Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жалбаагийн Бурмаа |
Хэргийн индекс | 148/2021/0007/З |
Дугаар | 159/ШШ2021/0007 |
Огноо | 2021-05-05 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 159/ШШ2021/0007
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа би, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамын дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Д.Жамбалдоржид холбогдох Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Д.Жамбалдоржийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0033746 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлттэй зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан тайлбарыг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Д.Жамбалдорж шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч Д.Жамбалдорж би Ар байц трейд ХХК-нд шийтгэл оногдуулсан 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0033746 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2 дугаар Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам нь Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №0033746 дугаар шийтгэлийн хуудасны 2 болон 10 дахь заалтад торгуулийг сайн дураар биелүүлэх хугацаа болон шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах хугацааг буруу тогтоосон үндэслэлээр тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд ханджээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Д.Жамбалдорж Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0033746 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Д.Жамбалдоржийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0033746 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БУРМАА