Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0302

 

2021 05 13 128/ШШ2021/0302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 5 дахь Э ХХК-ийн газраас 0,43 га газрыг хасаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, түүний өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороо Тэнгэр Рашааны гудамж хаягт байрлах газар дээр 2008 онд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас батлагдсан эскиз зургийн дагуу Гэрэгэ вилла хотхоны барилга байгууламжийг барьж эхэлсэн. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн А/189 дүгээр тушаалыг гаргахдаа захиргааны актыг мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, оролцоог хангаагүй, тушаалыг одоог хүртэл гардуулаагүй, танилцуулаагүй.

Иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхол, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан тул хууль бус захиргааны акт гаргасан. Гэтэл энэхүү сайдын тушаалыг үндэслэн Х ХХК нь 2020 оны 07 дугаар сард хүчээр зам тавих ажлыг эхлүүлэхээр дайран орж ирсэн бөгөөд нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн. Энэ талаар оршин суугчид эс зөвшөөрч гомдол гаргасаар байна.

Тодруулбал Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Х ХХК-ийн гаргасан өргөдлийн дагуу орц гарцны трасс зураг гаргасан байх бөгөөд манай Гэрэгэ вилла хотхоны байранд тулган зам тавих гэж байна. Хэрэв уг замыг тавьсан тохиолдолд хотхоны оршин суугчдын орон сууц руу орох, гарах орцны үүдээр явагдаж монгол улсын иргэд, хүүхэд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюултай байдал үүсэхээр байна. Монгол улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг ноцтой зөрчих нөхцөл байдал үүссэн байна.

Бид үүссэн нөхцөл байдлын талаар тайлбарлан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан хүсэлт гаргасан. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1487 дугаар албан бичгээр хариу ирүүлэхдээ ...2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичигт Улаанбаатар хотын баруун өмнөд бүс, Хан-уул дүүргийн 11, 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр зэрэг амуудад авто замын сүлжээ, инженер дулааны шугам, цахилгаан өндрийн шугам сүлжээний трассыг дархан цаазат газарт, газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын орц, гарцтай уялдуулан төлөвлөн ажиллаж байна гээд шинээр орц, гарцны зураг буюу трасс зураг гарган хавсарган ирүүлсэн билээ.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/517 дугаар тушаалын дагуу нийтийн ашиг сонирхлын үүднээс зорчих орц, гарцыг гаргахдаа Хан түшээ хотхоны зүүн талаар буюу Богдхан уулын дархан цаазат газрын шинээр гаргасан орц гарцын зураг буюу трассын зам тавьж, бусдын амь нас, эрүүл мэндэд аюулгүй байдлаар шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Гэтэл Х ХХК дээрх маргаан бүхий актыг үндэслэн зам тавихаар дайрсаар байсан.

Иймд манай компани Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дээд шатны байгууллага болох Байгаль орчин, аялал жуучлалын яаманд 1125 дугаартай Орц, гарц нээх тухай албан бичиг-ийг хүчингүй болгуулахаар 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 20-03/25 тоот хүсэлтийг өгсөн.

Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 10/5809 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Тус албан бичигт орц, гарцыг шийдвэрлэхдээ мөн л Хан түшээ хотхоны зүүн талаар буюу Богдхан уулын дархан цаазат газрын шинээр гаргасан орц, гарцын зураг буюу трассын дагуу зам тавьж иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюулгүй байхаар шийдвэрлэсэн байна. Гэсэн хэдий ч маргаан бүхий Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын А/189 тоот тушаалыг хүчингүй болгоогүй байх тул тус албан бичгийг үндэслэн Х ХХК нь өөрсдийн зам тавихад гарах зардлыг бодон, нийтийн эрх ашиг зөрчигдөх, эрүүл мэнд, амь насаараа хохирч болзошгүй нөхцөл байдлыг үл харгалзан заавал орцны үүдээр зам тавихаар улайран зүтгэж байгааг гайхаж байна.

Иймд маргаан бүхий акт нь хууль бус захиргааны акт байх бөгөөд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн захиргааны акт байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дүгээр зүйлийн 48.2.2-т заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн А/189 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Э ХХК-ийн газраас 0,43 га газрыг хасаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 5 дахь Э ХХК-ийн газраас 0,43 га газрыг хасаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. өмнөх нэхэмжлэлийн үндэслэлээ дэмжиж байна. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд манай компанийн зүгээс урьдчилан шийдвэрлэх журмын дагуу гомдол гаргаж, шийдвэрлүүлээд, нэхэмжлэл гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Хотхоны урд талын зогсоол газрын хэмжээндээ байгаа. Зам тавихаар хасагдсан талбай Гэрэгэ вилла хотхоны зүүн, урд талаар байх ёстой. Зүүн талаар зам, орц гарц гаргахаар 2016 оны тушаалаар зүүн талаас газар хассан, зүүн талд зам тавих боломжтой байхад баруун талаар зам тавих гээд байгаа учраас маргаж байгаа. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар Э ХХК-ийн ашиглалтын газраас 0,43 га газрыг хасч шийдсэн хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж байна.

Мөн нэхэмжлэлд Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлээхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд 2016 оны А/189 дүгээр тушаал гарах үед уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байсан. Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Дээрх тушаалаар нэхэмжлэгчийн газрыг хүчингүй болгоогүй бөгөөд орц, гарц гаргах нийтийн эрх ашиг, сонирхлын үүднээс ашиглалтын газраас нь 0.43 га газрыг хассан.

Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн, ямар эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч нь анх 2007 оны 10 дугаар сарын 01-нд тусгай хамгаалалттай газарт 4,25 га газар ашиглах 445 дугаартай гэрчилгээ авсан. 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 тоот тушаалаар нэхэмжлэгчийн ашиглах газраас 0,43 га талбайг орц, гарц гаргах зорилгоор нийтийн ашиг сонирхлын үүднээс хасаж 3,8 га талбай болгож 2016/399 тоот гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгч нь тухайн үед газар хасаж олгосон гэрчилгээг авсан бөгөөд маргаан бүхий тушаалаар олгосон 2016/399 тоот гэрчилгээг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 17-нд архитектур төлөвлөлтийн даалгавар, 2017 оны 10 дугаар сарын 27-нд барилгын эскиз зураг батлуулсан нь тушаалыг хүлээн зөвшөөрсний илэрхийлэл гэж үзэж байна. Түүнчлэн тухайн үед хасаж олгосон маргаан бүхий тушаалтай огт маргаж байгаагүй болно. Гэтэл шүүхэд 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлээгүй, захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлаж байна. 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дугаартай тушаал гарах үед уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байсан. Маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийн газрын гэрчилгээг хүчингүй болгоогүй, зөвхөн орц, гарц гаргах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хангах үүднээс газраас хассан. Иймд нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь зөрчигдөж хөндөгдөж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК нь тус компанийн ашиглах эрхтэй байсан 4.25 га газраас 0.43 га газрыг хасаж шийдвэрлэсэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргасан ба хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь тушаал гаргахдаа захиргааны актыг мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, оролцоог хангаагүй, тушаалыг танилцуулаагүй, мөн уг тушаалыг үндэслэн Х ХХК нь манай Гэрэгэ вилла хотхоны орц, гарцанд тулган зам тавих гэж буй нь оршин суугчдын аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчихөөр байна хэмээн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргажээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт байгаль орчны асуудал эрхэлсэн сайд иргэн, аж ахуйн нэгжид хамгаалалтын захиргаа, сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор, байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор байна.

Э ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 445 дугаартай гэрчилгээгээр Богдхан уулын дархан цаазат газар нутагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд 4.25 га газрыг ашиглаж байсан бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 тоот тушаалаар орц гарц гаргах зорилгоор тус компанийн уг газраас 0,43 га газрыг хасаж, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2016/399 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг үлдсэн 3.8 га хэмжээгээр бичиж газар ашиглагчид олгосон, гэрчилгээний хавсралтад дээрх тушаалаар талбайн хэмжээнээс 0.43 га талбайг хассаныг болон үлдсэн 3.8 га талбайн солбицлыг тусгасан, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/131 дугаартай гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай тус компани байгуулсан, гэрээнд мөн газрын хэмжээг хасч тогтоосон дээрх тушаал болон үлдсэн талбайн хэмжээ, түүний солбицлыг тодорхой заасан байна.

Түүнчлэн тус компани үлдсэн 3.8 га талбайн хэмжээгээр 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Д ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн, талбайн солбицлоор мэдээллийн санд бүртгэгдсэний дээр, уг газар дээр баригдах барилгад төлөвлөлтийн баримт бичгүүдийг батлуулсан, тухайлбал Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн МЗХ2017/05-26 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, солбицол бүхий төлөвлөлтийн талбайн схем зургийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн дээрх А/189 тоот тушаал, уг тушаалын дагуу олгосон 3.8 га газрыг ашиглах эрхийн 2016/399 дугаартай гэрчилгээг үндэслэн баталсан, улмаар 2017 оны 10 дугаар сарын 27-нд аялал жуулчлалын цогцолборын барилгын схем зургийг баталсан байдаг.

Тиймээс нэхэмжлэгч нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 тоот тушаал гаргахдаа захиргааны актыг мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, оролцоог хангаагүй, тушаалыг одоог хүртэл гардуулаагүй, танилцуулаагүй гэж маргаж буй нь үгүйсгэгдэж байна. Тус компани талбайн энэ хэмжээг мэдэж, хүлээн зөвшөөрч энэ хугацаанд газрын болон барилга төлөвлөлтийн баримт бичгүүдийг эрх бүхий байгууллагаар батлуулан барилга барьж, ашигласаар иржээ.

Нөгөө талаас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар орц, гарц гаргахаар Э ХХК-ийн газрын зүүн болон урд хэсгээс 0,43 га газрыг хассан[1] байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаад буй Х ХХК-ийн зам тавих хэсэг нь тус компанийн баруун талаар төлөвлөгдсөн[2] байна. Тодруулбал, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн байршилд амьдарч буй иргэд, аж ахуйн нэгжийн орц, гарц нь хотхоны зүүн талаар байхаар төлөвлөгдсөн хэмээн тайлбарлаж буй атал, ийнхүү орц, гарц гаргах зорилгоор газрынх нь зүүн болон урд хэсгээс 0.43 га газрыг хасч шийдвэрлэсэн 2016 оны А/189 дүгээр тушаалын тэр хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж буй нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч Э ХХК нь Х ХХК-д Нийслэлийн авто замын газраас 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр олгогдсон авто зам, замын байгууламж төлөвлөх ГБМЗХ2020/20-019 дугаартай даалгаврыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж, захиргааны хэрэг үүссэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, өөрөөр хэлбэл орц, гарц зүүн талаар хэрхэн төлөвлөгдсөн болон тус компанийн баруун талаар автозам тавигдахаар төлөвлөгдсөн нь тус компанийн болон оршин суугчдын аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх талаар захиргааны өөр хэрэг дээр маргаж байгаа болно.

Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр Э ХХК нь аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй газар дээрээ Гэрэгэ вилла орон сууцны хотхон барьсан, уг хотхоны баруун талаар хойноос урагш, урдаас хойш чиглэлтэй автозам, хотхоны урд талаар автомашины зогсоол барьсан, хотхоны зүүн талаар орц, гарц гаргахаар хассан хэсэгт орц, гарц гаргаагүй, зүүн талын нэгж талбартай залгаа хашаалсан байдаг.

Нэхэмжлэгч нь хотхоны төлөвлөлтөөр өөрийн хөрөнгөөр барьсан гэх хотхоны баруун талаарх замын талбай нь ашиглах эрхтэй 3.8 га газарт нь багтсан эсэх, нийтийн эзэмшлийн талбайд зам барьсан эсэх, урд талын авто машины зогсоол хэсэг нь 3.8 га газарт багтсан эсэх, орц, гарцын зориулалтаар 2016 онд хасаж зам төлөвлөсөн хэсэгт хамаарах эсэхийг Х ХХК-д олгогдсон авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хүчингүй болгуулах шаардлагатай захиргааны хэрэгт тогтоолгох байдлаар маргах боломжтой байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь маргаан бүхий актаар газрын хэмжээг хасаж шийдвэрлэснийг мэдэж, хүлээн зөвшөөрч газрын болон барилга төлөвлөлтийн баримт бичгүүдийг эрх бүхий байгууллагаар батлуулан барилга барьж, ашигласаар ирсний дээр маргаан бүхий актаар газрын хэмжээнээс хассан байршлаас өөр байршилд автозам төлөвлөснийг эсэргүүцэж маргахдаа газрын хэмжээг хассан шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн энэ шаардлага нь нэхэмжлэл гаргах үндэслэл болсон маргаанд хамааралгүй байх тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 5 дахь Э ХХК-ийн газраас 0,43 га газрыг хасаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 5 дахь Э ХХК-ийн газраас 0,43 га газрыг хасаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

 

 


[1] Хэргийн 41 дүгээр хуудас

[2] Хэргийн 68-75 дугаар хуудас