэгээд Д ах Төв аймгаас очиж уг хүрэн зээрд морио авсан юм. Уг хүрэн зээрд морийг Төв аймгийн Цагдаагаас эзнийг нь хайгаад зургийг нь тавьсан байсан юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан бүхэн үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,
Гэрч Б.Бгийн өгсөн:”...Сайн танина. Нэг нутгийн хүмүүс, төрөл сандны холбоо байхгүй. Би энэ хул хонгор зүсмийн морийг хавраас эхэлж тэжээгээд уяж уралдуулсан. Хавар Сөртөн овооны баярт очиж айрагдсан. 3, 4 давхисан юм. Тэгээд дараа нь Хайрхан овооны баярт аман хүзүүнд давхисан. Хайрхан сумын улсын баяр наадамд зургаад давхисан. Тэгээд Батцэнгэл сумын 90 жилийн ойд очиж айргийн тавд давхисан юм. Уг морины уралдах амжтдт гаргасан нь 2017 оны хавар зун нь уралдаж байсан юм. Батцэнгэл сумын сургуулийн 90жилийн ойд уралдаж айргийн тавд давхихдаа миний нэр дээр уралдаж байсан юм. Би аймгийн алдарт уяач цолтой 1989 оноос хойш одоог хүртэл морь уяж байна. Уг хул хонгор морь бол хийц галбир сайтай их хурдан морь байсан юм. Би им тамгыг нь сайн мэдэхгүй байна. Жижигхэн бидэртэй хул хонгор зүстэй морь байсан. Уг морийг 2017 оны 08 дугаар сард манайхаас Б авч явсан юм. Тэгээд тэр өвөлөө намайг хотод байхад Б миний хул морийг Завханыхан аваад алчихаж гэж ярьж байсан юм. Өөр мэдэх зүйл алга. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /ххийн 14-15 хуу/,
Гэрч Т.Бын өгсөн:”..Бийн хул хонгор морийг уяж уралдуулдаг байсан. Уг хонгор морь овооны наадамд айрагдаж байсан. Мөн Батцэнгэлд сургуулийн ойгоор айрагдсан гэж сонссон. Тэгээд сүүлд нь сонсоход хулгайд алдсан гэж ярих болсон. Би им тамгыг нь сайн мэдэхгүй байна. өндөрхөн том хул хонгор зүстэй морь байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/,
Гэрч Н.Бын өгсөн: ”...2017 оны 11сард манай ах Б хот явах гээд мал гаргаж байхад А хул морь хөтөлж ирээд миний энэ морь Сэлэнгэ рүү хэдэн үрээ дагуулж гүйгээд Эрдэнэтийн наанаас олж ирлээ гэсэн. Тэгээд энэ морийг янзалж ахад чинь өгч явуулъя гээд би хэдтэй хамт уг морио гаргасан юм. Тэгээд дуусаад махаа орхиод өөрөө явсан юм. Би им тамгыг нь сайн анзаараагүй өндөрдүү хул морь байсан юм. Тухайн үед мэдэхгүй А миний морь гэж байсан. Сүүлд нь Б гэх хүн ирээд уг адууны хөлийг үзээд миний морь байна гээд хулгайн морь байна гэж мэдсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан бүгд үнэн...” гэх мэдүүлэг 3 /хх-ийн 18-19 хуу/,
Гэрч Н.Бын өгсөн: ”...2017 оны 11 сарын үеэр би хот руу мал ачих гээд Батцэнгэл сумын Цац багт очиж Нармандах гэх хүнээс 2 тооны үхэр авчихаад явж байхад А таараад манай нэг морь зүүн тийшээ гүйх гээд байна. Чи хот явж байгаа юм чинь энийг аваад явчих гэхээр нь манайд наад адууг чинь гаргах янзлах хүн байхгүй шүү чи өөрөө янзалж өгөөрэй гэж хэлээд би цааш явж 2 үхрийн махаа аваад орой гэртээ ирэхэд А надад өгч явуулна гэсэн адуугаа гаргаж янзалж тавиад өөрөө гэр лүүгээ явсан байсан. Тэгээд би маргааш өглөө нь бүх махаа ачиж Өлзийт сумын төв орж махны бичиг баримтаа аваад хот руу явж махаа тушаагаад уг адууны мах 540.000 төгрөг болсон. Тэгээд би буцаж ирээд мөнгийг нь Ат өгсөн. Тэгээд удалгүй байж байтал Хайрхан сумаас Б гэх хүн манайд ирээд адууныхаа шийрийг үзээд манай адуу мөн байна гэж хэлээд явсан. Тэгээд цааш нь сураг сонсоход А уг морины хохирлыг нь төлсөн гэж би сонссон. Уг адуу нь хул зүстэй дунд зэргийн биетэй тарган морь байсан. Би тухайн үед мэдээгүй ахиад уг морины эзэн ирээд шийрийг үзээд явахаар нь хулгайн юм байна гэж мэдсэн. А надад бичиг баримт авч өгөөгүй, би Өлзийт сумын төв орж Ааас тамгыг утсаар асуугаад бичиг баримт бөөгнүүлж аваад хот явсан юм. Уг адууны арьс толгойг нь Улаанбаатар хот оруулж өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/,
Шинжээч Э.Дгийн өгсөн:”.. Би тухайн дүгнэлтийг гаргасан нь үнэн. Тухайн адууны үнэлгээг тухайн үеийн хурдан удмын адууны үнэлгээгээр гаргасан надад шинжээч томилсон тогтоолын хамт тухайн адуу сум багийн баяр наадамд уралдаж амжилт үзүүлж байсан талаар 3 хуудас материал ирүүлсэн юм тухайн матеиралыг үндэслэн үнэлгээ гаргасан. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй.Миний ярьсан бүхэн үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/,
П.Аын яллагдагчаар өгсөн: ”...Би тогтоолтой танилцсан. Миний үйлдэлтэй тохирч байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан одоо надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй байна. Би Ч.Бөд хохирол болгож тухайн үед нь хязаалан наснаас дээш 50 тооны хонь өгсөн юм. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/,
“Х” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Дгийн 2500.000 төгрөг хурдан удмын сум багийн наадамд 4 удаа аман хүзүү айрагдаж байсан медальтай гэж үнэлсэн 2020 оны 05дугаар сарын 18-ны өдрийн 525 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 хуу/, Өргөмжлөл, медалийн хуулбар /хх-ийн 32-34 хуу/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 хуу/, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 59-61 хуу/,
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар /хх-ийн 62-64 хуу/, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46 хуу/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57 хуу/,
Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 78-80 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.А нь 2017 оны 11 дүгээр сард ..... аймгийн ...... сумын ...... баг, ......... гэх газраас хохирогч Ч.Бийн хурдан удмын 1 тооны морийг хулгайлж, 2.500.000 / хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 201200210**** дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.А нь нь 2017 оны 11 дүгээр сард ... аймгийн .... сумын ....... баг, Баруун даваа гэх газраас хохирогч Ч.Бийн хурдан удмын 1 тооны морийг хулгайлж, 2.500.000 / хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ч.Бийн өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын эхээр 10-ны үед сургуулийн хүүхдийн амралтын үеэр ..... аймгийн ..... сумын Жарантай багийн нутаг Баруун даваа гэх газарт бэлчээрт байсан адуунаас хонгор зүсмийн нас нийлж явсан морио хулгайд алдсан. Хайж яваад Өлзийт сумын Бодонт багийн эхэнд Рашаант гэх газарт өвөлжиж байсан айлын гадаа адуу нядалсан байсан. Би нядалсан адууных нь дөрвөн хөлийг олж үзэхэд манай хонгор зүсмийн морь мөн байсан. Тэр айлаас адууг хэн авчирё нядалсан талаар асуухад А авчирч өгсөн гэж ярьсан. Атай уулзаад асуухад би авсан, хохирлыг чинь төлнө гээд хохирол барагдуулсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 05-08хуу/, Хохирогч Ч.Бийн дахин өгсөн:”...Батцэнгэлийн сургуулийн 90 жилийн ойн баяр наадамд айргийн тавд хурдлахад өргөмжлөл дээр хээр гээд зүсийг нь буруу бичсэн байсан. Уг нь хонгор зүсмийн гэж бичих ёстой байсан юм....”гэх мэдүүлэг /хх-ийн 09хуу/, Гэрч Б.Аийн өгсөн:”...Би олон жил Хайрхан суманд морь уяж байна. Ч.Бийн хонгор зүсмийн морь хурдан морь байсан. Хайрхан сумын баяр наадамд нэг удаа айрагдаж байсныг санаж байна. Сүүлийн хоёр жил уягдаагүй, хүмүүс ярихдаа хулгайд алдчихсан гэж ярьдаг. Уг хонгор морь ер нь гайгүй хурдалж байгаа харагддаг...”гэх мэдүүлэг /хх-ийн 10-11хуу, Гэрч Б.Бгийн өгсөн”... Би энэ хул хонгор зүсмийн морийг хавраас эхэлж тэжээгээд уяж уралдуулсан. Хавар Сөртөн овооны баярт очиж айрагдсан. 3, 4 давхисан юм. Тэгээд дараа нь Хайрхан овооны баярт аман хүзүүнд давхисан. Хайрхан сумын улсын баяр наадамд зургаад давхисан. Тэгээд Батцэнгэл сумын 90 жилийн ойд очиж айргийн тавд давхисан юм. Уг морины уралдах амжтдт гаргасан нь 2017 оны хавар зун нь уралдаж байсан юм. Батцэнгэл сумын сургуулийн 90жилийн ойд уралдаж айргийн тавд давхихдаа миний нэр дээр уралдаж байсан юм. Би аймгийн алдарт уяач цолтой 1989 оноос хойш одоог хүртэл морь уяж байна. Уг хул хонгор морь бол хийц галбир сайтай их хурдан морь байсан юм. Би им тамгыг нь сайн мэдэхгүй байна. Жижигхэн бидэртэй хул хонгор зүстэй морь байсан. Уг морийг 2017 оны 08 дугаар сард манайхаас Б авч явсан юм. Тэгээд тэр өвөлөө намайг хотод байхад Б миний хул морийг Завханыхан аваад алчихаж гэж ярьж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15хуу/, Гэрч Т.Бын өгсөн:”..Бийн хул хонгор морийг уяж уралдуулдаг байсан. Уг хонгор морь овооны наадамд айрагдаж байсан. Мөн Батцэнгэлд сургуулийн ойгоор айрагдсан гэж сонссон. Тэгээд сүүлд нь сонсоход хулгайд алдсан гэж ярих болсон...”гэх мэдүүлэг /хх-ийн 16-17хуу/, Гэрч Н.Бын өгсөн:”.2017 оны 11сард манай ах Б хот явах гээд мал гаргаж байхад А хул морь хөтөлж ирээд миний энэ морь Сэлэнгэ рүү хэдэн үрээ дагуулж гүйгээд Эрдэнэтийн наанаас олж ирлээ гэсэн. Тэгээд энэ морийг янзалж ахад чинь өгч явуулъя гээд би хэдтэй хамт уг морио гаргасан юм. Тэгээд дуусаад махаа орхиод өөрөө явсан юм. Тухайн үед мэдэхгүй А миний морь гэж байсан. Сүүлд нь Б гэх хүн ирээд уг адууны хөлийг үзээд үзэж миний морь байна гээд хулгайн морь байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/, Гэрч Н.Бын өгсөн: ”...2017 оны 11 сарын үеэр би хот руу мал ачих гээд Батцэнгэл сумын Цац багт очиж Нармандах гэх хүнээс 2 тооны үхэр авчихаад явж байхад А таараад манай нэг морь зүүн тийшээ гүйх гээд байна. Чи хот явж байгаа юм чинь энийг аваад явчих гэхээр нь манайд наад адууг чинь гаргах янзлах хүн байхгүй шүү чи өөрөө янзалж өгөөрэй гэж хэлээд би цааш явж 2 үхрийн махаа аваад орой гэртээ ирэхэд А надад өгч явуулна гэсэн адуугаа гаргаж янзалж тавиад өөрөө гэр лүүгээ явсан байсан. уг адууны мах 540.000 төгрөг болсон. Тэгээд би буцаж ирээд мөнгийг нь Ат өгсөн. Тэгээд удалгүй байж байтал Хайрхан сумаас Б гэх хүн манайд ирээд адууныхаа шийрийг үзээд 5 манай адуу мөн байна гэж хэлээд явсан. Тэгээд цааш нь сураг сонсоход А уг морины хохирлыг нь төлсөн гэж би сонссон. Би тухайн үед мэдээгүй ахиад уг морины эзэн ирээд шийрийг үзээд явахаар нь хулгайн юм байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20- 22 хуу/, П.Аын яллагдагчаар өгсөн:”.. Би тогтоолтой танилцсан. Миний үйлдэлтэй тохирч байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан одоо надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй байна. Би Ч.Бөд хохирол болгож тухайн үед нь хязаалан наснаас дээш 50 тооны хонь өгсөн юм. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 40-42хуу/,“ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Дгийн үнэлсэн 2020 оны 05дугаар сарын 18-ны өдрийн 525 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 хуу/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.А нь хохирогч Ч.Бийн 1 тооны адууг хулгайлж, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Аын бусдын мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
2015 оны Эрүүгийн хуулинд олон тооны мал гэдэгт “хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно...”, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эрүүгийн хуулиар олон тооны мал гэдэгт ”...найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно...”гэж тус тус тайлбарлажээ.
Харин шүүгдэгч П.А нь нэг тооны бод мал хулгайлсан бөгөөд түүний үйлдэл нь 2017 оны 11 сард хохирогч Ч.Бийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлсан байх тул 2020 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө нь үйлдэгдсэн мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулах нь шүүгдэгч П.Аын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...”гэж заасан байх тул шүүгдэгч П.Аын үйлдэл нь 2017 оны 11 дүгээр сар байх тул Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан гэж зөвтгөх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бөд 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нь “Х” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Дгийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №525 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Ч.Б нь хохирлоо төлүүлж авсан нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /хх-ийн 4-8 хуу/ байх тул шүүгдэгч П.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2021 оны Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт”... энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...”гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/…гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус гэж хуульчилсан байна. Гэвч 2015оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хорих ял шийтгэнэ...”гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч П.Аын үйлдсэн гэмт хэрэг нь өршөөлийн хуульд хамрагдах хэдий ч шүүгдэгч П.А нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал гэмт хэргийн шинж байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ат 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт “...Шүүхийн шийдвэрт тусгайлан заагаагүй тохиолдолд нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэнэ...” гэж заасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахаар хуульчилсан учир шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусгайлан заагаагүй болно.
Шүүгдэгч П.Аын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 118 /нэг зуун арван найм/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагаар тооцож түүний эдлэх 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч П.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Пийн Аыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 118 /нэг зуун арван найм/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцож түүний эдлэх 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ