Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                  

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 201501070288 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

                   Нарийн бичгийн дарга                        Л.О

                   Улсын яллагч                                      Б.А

                   Хохирогч                                              Б.О

                   Хохирогчийн өмгөөлөгч                      Д.Ц

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Л.Г

                   Шүүгдэгч                                              Д.Д нар оролцов. 

                                   

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо засалч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 3, хамтран амьдрагч Болд 2 настай хүүхэд нарын хамт Багануур дүүргийн  ... дүгээр хороо ..-р байрны .. тоотод оршин суух, /иргэний үнэмлэхийн хаяг: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын .. дүгээр баг, Хонгорморьт .. дугаар хэсэг 020 тоот/ ял шийтгэлгүй, Б овгийн Д---гийн Д /РД:/

               Д.Д нь 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Багануур дүүргийн 1-р хороо 78 дугаар байрны 57 тоот сууц буюу иргэн О-ын гэрийн үүдэнд нь  үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөж хаалгыг нь савж баруун гарын савхан ясыг хугалж, баруун хөлний өвдөг хэсэгт нэг удаа шалны модоор цохиж, үснээс нь зулгаан биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан  догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 311 тоот дүгнэлтэд “Б.О-ын биед баруун гарын шууны савхан ясны шинэ хөндлөн хугарал, баруун гарын шууны гадна болон дотор талд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 39 хуудас/,

Шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 312 тоот дүгнэлтэд “Д.Д-гийн биед баруун гарын шууны гадна доод хэсэгт зулгаралт, баруун гарын шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ./хх-ийн 44 хуудас/,

Шүүгдэгч П.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

“2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гудамжинд байр хөлслүүлэгчийн эгч Д гэгч тааралдаад “чи байрны хаалганы мөнгө өг, чамайг хаалгыг чулуугаар цохиж эвдэлсэн гэж хажуу айлын хүүхэн манайханд хэлсэн байна билээ” гэхээр нь би “тийм зүйл болоогүй, очиж нүүрэлдье” гэхэд завгүй гээд явчихсан. Би худлаа ярьсныг нь асуухаар 78 дугаар байрны 57 тоот байрны хаалгыг тогшоод хүүхэд гарч ирэхэд нь ээжийг нь асуухад ээж байгаа гэсэн. Ээж нь цаанаас нь ирсэн тул би хаалганы гадна талд нь зогсож байгаад мэнд мэдээд “намайг хаалга эвдэлсэн гэж хажуугийн айлдаа хэлсэн үү” гэхэд тэр эмэгтэй “би зун хөдөө байсан, юу яриад байгаа юм бэ гичий минь, сэгсийсэн янхан минь гээд уурлахаар нь эргээд явах гэтэл араас өшиглөж үснээс зуурсан тул эргэж харахад хажууд байсан шал угаадаг мод авч миний хөл, гар луу цохисон. Бас хоёр гараараа миний үснээс зуурахад би ч адил үснээс нь зулгаасан. Гэтэл нөхөр нь гэрээсээ гарч ирээд эхнэрээ цээжээр нь тэврээд орох гэхэд ална гээд дөрвөн мөчөө савчаад байсан. Энэ үедээ баруун гараараа шатны төмөр цохиж байсан. Намайг гүтгэж олон хоног цагдаагийн байгууллагаар явуулсан. Би гарыг нь хугалаагүй. Хохирол гэх мөнгийг төлөх боломжгүй. Харамсаж байна.

Хохирогч Б.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

 “2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 11 цагийн үед гэртээ нөхөр, хүү, охин нарын хамт байж байтал гэрийн хаалгыг хүн нилээд хүчтэй нүдсэн. 12 настай охин маань хаалга онгойлгоход би яваад очтол хажуу айлын байрыг хөлслөн сууж байсан эмэгтэй зогсож байсан. Тэр  чи намайг чулуу барьж байгаад хаалгаа цохисон гэж ярьсан байна хөгшин авгай гээд загнасан. Би босгоны наана тэр эмэгтэй босгоны цаана зогсоод би тэр хүүхэнд эгч нь энэ зун хөдөө байсан гээд баруун гараа өргөж өөрийнхөө яриаг тайлбарлаж байхад тэр эмэгтэй манай гэрийн хаалгыг хүчтэй савж хаасан. Тэгэхэд миний баруун гар хаалганд хавчуулагдаж янгинаж өвдөөд явчхаар нь хаалга түлхээд гарахад тэр эмэгтэй шалны модоор хөл рүү цохичихсон. Энэ үед би түүнийг, тэр намайг үсдсэн байсан. Гэрээс нөхөр Тодбаяр гарч ирээд бид хоёрыг салгасан. Би шалны мод хэрэглээгүй. Энэ эмэгтэй манайд ирснээ л үнэн ярьж байна. бусад үйлдлээ худлаа ярьж байна. Миний баруун гарын шууны яс хугарч нэг хэсэгтээ хүүхдүүдээ асрах хоол хийх, угаалга хийх чадваргүй байсан тул хөдөө мал малладаг нөхөр маань байнга биднийг эргэж бензин шатахууны 164 700 төгрөгийн зардал гарсан ба эмнэлэгт үзүүлэх, зураг авхуулах, эм авах зэрэгт 75 000 төгрөг, шүүхийн шатанд өмгөөлөгчийн туслалцаа авахад хөлсөнд нь 500 000 төгрөг тус тус зарцуулсан тул нийт 739 700 төгрөг нэхэмжилж байна

Гэрч Ш.Д-гийн  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

“манай хөлслүүлсэн байрны гадна төмөр хаалгыг хатуу хурц үзүүртэй зүйлээр цохиж эвдэж хэмхэлсэн байсан ба Д-гийн нөхөр манай нөхөртэй уулзаж 250 000 төгрөгөөр төлөх болсон юм. 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр би 10 цагийн үед Ирвэс дэлгүүрийн дэргэд явж байгаад Д-тай таарсан. Би “танайх хаалга хэзээ төлөх вэ” гэхэд Д “би яаж мэдэх юм бэ тэрэнтэйгээ ярихгүй юу” гээд хэрүүлийн үг хэлээд байхаар нь юм хэлээгүй. Чи тэр хаалгыг эвдчихсэн юм биш үү гэхэд “хэн чамд тэгээд байгаа юм бэ хажуу айлын хүүхэн л тэгж байгаа биз өөр хэн тэгж ярих юм бэ” гээд уурлаад байсан...Өдөр 15 цагийн үед Д... 949513.. дугаарын утсаар “хөөе чи юу гэж худлаа яриад байгаа юм бэ гээд орилж хашгирхаар нь би ажилтай байна гээд утсаа тасалсан. 2015 оны 9 дүгээр сарын 1-ний шөнө 22 цаг 55 минутад Д... өөрийнхөө утаснаас “хийх юмгүй, хүүхэд ч байхгүй авгай үхсэндээ худал юм ярьж хүн хэрэлдүүлж зодолдуулав. Б.. дүү хоёртой ярьсан байсан юм, миний хаана юу хийх чамд хамаатай биш байх шүү” гэсэн мессэж бичсэн. Би хариу бичээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Т.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг    

            “манай гэрийн хаалгыг их хүчтэй нүдэхээр нь би хаалгаа онгойлгоход үсээ задгай тавьсан махлаг эгч ээжтэй чинь уулзъя гээд ууртай хэлсэн, би ээжийг дуудсан. Тэгэхэд тэр эгч ээжтэй хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд манай аав гэрээс гараад ээж тэр эгч хоёрыг салгасан. Тэр эмэгтэй манай ээжийг доромжлоод орцонд хашгираад байсан. Ээж гэртээ орж ирээд гар янгинаж өвдөөд байна гэхэд аав гар чинь хугарчихсан юм биш үү гэж байсан. Тэгээд ээж цагдаад дуудлага өгсөн” /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч Ө.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

 “2015 оны 9 дүгээр сарын 1-ний 11 цагийн үед эхнэр хоёр хүүхдийн хамт гэртээ гэрийн хаалгыг хүн нэлээн хүчтэй нүдсэн. Тухайн үед би 2 хүүхдийнхээ хамт гал тогооны өрөөнд хоол идээд байж байсан. Охин Э очиж хаалга тайлж өгөхөд үсээ задгай тавьсан насаар бага эмэгтэй ээж чинь байна уу гээд орж ирсэн. Тэр хүүхэн та худлаа ярилаа гээд маргаад байсан ба хаалга дуугараад түжигнээд явчхаар нь Би араас нь очиход энэ хоёр нэг нэг гараараа шалны модноос барьсан нөгөө гараараа бие биеийн үснээс зуурсан хажуу айлын үүдэнд зогсож байхад нь би эхнэрээ салгахад Дэлгэрмаа хараал хэлсээр доош шатаар бууж явсан. Эхнэр гар өвдөөд байна гэсэн ба баруун гарын шууны хоёр талд нь хонхойж хөхөрсөн байсан тул цагдаа дуудаж, эмнэлэгт үзүүлсэн”

Гэрч Д.Н-ын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

 “2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр дуудлагын дагуу 78 дугаар байрны 58 тоот айлд  11 цаг 40 минутад очиход Б.О гэх эмэгтэй баруун гараа тохойгоор нь сойж боосон байдалтай байсан ба тодруулж асуухад хажуу талын 58 тоот байрыг хөлслөн сууж байсан зүс таних эмэгтэй орж ирээд учир зүггүй хэл амаар доромжилж миний үснээс зулгааж зодсон, гарыг маань хаалганд хавчаад хугалчихлаа гэж хэлсэн /хх 26, 112/   

Гэрч Д.О-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

“Манай ангид сурдаг Т.Э..рийн ээж О  надтай 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өглөө хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд ирж надтай уулзаж надад цэцгийн баглаа өгч надтай гар бариад явсан.  О. өдөр 12 цаг өнгөрч байхад хүүхдээ сургуульд хүргэж ирэхдээ гараа сойсон байдалтай ирэхээр нь “Та чинь гараа яагаа вэ” гэхэд машинаас унаад гэж хэлж байсан”  /хх 35 хуудас/

Гэрч Б.Р.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

“2015 оны 9 дүгээр сарын 1-ний өглөө О-лын гар нь зүгээр байсан.  Өдөр 12 цагийн үед дүүгийнхээ хүүхдийг сургуульд хүргэж өгчихөөд  явж байхад О  над руу залгаад эмнэлэг дээр байна гэхээр нь ороход гараа сойчихсон сууж  байсан ба хажуу айлын эмэгтэй намайг загнаад байхаар нь хаалгаа хаах гэтэл саваад миний гарыг хавччихлаа гэж хэлж байсан”  /хх 36 хуудас/

Шинжээч эмч Ө.Ш -гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг

“Хохирогч *******ын гэмтэл нь ясны хугарал учраас гэмтлийг авсан даруйдаа зовиур мэдэгдэх боломжтой ба гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Үзүүлэгч *******ын баруун гарын шууны гадна, дотор хэсэгт зулгаралт үүссэн байсан. Тэгэхээр уг гэмтэл ямар нэг хатуу зүйлд хавчуулагдснаас үүсэх боломжтой. Гэмтэл авснаас хойш зулгаах, маажих, базах зэрэг үйлдэл хийх боломжтой. Уг гэмтэл нь 28 хоногоос дээш хугацаанд эмчилгээний үр дүнд эдгэрэх боломжтой” гэжээ. /хх 47 хуудас/    

Гэрч Ш.Мөнхцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

 “Б.******* гэх эмэгтэй  2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр  баруун гарын шуу ясны рентген зураг авхуулсан. Б.*******ын баруун гарын шууны рентген зургийг уншин дүгнэлтийг үзүүлэгчийн картанд орос хэлээр бичсэн. Орчуулбал баруун шууны урд үзүүр хэсгийн зөрүүгүй хөндлөн цуурсан хугарал бөгөөд үе хоорондын зай нарийссан, үений гадаргууны хальс зузаарсан /гадна гэмтлийн улмаас ясны хальс үрэвссэн/ ясанд сийрэгжилт нилээн ихтэй гэж орчуулагдана.  /хх 79, 112/

Шүүгдэгч *******г сэжигтнээр, яллагдагчаар тус тус байцааж авсан тэмдэглэлүүд //хх- 52-53, 99,111,126/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

           ******* нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн үед урьдын байр хөлслүүлэгчтэй хаалга эвдэлсний төлбөрөөс болж маргалдсаны улмаас намайг хаалга эвдэлсэн гэж хажуу айлын эмэгтэй хэлсэн гэж уурлан Багануур дүүргийн 1-р хорооны 78 дугаар байрны 57 тоотод ирж хаалгыг нь нүдэж гэрийн эзэгтэй *******ыг хаалгаа онгорхой босгоны дотор /гэртээ/ зогсож байхад нь “чи намайг хаалга эвдэлсэн гэж хүнд ярьсан байна, янхан, хөгшин авгай гэх мэтээр хэл үгээр доромжлон, хаалгыг нь савж баруун гарыг нь хавчиж, гарч ирэхэд нь шалны модоор хөл рүү нь цохих зэргээр зодсоны улмаас баруун гарын шууны ясны хөндлөн хугарал, шууны гадна болон дотор талд зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтлийг учруулсан нь шинжээчийн “*******ын баруун гарын шуу хөндлөн хугаралтай” гэсэн дүгнэлт /хх-39/, хохирогч Б.*******ын “тэр эмэгтэй намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод манай хаалгыг хүчтэй савж хаахад нь миний баруун гар хаалганд хавчуулагдаж янгинаж өвдсөн, хаалгаа түлхээд гарахад тэр эмэгтэй миний баруун хөлийн өвдөг рүү шалны модоор цохисон” гэсэн мэдүүлэг /хх-20/, Гэрч Ө. Тодбаярын “охин Энхжин очиж хаалга тайлж өгөхөд үсээ задгай тавьсан насаар бага эмэгтэй ээж чинь байна уу гээд орж ирсэн. Тэр хүүхэн манай эхнэрийг та худлаа ярилаа гээд маргаад байсан ба хаалга дуугараад түжигнээд явчхаар нь араас нь очиход энэ хоёр нэг нэг гараараа шалны модноос барьсан нөгөө гараараа бие биеийн үснээс зуурсан хажуу айлын үүдэнд зогсож байхад нь би эхнэрээ салгахад тэр эмэгтэй хараал хэлсээр доош шатаар бууж явсан. Эхнэр гар өвдөөд байна гэсэн ба баруун гарын шууны хоёр талд нь хонхойж хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-28-29/, Насанд хүрээгүй гэрч Т.Энхжингийн “манай гэрийн хаалгыг их хүчтэй нүдэхээр нь би хаалгаа онгойлгоход үсээ задгай тавьсан махлаг эгч ээжтэй чинь уулзъя гээд ууртай хэлсэн, тэр эгч ээжтэй хэрэлдэж маргалдаад, ээжийг доромжлоод орцонд хашгираад байсан. Ээж гэртээ орж ирээд гар янгинаж өвдөөд байна гэхэд аав гар чинь хугарчихсан юм биш үү гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-25/, Гэрч Д.*******ын “Манай ангид сурдаг Т.Энхтөрийн ээж ******* надтай 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өглөө хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд ирж надад цэцгийн баглаа өгч гар бариад явсан. ******* өдөр 12 цаг өнгөрч байхад хүүхдээ сургуульд хүргэж ирэхдээ гараа сойсон байдалтай ирсэн”  /хх 35 хуудас/ гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй байна.  Шинжээчийн 311, 312 дугаартай үзлэг хийсэн дүгнэлтийн үндэслэл ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй төдийгүй гэрч Ш.Мөнхцэцэгийн мэдүүлгээр давхар батлагдсан. Хэрэг гарсан газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, туршилтын тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл зэрэг нь хуульд нийцжээ. Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

******* нь ялимгүй зүйлээр шалтаглан хохирогч *******ын гэрт очиж маргаан үүсгэн тухайн гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байна. Иймд танхай сэдэлтээр бусдад хүч хэрэглэсэн гэж дүгнэсэн  прокурорын дүгнэлт үндэслэлтэй

*******гийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын бие махбодид учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ 

Иймд *******г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

******* нь урьд ял шийтгэлгүй нь ял шалгах хуудас /хх-61/-аар тогтоогдсон болно.

 Эд мөрийн баримтаар хураагдсан шалны модыг “Наран” сууц өмчлөгчдийн холбооны үйлчлэгч Д.Уранчимэгт буцаан олговол зохино. Хохирогч өмгөөлөгчийн ажлын хөлс 500 000 төгрөг, асаргаа шаардлагатай болсноос гэр бүлийн гишүүн нь Багануураас 10 гаруй км зайтай орших Нарийний ам гэдэг газраас /мал аж ахуй эрхэлдэг/ машинаар удаа дараа ирж очсоны бензин шатахууны зардал 164 700 төгрөг, үзлэг, эмчилгээний зардал 65 000 төгрөг нийт 739 700 төгрөг нэхэмжилснээс үзлэг, эмчилгээний 75 000 төгрөгийг баримтуудыг /хх-67-69/ үндэслэн шүүгдэгч төлсөн байна. Харин бензин шатахууны зардлын нотлох баримт  зохих ёсоор бүрдээгүй байх тул баримтыг бүрдүүлж  иргэний хэргийг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхийг мэдэгдэх, хохирогчийн өмгөөлөгчийн ажлын хөлс нь мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүхээс зарцуулсан зардал биш тул байцаан шийтгэх ажиллагааны зардалд тооцохгүй бөгөөд энэ тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор тус тус шийдвэрлэнэ.

Шүүгдэгч анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд  2 настай хүүхэдтэй эх болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон тул ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй.

*******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн

290.3 дахь хэсэг, 295-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Б.. овгийн Д-гийн Д-г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 хэсэгт зааснаар Б  овгийн Д-гийн Д-г гурван /3/ жил арав /10/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Д-гийн эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дүгээр зүйлийн 63.1 дэх  хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-д гурван жил арав хоногийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хойшлуулж, ялтанд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад  даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар ялтан хүүхдээ асран хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-гаас 75000 /далан таван мянган/ төгрөгийг хохирогч Б.О-д төлснийг дурдсугай.
  7. Хохирогч Б.О-ын 500 000 /таван зуун мянган/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар 164 700 /нэг зуун жаран дөрвөн мянга долоон зуун/ төгрөгийн нэхэмжлэлийг иргэний шүүхэд жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Д.Д. нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  10. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг дурдсугай.
  11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь  заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шалны модыг “Наран” сууц өмчлөгчдийн холбооны үйлчлэгч Д.У-т буцаан олгосугай.
  12. Тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  14. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Д-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ОЮУНБАТ