Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 311

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 9 дүгээр байрны 12 тоотод оршин суух,  Сартуул овогт Зунруйн Гансүх /ЕЙ68051814, утас 99376716/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 9 дүгээр байрны 12 тоотод оршин суух,  Боржигон овогт Тэрбишийн Тунгалагтуул /регистрийн дугаар ЕЙ67090706, утас 94940849/,

Хариуцагч: Ариг банк ХХК-д холбогдох

"үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дулмаа, хариуцагч Т.Тунгалагтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энх-Амгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Гансүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...З.Гансүх, Т.Тунгалагтуул нар нь нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 14/163 дугаартай зээлийн барьцааны гэрээг “Ариг” банкны Дархан салбартай байгуулж, 50000000 төгрөгийн зээл авахдаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 9 дүгээр байрны 12 тоот 3 өрөө байрыг барьцаалсан. Зээлийн болон барьцааны гэрээний хамтран зээлдэгчээр иргэн З.Гансүх нь оролцож, гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Улмаар бизнес нь эрсдэлд орсны улмаас шүүхийн шийдвэр гарч зээлийг З.Гансүх, Т.Тунгалагтуул нар хариуцан төлөхөөр болсон асуудал дээр нэхэмжлэгч талаас ямар нэгэн маргаан байхгүй байгаа.

Харин “Ариг” банк нь зээлдэгч Т.Тунгалагтуул, З.Гансүх нарын хариуцан төлөх ёстой зээлийн төлбөрт тооцож тэдний өмчлөлийн 3 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхдээ тухайн орон сууцны үнийн талаар ямар нэгэн зөвшөөрлийг З.Гансүхээс аваагүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө банкны мэдэлд шилжсэн талаар З.Гансүх нь огт мэдээгүй төдийгүй зээлийн төлбөрийг төлөх талаар гаргасан баталгаа гэж ойлгосон болно.

Гэтэл “Ариг” банкны зүгээс З.Гансүх, Т.Тунгалагтуул нарыг орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд өгсний дараа өмгөөлөгчөөс зөвлөгөө авч тэдний байр “Ариг” банкны өмчлөлд шилжсэн гэдгийг ойлгосон.

Иймд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2120006596 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Ариг банк нь шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дулмаа  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр З.Гансүх, Т.Тунгалагтуул нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулан “Ариг” банкнаас 59,000,995 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны дотор Ариг банкинд шилжүүлэх буюу мөн хугацаанд дээрх мөнгийг  шилжүүлээгүй тохиолдолд орон сууцыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.

Иргэн З.Гансүх, Т.Тунгалагтуул нар нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөгийн бичил хөрөнгө оруулалтын зээлийг 48 сарын хугацаатай зээл барьцааны 14/163 тоот гэрээ байгуулан авсан.

Гэтэл зээлийг зориулалт бусаар зарцуулахын зэрэгцээ зээл авсан дараагийн сараас эхлэн зээлийн гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлээгүй.

Энэ гэрээний гол нөхцөл нь зээлдэгч З.Гансүх, Т.Тунгалагтуул нар нь зээлийг 3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах бөгөөд хэрэв төлж барагдуулвал байрыг буцаад тэдний өмчлөлд шилжүүлэх юм. Ингээд гэрээ байгуулсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл мөнгөө төлөөгүй. Иймд манай өмчлөлийн байрнаас гарахыг шаардаж байна.” гэв.

 

Хариуцагч Т.Тунгалагтуул шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Энэ байр нөхөр З.Гансүх бид хоёрын дундын өмчлөлийн байр. Тухайн үед зээлээ төлж чадахааргүй болсон ба надад ямар боломж байна вэ гэдгийг харж байгаад энэ байрыг банктай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үүнийг би сайн судлаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.”гэв.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч З.Гансүх нь хариуцагч Т.Тунгалагтуул, Ариг банк нарт холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Т.Тунгалагтуул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагч Ариг банк нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Хэрэгт авагдсан баримтаар

З.Гансүх, Т.Тунгалагтуул нар нь Ариг банктай  зээлийн гэрээ болон барьцааны гэрээг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулан 50,000,000 төгрөгийг тоног төхөөрөмж худалдаж авах зориулалтаар жилийн 33,6 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд өөрсдийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол 9 дүгээр байрны 12 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

З.Гансүх, Т.Тунгалагтуул нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Ариг банк нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 58,550,293 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг З.Гансүх, Т.Тунгалагтуул нар нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны 373 дугаартай захирамж, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр  сарын 19-ний өдрийн 2610 дугаартай “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамж гарсан байна.

З.Гансүх, Т.Тунгалагтуул нар нь дээрх шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул Ариг банкны хүсэлтийг хангаж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2928 дугаартай “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэн олгогдсон байна.

Дээрх шүүгчийн 2928 дугаартай захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй, Ариг банк нь шүүгчийн захирамж гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

            Талууд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2120006596 тоот гэрээг байгуулсан бөгөөд гэрээгээр Ариг банк нь З.Гансүх, Т.Тунгалагтуул нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003010190 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол 9 дүгээр байрны 12 тоот 3 өрөө орон сууцыг 59,000,995 төгрөгөөр худалдан авах, З.Гансүх, Т.Тунгалагтуул нар нь уг орон сууцыг Ариг банкны өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

            Гэвч дээрх орон сууц худалдах худалдан авах гэрээ нь бодитоор хийгдээгүй ба Т.Тунгалагтуул, З.Гансүх нар нь дээрх өөрсдийн өмчлөлийн орон сууцыг Ариг банкны нэр дээр түр хугацаагаар шилжүүлж, 3 сарын хугацаанд Ариг банкнаас авсан зээлийн төлбөрөө бүрэн төлсний дараа эргүүлэн байраа авах зорилгоор талууд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан Т.Тунгалагтуулын 2016 оны 05 дугаар 18-ны өдрийн Ариг банкинд гаргасан өргөдөл зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд уг орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу Ариг банк нь Т.Тунгалагтуул, З.Гансүх нарт орон сууцны үнэ 59,000,995 төгрөгийг өгөөгүй, Т.Тунгалагтуул, З.Гансүх нар нь хэдийгээр өмчлөх эрхийн гэрчилгээг Ариг банкны нэр дээр шилжүүлсэн боловч Ариг банкны өмчлөлд орон сууцыг бодитоор шилжүүлээгүй, өдий хүртэл өөрсдөө амьдарч байна.

 

            Иймд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2120006596 тоот гэрээ бодитоор хийгдээгүй байх тул нэхэмжлэгч З.Гансүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Ариг банк, З.Гансүх, Т.Тунгалагтуул нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2120006596 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

 

2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2003010190 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол 9 дүгээр байрны 12 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ариг банк ХХК-нийг бүртгэгдсэнийг хүчингүй болгож, дээрх бүртгэлд өмчлөгчөөр Т.Тунгалагтуул, З.Гансүх нарыг бүртгэж, өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Гансүхээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Тунгалагтуул Ариг банк нараас улсын тэмдэгтийн хураамж 453,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ТУНГАЛАГМАА