Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2024/0285

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч Б.А

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: Биеийн тамир спортын улсын хорооны дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Биеийн тамир спортын улсын хорооны даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/80 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын тайланд оруулж, нөхөж тайлагнахыг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Ө.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0881/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А-гаас хариуцагч Биеийн тамир спортын улсын хорооны даргад холбогдуулан “Биеийн тамир спортын улсын хорооны даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/80 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын тайланд оруулж, нөхөж тайлагнахыг даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-гаас Биеийн тамир, спортын улсын хорооны даргад холбогдуулан гаргасан Биеийн тамир спортын улсын хорооны даргын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/80 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, Нийгмийн даатгалын тайланд оруулж, нөхөж тайлагнахыг даалгах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Тус байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журмын” 5.11-д зааснаар “Шинээр томилогдсон албан хаагчид Улсын хорооны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, хорооны хэмжээнд дагаж мөрдөгдөж буй хууль тогтоомж, дотоод журам ....Төрийн захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагч “Танилцуулах хуудас”-аар танилцуулж, гарын үсгээр баталгаажуулна” гэсэн байдаг. Тус байгууллагад ажилд ороход надад дотоод журмыг нэг ч удаа танилцуулж байгаагүй.

 

3.2. Мөн намайг анх ажилд ороход хөдөлмөрийн дотоод журам, танилцуулж гарын үсгээр баталгаажуулаагүй мөртлөө биометрикийн зөвшөөрлийн мэдээллийг аваагүй цаг бүртгэлийн системийг ашигласан нь үндэслэлгүй байна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “биометрик мэдээлэл” гэж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг; гэж хуульчилсан. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтныг таньж, баталгаажуулах үйлдлийг хялбарчлах зорилгоор ажилтны зөвшөөрлөөр биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-с бусад биометрик мэдээллийг ашиглаж болно” гэж заасан. Гэтэл ажил олгогчоос миний зөвшөөрлийг авалгүйгээр биомекрикийн мэдээллийг ашигласан байтал тус цагийн бүртгэлийг үндэслэж ажлаас хоцорсон гэж үзэн ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна.

 

3.3. Байгууллагын дотоод журмын 6.6-д зааснаар “Цагийн бүртгэлийн мэдээ нь албан хаагчийн цалин олгох үндсэн баримт болно. Цагийн цахим бүртгэл хөтлөх ажлыг Төрийн захиргааны удирдлагын газар, хяналт тавих ажлыг нэгжийн дарга нар хариуцна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас хожимдсон, ажил тасалсан цагийн бүртгэлийг улирлаар гаргаж, албан хаагчид олгох урамшууллаас хасаж тооцно” гэсэн байна. Миний бие 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ажилд орж 2023 оны 06 сарын сүүлээр улирлын тайлан үнэлэгдэж, цаг бүртгэл болон бусад ямар нэг шалтгаанаар цалин хасуулж байгаагүй. Тухайн үедээ намайг ажлаас хоцроогүй гэж үзэж цалинг маань бүтэн олгосон мөртлөө ажлын гүйцэтгэлтэй холбоотой маргаан үүсэхэд ажил тасалдаг байсан гэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үедээ дотоод журамд заасны дагуу хүний нөөц болон дээд албан тушаалтандаа утсаар мэдэгдэж чөлөө авдаг байснаа тайлбарласаар байхад хариуцагчийн “тасалдаг байсан” гэсэн тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.

 

3.4. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1-д “Сонсох ажиллагааны явцад ажил тасалсан талаар тайлбар аваагүй боловч сахилгын зөрчлийн шинжтэй үйл, эс үйлдэхүйг шалган тогтоох тэмдэглэлд тусгасан ба нэхэмжлэгч хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн нь тогтоогдсон байна” гэж дарга Б-ын үйлдсэн тэмдэглэлийг сонсох ажиллагааны тэмдэглэлтэй дүйцүүлэн ач холбогдол өгч дүгнэсэнд гомдолтой байна. Сонсох ажиллагааны тэмдэглэл нь ажил олгогч, ажилтан өөр өөрийн дүгнэлтээ хэлдэг нотолгооны чухал ач холбогдолтой бөгөөд Б-ын үйлдсэн тэмдэглэл нь үнэн зөв эсэх нь тодорхойгүй, нэг талаас өгч байгаа баримт учир сонсох ажиллагааны тэмдэглэлтэй дүйцэх ач холбогдолгүй юм. Ингэж хариуцагч талаас өгсөн тэмдэглэлийг шууд үнэн гэж үзэж шүүх дүгнэлтээ гаргаж байгаа нь шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр дүгнэлтээ гаргалгүй хариуцагчид давуу байдал бий болгосон гэж үзэж байна.

 

3.5. ... хариуцагч нь Б/77 дугаар тушаалыг надад огт танилцуулж байгаагүй. Миний бие анхан шатны шүүхэд хэргийн материалтай танилцах явцад тус тушаалыг анх удаа олж харсан бөгөөд хариуцагч тус баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөж үйлдсэн. Мөн “Гүйцэтгэх” гэдэг агуулга нь байгууллагаас гарч байгаа эрх зүйн актуудыг агуулгын хүрээнд буюу монгол хэл бичгийн найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартад нийцэж буй эсэхийг хянахыг хэлнэ. Харин “Хянах” чиг үүрэг нь байгууллагаас гарч буй эрх зүйн актуудыг хууль тогтоомж болон байгууллагын дотоод чиг үүрэгт нийцэж буй эсэхийг хянахыг хэлнэ. Хуулийн ахлах мэргэжилтэй Ц.Б ын албан тушаалын тодорхойлолтын хяналтын чиг үүрэг нь өөр байдаг.

 

3.6. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3-д “энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх”, Мөн хуулийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” хэмээн тус тус хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Б.А надтай тохиролцсоны үндсэн дээр Ц.Б ын ажлыг түр орлон гүйцэтгүүлэхээр заасан. Гэтэл хариуцагч байгууллага нь албан хаагчтай тохиролцоогүй байж Ц.Б ын ажлыг гүйцэтгэх үүрэг өгч биелүүлэхийг шаардсан нь хууль бус үйл ажиллагаа юм. Хуульд нийцээгүй шаардлага тавьж, ажлыг нь хүлээж аваагүй байгаа тухайгаа тайлбарлахад “шийдвэрийг биелүүлээгүй” гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн шийдвэрийг зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 130 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

 

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.А-г тус хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын Гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд мөн өдрөөс 6 сарын туршилтын хугацаагаар ажиллуулсан байх бөгөөд мөн даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/80 дугаар тушаалаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан, харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах төрийн алба хаагчийн нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс татгалзсан” гэх үндэслэлээр тухайн өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

2.2. Нэхэмжлэгчээс дээрх сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/80 дугаартай тушаалыг эс зөвшөөрч “...ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэхийг шаардсан, тушаалд дурдсан зөрчлүүдийг гаргаж байгаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

2.3. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Төрийн жинхэнэ албанд анх орсон иргэнд туршилтын хугацааг 6-12 сар хүртэл хугацаагаар тогтоож болно”, 28.5-д “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг төрийн албаны төв байгууллага батална” гэж, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 54 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Албан хаагч туршилтын хугацаанд эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан төрийн албанд чин шударгаар ажиллахаа нотлон дараах болзлыг хангасан тохиолдолд тухайн албан тушаалд жинхлэн томилно” гэж, 6 дугаар зүйлийн 6.2-т “Туршилтын хугацаанд энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаагүй бол туршилтын хугацаа дуусмагц албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргана”, 6.4-д “Туршилтаар томилогдсон албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас хална” гэж тус тус заасан.

 

2.4. Тухайн тохиолдолд, маргаан бүхий тушаалд дурдсан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан” гэх зөрчил нь талуудын тайлбар, хурлын тэмдэглэл, хариуцагч байгууллагын 2023 оны 3-9 дүгээр саруудын цаг бүртгэлийн мэдээллээр, “...харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах төрийн алба хаагчийн нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс татгалзсан...” гэх зөрчил нь хариуцагч байгууллагын Төрийн захиргааны удирдлагын газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл, Сонсох ажиллагааны тэмдэглэл, Биеийн тамир, спортын улсын хорооны Гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан хуулийн мэргэжилтний албан тушаал тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоосон нь хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд хариуцагчаас хуулийн дээрх заалтууд болон холбогдох журам, мөн тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.4.3-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сард 60 минутаас дээш хугацаагаар ажлаас хоцорсон” бол “ноцтой зөрчил”-д тооцно, 10.1-д “...албан хаагчдад Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2.5. Нэхэмжлэгчээс “...намайг хөдөлмөрийн дотоод журамтай танилцуулаагүй, миний зөвшөөрлийг авалгүйгээр биомекрикийн мэдээллийг ашигласан, надтай тохиролцоогүй байж хуулийн ахлах мэргэжилтний ажлыг гүйцэтгэхийг шаардсан нь хууль бус” гэх үндэслэлээр давж заалдах гомдлоо тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчид хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүй нь түүний гаргасан гэх тухайн зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй төдийгүй түүний хувьд тухайн байгууллагын гэрээ, эрх зүйн асуудлыг хариуцан ажиллаж, хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэйг мэдэж, тэрхүү албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдсон атлаа уг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас дээрх зөрчлийг гаргасны дараагаар ийнхүү тайлбарлан өөрийгөө зөвтгөж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимтай бөгөөд аливаа бусад албан тушаалтнуудын албан үүргийн хуваарийг ойролцоо чиг үүрэг бүхий албан тушаалтан орлон гүйцэтгэж, захиргааны байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах учиртай юм.

 

2.6. Мөн нэхэмжлэгчийн тухайд удирдах албан тушаалтны шаардлагыг хүлээж аваагүйгээ үгүйсгэхгүй байх бөгөөд хариуцагчаас албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан шаардлага тавьсныг хууль бус шаардлага гэж үзэхгүй, харин нэхэмжлэгч Б.А-гийн тухайн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан “захирах, захирагдах ёсыг баримтлах” зарчим болон хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.3.3-д заасан албан хаагч нь “Албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь танилцуулж, захирах, захирагдах ёсыг чанд баримтлах”, 4.3.6-д “Хамтран ажиллагсадтайгаа соёлтой харилцаж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, багаар ажиллах чадвараа тасралтгүй нэмэгдүүлэх” гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.7. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нь туршилтын хугацаанд ажиллах үедээ өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан төрийн албанд чин шударгаар ажиллаж, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг бүрэн хангасан болохоо хангалттай нотлох байтал Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д заасан “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” зэрэг төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй байгаа энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас зөрчлийн шинж байдлыг харгалзан нэхэмжлэгч Б.А-г төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэж ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй.

 

2.8. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг тодорхойлж, уг этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгохоор хуульчилсан ба уг хуулийн зохицуулалт нь үүссэн нөхцөл байдлыг арилгах боломжийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд олгох явдал юм.

 

2.9. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч Б.А-д мэдэгдэж, түүнийг сонсох ажиллагаанд биечлэн оролцуулсан байх ба харин нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...шүүх дарга О.Б-ын үйлдсэн тэмдэглэлийг сонсох ажиллагааны тэмдэглэлтэй дүйцүүлэн дүгнэж, хариуцагчид давуу байдал бий болгосон” гэж тайлбарлаж байх боловч уг тэмдэглэлийг үгүйсгэснээр нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил арилахгүй тул энэ талаар гаргасан тайлбар болон гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохооргүй байна.

 

2.10. Харин хариуцагч Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.А-д 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал ажлын 11 хоногийн хугацаатай цалинтай чөлөө олгосон байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгчийг тус хугацаанд ажил тасалсан гэж үндэслэлгүй, буруу дүгнэсэн байна. Гэвч энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Агийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА