| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2022/0129/Э |
| Дугаар | 141/ШЦТ/2022 |
| Огноо | 2022-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 141/ШЦТ/2022
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч Б.Сүрмандах,
Хохирогч Д.Одгэрэл
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг
Шүүгдэгч П.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Боржигон овгийн Пүрэвдоржийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 2231001450123 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 130 тоотод оршин суух,
урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 03 сарын 05-ны өдрийн 35 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар баривчилах ял,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 21-ний өдрийн 76 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 03 жил, 05 сарын хугацаагаар хорих ял,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулийн ял шийтгүүлж байсан, бие эрүүл ухаан бүрэн ,Боржигон овгийн Пүрэвдоржийн Отгонбаатар, /РД:МЭ88010612/;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Отгонбаатар нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ноос 03 -нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2-р хэсэг, 130 тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Б.Одгэрэлийг харанхуй шөнө гадуур явлаа хэмээн уурлаж зуухны дэгээ төмрөөр толгой, гар, хөл хэсэгт нь цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Отгонбаатар мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүүхдүүдтэйгээ гэртээ байж байхад найз Бадмаа нь “цамхаг явах уу” гэсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр зөвшөөрч цамхаг явахаар болж Отгоо гэж найз хүүхнийхээ гэрт очиход тэнд манай найз Шарка, Бадмаа, Бадрах нар байсан ба бид цамхаг явалгүй тэнд 1 шил архи, 5 ширхэг пиво уусан. Дараа нь манайд ирж дахин архи уусан ба би согтоод гэртээ унтсан. Нэг мэдэхэд орой 23 цаг өнгөрчихсөн, эхнэр гаднаас манай найз Элдэвээ гэж залуутай орж ирээд буцаж гарч явах гэхээр нь би явуулахгүй гэхэд эхнэр нилээн согтуу гарч явах гээд надад уурлаж галын төмөр шидэхээр нь би тэр төмрийг нь аваад нуруу хавьд нь цохисон гэж бодсон чинь толгой хавиас нь цус гарсан. Тэгээд эхнэр толгойгоо угаагаад бид унтсан. Гэтэл удалгүй эхнэр цагдаа дуудаж цагдаагийнхан ирсэн байсан. Би байнга архи уудаггүй, хаяаа нэг уухаар бид муудаж, маргаж ийм асуудалд хүрдэг. Миний буруу хойшид архи уухгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Одгэрэл мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 02-ны нөхөр Отгонбаатарын найз Бадмаа, Шарка, Бадрах нартай таарч Отгоо гэж найз хүүхнийхээ гэрт очиж 1 шил архи, 5 ширхэг пиво уусан. Дараа нь манайд ирж дахин архи уусан ба нөхөр согтоод гэртээ унтсан. Тэгээд би гэрээсээ гарч найзындаа жаахан сууж байгаад гэр рүүгээ явах замдаа нөхрийнхөө найз Элдэвээтэй таарч гэртээороход нөхөр унтаад сэрж байсан. Би нилээн согтсон учир дахин гарах гэхэд нөхөр явуулахгүй байсан. Тэгэхээр нь би галын төмөр аваад нөхөр рүүгээ шидэхэд нөхөр тэр төмрөөр намайг эргүүлээд цохисон. Гэтэл миний толгойн тус газраас цус гарсан. Ингээд толгойгоо угааж нөхрийгөө унтуулаад би цагдаа дуудсан. Бид хааяа найзуудтайгаа нийлэхээр архи уудаг. Энэ үедээ согтуу, хоорондоо маргаж ийм асуудал гардаг. Энэ удаагийн асуудал надаас болсон. Би согтуу дахин гарах гээд байсан юм шиг байгаан юм. Нөхөрт маань аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэжээ.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Элдэв-Очир мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн орчимд дэлгүүрийн гадаа Одгэрэлтэй таарсан. Тэгээд дэлгүүр орж нэг пиво авчихаад Одгэрэлтэй хамт гэрт нь ирэх үед Отгонбаатар хашаан дотроо зогсож байсан. Отгонбаатар гэртээ ороод уухгүй яасан юм бэ гээд юм яриад сууж байсан. Би Одгэрэлтэй хамт авч очсон нэг пивоо хувааж уучихаад унтаад өгсөн. Шөнө унтаж байтал Одгэрэл намайг сэрээгээд “энийг хар, Отгонбаатар намайг зодчихлоо” гэж хэлээд толгойгоо харуулсан. Тухайн үед Одгэрэлийн толгойноос цус гарч байсан. Отгонбаатар надад гэр бүлийн хэрүүл хамаагүй шүү, унтаад өглөө яваарай гэж хэлсэн. Би тэр хоёрыг учраа олчих байх гэж бодоод буцаад хэвтсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Бадмаа мэдүүлэхдээ: “...Шөнийн 1 цаг 30 минут хавьцаа манай гэрт найз Одгэрэл хүүхдээ дагуулчихсан гаднаас орж ирсэн. Түүний толгой, нүүр нь цус болчихсон, уйлчихсан “Отгонбаатар намайг зодчихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 41 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 146 дугаартай дүгнэлтэнд: “...Б.Одгэрэлийн толгойд хуйханд няцарсан шарх, бугалга, хөлийн шагайн үенд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 27-28 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2 дугаар тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 5 дугаар тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 44-45 дугаар тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 68 дугаар тал/,
Гэрлэсний бүртгэхгүй гэх лавлагаа, /хх-ийн 69 дүгээр тал/,
Оршин суугаа газрын лавлагаа, /хх-ийн 70 дугаар тал/,
Шүүгдэгчийн Голомт банкны дансны хуулга, /хх-ийн 71-72 дугаар тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 54 дүгээр тал/,
Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 51 дүгээр тал/,
Урьд шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 58-66 дугаар тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч П.Отгонбаатар нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03 -нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2-р хэсэг, 130 тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Б.Одгэрэлийг харанхуй шөнө гадуур явлаа хэмээн уурлаж зуухны дэгээ төмрөөр толгой, гар, хөл хэсэгт нь цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч П.Одгэрэлийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд П.Отгонбаатарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч П.Отгонбаатар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч П.Отгонбаатар нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03 -нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2-р хэсэг, 130 тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Б.Одгэрэлийг харанхуй шөнө гадуур явлаа хэмээн уурлаж зуухны дэгээ төмрөөр цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч П.Отгонбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Отгонбаатарыг зорчих эрхийг 4 сарын хугацаагаар хязгаарлах ялаар шийтгэх, уг ялыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг нь хязгаарлах нь зүйтэй гэж үзэв
Шүүгдэгч П.Отгонбаатарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Отгонбаатар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч П.Отгонбаатар нь хохирогч Д.Одгэрэлын эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогч Д.Одгэрэл нь эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч П.Отгонбаатарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн галын дэгээ төмрийг шийтгэх трогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг “Шүүхийн эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримт байхгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүгдэгч П.Отгонбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Пүрэвдоржийн Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Пүрэвдоржийн Отгонбаатарыг 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Пүрэвдоржийн Отгонбаатарыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар П.Отгонбаатарыг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дэгээ төмрийг устгахыг “Шүүхийн эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
6.Шүүгдэгч П.Отгонбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ