Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Андбаатарт холбогдох эрүүгийн 201501070268 дугаартай хэргийг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                            Л.Отгончимэг

Улсын яллагч                                          Ж.Бүрэнжаргал

Шүүгдэгч                                                  Г.Андбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                           О.Цэрэнпунцаг

Хохирогчийн хууль ёсны төлөөдөгч         Ж.Жавзанпагма

Шинжээч                                           Д.Цэнгүүнжав, Н.Шинэбаатар нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Биг автомолл партс” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 17 тоот хашаад оршин суух /иргэний үнэмлэхний хаяг: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг, Баянцагаан/ ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Ганболдын Андбаатар /РД:ЛД93060916/

           Шүүгдэгч Г.Андбаатар нь 2015 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хэрлэн гүүрнээс ертөнцийн зүгээр баруун тийш 1200 метр зайд байрлах асфальтан замд Toeota Carina маркийн 01-93 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас С.Тайваны жолоодож явсан Northbenz маркийн 35-21 УНУ улсын дугаартай  тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гарган, уг ослын улмаас 14 хоногтой нярайн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Г.Андбаатарын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн  “...2015 оны 07 дугаар сарын 19-ний оройн 19 цаг өнгөрч байхад би Сүхбаатар аймгийн Мөнххаан сум орохоор Toeota Carina маркийн 01-93 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод эхнэр Жавзанпагма, хадам ээж Нэргүй, дүү Дашням, найз Алтансүх, Дөлгөөнтамир, Аззаяа, охин Бадамцэцэг нарын хамт Улаанбаатар хотоос гарсан. Багануур дүүрэгт ирээд машиныхаа дугуйг дугуй засварын газраар янзлуулчихаад Хэрлэн гүүрний баруун талд 1200 метр зайд явж байхад хажуугаар хурц гэрэлтэй машин зөрж өнгөрсөн, тэгтэл урд маань том чиргүүлтэй машин тулж, тоормозоо гишгэсэн боловч доогуур нь ороод явчихсан. Би тухайн үед 80-90 км цагийн хурдтай явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Жавзанпагмын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмтлийн эмнэлгийн хүүхдийн тасгийн эмч нар манай нярай хүүхдийн зулайн хэсэг цууралттай, толгойндоо цус харвалттай байна гэж оношилсон. ...Тэгээд зургийг нь авахуулаад 10 хоног эмчилгээ хийлгэсэн, нярай хүүхэд учраас бие нь хурдан тэнхэрсэн. Одоогийн байдлаар хүүхдэд ямар нэг зовиур, өсөлтийн талаар гэмтэл байхгүй. Хүүхэд сайн байгаа, одоо гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 184 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Шинжээч Д.Цэнгүүнжавыг байцаасан тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Цагдаагийн ахмад Б.Баатархүү, Ш.Ариун-Эрдэнэ, Б.Батзориг нарын 2015 оны 09 сарын 30-ны өдөр гаргасан дүгнэлтээр С.Тайван, Г.Андбаатар нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн байсныг үндэслэлтэй гэж 2 дахь хариултаар хариулсан. С.Тайван ачаа тээвэрлэх журам зөрчсөн, гэхдээ энэ нь осол гарахад нөлөөлөхгүй, харин Г.Андбаатар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасныг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн учраас тухайн дүгнэлтийг Г.Андбаатарын буруутай үйлдлээс болж гарсан гэж үзэж дүгнэлтийг гаргасан. ...Тухайн тээврийн хэрэгслийн юм мөргөхгүйгээр зогссон байх үеийн тоормозны хурдыг тогтоох боломжтой гэтэл урдах машинаа мөргөөд зогссон байсан тул хурдыг тогтоох боломжгүй. ...Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс болон тухайн тээврийн хэрэгслийн эвдрэлээс харахад Г.Андбаатарын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь 80-90 километр цагийн хурдтай, хурд хэтрүүлж байсан нь харагддаг. Тиймээс шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасныг зөрчсөний улмаас энэ хэрэг гарсан гэж дүгнэсэн. Харин ачааны машины жолоочид Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт заасан овор ихтэй ачааг зохих журмын дагуу тээвэрлээгүй гэх үндэслэлээр захиргааны хариуцлага хүлээлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 196-197 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Шинжээч Н.Шинэбаатарыг байцаасан тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан 3 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр Г.Андбаатар, С.Тайван нар нь хоёулаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж байсныг үндэслэлтэй гэж 2 дахь хариултаар хариулсан. Учир нь Г.Андбаатар МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн, С.Тайван нь Замын хөдөлгөөний дүрмийн 22.6-д заасныг зөрчсөн байсан юм. Гэхдээ шинжээч томилсон тогтоолын 3 дахь асуултад С.Тайван, Г.Андбаатар нарын хэнийх нь буруутай үйлдлээс болж осол гарах болсон эсэхийг тодорхой тусгах гэсэн байсныг задалж 5 дахь хариултаар Г.Андбаатарын буруутай үйлдлээс болж осол гарсан гэж тусгасан. Учир нь С.Тайвангийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байдал нь осол гарахад нөлөөлөөгүй, овор ихтэй ачааг хажуу тийш нь эсрэг урсгал руу гаргаагүй, зөвхөн арагш илүү гаргаж ачсан байдал нь осол гарахад ноцтой нөлөөлөхгүй гэж үзэж дүгнэлт гаргасан юм. Г.Андбаатарыг хэдэн км цагийн хурдтай явж байсныг хавтаст хэргийн материалыг үндэслэж тогтоох боломжгүй, учир нь хэргийн газрын үзлэг учир дутагдалтай хийгдсэн, тоормозны мөрийг авахдаа метр тавьж аваагүй, баруун талын дугуйны мөрийг гүйцэд тусгаагүй мөр тасалдаж гарсан байсан. ...Хэргийн газрын үзлэгээр ачааны машиныг явж байсан, зогсож байсан эсэхийг тогтоосон үзлэг байдаггүй. Хэрвээ ачааны машин зогсож байсан бол араас нь мөргөхөд урд дугуйнууд урагшаа түрэгдэж гүйх ёстой байсан. Тиймээс хэргийн газрын үзлэгийн материалаас харахад ачааны машин явж байсан нь харагддаг…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 198 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч Н.Нэмэхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...35-21 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь одоо миний эзэмшилд байгаа. Би машинаа худалдан аваад Тайван гэдэг хүнийг ажилчинаар авч ажиллуулж байтал 2015 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Багануур дүүргийн Хэрлэн гүүрнээс арай наана араас нь машин мөргөж ороод зам тээврийн осол болсон байсан. Тухай ослоос болж 35-21 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар талын чиргүүлийн зөв талын арын гэрэл хамгаалалт төмөр нь гэмтсэн. Энэ гэмтлийг Тайван надад засч янзалж өгсөн. 100000 төгрөгийн зардал гарсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 213-214 дүгээр хуудас/,

Гэрч Э.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос Toeota Carina маркийн 01-93 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр найз Андбаатар түүний эхнэр Жавзанпагма нярай хүүхэдтэйгээ, би, Дашка, Жавзанпагмын ээж, Аззаяа, Дөлгөөн бид нар Сухбаатар аймгийн Мөнххаан сум орохоор гарцгаасан. Тэгээд Багануур руу орж ирж байхад дугуйны хий гараад байх шиг болохоор нь дугуй засварын газраар дугуйгаа янзлуулчихаад Багануураас хөдлөхөд би явдал дундаа ядраад жоохон унтчихсан байсан, гэнэт тоормоз дарахаар нь сэртэл машин нэг хар юмны араас яваад орчихсон. Унтаж явсан болохоор тоормоз дарангуут сэрсэн. Зам дээр ямар ч гэрэл гэгээ харагдаагүй, би машин гэдгийг ч мэдээгүй. ...Би тухайн тээврийн хэрэгслийн хойно буюу жолоочийн харалдаа хойд талд захад сууж явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42, 43 дугаар хуудас/,

Гэрч Т.Дашнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Багануураас гарахад би унтчихсан юм. Тухайн үед би жолоочийн хойно эсрэг талд хамгийн зүүн захад нь ганцаараа, баруун гар талд эмээ Нэргүй Дөлгөөнтамиртай, хажууд нь Аззаяа ганцаараа сууж байсан. Цаана нь Алтансүх ах сууж явсан. Урд талд нь Андбаатар ах жолоогоо бариад хажууд нь эхнэр нь нярайтайгаа сууж явсан. Тэгээд унтаж явтал гэнэт машин хүчтэй доргиод би сэрсэн. Машин зогссон байхаар нь гарсан чинь урд талд нэг улаан өнгийн том ачааны машин зогсож байсан. Тэгэхээр нь би урд талын машины жолоочид “машинаа асаагаад хөдөл, хүмүүс гацсан байна” гэхэд нөгөө жолооч хөдөлсөн чинь манай машиныг чирээд явсан. ...Тухайн үед зам халтиргаатай байсныг мэдэхгүй байна. Тэгэхдээ бороо орсон байсан. Үзэгдэх орчин болон хэдэн км цагийн хурдтай явсныг унтаж байгаад сэрсэн болохоор сайн мэдэхгүй байна. ...Ойр хавьд ослын зогсолтын тэмдэг байгаагүй, цагдаа нар ирээд зүү гэсний дараа жолооч зүүсэн. Намайг анх гарахад жолооч нь зүүн талаасаа гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Гэрч С.Тайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн үед Багануур дүүргээс би өөрийн эзэмшлийн 35-21 УНУ улсын дугаартай  Northbenz маркийн цагаан өнгийн ачааны шланз машинтай төмөр замын рейс төмөр ачаад туслах Дашзэвэгийн хамт Дорнод аймаг руу хөдөлсөн. Тэгээд Хэрлэн гүүрний пост руу уруудаад постоос 1 км орчим зайд явж байхад өөдөөс гэнэт машины гэрэл гялбахаар нь би хурдаа хасаад араагаа хүндрүүлтэл ар талаас машин мөргөсөн. Тэгэхээр нь Дашзэвэг бид хоёр машинаас буугаад машины ард талд гартал чиргүүл доогуур саарал өнгийн жижиг тэрэг машины араас орсон байсан. Тухайн үед үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би хурдаа хасаад 20-30 миллийн хурдтай явж байсан. Тэрнээс өмнө 40 миллийн хурдтай явж байсан. Зам халтиргаагүй хуурай байсан. Миний машины жолоочийн хаалга зүүн талдаа буюу зөв талдаа жолооны хүрдтэй машин юм. Миний ачиж явсан төмөр замын рейс төмрүүд 25 метрийн урттай, машины маань тэвш 21 метрийн урттай, би төмрөө ачихдаа ачаанаасаа урагш 1 метр, арагш 3 метр илүү гаргасан байсан. Миний арын дохионы гэрэл болон тоормозны гэрлүүд бүгд ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар худас/,

Гэрч Ж.Дашзэвэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дорнодоос Багануур дүүрэгт төмөр замын рейс төмөр ачих гэж ирсэн. Тэгээд Багануурт хоночихоод маргааш өглөө нь машиндаа юм хийж байгаад төмөр замын рейс төмрөө ачаад шөнийн 23 цагийн үед Дорнод аймаг руу хөдөлсөн. Замаараа Нарны зам цайны газарт хоол идээд цаашаа хөдөлж жоохон явахад би унтсан байсан, нэг мэдсэн чинь жолооч намайг татаж сэрээгээд “араас машин орчихлоо” гэж хэлэхээр нь гартал ардаас жижиг саарал өнгийн машин орсон байсан. Тэгээд машинаас эхлээд нэг бүдүүн шар залуу гараад ирсэн. Тэгээд аваарь гарсан талаар би засварын газрын залуучууд руугаа утасдсан. ...Муруй эргэлттэй замын уруу хэсэг байсан. Замын гадаргуу халтиргаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

Гэрч П.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед Тайван гээд урд тэрэгний жолооч нь шоконд орчихсон юм шиг ярьж чадахгүй гүйгээд байснаа “би гялбаанд ороод хурдаа хассан, их хурц гэрэлтэй машин байсан гээд байсан, Андбаатар гээд хойд тэрэгний жолооч нь “миний машиныг салгаад өгчих, би зүгээр, өөрийнхөө лайг өөрөө үүрье, гэрлийн гялбаанд орчихлоо” гээд байсан. Настай хүн нь “ямар хүүхдүүд байна вэ, юу болчихов оо, яачихав аа” гээд байсан. Арын тэргэнд сууж байсан хоёр залуу Багануураас гараад унтчихсан байна, нэг мэдсэн түс тас гээд явчихсан, юу болсныг мэдээгүй, бид нар унтаж байсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

Гэрч Н.Нэмэхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Шланзны жолооч урдаас хурц гэрэл орж ирэхээр нь гялбаанд хурдаа сааруулаад араагаа хүндрүүлээд явах гэтэл араас машин мөргөсөн гэж ярьж байсан. Өөр нэг их юм яриагүй. Саарал өнгийн тээврийн хэрэгслийн жолооч “эмнэлэг явахгүй, миний буруу, миний машиныг салгаад өгчих, аймар хурц цагаан гэрэлтэй машинд гэрэлд цохиулаад гялбатал урд машин гараад ирсэн, тэгээд л араас нь орлоо, өөрийн лайгаа өөрөө үүрье” гээд машинд суулгах гэсэн чинь суухгүй гээд бид нар бараг хүчээр суулгасан. Саарал машинд сууж явсан хүмүүс бараг бүгдээрээ унтаж явсан гэж ярьцгааж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Гэрч С.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тухайн 01-93 УНЯ улсын дугаартай саарал өнгийн Toeota Carina маркийн автомашиныг би Андбаатарт 2014 оны 9 сард 5.500.000 төгрөгөөр зарж байсан. ...Одоо тухайн тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэгдээгүй байгаа болохоос Андбаатарын эзэмшлийнх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхтайваны “Нярайн биед зулайн орой хэсгийн суман заадсаар зөрүүтэй хугарал, суман заадсаас дагзны яс руу үргэлжилсэн шугаман хугарал, 2 тал бөмбөлгүүдийн зулайн ар хэсгийн таславч хооронд болон тенториумын субарахнойдаль зайнуудад цус харвалт, хуйханд зулгаралт, цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн 10793, 251 тоот дүгнэлт /1 дүгээр хх-ийн 60, 2 дугаар хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Шинжээч Г.Цэндсүрэнгийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “...01-93 УНЯ дугаартай улсын дугаартай Toeota karina маркийн автомашины капот зурагдаж, хонхойж, урагдаж, будаг халцарч ховхорсон, урд салхины шил, баруун талын хаалганы шилнүүд хагарсан, хүрээ дээрээс доош чиглэлд шахагдаж хэлбэр дүрсээ алдсан, урд хоёр их гэрлийн бэхэлгээ чихнүүд хугарсан, зүүн урд дохио сугарсан, агаарын оруулах хоолой хугарсан, аккумляторын батарей хагарсан, дээвэр урдаас хойш чиглэлд шахагдаж нугарч хууларсан, бүхээг доторх самбар, хянах самбар хагарч, хугарч салсан, хөгжим, дулаацуулгын гэрний дээд хэсэг хагарсан, урд арын бамбай хагарч, цуурч салж унасан, зүүн урд хаалга гажсан зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна. Дээрх гэмтлүүд нь нэг удаагийн урагш, хойш хоёр үйлдлээр хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед үүсгэгдсэн байна…” 3558 тоот дүгнэлт /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

Шинжээч, цагдаагийн хошууч М.Мягмарсүрэнгийн “35-21 УНУ улсын дугаартай Nordbenz маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Тайван нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар бүлгийн 22.6 дахь заалт “тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0.4 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт овор ихтэй ачаа таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. Мөн зам тээврийн ослын хэргийн материалтай танилцахад Nordbenz 35-21 УНУ улсын дугаартай автомашин зорчих хэсэг дээр зогсож байсан нь тогтоогдохгүй байна.

Toeota karina маркийн 01-93 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Андбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.1-ийн а/ дахь заалт “замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүйгээс бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрэл асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол хэрэг гарсан байх үндэслэлтэй гэж үзэж байна…” гэсэн 03 тоот дүгнэлт /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын Цагдаагийн газрын шинжээч Б.Баатархүү, Ш.Ариун-Эрдэнэ, Б.Батзориг нарын 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “35-21 УНУ улсын дугаартай Nordbenz маркийн тээврийн хэрэгсэл нь зорчих хэсэг дээр зогсож байсан нь тогтоогдохгүй байна. Жолооч С.Тайван Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар бүлгийн 22.6 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. 01-93 УНЯ улсын дугаартай Toeota karina маркийн тээврийн хэрэгслийн жолооч Андбаатар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. 4 дэх асуулт 2,3 дахь хариултаар хариулагдсан болно. 35-21 УНУ улсын дугаартай Nordbenz маркийн тээврийн хэрэгсэл тухайн үед явж байсан зогсож байсан эсэхийг тогтоох боломжгүй...” гэсэн 588 тоот дүгнэлт /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээч Д.Цэнгүүнжав, В.Балжинням, Н.Шинэбаатар, Н.Ганбаатар, Б.Ариунболд нарын 2015 оны 11 дүгээр 19-ний өдрийн “Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч М.Мягмарсүрэнгийн гаргасан 03 тоот дүгнэлтэд 35-21 УНУ улсын дугаартай Nordbenz маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Тайван нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар бүлгийн 22.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэнийг үндэслэлтэй гэж үзэж байна.

01-93 улсын дугаартай Toeota karina маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Андбаатарын МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 а/, 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээч Б.Баатархүү, Ш.Ариун-Эрдэнэ, Б.Батзориг нарын 588 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна. Nordbenz маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Тайван нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 22.6 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 01-93 УНЯ улсын дугаартай Toeota karina маркийн тээврий хэрэгслийн жолооч Г.Андбаатар нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Г.Андбаатарын буруутай үйлдлээс осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэж байна…” гэсэн 713 тоот дүгнэлт /хх-ийн 180-181 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “...Цагаан өнгийн кабинтай, 35-21 УНУ улсын дугаартай Nordbenz маркийн тээврийн хэрэгсэл байх ба тус тээврийн хэрэгслийн ард бөгсний гэрэл болон тухайн тээврийн хэрэгслүүдийн гэрлэн дохионы бүрэн бүтэн байдлыг шалгахад арын бөгсний жолоочийн талын буюу зүүн талын гэрлэн дохио нь дотогшоо хумигдаж орсон байдалтай цагаан, улаан, шар гэрлэн дохионууд асч байсныг шинжээч Цэнхэр-Ононгоор дижитал маркийн аппаратаар гэрэл зургийг бэхжүүлж авлаа. Мөн тус тээврийн хэрэгслийн зүүн талын ард талын бөгсний гэрлийг асааж үзэхэд мөн гэрлэн дохио нь бүрэн бүтэн асаж байсныг гэрэл зургийн аппаратаар бэхжүүлж авсан...” тэмдэглэл /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

01-93 УНЯ улсын дугаартай Toeota karina маркийн автомашины хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 177 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “...Г.Андбаатарыг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 112 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Г.Андбаатар нь 2015 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хэрлэн гүүрнээс ертөнцийн зүгээр баруун тийш 1200 метр зайд байрлах асфальтан замд Toeota Carina маркийн 01-93 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас С.Тайваны жолоодож явсан Northbenz маркийн 35-21 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гарган, уг ослын улмаас нярай А.Бадамцэцэгийн биед зулайн оройн суман заадсын зөрүүтэй хугарал, заадасны бага зэргийн салалт, суман заадсаас доош дагзны яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тал бөмбөлгүүдийн таславч болон тенториумын цус харвалт, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун атгаал ясны далд зөрүүтэй хугарал бүхий гэмтэл учруулсан нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

          Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан байцаалт нь хууль зөрчөөгүй, мэдүүлгийн орон зай, цаг хугацаа, үйл баримтын талаар мэдүүлсэн тэдний мэдүүлэг нь гэрчүүдийн болон хохирогчийн мэдүүлгээр батлагдсан, гэрч, хохирогч нараас мэдүүлэг гаргуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасныг хангасан, мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн 10793, 251, 3558 тоот дүгнэлт, техникийн шинжээч нарын 03, 588, 713 тоот дүгнэлтүүдийн үндэслэл ойлгомжтой, дээрх баримтууд нь хэргийн үйлдлийг хангалттай нотолж байна.

Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Андбаатарыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас нярай А.Бадамцэцэгийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт баримтаар нярай А.Бадамцэцэгийн хохирол, төлбөрийн зардалд 2.683.250 төгрөг гарсан боловч бүх зардлыг шүүгдэгч Г.Андбаатар хариуцан гаргасан болох нь шүүгдэгчийн “…хохирлыг би хариуцан арилгасан, би өөрөө давхар хохирсон…” гэсэн мэдүүлэг болон нярай А.Бадамцэцэгийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, одоо хүүхдийн бие сайн, эдгэрсэн…” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Андбаатар иргэний нэхэмжлэгч Н.Нэмэхбаярыг хохиролгүй болгосон болох нь түүний өгсөн: “...100000 төгрөгийн зардал гарсныг төлсөн. Мөн надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр нэхэмжлэх зүйлгүй нь батлагджээ.

Шүүгдэгч Г.Андбаатарын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хохирол төлбөргүй, үйлдсэн хэргээ чин санаанаасаа ойлгон гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэн хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Г.Андбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

Шүүгдэгч Г.Андбаатарын 925011 тоот жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт тус тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлэх нь зүйтэй.

Хавтаст хэрэгт хураагдан ирсэн ТА№0524978 дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, №00631990 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Андбаатарт буцааж олгох нь зүйтэй.

            Шүүгдэгч Г.Андбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,

 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын Андбаатарыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Боржигон овгийн Ганболдын Андбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан /6/ сарын хугацаагаар хасч, нэг /1/ жил нэг /1/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Андбаатарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Г.Андбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Андбаатарт оногдуулсан нэг /1/ жил нэг /1/ сарын  хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг нэг /1/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  6. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Г.Андбаатарт оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзахаар тогтоосон тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  7. Г.Андбаатарын 925011 тоот жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт тус тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлсүгэй.
  8. Хэрэгт хураагдан ирсэн ТА№0524978 дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, №00631990 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Андбаатарт буцааж олгосугай.
  9. Г.Андбаатарт холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг дурдсугай. 
  10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Андбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Андбаатарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.БЯМБАЖАВ