Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00645

 

 

Т.Адъяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/01339 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1409 дүгээр магадлалтай,

Т.Адъяагийн нэхэмжлэлтэй,

МСМ групп ХХК-д холбогдох

МСМ групп ХХК-ийн Үйл ажиллагааны захирлын 2020.02.10-ны өдрийн б-20/74 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, туслах тоног төхөөрөмжийн механикийн албан тушаалд тогтоолгох, 2020.02.10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Адъяа түүний өмгөөлөгч Т.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, өмгөөлөгч Ө.Болортуяа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Адъяа шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус компанид 2019.12.04-ний өдөр туслах тоног төхөөрөмжийн механикаар Индастриалын газрын Оюутолгойн засвар үйлчилгээний хэлтэст томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажиллах хугацаандаа албан үүрэгтээ хариуцлагатай хандаж, мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байсан ба ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2020.02.10-ны өдөр МСМ групп ХХК-ийн үйл ажиллагааны захирал Ш.Нурмаагийн Б-20/74 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба миний хувьд байгууллагыг хохироосон ноцтой хохирол учруулаагүй, сахилгын зөрчил гаргаагүй. Би өөрийн үйлдлээ ухамсарлаж байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох зөвшөөрөл өгөөгүй, Д.Жавхланбаяр зөвхөн ажил гүйцэтгэхэд саад болж зогссон тээврийн хэрэгслийг хоёр алхам ухрааж замаа чөлөөлсөн. Энэ үндэслэл нь миний хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой үндэслэл биш. Би ажилдаа хайхрамжгүй хандаагүй, ажил олгогчийн итгэлийг алдаагүй, компанид хохирол учруулаагүй. Хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн ба одоо өөр компаниудад ажилд орохоор хандахад Таныг 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр ажлаас халсан байгаа тул ажилд авах боломжгүй гэдэг хариу өгч байна. Иймд надад маш их хохиролтой байгаа тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргаж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч МСМ групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонжаргал, Б.Ганцэцэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Т.Адъяагийн туршлага, чадварыг үнэлэн анх ажилд авсан ба тэрээр 2020.01.06-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний тусгай шаардлагыг байгуулж, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулан ажиллаж байсан. Гэтэл 2020.01.20-21-нд шилжих шөнө ээлжээр гүний уурхайд ажиллаж байхдаа өөрийн хариуцаж байсан ногоон малгайтай, уурхайн талбарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд буюу Д.Жавхланбаяраар зөөврийн АV020 маркийн машиныг хөдөлгөж, засварын цехийг зайчлах заавар өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 16.3.1.1, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны удирдлагын тогтолцооны журмын 10 дугаар хэсгийн 3, Амь нас хамгаалах дүрмийн 2-т заасныг тус тус зөрчсөн. Мөн хувь хүний мөрдөх зарчмын Би аюултай гэж үзсэн ямар ч ажлыг шууд зогсооно, би бусдыг эрсдэлд оруулахгүй гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл жолоодох заавар өгч өөрийгөө болон Д.Жавхланбаярыг эрсдэлд оруулснаараа Хөдөлмөрийн гэрээний 7.3.2.14, Төслийн тусгай шаардлагын 3.1.24-т заасныг мөн зөрчсөн. Компанийн зүгээс уг зөрчлийг магадлан шалгах ажиллагаа явуулж, 2020.01.31-ний өдрийн зөрчлийн Магадлан шалгалтын тайлангаар тогтоосон ба уг шалгалтын явцад Т.Адъяа, Д.Жавхланбаяр болон зөрчлийг анх илрүүлсэн аюулгүй ажиллагааны ажилтан М.Эрхэмбаяр нарын тайлбар авсан. Уг тайлбартаа Т.Адъяа гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах шийдвэр гаргасан нь хууль болон компанийн дотоод журмуудыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.19-ний өдрийн 183/ШШ2020/01339 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан хариуцагч МСМ групп ХХК-нд холбогдох МСМ групп ХХК-ийн Үйл ажиллагааны захирлын 2020.02.10-ны өдрийн Б-20/74 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, туслах тоног төхөөрөмжийн механикийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020.02.10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Т.Адъяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Адъяа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.29-ний өдрийн 1409 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.19-ний өдрийн 183/ШШ2020/01339 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Адъяа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Т.Адъяагийн нэхэмжлэлтэй МСМ групп ХХК-д холбогдох иргэний хэрэгт Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэлтэй. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт дурдсан Магадлан шалгалтын тайлан, ХАБЭАБО-ны тохиолдлын тайлангийн маягт, М.Эрхэмбаяр, Т.Адъяа, Д.Жавхланбаяр нарын тайлбар бүхий Осол зөрчлийн тайлбар авах хуудас, Адъяа, Жавхланбаяр нартай хийсэн ярилцлагын тэмдэглэл зэрэг нь шүүхийн дүгнэснээр нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэдгийг нотлох баримт биш. Ноцтой зөрчил гэдгээ хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар тодорхойлоогүй. Харин Төслийн тусгай шаардлага гэсэн баримтаар ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Төслийн тусгай шаардлага нь яаж хөдөлмөрийн гэрээний хавсралт болж байгаа нь тогтоогдоогүй. Төслийн тусгай шаардлага нь дээд өнцөгтөө кодолсоноор Оюу толгой гүний уурхайн засварын төсөл СW2135948 байх бөгөөд тус шаардлагын 1.3-д Тээврийн төрөл гэдэгт Онгоцны нислэг гэсэн байгаа нь МСМ групп ХХК-ний хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамтай ямар ч холбоогүй байгааг тодорхойлно. Хөдөлмөрийн гэрээ нь дээд өнцөгтөө НР-FО-017-ЕС гэсэн кодтой, Нууц хадгалах гэрээ нь НР-FО-014 гэсэн кодтой байгаа нь хоорондоо хамааралтай болохыг илтгэнэ. Төслийн тусгай шаардлагыг ажилд орсноос хойш буюу нэг сарын сүүлээр нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулсан байгаа. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан Магадлалын шалгалтын тайлан, ХАБЭАБО-ны тохиолдлын тайлангийн маягт, М.Эрхэмбаяр, Т.Адъяа, Д.Жавхланбаяр нарын тайлбар бүхий Осол зөрчлийн тайлбар авах хуудас, Адъяа, Жавхланбаяр нартай хийсэн ярилцлагын тэмдэглэл зэрэг нь ХАБЭА-н зөрчил бөгөөд энэ зөрчлийн ХАБЭА-н байцаагч шалгаж тогтоосон асуудал. ХАБЭА-н зөрчлийг ноцтой зөрчилд тооцно гэж хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тусгаагүй байна. Мөн тэр Төслийн тусгай шаардлагадаа ч тусгаагүй. Адъяатай хийсэн ярилцлагын тайлбарт Адъяагийн гарын үсгийг дуурайлган зурсан. ХАБЭА-н зөрчил, ноцтой зөрчил хоёрын ялгааг заавал тусгах ёстой. Ноцтой зөрчлийг ХАБЭА-н байцаагч тодорхойлох эрх хэмжээ байгаа эсэх нь нотлогдоогүй. Магадлан шалгалтын тайланг хариуцагч талаас хэрэгт хавсаргаж өгсөн мөртлөө энэ шалгалтыг яаж явуулдаг талаарх дүрэм журмаа гаргаж өгөөгүй. Энэ ямар учиртай шалгалт, хэний ямар удирдамжаар явагддаг шалгалт болохыг тодорхойлоогүй байтал энэ талаарх хэлсэн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч энэ бүхнээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байтал шүүх хууль зүйн дүгнэлт зөв хийгээгүй. Маргаан бүхий Б-20/74 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалын бусад үндэслэлийн тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ. Гэтэл нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргаж байгаагүй учир давтан гаргах боломжгүй. Ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нөхцөл байдлыг илэрхийлдэг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс байгууллагыг хохироосон үйлдэл үйл ажиллагаа явуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудад заасан зөрчил гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалтаар ямар ч сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл ийм сахилгын шийтгэл ногдуулаад байгаа нь үндэслэлгүй. Тэгээд ч хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа юм уу, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоод байгаа юм уу, эсвэл сахилгын шийтгэл ногдуулаад байгаа юм уу? Үүнийгээ тодорхойлоогүй. Бусад хууль, гэрээ, журмын заалтууд энэ тушаалын үндэслэлд хамаарахгүй. Дээрх үндэслэлд давж заалдах шатны шүүх мөн л үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Т.Адъяа, МСМ групп ХХК-д холбогдуулан 2020.02.10-ны өдрийн Б-20/74 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, туслах тоног төхөөрөмжийн механикийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020.02.10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх Т.Адъяагийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааныг зохицуулсан хуулийг зөв сонгон хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 , 167 дугаар зүйлийн 167.1-д заасныг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд ...төслийн тусгай шаардлагыг ажилд орсноос нэг сарын сүүлээр нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулсан, ХАБЭА-н зөрчлийг ноцтой зөрчилд тооцно гэж хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тусгаагүй , мөн ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нөхцөл байдлыг илэрхийлдэг, нэхэмжлэгч байгууллагыг хохироосон үйлдэл үйл ажиллагаа явуулаагүй, шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн, иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч МСМ групп ХХК-ийн Үйл ажиллагааны захирлын 2020.02.10-ны өдрийн Б-20/74 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд тус компанийн Индастриалын газрын Оюутолгойн засвар үйлчилгээний хэлтсийн Туслах тоног төхөөрөмжийн механик ажилтай Т.Адъяагийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2.1, 5.2.2.10, 7 дугаар зүйлийн 7.3.2.14,Хөдөлмөрийн гэрээний Төслийн тусгай шаардлагын 3 дугаар зүйлийн 3.1.24, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4, 6.6 дахь заалтыг тус тус баримталсан байна.

Ажил олгогч тушаалын хууль зүйн үндэслэлийг Т.Адъяа нь 2020.01.21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ, ажлын байрын тодорхойлолтод заасан үүрэг болон төслийн талбайд мөрдөгддөг дүрэм, журмуудыг зөрчиж, ажил үүрэгтээ хайнга хандаж, Оюутолгой уурхайн талбарт тээврийн хэрэгсэл жолоодох зөвшөөрөгдсөн үнэмлэхгүй Д.Жавхланбаярыг AV020 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох заавар өгч, эрхээ хэтрүүлсэн нь компанийн магадлан шалгалтын тайлангаар тогтоогдсон гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.3.2.14-т ... ажилдаа хайхрамжгүй хандаж, ажил олгогчийн итгэлийг алдсан, эрх мэдлээ хэтрүүлсэн ... гэснийг, мөн гэрээний салшгүй хэсэг болох Төслийн тусгай шаардлагын 3.1.24-т ажилтныг аюултай нөхцөл байдалд ажиллах гэж байгааг, эсхүл ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай зөвшөөрөл, мэргэжлийн болон ур чадварын гэрчилгээ, үнэмлэх болон бусад адилтгах баримт бичиггүй гэдгийг мэдсэн боловч түүнд заавар, зааварчилгаа, үүрэг даалгавар өгөх гэж заасныг зөрчвөл хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэх, энэ үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас халахаар хэлэлцэн тохирсон байна.

Нэхэмжлэгч уурхайн талбарт мөрдөх аюулгүй байдлын горим зөрчиж, эрхгүй этгээдэд уурхайн тоног төхөөрөмж хөдөлгөх үүрэг өгсөн нь ажлын байрны аюулгүй ажиллагааг алдагдуулан, бусдыг амь насыг эрсдэлд оруулах нөхцөл үүсгэсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон ба ажил олгогч ажлын байрны онцлогтой холбогдуулан дээрх зөрчлийг ноцтойд тооцож, улмаар хөдөлмөрийн гэрээнд тусгасныг, ажилтан хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хоёр шатны шүүх нэхэмжлэгч Т.Адъяа нь хөдөлмөрийн гэрээгээр тухайлан тохиролцсон зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэн, түүний ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримт үнэлэх хуульд заасан журам зөрчөөгүй, маргааны зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хуулийн үндэслэл бүхий шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/01339 дүгээр шийдвэр,Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1409 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Г.БАНЗРАГЧ

                                                                   ШҮҮГЧИД                               П.ЗОЛЗАЯА

                      Х.СОНИНБАЯР

                      Д.ЦОЛМОН

                      Х.ЭРДЭНЭСУВД