Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 360

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо Өнөр хороолол 9 дүгээр байрны 269 тоот “Эм Эс энд Эм Ди” ХХК /утас 96712139, 91107788/-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум “Дулаан шарын гол ТӨХК /утас 99092627/-д холбогдох 

 

“6,900,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэргэлэнбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энх-Амгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэргэлэнбаатар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Манай компани “Дулаан шарын гол” ТӨХК-тай 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг” хөлсөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнэ 9,900,000 төгрөг, үүнээс урьдчилгаа төлбөрт 3,000,000 төгрөгийг 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн дансаар хүлээн авсан. Ингээд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж гүйцэтгэн Байгаль орчин, аялал жуучлалын яамны үнэлгээний хурлаар батлуулж, “Дулаан шарын гол” ТӨХК-ний гүйцэтгэх захирал /тухайн үед байсан/ С.Чинбатад 2013 оны 12 дугаар сарын 12-нд хүлээлгэн өгсөн. Ингээд би 2014 оны 01 дүгээр сарын 06-наас 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл гэмт хэргийн улмаас хорих 421 дүгээр ангид ял эдлээд гарч ирэхэд гэрээний үлдэгдэл төлбөр 6,900,000 төгрөг огт төлөгдөөгүй болохыг мэдсэн. 2016 оны 09 дүгээр сараас хойш үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн боловч удахгүй өгнө гэж худал хэлсээр өнөөдрийг хүрлээ.

Гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 6,900,000 төгрөгийг “Дулаан шарын гол” ТӨХК-иас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасан тогтоосон хугацааны турш биелүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн шаардлагын дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан байна. Тухайн үед “Дулаан шарын гол” ТӨХК-ийн захирал Чинбат нь 2013 онд хоёр талын гэрээг цуцлаж байгаа болно гэрээний үүргийн дагуу 6,000,000 төгрөг шилжүүлсэн тухай албан ёсоор мэдэгдэхэд тус компани нь эргэн хариу мэдэгдээгүй байх тул хоёр компаний хооронд үүргийн гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болж, ямар нэгэн үр дагавар үүсээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн этгээд буюу хувь хүн эсэх нь тодорхойгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэргэлэнбаатар би авах ёстой хүн гэж урьд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ удаа дараа хэлж бичиж байсан 6,000,000 төгрөг шилжүүлэгээр болон бэлнээр өгсөн гэж хариуцагч байгууллага мэдэгдсээр байхад 9,900,000 төгрөг байнга нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, М.Сэргэлэнбаатар нь би ял эдэлж байсан тул нэхэмжлэл гаргаж чадаагүй хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх шалтгаантай гэж хэтрүүлсэн гэж байгаа боловч ял эдэлсэн асуудал хүндэтгэх шалтгаанд орохгүй бөгөөд компанид нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байхад тухайн үедээ шүүхэд нэхэмжлэл гараагүй,компаниас хөлс нэхэмжлээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эм Эс энд Эм Ди ХХК нь хариуцагч Дулаан шарын гол ТӨХК-нд холбогдуулан 6,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал шүүхэд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Хэрэгт авагдсан баримтаар

Талуудын хооронд 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2011/15 тоот Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр захиалагч Дулаан шарын гол ТӨХК нь “компаний байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”-г Эм Эс энд Эм Ди ХХК-иар хийлгүүлэх, ажлын хөлс нийт 9,900,000 төгрөг байхаар тохиролцож,  2011 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор урьдчилгаа хөлс 3,000,000 төгрөгийг, ажил гүйцэтгэж дууссаны дараа 35% буюу 3,465,000 төгрөгийг, батлуулсны дараа үлдсэн 34,7% буюу 3,435,000 төгрөгийг гүйцэтгэгч Эм Эс энд Эм Ди ХХК-нд өгөхөөр тохиролцсон байна.  

Талууд дээрх гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж тодорхойлсон боловч дээрх гэрээний агуулгаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зохигч талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргадаггүй болно.

Нэхэмжлэгч Эм Эс энд Эм Ди ХХК нь дээрх ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ биелүүлж, ажлын үр дүнг Дулаан шарын гол ТӨХК-нд хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Дулаан шарын гол ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт болон талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Эм Эс эн Эм Ди ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ “...ажлын хөлс 9,900,000 төгрөгөөс урьдчилгаа 3,000,000 төгрөгийг авсан. Үлдэх 6,900,000 төгрөгийг аваагүй...” гэсэн тайлбарыг гаргаж байгаа ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ажлын хөлсөнд урьдчилгаа 3,000,000 төгрөг, Эм Эс энд Эм Ди ХХК-ний төлөөлж ирсэн Ж.Баярмагнай гэх хүнд 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэж тайлбарлаж маргасан.

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Эм Эс энд Эм Ди ХХК-г 2008 оны 02 дугаар сарын 21-ны өдөр улсын бүртгэлийн 9011126134 дугаарт бүртгэж,  000039353 тоот гэрчилгээг олгосон бөгөөд уг компанийг үүсгэн байгуулснаас хойш 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд компанийг бүрэн төлөөлөх эрхтэй этгээд нь М.Сэргэлэнбаатар байсан ба Дулаан шарын гол ТӨХК-тай байгуулсан 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2011/15 тоот гэрээг Эм Эс энд Эм Ди ХХК-г төлөөлөн М.Сэргэлэнбаатар байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Тухайн үед тус компаний захиралаар ажиллаж байсан М.Сэргэлэнбаатар нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, 421 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “хөөн хэлэлцэх хугацаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна”,  78 дугаар зүйлийн 78.1.3-т “хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно”, 78.3-т “Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно...”  гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Эм Эс энд Эм Ди ХХК-нийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь ял эдэлсэн 2014 оны 01 дүгээр сарын 06-наас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаа нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан үндэслэлд хамаарна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Эм Эс энд Эм Ди ХХК нь гэрээнд ажлын үр дүнг хариуцагч Дулаан шарын гол ТӨХК-нд 2013 оны 12 дугаар 12-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш  нэхэмжлэгч компаний эрх бүхий албан тушаалтан нь ял шийтгэл эдэлж эхэлсэн өдөр буюу 2014 оны 01 дүгээр сары 06-ны өдөр хүртэл  25 хоног , компаний эрх бүхий албан тушаалтан суллагдсан өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс нэхэмжлэгч Эм Эс энд Эм Ди ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 жил 6 сар 20 хоног, нийт 1 жил 7 сар 15 хоногийн гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрчээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул нэхэмжлэгч Эм Эс энд Эм Ди ХХК нь дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

 

Хавтас хэрэгт “...байгууллагын нэр MSMD ХХК, Ж.Баярмагнайд байгаль орчны нарийвчилсан үнэлгээний гэрээний дагуу 3,000,000 төгрөг бэлнээр олгосон тухай”  2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримт, Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэрэг баримт авагдсан боловч хариуцагч талаас дээрх 3,000,000 төгрөгийг авсан Ж.Баярмагнай нь  Эм Эс энд Эм Ди ХХК-ны төлөөлж ажлын хөлсийг авах эрхтэй этгээд байсан эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Ж.Баярмагнайд өгсөн гэх 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Эм Эс энд Эм Ди ХХК нь ажлын хөлсөндөө авсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Дулаан шарын гол ТӨХК-иас 6,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эм Эс энд Эм Ди ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дулаан шарын гол ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамж 125,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эм Эс энд Эм Ди ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        З.ТУНГАЛАГМАА