Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0247

 

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0247

Улаанбаатар хот

 

 

 

                                      “А***” СӨХ-ны нэхэмжлэлтэй

                                            захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч “А***” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “А***” СӨХ

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “Н*** т***” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/548 дугаар “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн “Н*** т***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0129 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Н**, Ө.С***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э*** нар.

Хэргийн индекс: 128/2022/0782/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А***” СӨХ-ноос нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2015 оны А/548 дугаар “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн “Н*** т***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0129 дүгээр шийдвэрээр “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “А***” СӨХ-ноос нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/548 дугаар захирамжийн “Н*** т***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*** миний бие хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад даргалагч шүүгчээс татгалзан гарах хүсэлтийг тус шүүхийн ерөнхий шүүгчид гаргасан бөгөөд татгалзлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар надад мэдэгдэлгүй, хэрэгт хамааралгүй өөр этгээдэд татгалзлыг шийдвэрлэсэн хариуг өгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, намайг шүүх хуралдаанд оролцуулалгүй, хэргийг шийдвэрлэсэн нь буруу, Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 12, 13, 14, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн,

3.1.2. Хэргийн материалд нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримттай хамааралгүй баримтууд ихээр авагдсан,

3.1.3. “А***” СӨХ-ны нэхэмжлэлтэй хэргийн гол нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх шүүх таслах ажиллагаа буюу шүүх хурлыг явуулах нөхцөл бүрдээгүй байхад мөн олон хуулийн заалтууд маш ноцтойгоор зөрчигдсөн байхад тэгш биш нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэх зэрэг үндэслэлээр тус тус тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

3.1. Маргаан бүхий газрыг анх нийслэлийн Засаг даргын 1996 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/176 дугаар захирамжаар “Н*** т***” ХХК-д “сургалтын цогцолбор” зориулалтаар, 4 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгож, нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 458 дугаар захирамж болон  2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр захирамжаар тус тус газар  эзэмших эрхийг сунгасан.

3.2. Маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/548 дугаар захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын саналыг үндэслэн нэр бүхий иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасны дотор захирамжийн хавсралтын 39-д “Н*** т***” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “орон сууц, сургуулийн цогцолбор”-ын зориулалттай 19.980 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг 10 жилийн хугацаагаар сунгасан.

3.3. Нэхэмжлэгч “А***” СӨХ-ноос дээрх захирамжийг эс зөвшөөрч “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо нь 14000 оршин суугчтай улаан бүс гэж зарлагдсан байхад дахин барилгын үйл ажиллагаа явуулахад иргэдийн эрх, ашгийг хөндөж байгаа... зам, дэд бүтэц ачааллаа дийлэхээ больсон... 2015 онд “Н*** т***” ХХК-д газар эзэмших эрхийг сунгаж өгснөөр энэхүү нөхцөл байдлыг бий болгож, иргэд, ойр орчмын оршин суугчдын эрх, ашгийг хөндөж байгаа, ... оршин суугчдын хүүхдүүд цэцэрлэг, сургуульд хамрагдах эрх хөндөгдсөн, ... орон сууц олноор баригдсанаас үүдэн тухайн орон сууцуудын хэрэглээгүй халуун ус болон бусад хэрэглээ доголдолтой болсон,... маргаан бүхий захирамж гарснаар өмнө гарсан захирамжууд хүчингүй болсон гэж бидний зүгээс ойлгож байгаа” зэрэг үндэслэлээр тайлбарлан маргажээ.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” хэмээн заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсч буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэдэг.

5. Тухайн тохиолдолд, нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/548 дугаар захирамж нь гуравдагч этгээдийн маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан агуулгатай бөгөөд нэхэмжлэгч “А***” СӨХ-ны хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болон, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж маргаж буй эрх, ашиг сонирхол нь хэрхэн сэргэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй хэмээн дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Тодруулбал, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл болох “...дахин барилгын үйл ажиллагаа явуулахад иргэдийн эрх, ашгийг хөндөж байгаа... зам, дэд бүтэц ачааллаа дийлэхээ больсон” гэх асуудлууд нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан хариуцагчийн үйлдэлтэй хамааралгүй. Харин тухайн орчмын хэсэгчилсэн төлөвлөгөө, барилгын норм ба дүрэм болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхтэй холбоотой байх бөгөөд нэхэмжлэгчээс эдгээр үндэслэлийг тухайлан заасан нэхэмжлэлийн шаардлагыг өөр этгээдэд холбогдуулан гаргаагүй.

Нэхэмжлэгч “А***” СӨХ-ны гүйцэтгэх захирал Т.О***ээс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Н.Э***, Г.Г***, Б.Х***, Б.М*** нарт шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ЕШ2024/0227 дугаар “Шүүгч Ц.О***г татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзах тухай” захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*** 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гардан авч, шүүхийн баримтад гарын үсэг зурсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*** нь хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх авсан этгээд биш болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хийсэн тайлбараар,

хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г***, Б.Х***, Б.М*** нар оролцсон болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э***аас гаргасан “...хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад даргалагч шүүгчээс татгалзан гарах хүсэлтийг тус шүүхийн ерөнхий шүүгчид гаргасан бөгөөд татгалзлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар надад мэдэгдэлгүй, хэрэгт хамааралгүй өөр этгээдэд татгалзлыг шийдвэрлэсэн хариуг өгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, намайг шүүх хуралдаанд оролцуулалгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох” хуулийн зохицуулалтыг зөрчсөн” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ШҮҮГЧ                                                  Д.ОЮУМАА

 

                    ШҮҮГЧ                                                  Н.ДОЛГОРСҮРЭН

 

                               ШҮҮГЧ                                                   Г.МӨНХТУЛГА