Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
Хэргийн индекс | 175/2022/0128/Э |
Дугаар | 140/ШЦТ/2022 |
Огноо | 2022-07-05 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 140/ШЦТ/2022
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч А.Баясгалан,
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг
Шүүгдэгч Г.Сэргэлэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Боржигон овогт Гантөгсийн Сэргэлэнд холбогдох эрүүгийн 2231000520115 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан гэх, ам бул-5, аав, ээж, 2 дүүгийн хамт Сэпэнгэ аймаг Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг 109 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан бүрэн гэх, Боржигон овогт Гантөгсийн Сэргэлэн, /РД:МЮ00261039/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Сэргэлэн нь 2022 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа хамт явсан П.Сэргэлэнгийн согтуу байдлыг далимдуулж түүний эзэмшдэг Хаан банкны виза картыг хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Сэргэлэн мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Сэргэлэн мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Г.Сэргэлэн гэх таньдаг дүүгийн хамтаар “L pub”-д үйлчлүүлж байгаад гараад Коллектив бааранд орсон. Хэдэн цагт орсноо санахгүй байна. Бид хоёр 1 шил архи аваад гарахдаа тооцоогоо хийнэ гэж бодож байгаад авсан архинаасаа 1-2 аяга уучихаад байж байтал зөөгч хүрч ирсэн шиг санагдаж байна. Тэрнээс хойш би юу ч санахгүй байна. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө гэртээ сэрээд эхнэрээсээ миний утас, Хаан банкны карт 2 байна уу гэж асуухад “үгүй, чиний Голомт банкны карт, машины түлхүүр 2 чинь л байна” гэж хэлэхээр нь би банк хаачихсан байхаар нь Хаан банкны лавлах руу залгаад картаа хаалгаад үлдэгдлээ шалгуулахад 1.038.050 төгрөг үлдсэн байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгуулагад хандсан. ...Би Г.Сэргэлэнгээс 900.000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ундрах-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Би Дельфин зочид буудалд ажилладаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө хөл хөдөлгөөн их байсан. Гаднаас манай урд талын цагаан өнгийн нийтийн байранд амьдардаг Э.Билэгт, зүс таних яндан хочит Урнаа, Ундраа гэдэг эмэгтэйчүүд болон хар өнгийн куртиктэй танихгүй залуу гээд 4 хүн орж ирсэн. Өрөө асуухаар нь 45.000 төгрөгийн 12 дугаартай өрөөнд оруулна гээд 45.000 төгрөгийн тооцоог карт уншуулж хийсэн. Тооцоог нь хар куртиктэй залуу 1210 гэсэн нууц дугаартай ногоон өнгийн хаан банкны картаар хийж байсан. Тооцоогоо хийчхээд ерөөсөө багтахгүй юм байна гээд 55.000 төгрөгийн 14 дугаартай 4 ортой өрөөнд орохоор нэмж 10.000 төгрөг мөн картаар уншуулсан. Өрөөнд орохдоо ундаа, чипс, гал, гоймон гэх мэт зүйлсийг 9000 төгрөгөөр нэг удаа, 9500 төгрөгөөр нэг удаа, 35000 төгрөгөөр пирожки гээд их олон юм авсан. Удалгүй тэр хэд өрөөндөө орох гэж байхдаа карт уншуулж байсан хар куртиктэй залуугийн үгэнд ороод 80.000 төгрөгийн 31 тоот вип өрөөнд орохоор болж нэмж 20.900 төгрөгийг картаар уншуулсан. Өглөө үүрээр хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан карт уншуулаад тооцоо хийж байсан. Хар куртиктэй залуу гэртээ хонолоо гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтаншагай мэдүүлэхдээ: “...Үүрийн 04 цагийн орчимд Билэгт, Урнаа, Ундрах болон Билэгтийн найз гэх Сэргэлэн гэдэг хүмүүс гаднаас согтуу орж ирсэн. Орж ирээд манай эхнэрээс өрөө асуугаад ганц нэг юм худалдаж аваад байх шиг байсан. ...Билэгтийн найз гэх залуу нь 1210 кодтой ногоон өнгийн картаар тооцоо болон бусад бараа үйлчилгээний тооцоог хийсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18-19-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Солонго мэдүүлэхдээ: “...Коллектив баар хаах дөхөж байтал манай хүргэн Болдоогийн найз Билэгт /Бээгий/ нэг залуугийн хамт ирээд тэндээс гараад хамт буудалд архи уухаар болсон. Тэгээд би найз Урнаа, Бээгий, Бээгийгийн хамт явсан залуугийн хамт бид 4 Дельфин буудалд орсон. Буудал руу ороход Бээгийтэй хамт явсан хар ногоон малгайтай залуу буудлын тооцоог хийсэн. Мөн буудлаас 2 литрийн том савлагаатай пиво, бэлэн гоймон, ундаа, чипс, чихэр, мөн 1 хайрцаг тамхи авсан. Бүх тооцоог Бээгийтэй хамт явсан залуу хийсэн. ...Буудалд байхдаа Билэгт Самсунг маркийн гар утсаар дуу тавьж байсан. Ямар маркийн гар утас байсныг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Уранчимэг мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 01 цаг өнгөрч байхад Сэргэлэн гэх жижигхэн биетэй залуу, манай найз Солонго, Билэгт гэх залуу бид 4 Дельфин зочид буудалд 31 номерын өрөөнд орж архи уусан. Архи ууж байгаад Сэргэлэн гэх залуу шөнө яваад өгсөн. ...Тухайн үед тооцоонуудыг бүгдийг нь Сэргэлэн гэх залуу карт гаргаж ирээд тооцоогоо хийгээд байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Сэргэлэн сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар сумын 4 дүгээр багт найзынхаа гэрт байж байсан чинь П.Сэргэлэн ах “ах нь Сэлэнгэд ирчихсэн шүү залгаарай” гэх чат үлдээсэн байхаар нь би Сэргэлэн ах руу залгаж уулзсан. ...П.Сэргэлэн ах бид хоёр 21 цагийн орчимд Коллектив бааранд ороод дундаа нэг шил 750 граммын Соёрхол архи аваад хувааж уугаад сууж байтал зүс таних Э.Билэгт гэх залууг Сэргэлэн ах дуудаад цуг сууцгаагаад нэг шил архи ууж дуусаад дахиад П.Сэргэлэн ах нэг шил архи болон нэг хайрцаг тамхи захиад байсан. Тэгээд бид 3 дахиж нэг шил архи ууж дуусаад байж байтал П Сэргэлэн ах “ах нь жаахан муудаад байна ахынхаа утсыг өөртөө аваад байж бай, би хаячхаж магадгүй” гээд надад цагаан өнгийн кэйстэй улаан өнгийн гар утсыг өгсөн. Тэгээд нэлээн сууж байтал П.Сэргэлэн ах согтоод байхаар нь би зөөгч залууд “замаараа ахыг гэрт нь хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэр үед би П.Сэргэлэн ахын банкны картыг өөрт нь мэдэгдэлгүй авчихсан. П.Сэргэлэн ахыг явснаас хойш би баарнаас 1 шил архи түүний картыг уншуулж авсан. Баарнаас гарах гэж байхдаа 2 эмэгтэйтэй танилцаад цааш үргэлжлүүлж уухаар болж Дэлфин буудалд очоод өрөө авч нэмээд аяга, асаагуур, гоймон, пирошки, ундаа зэрэг зүйлс худалдаж аваад буудлын 3 давхарт сууж байгаад өглөө үүрээр 5 цагийн үед нилээн муудаад тухайн буудлаас гарч яваад Хөх чулуут дэлгүүрийн АТМ-ээс П.Сэргэлэн ахын картнаас 600.000 төгрөг бэлнээр аваад найзынхаа гэрт очоод унтсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 56-57 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 5 дугаар тал/,
Хохирогч П.Сэргэлэнгийн Хаан банкны дансны хуулга, /хх-ийн 7 дугаар тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 70-73 дугаар тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 79 дүгээр тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 83 дугаар тал/,
Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, /хх-ийн 84 дүгээр тал/,
Жолоочийн лавлагаа, /хх-ийн 85 дугаар тал/,
Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 87 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Сэргэлэн нь 2022 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллзгаа явуулдаг “Коллектив” нэртэй шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа хамт явсан П.Сэргэлэнгийн согтуу байдлыг далимдуулж түүний эзэмшдэг Хаан банкны виза картыг хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь гомдол мэдээл хүлээн авсан тэмдэглэл / хх-н 5-р хуудас шүүгдэгч Г.Сэргэлэнгийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Сэргэлэнгийн мэдүүлэг, /хх-н 13-р хуудас/, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Сэргэлэнг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Сэргэлэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Г.Сэргэлэн нь 2022 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллзгаа явуулдаг “Коллектив” нэртэй шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа хамт явсан П.Сэргэлэнгийн согтуу байдлыг далимдуулж түүний эзэмшдэг Хаан банкны виза картыг хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Сэргэлэнгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Сэргэлэнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Сэргэлэнг 240 цаг албадан ажил хийлгэх прокурорын дүгнэлтийн хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Сэргэлэнд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, Г.Сэргэлэн нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Сэргэлэн нь хохирогч П.Сэргэлэнд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогч П.Сэргэлэн нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй 900.000 төгрөг хүлээн авсан гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, бичиг баримт байхгүй , шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг болно.
Шүүгдэгч Г.Сэргэлэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Гантөгсийн Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гантөгсийн Сэргэлэнг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Сэргэлэнд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин олгохгүйгээр хийлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Сэргэлэн нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Г.Сэргэлэн нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах , улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ