Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 142/ШЦТ/2022

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Улсын яллагч                       А.Баясгалан,

 Шүүгдэгч өмгөөлөгч             Г.Энхцэцэг

 Нарийн бичгийн дарга         Б.Болорчимэг

 Шүүгдэгч Х.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Шарнууд овогт Х******* Б*******д холбогдох эрүүгийн 2231001250131 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, зээгийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, Салхит, 3 дугаар хэсэг, 24 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Х******* Б*******, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 129 тоот хашааны гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Л.Энхээгийн толгой, гар, нуруу тус газар нь модон иштэй гапуугаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б******* мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би хашаа гудамжнийхаа хогийг цэвэрлэж байгаад  Энхээг хашаандаа явж байхаар нь “гараад ирээ, хогийг чинь хамт цэвэрлэе” гэж хэлсэн. Гэтэл Э*******хашаан дотроо надад юм хэлээд байх шиг байсан. Хашаанаас гарч ирэхдээ их ууртай гарч ирээд намайг заамдаж авахаар би хог цэвэрлэж байсан модон гаапуугаар Энхээг цохисон. Миний буруу, гэм буруугаа хүлээж байна...” гэжээ.          

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх  талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Энхээ мэдүүлэхдээ:...Хашаан дотроо тахиагаа хооллоод явж байхад хашааны зүүн талаас “Хөөе Э*******писда минь гарч ирээд хогоо цэвэрлээч” гэж хашгирсан. Харсан чинь манай зүүн талын гудамжинд байдаг Баяраа гэх залуу гудамжинд гараад зогсчихсон гарч ир лдээ, хашаанаасаа гараад ир гээд байсан. Тэгэхээр нь би гараад очтол Баяраа над руу “муу хөгшин писда минь” гээд цамцны хоолойноос гараараа атгаад заамдаад авсан. Тэгэхээр нь би Баярааг бас гараараа цамцнаас нь бариад газарт татаж унагаасан. Би Баярааг цохино гэж бодоогүй байж байтал Баяраа босч ирээд муу хөгшин төгцөг, чамайг ална даа гэж гүйгээд хашааныхаа гаднаас модон иштэй хогийн тармуурны модон ишээр толгойн зүүн чамархай руу 1 удаа цохихоор нь гараараа хаатал гар руу хэд хэд цохиод нуруу руу нилээн хэд цохисон. Тэгтэл уг модны иш нь хугарсан. Тэгтэл зам дээр машинтай хүн гарч ирээд “хөөе чи хүн аллаа” гэж хэлээд Баярааг болиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.М******* мэдүүлэхдээ: ...Би хэсэг хугацааны дараа гэрээс гарахад манай нөхөр Л.Энхээг манай хөрш Баяраа модоор цохиж байсан. Тэгэхэд СЭҮ улсын дугаартай саарал машинтай эмэгтэй, эрэгтэй 2 хүн ирж Баярааг болиулсан. Тэгэхэд манай нөхөр Э*******бөгтийчихсөн ёолж байсан. Би нөхөр Энхээг хөтлөөд гэртээ оруулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Х******* мэдүүлэхдээ: ...Харих гээд явж байтал гудамжинд 2 өвгөн муудалцаж байсан. Намхан настай эрэгтэй нь тармуураар халзан толгойтой эрэгтэйгийн толгой руу цохисон. Дахиад цохих гэж байхад би машинаасаа буугаад тармуур байрьсан өвгөн дээр очоод хүн аллаа шүү дээ гэж хэлээд салгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Эрдэнэцэцэг мэдүүлэхдээ: ...Б*******г би хүүхдэ байхаас нь мэднэ. Төлөв даруу, хүнд тусархаг, зөв сэтгэлтэй, орчин тойрноо их цэвэрлэдэг, хөдөлмөрч, гэрийн хашаа болон хашааны гадна талын талбайгаа байнга цэвэрлэдэг. Хөрш айлууддаа байнга эрүүл шаардлага тавьдаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 100 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 366 дугаартай дүгнэлтэнд: “...Л.Энхээгийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 41-43 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 3 дугаар тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 8-10 дугаар тал/,

Яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 44-45 дугаар тал/,

Хохирогчийн толгой, цээж, сарвууны ринтген зураг, /хх-ийн 46-49 дүгээр тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 88-89 дүгээр тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 92-93 дугаар  тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 46 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 69 дүгээр тал/,

******* сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 104 дүгээр тал/,

Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 105 дугаар тал/,

Шүүгдэгчийн Хаан банкны дансны хуулга, /хх-ийн 106 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Х.Б******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 129 тоот хашааны гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Л.Энхээгийн толгой, гар, нуруу тус газар нь модон иштэй гапуугаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч Л.Энхээгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт  зэрэг  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан   баримтуудаар  нотлогдон тогтоогдож  байна.

Иймд шүүгдэгч Х.Б*******ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Х.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Х.Б******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 129 тоот хашааны гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Л.Энхээгийн толгой, гар, нуруу тус газар нь модон иштэй гапуугаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Х.Б*******ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул  хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Б*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна

Иймд шүүгдэгч Х.Б*******ы нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй болсон, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж улсын яллагч, өмгөөлөгч нарын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Х.Б******* нь хохирогч Л.Энхээгийн  эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хохирогч Л.Э*******нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд 150.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Х.Б******* нь нэхэмжилсэн 150.000 төгрөгийг төлж барагдуулсан баримтыг шүүхэд ирүүлжээ. Иймд шүүгдэгч  Х.Б*******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримт байхгүй, цагдан хоригдсон  хоноггүй байна.

Шүүгдэгч Х.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Шарнууд овогт Х******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х******* Б*******ыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Б*******ыг 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Х.Б******* нь хохирогч Л.Энхээд эмчилгээний зардалд      150.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

5.Шүүгдэгч Х.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                          ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ