Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 135/шш2018/00311

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ******* байр, ****** тоотод оршин суух,  ******* овогт ******* ******* /******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ******* байр, ****** тоотод оршин суух,  *******овогт ******* ******* /регистрийн дугаар ********/,

Хариуцагч: *******ХХК-д холбогдох

"үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Т. *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энх-Амгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З. ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...З. *******, Т. ******* нар нь нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 14/163 дугаартай зээлийн барьцааны гэрээг “ *******ны Дархан салбартай байгуулж, 50000000 төгрөгийн зээл авахдаа Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** баг, ****** хороолол, ******* байр, ****** тоот 3 өрөө байрыг барьцаалсан. Зээлийн болон барьцааны гэрээний хамтран зээлдэгчээр иргэн З. ******* нь оролцож, гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Улмаар бизнес нь эрсдэлд орсны улмаас шүүхийн шийдвэр гарч зээлийг З. *******, Т. ******* нар хариуцан төлөхөөр болсон асуудал дээр нэхэмжлэгч талаас ямар нэгэн маргаан байхгүй байгаа.

Харин “ ******* нь зээлдэгч Т. *******, З. ******* нарын хариуцан төлөх ёстой зээлийн төлбөрт тооцож тэдний өмчлөлийн 3 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхдээ тухайн орон сууцны үнийн талаар ямар нэгэн зөвшөөрлийг З. *******ээс аваагүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө банкны мэдэлд шилжсэн талаар З. ******* нь огт мэдээгүй төдийгүй зээлийн төлбөрийг төлөх талаар гаргасан баталгаа гэж ойлгосон болно.

Гэтэл “ *******ны зүгээс З. *******, Т. ******* нарыг орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд өгсний дараа өмгөөлөгчөөс зөвлөгөө авч тэдний байр “ *******ны өмчлөлд шилжсэн гэдгийг ойлгосон.

Иймд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч *******нь шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр З. *******, Т. ******* нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулан “ *******наас 59,000,995 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны дотор *******инд шилжүүлэх буюу мөн хугацаанд дээрх мөнгийг  шилжүүлээгүй тохиолдолд орон сууцыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.

Иргэн З. *******, Т. ******* нар нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөгийн бичил хөрөнгө оруулалтын зээлийг 48 сарын хугацаатай зээл барьцааны 14/163 тоот гэрээ байгуулан авсан.

Гэтэл зээлийг зориулалт бусаар зарцуулахын зэрэгцээ зээл авсан дараагийн сараас эхлэн зээлийн гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлээгүй.

Энэ гэрээний гол нөхцөл нь зээлдэгч З. *******, Т. ******* нар нь зээлийг 3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах бөгөөд хэрэв төлж барагдуулвал байрыг буцаад тэдний өмчлөлд шилжүүлэх юм. Ингээд гэрээ байгуулсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл мөнгөө төлөөгүй. Иймд манай өмчлөлийн байрнаас гарахыг шаардаж байна.” гэв.

 

Хариуцагч Т. ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Энэ байр нөхөр З. ******* бид хоёрын дундын өмчлөлийн байр. Тухайн үед зээлээ төлж чадахааргүй болсон ба надад ямар боломж байна вэ гэдгийг харж байгаад энэ байрыг банктай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үүнийг би сайн судлаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.”гэв.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч З. ******* нь хариуцагч Т. *******, *******нарт холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Т. ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагч *******нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Хэрэгт авагдсан баримтаар

З. *******, Т. ******* нар нь *******тай  зээлийн гэрээ болон барьцааны гэрээг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулан 50,000,000 төгрөгийг тоног төхөөрөмж худалдаж авах зориулалтаар жилийн 33,6 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд өөрсдийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол *******3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

З. *******, Т. ******* нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас *******нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 58,550,293 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг З. *******, Т. ******* нар нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны 373 дугаартай захирамж, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр  сарын 19-ний өдрийн 2610 дугаартай “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамж гарсан байна.

З. *******, Т. ******* нар нь дээрх шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул *******ны хүсэлтийг хангаж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2928 дугаартай “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэн олгогдсон байна.

Дээрх шүүгчийн 2928 дугаартай захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй, *******нь шүүгчийн захирамж гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

            Талууд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тоот гэрээг байгуулсан бөгөөд гэрээгээр *******нь З. *******, Т. ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003010190 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол *******3 өрөө орон сууцыг 59,000,995 төгрөгөөр худалдан авах, З. *******, Т. ******* нар нь уг орон сууцыг *******ны өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

            Гэвч дээрх орон сууц худалдах худалдан авах гэрээ нь бодитоор хийгдээгүй ба Т. *******, З. ******* нар нь дээрх өөрсдийн өмчлөлийн орон сууцыг *******ны нэр дээр түр хугацаагаар шилжүүлж, 3 сарын хугацаанд *******наас авсан зээлийн төлбөрөө бүрэн төлсний дараа эргүүлэн байраа авах зорилгоор талууд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан Т. *******ын 2016 оны 05 дугаар 18-ны өдрийн *******инд гаргасан өргөдөл зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд уг орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу *******нь Т. *******, З. ******* нарт орон сууцны үнэ 59,000,995 төгрөгийг өгөөгүй, Т. *******, З. ******* нар нь хэдийгээр өмчлөх эрхийн гэрчилгээг *******ны нэр дээр шилжүүлсэн боловч *******ны өмчлөлд орон сууцыг бодитоор шилжүүлээгүй, өдий хүртэл өөрсдөө амьдарч байна.

 

            Иймд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тоот гэрээ бодитоор хийгдээгүй байх тул нэхэмжлэгч З. *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан *******, З. *******, Т. ******* нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

 

2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2003010190 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол *******3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ХХК-нийг бүртгэгдсэнийг хүчингүй болгож, дээрх бүртгэлд өмчлөгчөөр Т. *******, З. ******* нарыг бүртгэж, өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч З. *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т. ******* *******нараас улсын тэмдэгтийн хураамж 453,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ТУНГАЛАГМАА