| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 105/2019/0073/Э |
| Дугаар | 253 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 253
Г.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Чимгээ,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр Г.Бд холбогдох эрүүгийн 1806092992164 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
....................., 1976 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 10 дугаар гудамжны 185 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...................../;
Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Баянзүрх дүүргийн Тамгын газрын орчим Я.Эрдэнэбулганыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: ................ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “.................. “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн 1 ширхэг СиДиг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөпдөр болох хүртэл Г.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Прокурор Э.Оюунтунгалаг бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн тус тус заалтуудыг зөрчиж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Тухайлбал: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж заасан нь шүүгдэгч торгох ялын мөнгөн төлбөрийг хэдийд, хаана, хэрхэн яаж төлөх нь тодорхойгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ” гэсэн заалт, мөн хуулийн 153 дугаар зүйлд заасан “шүүхийн шийдвэрийг хүлээн авах, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг үүсгэх”, 155 дугаар зүйлд заасан “эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох”, 156 дугаар зүйлд заасан “хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих” ажиллагааны журмуудыг хэрхэн хэрэгжүүлэхэд ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байх бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал ч үүсэх үндэслэл байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуулын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.
Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтас хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Баянзүрх дүүргийн Тамгын газрын орчим Я.Эрдэнэбулганыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Я.Эрдэнэбулган /хх-12-13/, гэрч Н.Дашжалам /хх-38-39/ нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13727 дугаартай дүгнэлт /хх-18/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Хохирогч Я.Эрдэнэбулган нь Г.Бтэй маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар /хх-12-13/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Н.Дашжаламын мэдүүлэг /хх-38-39/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/ зэргээр давхар нотлогдсон байна.
Анхан шатны шүүх, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Болд-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Прокурор Э.Оюунтунгалаг бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүгдэгч торгох ялын мөнгөн төлбөрийг хэдийд, хаана, хэрхэн яаж төлөх нь тодорхойгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ” гэсэн заалт, мөн хуулийн 153 дугаар зүйлд заасан “шүүхийн шийдвэрийг хүлээн авах, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг үүсгэх”, 155 дугаар зүйлд заасан “эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох”, 156 дугаар зүйлд заасан “хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих” ажиллагааны журмуудыг хэрхэн хэрэгжүүлэхэд ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байх бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал ч үүсэх үндэслэл байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ... бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг тусгахаар тус тус хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд торгох ялыг хуулийн хүчин төгөлдөр болмогц биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байх гэсэн хуулийн зохицуулалтыг хангаагүй байна гэж үзэв.
Мөн шүүгдэгч Г.Б нь 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр торгуулийн ялын 500.000 төгрөгийг биелүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь 500.000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр торгуулийн ялын 500.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ