Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ  

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч Л.Булгантамир

Шүүгдэгч Н.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Норовсамбуугийн Хүрэлбаатарт холбогдох 2221000000101  дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг 18 дугаар байрны 10 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Норовсамбуугийн Хүрэлбаатар /РД: ЖЭ73062113/.  

 

Шүүгдэгч Н.Хүрэлбаатар нь 2022 оны 02 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Баян” буудлын гаднаас иргэн Л.Булгантамирын Тоёота Приус-11 маркийн 27-33 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Н.Хүрэлбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Тухайн өдөр Л.Булгантамир ахыг машинаа асаагаад орхисон байхад нь аваад явсан...” гэв.

 

   Хохирогч Л.Булгантамир шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед өмнө нь зүс таних хоч нь ногоон Хүрэлээ гэх 50 орчим насны эрэгтэй ... Ардын эмнэлгийн ойролцоо таараад учиргүй танимхайраад мэнд мэдээд юм ярьж байгаад ахаа ганц шил архи аваад өгчих гэхээр нь Нарлаг худалдааны төв рүү ороод 1 шил  0.75 литрийн Ерөөл нэртэй архи авч өгөөд ... ахаа ундаа аваад өгчих гэхээр нь ойрхон ундаа хаана зардаг вэ гэтэл Баян буудал гэж Ивээл хороололд үйл ажиллагаа явуулах буудалд ундаа зардаг гэхээр нь Баян буудалд нөгөө хүнд ундаа авч өгөх зорилгоор ороод  нөгөө зүс таних хүнийг машиндаа үлдээгээд Баян буудлаас ундаа аваад гараад ирсэн чинь нөгөө хүн маань ч байхгүй мөн миний машин байхгүй алга болчихсон байсан ...Toyota prius-11 маркийн 27-33 УБП улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл юм. ... надад шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Миний хохирлыг төлж барагдуулсан ...” гэв. /хх-ийн 07-08 тал/

 

   -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/

   -“Вендо” хөрөнгийн хөрөнгийн үнэлгээний компаний “Авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 20-21/

   -Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл  /хх-ийн 25-29/

  -Хулгайлагдсан тээврийн хэрэгслийг асап санд зарласан тухай тэмдэглэл /хх-ийн /хх-ийн 33 тал/

   - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/

-Шүүгдэгч Н.Хүрэлбаатарын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Боржигон овогт Норовсамбуугийн Хүрэлбаатар нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Баян” буудлын гаднаас хохирогч Л.Булгантамирын Toyota prius-11 маркийн 27-33 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч Л.Булгантамирийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний “Авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургын үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хулгайлагдсан тээврийн хэрэгслийг асап санд зарласан тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Н.Хүрэлбаатарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч  явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Хүрэлбаатарыг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Хүрэлбаатар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Н.Хүрэлбаатар нь хохирогч Л.Булгантамирын Toyota prius-11 маркийн 27-33 УБП улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явснаас Вендо хөрөнгийн үнэлгээний компаний “Авто машин техникийн үнэлгээний тайлангаар 325,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь “надад шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Н.Хүрэлбаатар нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Хүрэлбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Булгантамирт 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүний ЖЭ73062113 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Норовсамбуугийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хүрэлбаатарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хүрэлбаатар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Хүрэлбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Хүрэлбаатарын ЖЭ73062113 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Хүрэлбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Л.БАТЖАРГАЛ