Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 159/ШШ2021/0006

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан тосгоны захирагч Ж.Ганболд

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан тосгоны захирагч Ж.Ганболд, хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан тосгоны захирагч Ж.Ганболд шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны захирагч Ж.Ганболд намайг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажил дээрээ байгаагүй гэсэн шалтгаанаар хуулийн тодорхой бус заалтаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т зааснаар цалингийн хэмжээг 1 /нэг/ сар 20 хувь бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан. Тус захирамжийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр захирагчийн албаны нягтлан бодогч Г.Ганзоригоор надад хүргүүлсэн байсан.

2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Миний бие нь бүх Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан баярын өдөр байсан болохоор байсан тул хөдөө идэшээ хийхээр явсан байсан. Энэ тухайгаа аймгийн Засаг дарга Ш.Оргилд утсаар мэдэгдэхэд шүүхэд хандахыг зөвлөсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 зүйлд зааснаар хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьс, өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй гарал үүсэл шашин шүтлэг үзэл бодол боловсролоор нь ялгаварлах, улс төрийн эрх мэдлээ хэтрүүлж, намаар нь ялгаварлан сахилгын шийтгэл ногдуулсан нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн тул сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргав. гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 4 замын пост дээр Сэлэнгэ аймгийн Хүдэр болон Ерөө сумын нутаг дэвсгэрт самар түүж байгаа иргэдийг цар тахалтай холбоотойгоор уулнаас буулгахаар 4 замын постыг ахалж ажиллаж байсан. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аймгаас тогтоосон дэглэм 1 шатаар бууж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улс орон даяар бүх нийтийн амралт болсон. Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол яаралтай уулзах шаардлагатай байна гэж хэлсэн. Миний зүгээс хөдөө явж байна гэж хэлэхэд яаралтай ир гэж хэлээд бид хоёр утсаар муудалцсан. Энэ хүн бол улс төрийн шалтгаанаар 2020 оны 12 дугаар сараас эхлэн төрийн албаны шалгалт өгөөгүй хүнийг авч ажиллуулна. Энэ хүнийг ажилд ав гэж шахалт үзүүлсэн. Би төрийн албаны шалгалт өгөөгүй хүнийг ажилд авахгүй гэж хэлсэн. Энэ асуудлаас болж намайг ажлаас чөлөөлөх байнгын шахалт дарамт үзүүлж байсан. Утсаар муудалцаад намайг архи уусан байсан гэж 01 сарын цалингийн арга хэмжээ авлаа гэж 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хэлсэн. Тэрнээс өмнө ажил хүлээлцэнэ гэсэн шийдвэр ирээгүй байхад 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө ажил дээрээ байсангүй гэх шалтгаанаар цалингийн арга хэмжээ авсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл энэ хүн байнга улс төрийн шалтгаанаар нийт 8 хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Төрийн албан хаагч тогтвортой ажиллах ёстой. Миний бие иргэдийн Хурлын шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөх үүрэгтэй гэсэн шаардлага тавихад цалингийн арга хэмжээ авсан. Намайг архи уусан байна гэж хэлсэн. Тухайн өдөр архи уугаагүй байсан. 2021 оны 02 дугаар сард ирэхдээ архи уусан гэж хэлсэн. Байнгын архи уусан гэх шалтгаанаар шахалт, дарамт үзүүлж байна. Ф.Серикболын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Дулаанхаан тосгоны захирагч Ж.Ганболд нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр пост буухтай холбогдуулан гарсан аймгийн Засаг даргын 2020 оны А/348 дугаар захирамжийн дагуу дөрвөн замын постын ажлыг хүлээлгэн өгөхөөр очиж ажиллахад согтуу байсан нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд ажлын тусгай горимоор ажиллах талаар Засгийн газар, улс, аймгийн онцгой комиссоос гаргасан шийдвэр, чиглэлийг хэрэгжүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүй үүргээ биелүүлээгүй тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.10, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.18, 48 дугаар зүйлийн 48.1.2, аймгийн Онцгой комиссын 03 дугаар албан даалгаврын 3.1, 3.2, 3.3 дахь заалтыг үндэслэл болгон 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаар захирамжаар сахилгын арга хэмжээ авсан болно. Дулаанхаан тосгонд ажиллахаар очиход захирагч Ж.Ганболд нь удаа дараа архидан согтуурч байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй болно. гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Аймгийн онцгой комиссоос 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гарч 4 замын постыг хүлээж ав гэдэг шийдвэр гарсан. Мөн аймгийн Цагдаагийн газрын ажлын хэсэг ажлаа хүлээлгэн өгье гэсэн. Шинэ жил болж байгаа учраас маргааш өглөө ажлаа хүлээлцье гэсэн тайлбарыг хэлсэн. Аймгийн Засаг дарга маргааш ажлаа хүлээлц гэж хэлсэн. Маргааш өглөө нь Дулаанхаан тосгонд очиход Ж.Ганболд дарга байгаагүй. Дээд шатны дарга ажлаа хүлээлц гэж хэлсэн болохоос энэ хүнийг зориудаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр очиж шалгаагүй. Ж.Ганболд дарга ирэхгүй болохоор нь би ажлыг нь хүлээлцсэн. Тийм учраас цалингийн арга хэмжээ авсан. Удирдах удирдуулах зарчмаа барих ёстой гэж боддог. Дулаанхаан тосгонд ажил хийхэд маш их төвөгтэй байдаг. Би аймгийн Засаг даргад албан ёсоор энэ хүнийг архи ууж байна гэж хэлсэн. Хэлснээс хойш ахиж архи уухаа больсон. Хэлэхээс өмнө архины хамааралтай байсан. Шүүх энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэнэ байх гэж бодож байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ганболд нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Уг захирамжаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны Захирагч Ж.Ганболдод аймгийн Онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 03 тоот албан даалгаврын дагуу Дулаанхаан тосгоны 4-н замын байнгын пост дээр хяналт тавьж байсан. Цагдаагийн бие бүрэлдэхүүн бууж тус постыг сумын Онцгой комисст хүлээлгэн өгөх үед тосгоны онцгой комиссын дарга ажил хүлээлцэхэд бэлэн байгаагүй өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.10, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.18, 48 дугаар зүйлийн 48.1.2, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 03 албан даалгаврын 3.1, 3.2, 3.3 дахь заалтуудад зааснаар цалингийн хэмжээг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь дүгнэж үзээд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/04 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дулаанхаан тосгоны 4-н замын байнгын пост дээр хяналт тавьж байсан Цагдаагийн бие бүрэлдэхүүн бууж тус постыг тосгоны Онцгой комисст хүлээлгэн өгөх үед тосгоны онцгой комиссын дарга ажил хүлээлцэхэд бэлэн байгаагүй өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд:

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн А/348 дугаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай албан даалгавар зэргийг хэрэгжүүлэхээр Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Н.Ганбат нь Дулаанхаан тосгоны 4-н замын пост дээр ажиллаж байсан цагдаагийн албан хаагчтай хамтран үүрэг гүйцэтгэх албан хаагчдыг гаргах талаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад утсаар мэдэгдсэн байна.

Үүний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дулаанхаан тосгоны 4-н замын хяналтын цэгийн ажлыг Дулаанхаан тосгоны онцгой комисст хүлээлгэн өгөхөөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга, Төрийн сангийн мэргэжилтэн Б.Дариймаа болон Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын тасгийн дарга Н.Ганбат нар тус тосгонд очиж ажиллан тосгоны захирагч, тосгоны онцгой комиссыг тэргүүлж байсан Ж.Ганболдыг утсаар дуудахад нь нийтээр тэмдэглэх баярын болон амралтын өдөр тул очиж чадахгүй гэж хэлэн ажил хүлээлцэхэд очоогүй байна.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хот, тосгон нь засаг захиргааны хувьд оршин байгаа тухайн аймаг, нийслэл, сум дүүрэгт харьяалагдана, 10 дугаар зүйлийн 10.2-д Хот, тосгоны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион байгуулах үүргийг захирагч гүйцэтгэнэ 10.4-д Аймаг, сум, багийн төв болох хот, тосгоны удирдлагын бүрэн эрхийг тухайн хот, тосгон оршин байгаа засаг захиргааны нэгжийн засаг дарга хэрэгжүүлнэ, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн а-д Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн чиглүүлж, ... нутаг дэвсгэрийн нэгжид тухайн шатны Засаг дарга, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдэд тэдгээрийн удирдлага зохион байгуулж хэрэгжүүлнэ. 23.3-т Улсын онцгой комиссыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн онцгой комиссыг тухайн шатны Засаг дарга тэргүүлнэ. гэж тус тус заажээ.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны захирагч Ж.Ганболд нь тосгоны онцгой комиссын дарга болон тосгоны захирагчийн хувьд Дулаанхаан тосгоны 4-н замын байнгын пост дээр хяналт тавьж байсан цагдаагийн бие бүрэлдэхүүн бууж тус постыг тосгоны Онцгой комисст хүлээлгэн өгөх үед удирдах албан тушаалтны хувьд өөрийн биеэр оролцох ёстой байтал оролцоогүй, мөн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх мөн хууль тогтоомж шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулаагүй болох нь шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарууд, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны шуурхай штабын хурлын тэмдэглэл, Дулаанхаан тосгоны 4-н замын хяналтын пост буулгах тухай ажлын протокол, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Н.Ганбатын өгсөн илтгэх хуудас, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын тосгоны захирагч Ж.Ганболдтой утсаар ярьсан бичлэг зэргээр тогтоогдож байна.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/01 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө. 11 дүгээр зүйлийн 11.2-т аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно 48 дугаар зүйлийн 48.1.2-т албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэснийг зөрчөөгүй байх тул шүүх нэхэмжлэл гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 48 дугаар зүйлийн 48.1.2, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.2-д заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БУРМАА