Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00446

 

 

 

Р.Улагпаны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимаг, шүүгч Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/01267 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2021/00006 дугаар магадлалтай

Р.Улагпаны нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдох

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Р.Улагпаныг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/134 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтай сумын эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Улагпан түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

1. Р.Улагпан нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/134 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтай сумын эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 130/ШШ2020/01267 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Р.Улагпаны Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2020.10.19-ний өдрийн Р.Улагпаныг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/134 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.02.05-ны өдрийн 212/МА2021/00006 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 130/ШШ2020/01267 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2020.10.19-ний өдрийн А/134 дугаартай Р.Улагпаныг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Р.Улагпаныг Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар Р.Улагпаны гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Р.Улагпаны анхан шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100020000941 дугаар данснаас буцаан гаргуулж Р.Улагпанд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Р.Улагпан нь төрийн үйлчилгээний албан тушаалтан, үүрэгт ажлаас чөлөөлөгдөх үед 60 нас, 10 cap, 23 хоногтой байсан, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн буюу улсад 37 жил, 4 cap тасралтгүй ажилласан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Р.Улагпан нь өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлт гаргаагүй байхад ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. Хөдөлмөрийн гэрээг дараах тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно. 40.1.3. ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, хуулийн зүйл заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас: Эрэгтэй даатгуулагчийн төрсөн он 1959, өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас 60 нас, 6 сартай байхаар зохицуулсан хуулийн заалтыг тус тус буруу тайлбарлан хэрэглэн, хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Ажил олгогчийн Р.Улагпантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хуульд нийцсэн шийдвэр болох нь тогтоогдож байгааг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий шийдвэр байсан гэж үзэж байна.

1.Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, дотрын их эмчээр ажиллаж байсан Р.Улагпан нь 2020.05.27-ны өдөр 60 нас 6 сартайд нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2020.10.19-ний өдөр 60 нас, 10 сартайд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.3, 43 дугаар зүйлийн 43.3, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11,1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болгосонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл, тус эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журам, ажилтан Р.Улагпантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус үндэслэн 2019.10.19-ны өдрөөс эхлэн түүнийг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан явдал нь хуульд нийцсэн эрхийн акт гэж үзэж байна. Учир Р.Улагпан нь төрийн үйлчилгээний албан тушаалтан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хэд хэдэн үндэслэлийг тогтоосон ба тухайлбал 40.1.3 ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, хуулийн зүйл заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас: Эрэгтэй даатгуулагчийн төрсөн он 1959, өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас 60 нас, 6 сартай байхаар хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч Р.Улагпан нь 1959.11.29-ны өдөр төрсөн нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үед 60 нас, 10 cap, 23 хоногтой байсан нь тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох дээрх хуульд заасан насанд хүрсэн гэж үзэж байгаа.

2. Нэхэмжлэгч Р.Улагпан нь 2020.06.08-ны өдөр ажил олгогч буюу Алтай сумын Засаг дарга А.Асетэд хаяглан Хүсэлт гаргах тухай 16 дугаартай албан бичгээр тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар 65 нас хүртэл ажиллуулах тухай хүсэлт гаргасныг ажил олгогч танилцаад 2020.06.15-ны өдрийн 195 дугаар албан бичгээр цаашид Р.Улагпаныг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллуулах боломжгүй тухай мэдэгдсэн байна.

3.Өмнө нь давж заалдах шатны шүүхээс Р.Улагпаныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон ба ажил олгогчийн шийдвэр нь шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн шийдвэр биш болох нь нэхэмжлэгч 2019.12.31-ний өдөр Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлсөн өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2020.09.09-ны өдөр хүртэлх цалин хөлсөө бүрэн авсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Р.Улагпан нь 2020.06 дугаар сараас тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан нь 2020.06.08-ны өдрийн тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаас 16 дугаартай албан бичгээр цаашид 65 нас хүртэл ажиллуулах тухай хүсэлт, сумын Засаг даргын 2020.06.15-ны өдрийн 195 дугаартай албан бичгээр Р.Улагпаны хүсэлтэнд өгсөн хариу албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020.10.02-ны өдрийн № 07\4727 дугаартай албан бичгээр нотлогдож байгаа.

4. Давж заалдах шатны шүүх одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт буюу ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн заалтыг хүчингүй мэтээр энэ нь бусад хуулиас хүчин чадлын хувьд доогуур мэтээр тайлбарлаж байгаа явдалд гомдолтой байна. Ажил олгогчид ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар цуцлах асуудал хуульчлагдаагүй, уг хуулиар зөвхөн тэтгэвэр, Тэтгэмж тогтоох тухай харилцааг хуульчилсан, төрийн үйлчилгээний албан хаагчдын хувьд хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудал зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулиар хуульчилсан асуудлыг давж заалдах шатны шүүх лавтай сайн мэдэж байгаа юм. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн уг зохицуулсан заалтыг уг маргаанд хэрэглэхгүй байгаа нь Р.Улагпантай цаанаа хувийн ашиг сонирхлын холбоотой гэж хардаж байна. Хариуцагч урьд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж хяналтын журмаар гомдол гаргаагүй ба уг давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан зөрчлийг арилган Р.Улагпаныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилон дараа нь хуульд нийцүүлэн ажлаас чөлөөлсөн боловч энэ удаад давж заалдах шатны шүүх дахин анхан шатны шүүхийн хууль зүйн үндэслэлтэй шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул хяналтын журмаар гомдол гарган уг маргааны эцсийн шийдвэрийг хяналтын шатны шүүх гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн үндэслэлийн талаар.

а). Р.Улагпан, Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдуулан Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Б/134 тоот захирамжийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Алтай сумын эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч татгалзаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дах заалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн нь хариуцагчийн гомдлыг хяналтын журмаар хянан хэлэлцэх хуульд заасан үндэслэлийг бий болгож байна.

Иймээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

б). Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд ..., нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлөгдөх үед 60 нас, 10 cap, 23 хоногтой болж, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байгаад нь анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байхад, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлт гаргаагүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг буруу хэрэглэсэнд гомдолтой. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр нь үлдээж өгөхийг хүсье. гэсэн агуулга тусгажээ.

2.   Ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлийн талаар.

а). Алтай сумын Засаг даргын 2020.10.19-ний өдрийн Б/134 тоот захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан Р.Улагпаныг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, тушаалд дараах үндэслэлийг заажээ.

Ажил олгогч тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.3, 43 дугаар зүйлийн 43.3, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болгосонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл, тус эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журам, ажилтан Р.Улагпантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус баримталжээ.

б). Нэхэмжлэгч Р.Улагпан нь 1959.11.29-ний өдөр төрсөн, Алтай сумын Засаг даргын 2020.10.19-ний өдрийн Б/134 тоот захирамжаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, дотрын их эмчийн ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах өдөр тэрээр 60 нас, 10 cap, 23 хоногтой байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, талууд маргаагүй байна.

в). Өмнө нь Алтай сумын Засаг даргын 2019.12.31-ний өдрийн А/187 тоот захирамжаар Р.Улагпаныг нь мөн тэтгэврийн насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөнийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 130/ШШ2020/00371 дугаар шийдвэрээр хуульд заасан тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж ажилд эгүүлэн тогтоосноор, нэхэмжлэгч ажилдаа эргэн томилогдож үүргээ гүйцэтгэж байгаад дээрх 2020.10.19-ний өдрийн Б/134 тоот захирамжаар тэтгэврийн нас болсон үндэслэлээр ажлаас дахин чөлөөлөгдснөөр энэ маргааныг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч Р.Улагпан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэлийг: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчиж, 65 нас хүрээгүй ажилтанг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж ажлаас чөлөөлсөн нь буруу гэжээ.

3.   Хууль хэрэглээний талаар.

а). Нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэл хуулийн дараах зохицуулалтаар үгүйсгэгдэж байна. Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлахыг хуульчилсан бөгөөд хуулийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж заажээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг 2018.02.02-ны өдрийн хуулиар Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж өөрчилсөн байна.

Хуулийн энэ заалтад оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д нарийвчилсан зохицуулжээ.

Үүнд: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоох насны болзлыг заахдаа: 1957 ба түүнээс өмнө төрсөн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 60 нас гэж харин 1958 онд төрсөн бол 60 нас 3 сар гэж цаашид өгсөж буй он бүрт 3 сар нэмсээр 1977 он буюу түүнээс хойш төрсөн эрэгтэй 65 нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх нээгдэхээр хуульчилсан байна.

Нэхэмжлэгч Р.Улагпан нь 1959.11.29-ний өдөр төрсөн, хуулийн дээрх заалтын дагуу түүний тэтгэвэр тогтоолгох эрх 60 нас 6 сар хүрэхэд үүсэж байгааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн хуулийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэгтэй холбож тайлбарлах нь зөв юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Р.Улагпан 60 нас 6 сар хүрсэн үед Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн хуулийн 40.1.3-т заасан өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэн гэж ойлгоно.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үед, тэр 60 нас, 10 cap, 23 хоногтой болсон байх тул хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл бий болсон гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх заалтын 60 нас гэдэг нь иргэний үнэмлэх дээр бичигдсэн он, сар, өдрөөр тоолоход 60 нас хүрсэн байхыг, тэтгэвэр авах эрх үүссэн гэдгийг тухайн хувь хүн ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр, төрөөс хуульд заасан хэмжээгээр тэтгэвэр халамж авах эрх нь нээгдэж байна гэж ойлгох юм.

б). Нэхэмжлэгч Р.Улагпан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, мөн Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна. гэж заасныг зөрчсөн гэж ажил олгогчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна. гэж заасан боловч мөн зүйлийн 41.3-т төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. гэжээ. Иймд төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэслэлийг нарийвчилсан зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 гэж үзнэ.

Түүнчлэн Төрийн албаны хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана, уг хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийн аль нэгийг гаргах гэж зохицуулжээ. Хуулийн энэ зохицуулалтын агуулга нь ажил олгогчийн сонгох эрхт хамаарч байх тул хүсэлт гаргагчийг 65 нас хүртэл нь заавал ажиллуулах гэсэн ойлголт биш байна.

Дээр дүгнэснээр нэхэмжлэгч Р.Улагпан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоох насны болзлыг хангасан, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй тул, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу 65 нас хүртэл ажиллуулах ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбар хуулийн үндэслэлгүй байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, маргааныг зохицуулсан хууль хэрэглээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэвэр тогтоох насны болзол үүсэх нөхцөл, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар, 46 дугаар зүйлийн 46.3- т ажилтны үргэлжлэн ажиллах тухай хүсэлт шийдвэрлэх ажил олгогчийн сонгох эрхийн талаарх хуулийн зохицуулалтын уялдаа холбоог тогтоож эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2021/00006 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/01267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                      Х.СОНИНБАЯР

                                                           Д.ЦОЛМОН

                                                                     Х.ЭРДЭНЭСУВД